Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-11-03
Дугаар 001/ХТ2017/01349
Хэргийн индекс 181/2017/00578/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Э.Ц
Хариуцагч Н.Ш.Г.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Э.Ц-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01377 дугаар шийдвэртэй,       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1462 дугаар магадлалтай,

Э.Ц-ын нэхэмжлэлтэй

Н.Ш.Г.А-нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Э.Ц-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Г.Алтанчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.      

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 25463 дугаар захирамжаар Э.Ц-оос 79.963.024 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Н.Ш.Г.А-наас Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө 80/8 дугаар 03 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4386/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 146/22 тоот тогтоолоор хураасан. Н.Ш.Г.А-ны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3433 тоот албан мэдэгдлээр ...орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 102.900.000 төгрөгийн 70 хувь буюу 72.074.116 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдэе...” гэжээ. 102.900.000 төгрөгийн байрыг хэзээ, хэрхэн, ямар арга шалгуураар үнэлгээ тогтоосон нь мэдэгдэхгүй байна. Энэхүү байр нь байршил сайтай үнэ өндөртэй байгаа ба хүний орон сууцыг ингэж үнэ хямдруулан зарах нь хууль бус ба хууль мэддэг байсан бол хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж үнийн санал өгөх байсан.

Үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Н.Ш.Г.А анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3/5700 тоот албан мэдэгдлээр орон сууцыг Иргэний хуулийн 177 зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 102.900.000 төгрөгийн 50 хувь буюу 51.450.000 төгрөгөөр 2 дахь дуудлага худалдаанд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр оруулах болсныг мэдэгдье гэж дуудлага худалдаа явуулсан байна. Шүүхэд албадан дуудлага худалдаанд оруулах, дуудлага худалдааны дуудах доод үнийн асуудлаар шүүхэд хандан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад Н.Ш.Г.А дур мэдэн дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80/8 байрны 03 тоот 2 өрөө орон сууцны үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд  гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 25463 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э.Ц-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 80/8 дугаар байрны 03 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Э.Ц үнийн санал өгөхгүй гэж бичгээр хүсэлтээ гаргасан тул үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг гаргуулсан. Шинжээчийн 102.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувь буюу 72.074.116 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч Э.Ц-т мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгө орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолыг төлбөр төлөгч Э.Ц-т мэдэгдсэн. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах, тогтоол гарч мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учраас хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01377 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Э.Ц-ын Н.Ш.Г.А-нд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 80/8 байрны 03 тоот, Улсын бүртгэлийн Ү-2205043107 дугаарт бүртгэгдсэн 77 м.кв 2 өрөө орон сууцны үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210.600 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4213 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1462 дугаар магадлалаар,  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр,  магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 25463 дугаар шүүгчийн захирамжаар Э.Ц-оос 79.963.024 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Н.Ш.Г.А-ны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3433 тоот албан мэдэгдлээр “... төлбөр төлөгч Э.Ц-ын өмчлөлийн Баянгол дүүргийн  5-р хороо, 80/8-р байр 03 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 102.900.000 төгрөгийн 70 хувь буюу 72.074.116 төгрөгөөр дуудлага худалдааны “санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдье ...” гэсэн.

Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба Н.Ш.Г.А нь шүүхэд хэрэг хянан хэлэлцэж байх явцад:

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3/5700 тоот албан мэдэгдлээр,  Э.Ц-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 5-р хороо, 80/8-р байр 03 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 102.900.000 төгрөгийн 70 хувь буюу 72.074.1 16 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт оруулах мэдэгдсэн.

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3/5700 тоот албан мэдэгдлээр,  Э.Ц-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 5-р хороо, 80/8-р байр 03 тоот 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох 102.900.000 төгрөгийн 50 хувь буюу 51.450.000 төгрөгөөр 2 дахь дуудлага худалдаанд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр оруулах болсныг мэдэгдэе. ... гэж дуудлага худалдаа явуулсан байна. Н.Ш.Г.А нь төлбөр төлөгч Э.Ц-ын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, хохироож байна Шүүхэд албадан дуудлага худалдаанд оруулах,  дуудлага худалдааны дуудах доод үнийн асуудлаар шүүхэд хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, албадан дуудлага худалдааны үнийн гомдлыг шүүхээр нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Н.Ш.Г.А нь дур мэдэн дуудлага худалдаа зохион байгуулж явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд,  шийдвэрт өөрчлөлт оруулж Э.Ц-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 5-р хороо, 80/8-р байр 03 тоот 2 өрөө орон сууцыг 102.900.000 төгрөгнөөс 70 хувь үнэ бууруулан 72.074.116 төгрөгөөр 2017 оны 02 дугаар  сарын 24-ний өдөр 10.00 цагт зохион байгуулж явуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч Н.Ш.Г.А-нд холбогдуулж, төлбөрт хураагдсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон ажиллагааг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж анхны болон хоёрдох дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүсчээ.

1.Шүүхийн шийдвэрээр Э.Ц-оос  79.963.024 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Ц анхны дуудлага худалдааны үнийн талаархи мэдэгдлийг Н.Ш.Г.А-наас 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “үнэлгээний талаархи гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах” хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Барьцааны зүйлийг битүүмжилж, хураасан, үнэлгээ хийсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.Анхны болон хоёрдох албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхдээ дараах үйл баримт тогтоогдсныг дурьдах  шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Ц-ын гомдлоор шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Н.Ш.Г.А-нд зарлан дуудах хуудсыг  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  явуулсан байна. Тус албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч  мөн өдөр Э.Ц-т анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явуулах тухай мэдэгдлийг өгчээ.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аделбек 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.4-т заасны  дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасныг шүүх, тухайн хуульд зааснаар нэхэмжлэгч бус шийдвэр гүйцэтгэгч хүсэлт гаргана гэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд анхны дуудлага худалдаа зохион байгуулагдсан боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй ба нэхэмжлэгч анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек анхны дуудлага худалдааг хойшлуулахыг хүсч 2017 оны 02 дугаар  сарын 21-ний өдөр Н.Ш.Г.А-нд хандсан, тус албанаас хүсэлтийг хүлээн авах боломжгүй  гэх хариуг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр  өгчээ.

Н.Ш.Г.А-наас хоёрдох   дуудлага худалдааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар зарлаж, энэ тухай  мэдэгдэлийг нэхэмжлэгчид 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн, нэхэмжлэгч хоёрдох дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд   дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаснаар шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2017/04213 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хэдий ч хоёрдох дуудлага худалдаа явагдсан нь тогтоогджээ.

3. Анхны дуудлага худалдаа 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр явагдсан, харин хоёрдох дуудлага худалдаа 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус явагдсан  атал, анхан шатны шүүх  тухайн дуудлага худалдаа хэзээ, хэрхэн явагдсан, энэ нь хуульд нийцсэн эсэхэд үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ оны 15 дугаар зүйлийн 15.1.4-д гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах эд хөрөнгийн жагсаалтаас тухайн эд хөрөнгийг хасуулах тухай, эд хөрөнгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдсон, энэ хуулийн 34.4, 87.3-д заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарах хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ” гэж заагаад мөн зүйлийн 15.4-т “шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 15.1,15.2-т заасан үндэслэл илэрсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүхэд, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх ба эрх бүхий этгээд түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг гардан авснаар нэхэмжлэгч Э.Ц үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасныг мэдсэн бөгөөд  шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 15.1,15.2-т заасан үндэслэл илэрсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүхэд, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг  шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авах  боломжгүй гэхдээ шалтгааныг  тодорхой дурдаагүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авахаар, мөн зүйлийн 69.1.5-д “тодорхой ажиллагааг гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж болохыг тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хандаж гаргасан хүсэлтэд  хэдийгээр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүссэн боловч шүүх  хүсэлтийг агуулгаар нь бус хэлбэр талаас нь дүгнэсэн нь буруу байна.

Дээр дурдсан нөхцөлүүд нь анхны болон хоёрдох дуудлага худалдаа зарлагдах, улмаар зохион байгуулагдах  нөхцөл бүрдүүлсэн гэх  үндэслэлтэй.

Хуулиар нэгэнт гомдол гаргах эрхийг олгосон, энэ эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан, тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлээгүй үед дараа дараагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсныг  хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй, “Э.Ц шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд, нэхэмжлэгч Э.Ц-ын анхны болон хоёрдох дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1462 дугаар магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01377 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Н.Ш.Г.А-нд холбогдох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 80/8 байрны 03 тоот орон сууцны анхны дуудлага худалдааны үнэ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах Э.Ц-ын  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар  тус орон сууцны анхны болон хоёрдох дуудлага худалдааг зохион байгуулсан Н.Ш.Г.А-ны ажиллагааг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай.  

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

      

                                  ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ