Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-03
Дугаар 001/ХТ2017/01242
Хэргийн индекс 181/2017/00103/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч С ХХК
Хариуцагч Н.Ш.Г.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

С  ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00959 дүгээр шийдвэртэй,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1243 дугаар магадлалтай,

С  ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Ш.Г.А- нд холбогдох,

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Г.Алтанчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Зоригт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.        

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ш.Г.А  нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, манай компанийн өмчлөлийн эд хөрөнгийг үнэлсэн талаар мэдэгдээгүй атлаа манай компанийн хөрөнгийг үнэгүйдүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 тоот мэдэгдэл, 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/461 тоот тогтоол, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3135620 тоот мэдэгдэл өгч гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд бид энэ талаар гомдлоо 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөлгүй байж байгаад 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаа явуулна гэсэн 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/58730 тоот мэдэгдэл, 12/429 тоот тогтоол өгч байгаа нь бидний үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлэн авах гэсэн үйлдэл гэж үзэж байна.

Иймд бид үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул уг 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 тоот мэдэгдэл, 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/461 тоот тогтоол, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3135620 тоот мэдэгдэл, 12 дугаар сарын 15-ны 3/58730 тоот мэдэгдэл, 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/429 тоот тогтоол зэргийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд  гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар С  ХХК-иас 287.900.000 төгрөгийг гаргуулан Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор захирамжилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамжны 4/1 тоот конторын зориулалттай байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009176 дугаартай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Монгол шуудан банкны хойд талд байрлах Сэрүүн ХХК-ийн байрны 2 дугаар давхрын конторын зориулалттай хэсэг, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3/31185 тоот албан бичгээр төлбөр төлөгч С  ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Зоригт гардуулсан байна. Дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгосон байна.

Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 997.782.638 төгрөгөөр үнэлэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С  ХХК болон төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/37794, 3/37795 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн болно. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөөгүй тул Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 809 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд, хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С  ХХК-ийн шүүхээс заагдсан хаягаар дахин хүргүүлж, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул 177.4-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувиар 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Төлбөр төлөгч С  ХХК-ийн захирал Ц.Зоригт албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тухай бүр биечлэн гардуулж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг мэдэгдэл гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргах байтал 1 жил 2 сарын дараа буюу 425 хоногийн дараа гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00959 дүгээр шийдвэрээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С  ХХК-ийн гаргасан хариуцагч Н.Ш.Г.А- нд холбогдох үнэлгээг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тул Н.Ш.Г.А ны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 дугаартай мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/461 дугаартай тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3135620 дугаартай мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/58730 дугаартай мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/429 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1243 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00959 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан бусдын эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна.

Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 04-ны № 04/03 тоот итгэмжлэлээр тус өдрийн шүүх хуралдаанд оролцож хэргийн материалтай танилцах үүднээс шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт гаргахад хүлээн авахдаа шүүгч намайг элдэв янзаар загнаж байгаад гарын үсэг зуруулж хурлын цагийг үдээс хойш 16 цаг болгосон. Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах эрх ашгаа хангуулах үүднээс хүсэлт гаргахад мөн л загнаж хууль буруу тайлбарлан миний эрх ашгийг ноцтой зөрчиж шүүх өмгөөлөгчөөр хангах үүргээ биелүүлээгүй.

Н.Ш.Г.А  289.900.000 төгрөгийн гүйцэтгэлд С  ХХК-ны конторын зориулалттай 180 м.кв байрыг 876.458.963 төгрөгөөр үнэлэгдэж даруй төлбөрөөсөө 3 дахин их байхад манай компанийн 29 м.кв нэг өрөө байр болон өргөтгөлийг байр нь 244.739.138 үнэлэгдсэн байтал давхар дуудлага худалдаанд оруулж байгаа нь эд хөрөнгийн үнийг өсгөж дуудлага худалдаанд бусдыг оролцуулахгүй компанийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх арга энэ бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйлдэл. Иймээс хэргийн материалыг сайтар шинжилж судалж чадаагүй 181/ШШ2017/ 00959 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Сант хаан ХХК Н.Ш.Г.А- нд холбогдуулж үнэлгээний талаархи 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 тоот мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11/461 тоот тогтоол, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/3135620 тоот мэдэгдэл, хоёрдох дуудлага худалдаа зарласан тухай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/429 тоот тогтоол болон 3/58730 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ, эд хөрөнгийг үнэлсэн талаар мэдэгдээгүй, зах зээлийн үнээс хямд үнэлэгдсэн, үнэлгээг зөвшөөрөхгүй байхад хоёр удаагийн дуудлага худалдаа зарлагдсан гэж тайлбарласан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Сант хаан ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй талаархи дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны  өдрийн 626  дугаар шийдвэрээр Сант хаан  ХХК нь Ориент инвест  ББСБ ХХК-д 287.900.000 төгрөг төлөх төлбөртэй байна.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Нийслэлийн  шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч  Сант хаан ХХК-ийн  өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамжны 4/1 тоотод байрлах конторын зориулалттай 180 м.кв байр талбайтай мөн хороо Монгол шуудан банкны хойд талд байрлах Сэрүүн ХХК-ийн байрны 2 дугаар давхарт байрлах 29 м.кв талбай бүхий  1 өрөө ажлын байрыг худалдан борлуулах зорилгоор битүүмжлэн, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулсан нь  тогтоогдож байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох журмыг заахдаа ”дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэсэн ба хэрэв санал өгөх эрхтэй этгээдүүд харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоогоогүй  бол шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилж  тогтоолгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс үнийн санал өгөхийг мэдэгдэхэд санал өгөөгүй, төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх тул   талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзнэ.

Иймд, Н.Ш.Г.А- наас шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилж, анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоолгосон ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Шинжээч  180 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өргөтгөлийн хамт 876.458.963 төгрөг, 29 м.кв талбай бүхий байрыг 121.323.675 төгрөгөөр тус тус үнэлснийг зах зээлийн үнээс хямд гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үнэлгээний талаар мэдэгдээгүй гэх боломжгүй байна. Учир нь, Н.Ш.Г.А- наас шинжээч томилсны дагуу Бэсгэ ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээ тогтоосныг өмнө нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3/37754 тоот мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд харин төлбөр авагч Ориент инвест ББСБ үнэлгээг зах зээлийн үнээс өндрөөр үнэлэгдсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ/2016/00809 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогджээ. Үүний дараа дээрх үнэлгээний талаар нэхэмжлэгчид дахин 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/3134384 тоотоор мэдэгдсэн байна.

Дээрх байдлаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шүүх хуралдаанд биечлэн оролцох болон өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Сант Хаан ХХК-ийн захирал Ц.Зориг оролцсон, түүний өмгөөлөгч авах болон өвчтэй гэх үндэслэлээр шүүх хуралдаан 2 удаа хойшлогдсон, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 9 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Сант хаан ХХК-ийн дэд захирал Д.Зориг оролцохдоо  хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг 16 цаг хүртэл хойшлуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйгээс шүүх тэдний эзгүйд гуравдагч этгээдийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4, 100.5-д заасныг зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00959 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1243 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР    

  

                                  ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ