Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-22
Дугаар 001/ХТ2017/000859
Хэргийн индекс 130/2016/00742/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Х.Жайнахан
Хариуцагч 4-р сургууль
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Х.Жайнаханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэр,  

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00041 дүгээр  магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Жайнаханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох,                                   

Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд  сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалыг хүчингүй болгож, няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай  иргэний хэргийг,  

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайратын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Жайнахан, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Жайнахан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуульд няраваар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус сургуулийн нярвын үүрэгт ажлаас намайг чөлөөлж, хичээл зохицуулагчийн ажилд томилсон тушаалыг шинээр ирсэн захирал болох Х.Хайрат нь гаргасан боловч миний гарт чөлөөлсөн тушаалыг өдий хүртэл удаа дараа гуйсан боловч өгөхгүй байна. Өөр ажилд буюу цаг зохицуулагчид томилсон тушаалыг надад 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарт минь өгч мэдэгдсэн. Өмнө нь ажилд томилохдоо хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Намайг үндэслэлгүйгээр няравын ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байгаа тул намайг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн няравын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал А.Майра 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаартай тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Х.Жайнаханыг тус сургуулийн няраваар томилжээ. Иргэдээс ирсэн гомдол, өргөдлийн мөрөөр аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 557 дугаартай захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүү, боловсрол, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт хийх явцад няраваар томилогдсон Х.Жайнахан нь санхүүгийн мэргэжлийн бус захирлын хамаатан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, энэхүү зөрчлийг арилгахыг зөвлөжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан няравын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, үлгэрчилсэн загварт боловсрол дээд, дунд боловсролтой, мэргэжил нягтлан бодох бүртгэл эдийн засгийн дунд мэргэжилтэй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэг эзэмшсэн, няравын мэргэжил эзэмших курс төгссөн байхыг шаарджээ. Нөгөө талаар нярав ажил нь байгууллагын мөнгө, эд хөрөнгийг хариуцан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2 000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан эд хариуцагчийн эрх, үүргийн дүрэм, 2012 онд батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлж мөрдөж ажилладгийн хувьд зайлшгүй санхүүгийн мэдлэг шаардагддаг ажил юм. Харин Х.Жайнаханы хувьд реклам зар сурталчилгааны техникч мэргэжилтэй санхүүгийн анхан шат ны мэдлэг, санхүүгийн мэргэжилгүй болно. Нэгэнт Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай хяналт шалгалтын танилцуулгын 6-д зааснаар санхүүгийн мэргэжилгүй болох нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх заалтыг баримтлан тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дүгээр тушаалаар Х.Жайнаханыг няравын ажлаас чөлөөлж, сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд томилсон. Иймээс санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах үүргийнхээ дагуу Х.Жайнаханыг няравын ажлаас чөлөөлж түүний хүсэлтийг харгалзан ажилтай болгосонд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд, Х.Жайнаханы гомдлыг эс зөвшөөрч байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х.Жайнаханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00041 дүгээр магадлалаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х.Жайнаханыг Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Хайрат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тус сургуульд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны журмаар хянан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэж дүгнэлт өгөх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн байна гэж үзлээ. Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнэсний эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь,

Нэхэмжлэгч Х.Жайнаханыг Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 44, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг тус тус үндэслэн тус сургуулийн няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Уг үндэслэл нь “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх заалт бөгөөд ажил олгогч уг зүйл заалтыг хэрэглэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг харуулж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч Х.Жайнахан нь хавтаст хэрэгт авагдсан тус сургуулийн няравын ажлын байрны тодорхойлолтоор тавигдах шаардлагыг хангаагүй, Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм”-тэй холбогдох заалт, мөн Нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхой байна. Гэтэл хэрэгт авагдсан тухайн үед захирлаар ажиллаж байсан ажил олгогч А.Майра нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний ерөнхий зүйл болох боловсрол гэдэгт дээд, мэргэжил гэдэгт эдийн засагч гэж Х.Жайнаханы боловсрол мэргэжлийг буруу бичсэн байгаа нь санамсаргүй зүйл биш болох нь харагдаж байна.

Түүнээс гадна Х.Жайнахан нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын ажлын байрны 1 дүгээр заалтын хүрээнд заасан 1.1 дэх өөрийнхөө үйл ажиллагаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2000 оны 69 дугаар тушаалаар батлагдсан эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлж мөрдөж ажиллах, мөн ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээн дэх 2.1-д заасан мөнгөн кассаас анхан шатны орлого, зарлагын баримтыг үндэслэн гүйлгээ хийж, кассаар дамжуулан хийгдэх бүрт орлого зарлагын баримт бичих, төвлөрсөн журмаар орох бараа ажил үйлчилгээний орлого, цалин тэтгэмж болон тусгай жагсаалтаар гаргах зарлагын дүн үнэн зөв эсэхийг шалгаж, орлого зарлагын төрөл тус бүрээр нэгдсэн нэг баримт бичих, 3.1-д заасан өөрийн хариуцлаганд байгаа эд хөрөнгийг нэр төрөл, үнэ зэрэг дугаараар нь ангилан төрөлжүүлж, хураан агуулахын үлдэгдлийн бүртгэлийг зохих маягт зааврын дагуу тогтмол хөтөлж байх зэрэг заалтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх мэдлэг боловсролгүй мэргэжлийн нягтлан бодогч биш, ажлын байрны шаардлагыг хангаагүй болох нь анхан шатны шүүхээр тогтоогдсон юм. Харин няраваар томилогдсон Р.Еркебулан нь Мандах бүртгэл дээд сургуулийг 2010 онд банкны эдийн засаг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр №0201012696 дугаар дипломоор эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн. Голч дүн 3.5 (В) үнэлгээтэй. Мэргэжлээрээ 4 жил ажилласан, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дугаар тушаалын ажлын байрны 1, 2, 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд заасан ажлын байрны гол үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэдлэг боловсролтой мэргэжлийн боловсон хүчин ажлын байрны шаардлагыг хангаж байгаа болно.

Давж заалдах шатны шүүх 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг өөрийнхөөрөө буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь илт ажиглагдаж байна. Х.Жайнахан нь реклам, зар сурталчилгааны техникч мэргэжилтэй, санхүүгийн анхан шатны мэдлэг, мэргэжилгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаар нотлогдож байгаа болно. Энэ нь аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны танилцуулгыг үндэслэсэн, үндэслээгүй байсан ч дээр дурдсан хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгээр бүрэн тогтоогдож байгаа юм. Ажил олгогч 4 дүгээр сургуулийн захиргаа нь Х.Жайнаханыг тухайн ажлын байрны тодорхойлолтоор тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн даруйдаа түүнийг хичээлийн зохицуулагчаар томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд тэрээр одоогийн албан тушаал нь мөн урьдах албан тушаалын мөн адил ТҮ-4 гэсэн цалингийн шатлалтай байгаа нь түүнийг ямар нэгэн байдлаар хохироосон явдал байхгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 2 дугаарт дурдсан үндэслэлийн талаар дурдахад нэхэмжлэгч нь ажил олгогч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг хангаагүй талаар, эрх нь зөрчигдсөн эсэх талаар маргаан үүсгэж байсан материал хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуулийн дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх атал ойлгомжгүй зүйлийг үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж болохоор байна.

Иймд, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн тогтоол гаргаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Х.Жайнахан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулж,  2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 тоот тушаалыг хүчингүй болгож, няравын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Тус сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 111 тоот тушаалаар Х.Жайнаханыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталж, няравын ажлаас чөлөөлж, хичээл зохицуулагчийн ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан тайлбартаа, Х.Жайнахан санхүүгийн мэргэжилгүйгээс гадна сургуулийн захирлын хамаатан байсан нь хууль зөрчснийг санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт хийхдээ тогтоосон гэжээ.

 

Анхан шатны шүүх Х.Жайнаханы төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд няравын ажлын байранд тэнцэхгүй нь тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Ажилтан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заажээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж.Аргынбайн нэрэмжит ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, тус аймгийн санхүү, хяналт шалгалт, аудитын албанаас тус сургуулийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхдээ Х.Жайнаханыг мэргэжлийн бус гэж заасан танилцуулгыг  үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч,  уг баримт ажилтанг ажил мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүйг нотлохгүй гэж  давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт Х.Жайнахан реклам, зар сурталчилгааны мэргэжлээр Монгол-Солонгосын техникийн коллежийг 2010 онд төгссөн диплом, мөн FLASH санхүү бизнесийн мэргэшсэн сургалтын төвд суралцаж, 2016 оны 8 дугаар сард тусгай зөвшөөрөл авсан гэх баримт авагдсан бөгөөд аудитын шалгалтыг  нэхэмжлэгчийн ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсныг тогтоосон  зохих эрх бүхий этгээдийн гаргасан дүгнэлт гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар  ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлсэн нь тогтоогдоогүй байна.

Дээр үндэслэлээр ажил олгогчийн Х.Жайнаханыг ажлаас халсан шийдвэр хуульд нийцээгүй  талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн  төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00041 дүгээр  магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Хайратын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

 

                          ШҮҮГЧ                                                                Г.АЛТАНЧИМЭГ