Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-05
Дугаар 001/ХТ2017/01552
Хэргийн индекс 101/2016/07514/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч К
Хариуцагч “А” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

К-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01296 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1602 дугаар магадлалтай

Кий нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох,

20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНСУ-ыг иргэн К нь “Жэй Эм Технологи” ХХК-ийн захирал бөгөөд тус компани хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороололд орон сууцны зориулалттай, 67 дугаар байрыг захиалан бариулсан. Уг байрны мансардны давхрын 17, 18, 19 тоотуудын гипсэн таазыг засварлуулж, төмөр дээврийг шинэчлэн ус хаягч хийлгэхээр К нь ”А” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын 2014/10 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нийт ажлын хөлсийг 27.000.000 төгрөгөөр тохиролцон, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Засварын ажлыг 2014 оны 6 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар тохиролцсон боловч гүйцэтгэгч компани ажлаа хийж гүйцэтгээгүйгээс бороо орох үед байрны дээврээс ус алдаж их хэмжээний хохирол учирч, мансардны давхарт айлууд амьдрах боломжгүй болсон. Барилга, засвар шинэчлэлтийн ажлын гэрээний 3.4-т заасны дагуу К нь гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан авах шаардлагыг гаргасан. Засварын ажлыг өөр компаниар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Иймд “А” ХХК-с барилгын засварын ажлын хөлсөнд урьдчилж олгосон 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани нь БНСУ-ын иргэн Ктэй 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 67 дугаар байрны 17, 18, 19 дүгээр байрны гипсэн таазыг засварлах, хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх, дээврийн ус хаягч хийх ажлыг 27.000.000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож ажлаа эхлүүлсэн. Тус байрны мансардны хэсгийн дулаалгыг барилгын норм дүрэмд заасны дагуу хийгээгүй байсан. Манай компани захиалагч Ктэй амаар тохиролцоод хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх ажлуудыг хийхгүйгээр дээврийн дулаалгыг барилгын норм дүрмийн дагуу хийж, ОСП хавтангаар хийсэн дүүжин таазыг задалж буулгах, ялзарсан дам модон нуруунуудыг шинэчлэн солих, гипсэн тааз угсрах, замаскан тэгшилгээ таазанд хийх, бүх ханын цаасыг хуулж, заслын ажлыг хийх, хаалгануудыг солихоор тохирсон. Үүнийг  бид амаар тохиролцсон ба ажлаа хийж дуусгаад захиалагчид байрны түлхүүрүүдийг хүлээлгэн өгч хийсэн ажлаа нэг бүрчлэн тайлбарлаж өгсөн. Манай компанийн хийсэн бүх ажил буюу дээврийн дулаалга, ОСП хавтангаар хийсэн дүүжин таазыг задалж буулгах, ялзарсан дам модон нуруунуудыг шинэчлэн солих, гипсэн тааз угсрах, замаскан тэгшилгээ таазанд хийх, бүх ханын цаасыг хуулж, заслын ажлыг хийх, хаалгануудыг солих зэрэг ажлын төсөвт өртөг нь 12.986.288 төгрөг болсон. Иймд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгөөс хийсэн ажлын өртөг 12.986.288 төгрөгийг хасаад 7.013.700 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01296 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “А” ХХК-иас 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Кий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1602 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн үнэлж дүгнэлт гарган нэхэмжлэлийг 2 ч удаа хангаж шийдвэрлэсэн /2016.11.22-ны өдрийн 101/ШШ2016/06734 тоот болон 2017.04.14-ний өдрийн 101 /ШШ2017/01296 тоот шийдвэрүүд/ нэмж нотлох баримт гаргаж өгөх хугацаа хариуцагчид хангалттай байсан болно. Маргаж буй барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээг 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, засварын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар тохиролцсон байсан боловч “А” ХХК ажлаа хийж гүйцэтгээгүйгээс захиалагч 2 жил гаруй хохирч, аргагүйн эрхэнд 2016 оны 10-р сард өөр компанитай гэрээ байгуулж засварыг хийлгүүлсэн. Хариуцагч “А” ХХК-ийн зүгээс аливаа ажлыг хүлээлгэж өгөөгүй тул хэрэв ямар нэгэн ажил гүйцэтгэсэн байсан ч энэ хугацаанд тэр нь ач холбогдлоо нэгэнт алдсан бөгөөд байрны байдал улам дордсон байсан тул өөр компаниар нэмж ажил хийлгэсэн.

Анхан шатны шүүх хурал 2017 оны 04 дүгээр сарын 14-нд хийгдсэн, талууд шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны дотор гардан авах үүрэгтэй байсан гэж тооцоход давж заалдах гомдлоо 2017 оны 05 дугаар сарын 19-ний дотор гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагч шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардан аваад 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авсан нь буруу байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу, анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзах захирамж гаргаагүй хууль зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзах тухай захирамж гаргах ёстой байтал давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн хууль зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1602 тоот магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01296 тоот шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...К-ий 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4 тоот албан бичиг хэрэгт авагдсан, хариуцагч дээрх нотлох баримтыг үндэслэн ажлаа хийж байсан гэсэн тайлбар гаргасан байхад уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй, хариуцагч талын гаргасан “Жэй Эм Технологи” ХХК-ийн орон сууцны барилгын дээвэр, дотор заслын төсөвт өртгийн товчоо гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй” гэх үндэслэлийг магадлалд дурджээ.

Нэхэмжлэгч К нь хариуцагч “А” ХХК-аас 20.000.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө “...12.986.288 төгрөгийн ажил гүйцэтгэсэн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.  

Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Барилга засвар, шинэчлэлтийн ажлын гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах, 17, 18, 19 дүгээр байрны гипсэн таазыг засварлах, хуучин дээврийн төмөр хуулах, шинээр төмөр дээвэр хийх, дээврийн ус хаягч хийх ажлыг 2014 оны 6 дугаар сарын 15-ний дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлсөнд  27.000.000 төгрөг өгөхөөр харилцан тохирч, улмаар 20.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс төлж, ажлын үр дүнг хүлээн авах үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, тайлбар гаргаж, хэргийн материалтай 2017 оны 4 дүгээр сарын 13, 14-ний өдөр танилцаж, улмаар шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргасан, шийдвэрт хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн талаар тодорхой тусгагдсан, шүүх энэхүү шаардлага, татгалзлын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байхад байхад давж заалдах шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ /хэргийн 23, 68, 95, 124 дүгээр тал/.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хувиар оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж, маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх дутуу үнэлсэн бол давж заалдах шатны шүүх үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой тул бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой ажиллагааг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь буруу.

Түүнчлэн хариуцагч өөрийн татгалзлаа нотолж “Жэй Эм Технологи” ХХК-ийн орон сууцны барилгын дээвэр, дотор заслын төсөвт өртгийн товчоо гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, энэ нь эх баримт байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, гэрээний 4.2-т “барилгын норм, дүрэм, техникийн нөхцөл, зураг төсөл, төсөв, технологийн шаардлагын дагуу барьж дуусгасан обьектыг талуудын төлөөлөгч нар болон мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээлгэн өгөх авах актаар ашиглалтад хүлээн авна” гэж тус тус заасан ба хариуцагч ямар ажил хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн гэрээний 3.4, 3.5-т зааснаар барилга угсралтын ажлын явцад нэмэгдэл ажил гүйцэтгэх шаардлага гарвал акт үйлдэж, протоколоор тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт оруулах ба гэрээнд тусгагдаагүй ажилбар бүрийг захиалагч болон гүйцэтгэгчийн инженерүүдийн хамтран хэмжилт хийсэн тухай актыг үндэслэн харилцан тохиролцож гүйцэтгэлийг тооцно гэжээ. Хариуцагч “...дээврийн дулаалгыг барилгын норм дүрмийн дагуу хийж, ОСП хавтангаар хийсэн дүүжин таазыг задалж буулгах, ялзарсан дам модон нуруунуудыг шинэчлэн солих, гипсэн тааз угсрах, замаскан тэгшилгээ таазанд хийх, бүх ханын цаасыг хуулж, заслын ажлыг хийх, хаалгануудыг солихоор тохирсон” гэж тайлбарлаж буй боловч энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт буюу ажил гүйцэтгэгч  гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 348 дугаар зүйлийн 348.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2, 350.1.6 дах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, энэ тохиолдолд захиалагч гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан шаардсан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т нийцжээ.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1602 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 258.050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ