Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-10-27
Дугаар 001/ХТ2017/01281
Хэргийн индекс 181/2016/01799/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Н.Б
Хариуцагч Н.Ш.Г.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01138 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  1380 дугаар магадлалтай,

Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Н.Ш.Г.А-нд холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ш.Г.А Н.Б-ын өмчлөлийн Ү-2204010208 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, сансрын үйлчилгээний төвийн зүүн талд байрлах 396 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 369.300.000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах болсон талаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/343330 тоотоор мэдэгдснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь зах зээл дээр 1 м.кв нь дор хаяж 1.800.000 төгрөг, түүнээс дээш үнэлэгдэхээр байхад Н.Ш.Г.А надтай хэлэлцэхгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур 369.300.000 төгрөгөөр буюу 1 м.кв-ийн үнийг 932.576 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээгээр тогтоосон 70 хувиар тооцон 258.510.000 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэж байгаа нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж өмчлөгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой хохироож байна.

Иймд, Н.Ш.Г.А-наас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Н.Б-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 171/02 дугаартай тогтоолоор хураан авсан. Н.Б-аас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 369.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Н.Б-т үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3/34330 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж 369.300.000 төгрөгийн 70 хувь болох 84.000.000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдааны талаар 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/35661 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж хувийн баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Н.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01138 дугаар шийдвэрээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ш.Г.А-нд холбогдох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай 04403 тоот шүүхийн шийдвэрээр Н.Б-аас 102.667.950 төгрөгийг гаргуулж Т.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар  сарын 14-ний өдрийн 1380 дугаар магадлалаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01138 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04403 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.Б-аас 102.667.950 төгрөг гаргуулж Т.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэсний дагуу Н.Ш.Г.А-наас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 36.1-д заасан шаардлагатай нийцэж, шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Н.Б нь “... үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна. ...” гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгө нь 1 м.кв нь 1.800.000 төгрөг байхад 932.576 төгрөгөөр тогтоож, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ хуульд зааснаар нотолж чадаагүй. Үнэлгээний байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно, 25 дугаар зүйлийн 25.1.3-т хэргийн оролцогчийн шинжээч томилуулах эрхийг заажээ. Дээрх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор шүүхэд хандаж өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд,  магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх  Н.Б-ын   Н.Ш.Г.А-нд холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/04403 дүгээр шийдвэрээр Н.Б-аас 102.000.000 төгрөг гаргуулж Т.Оюунчимэгт олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу Н.Ш.Г.А барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн зүүн талд байрлах 396 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаа явуулах зорилгоор битүүмжлэн хураасан нь тогтоогдож байна.

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох журмыг заахдаа “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэсэн ба шинжээчийг Н.Ш.Г.А томилон дүгнэлт гаргуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Б, төлбөр авагч Т.Оюунчимэг нар эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүйгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь хэргийн баримтад авагдсан тул анхны дуудлага худалдааны үнийг талууд тохиролцож тогтоогоогүй гэж үзнэ.

Иймээс Н.Ш.Г.А Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч үл хөдлөх хөрөнгийг 369.300.000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү үнэлгээний 70 хувь буюу 258.510.000 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн Н.Ш.Г.А-ны ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

2.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна.

Түүнчлэн шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

3.Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч  эд хөрөнгийн зах зээлийн үнийг  шинжээч томилж тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулж болох ба харин нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоож, дүгнэлтээ гаргасан байхад тухайн дүгнэлтийг эргэлзээтэй, буруу гэж үзэх үндэслэл, баримтаа нэхэмжлэгч заагаагүй тохиолдолд шүүх  шинжээч томилж зах зээлийн үнэ дахин тогтоолгох шаардлагагүй болно. Иймд, нэхэмжлэгчийн нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хүлээн аваагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01138 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1380 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

 

                     ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ