Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-29
Дугаар 001/ХТ2017/00916
Хэргийн индекс 181/2016/00036/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл
Хариуцагч НШГА
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00362 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн  889 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,                                 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай,           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн шүүхийн 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 267 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 283 тоот тогтоолтой иргэн Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотойгоор улсад учруулсан хохирлыг арилгуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Ж.Оюунгэрэлийн хууль ёсны эрх ашгийг удаа дараа зөрчөөд байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т шүүхэд эд хөрөнгө хураах ял оногдуулахдаа хураах эд зүйл, эд хөрөнгийг шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заана гэсний дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 тоот шийтгэх тогтоолд 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор Б.Энхбатын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууц Ү-2202002525 түүнд ногдох хэсэг гэж Б.Энхбатыг үл хөдлөх хөрөнгөтэй мэтээр тодорхойлон заажээ. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 8/3277 тоот албан бичгээр улсын мөрдөн байцаах газрын 2007 оны 10/5-5572 тоот албан бичигт дурдсан иргэн Б.Энхбатын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд байхгүй гэсэн албан бичгээс үзэхэд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Энхбатын өмчлөлийн зүйл биш болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан орон сууцыг иргэн Ж.Оюунгэрэл нь 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1132 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу иргэн Б.Энхтуяагаас хууль ёсны дагуу өмчлөлдөө авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна. Хуваарьт хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй, өв бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хуваарьт өмч. Б.Энхбатын үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан түүний хуваарьт хөрөнгийг битүүмжлэн түүнээс Б.Энхбатад ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээнэ гэж заасныг зөрчиж, гэр бүлийн бусад гишүүдийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул 20 тоот орон сууцыг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх болон гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэдэг. Б.Энхбат, Ж.Оюунгэрэл нар нь 1984 онд гэр бүлээ батлуулж хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд гэр бүлээ цуцлуулсан хамтран өмчлөх дундын өмчлөлийн ногдох хэсгээ тодорхойлж шүүхээр шийдвэрлэсэн тухай нотлох баримт байхгүй тул шүүхийн шийдвэрийн дагуу дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн ногдох хэсгээс төлбөр гаргуулах нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00362 дугаар шийдвэрээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан Ж.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 04475 дугаартай захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 889 дүгээр магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00362 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “36 дугаар зүйлийн 36.1, 36.5” гэснийг хасч, “хариуцагч хариуцагч” гэснийг “хариуцагч” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,            хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэн гомдол гаргаж байна. Үүнд,

Анхан шатны шүүх дүгнэхдээ, “...Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот /гэрчилгээний дугаар Ү-2202002525/ орон сууцыг 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл”-д Ж.Оюунгэрэл, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”-д Б.Энхбат нар гарын үсэг зурсан байх бөгөөд, тухайн ажиллагаатай холбоотой гомдлыг хэн аль нь зохих болон дээд шатны байгууллагад гаргаагүй болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болжээ. Учир нь, нэхэмжлэгч талын зүгээс маргалдаж буй гол зүйл нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол” байхад тухайн тогтоолд холбогдуулан зохих болон дээд шатны байгууллагад гомдлыг гаргаагүй гэж илт хэргийн үйл баримтыг эсрэгээр дүгнэсэн нь учир дутагдалтай буюу хэргийг үндэслэлгүй шийдвэрлэх шалтгаан болжээ.

Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот “Эд хөрөнгө хураах тогтоол”-д ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан атал анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, шүүхийн шийдвэрийг урьдчилан төлөвлөж, хөдөлбөргүй үнэн мэтээр ойлгож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хөндсөн шийдвэрийг гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд, “...үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөрт тооцогдохоор болж байх үед хуваарьт эд хөрөнгө битүүмжлэгдсэн талаар Ж.Оюунгэрэлээс гомдол гаргаж байсан гэх баримтгүй, тухайн битүүмжлэн хураасан хөрөнгө нь хуваарьт өмч хэдий ч хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөд шилжүүлэхээр тохиролцоогүй гэх маргаан үүсээгүй байх тул хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэх ажиллагаа явагдаж байгааг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4-т “Дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс тодорхой эд хөрөнгийг хураахаар шүүхийн шийтгэх тогтоолд нэрлэн заасан бол энэ хуульд заасан журмын дагуу хураана” гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн эд хөрөнгө хэмжээ нь тогтоосон үйл баримт байдаггүй. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын албан ёсны бүртгэлд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь зөвхөн нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлийн өмчлөлд бүртгэгдсэн байдаг бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1132 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээний дагуу иргэн Б.Энхтуяагаас хууль ёсны дагуу өмчлөлдөө авсан болох нь тус гэрээгээр нотлогддог. Иймд, дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууц Ү-2202002525 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий эд хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө” гэж зааснаар Ж.Оюунгэрэлийн хуваарьт эд хөрөнгө болох нь хууль тогтоомжоор ч мөн адил тогтоогдож байна. Энэ бүгдээс харахад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг ноцтойгоор төөрөгдсөн дүгнэлтийг хийсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх хэрэгт иргэн Ж.Оюунгэрэлийн хууль ёсны эрх, ашиг ноцтойгоор зөрчигдөж байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн анхаарч үзнэ гэдэгт гүнээ найдаж байна.

Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ж.Оюунгэрэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж өмчлөгчийн эрхийг зөрчсөн үндэслэлээр орон сууцыг нөхөр Б.Энхбатын төлбөрт битүүмжилж, хураасан нь ажиллагааг хүчингүй болгуулах агуулгатай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 267 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Б.Энхбатыг Монголын Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2004-2007 оны 8 дугаар сар хүртэл  өөрийн итгэмжлэн хариуцаж байсан сан хөмрөгөөс 10.187.291.083 төгрөгийн үзмэр, үнэт эдлэлийг бусдад зарж борлуулах  замаар завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хорих ялаар шийтгэсэн байна.

Дээрхи 37 дугаар шийтгэх тогтоолоор Б.Энхбатаас 4.564.274.649 төгрөг гаргуулж хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 20 тоот орон сууцнаас түүнд ногдох хэсэг болон  бусад эд хөрөнгийг зохих журмын дагуу хохиролд тооцохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байна.

Эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолын ... эд хөрөнгө,...хохирол төлүүлэх төлүүлэх заалт, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол,  уг тогтоолд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эд хөрөнгийг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 175/160323 тоот тогтоолоор хураасан  шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг  хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Гомдлын үндэслэлд хамааралгүй хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдааг  давж заалдах шатны шүүх  залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07 ны өдрийн 889 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 

 ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ