Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-19
Дугаар 001/ХТ2017/01663
Хэргийн индекс 101/2015/4828/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “А Х”ХХК
Хариуцагч “О К”ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

“А Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01523 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1777 дугаар магадлалтай,

 

“А Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

“О К”ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 129 222 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “О К”ХХК-тай нийт 3 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “О К”ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ FV11/0084 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “А Х”ХХК нь “О К”ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд баригдаж байгаа үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг 3 давхар хатаасан шилтэй хийцээр, гэрээний хавсралтад заасан зураг, үнийн саналын дагуу хийж гүйцэтгэх, гэрээний 4.2-т заасан графикийн дагуу урьдчилгаа төлбөрт 129 647 900 төгрөг, ажил актаар хүлээлцсэн өдөр 55 563 390 төгрөг, нийт 185 211 290 төгрөгийг захиалагч тал төлөх, гэрээний 3.5-д гүйцэтгэж буй ажлын санхүүжилт 4.2-д заасан графикийн дагуу хийгдээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцохоор, гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгэгч тал ажлыг захиалагчид гүйцэтгэлийн акт үйлдэн хүлээлгэж өгснөөр гэрээт ажил дуусгавар болохоор харилцан тохиролцсон. Мөн Үндсэн гэрээнд заасан ажлаас гадна 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 561/11 тоот нэмэлт гэрээгээр 4 770 647 төгрөгийн ажил нэмж гүйцэтгэхээр тохиролцсон. Үндсэн болон нэмэлт гэрээний нийт үнэ нь 189 981 937 төгрөг болсон болно. Гэрээнд заасны дагуу захиалагч тал нь гэрээний 4.2-д заасан урьдчилгаа төлбөр болох 129 647 900 төгрөгийг 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Гэрээний 3.7-д заасны дагуу үндсэн болон нэмэлт гэрээнд заасан ажлыг манай компани нь бүрэн хийж, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр захиалагч талд акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Гэвч “О К”ХХК нь гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 60 334 037 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлгүй гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Мөн “О К”ХХК нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч харилцагч компанидаа энэ ажлыг хүлээлгэн өгч ашиг олж хөрөнгөжсөн боловч манай компанид төлөх ёстой ажлын хөлсийг төлөлгүй хохироосон. Ийнхүү “О К”ХХК нь гэрээний 3.5-д заасан үүргээ зөрчсөн тул гүйцэтгээгүй үүрэг 60 334 037 төгрөг, алдангид 30 167 018 төгрөг, нийт 90 501 055 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан болно. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “О К”ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ АГ-79/09-13, FS 11/0030 тоот байгуулан захиалагч талын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Эрдэм цогцолборын 96 айлын орон сууцны барилгын дээврийн ган рам хийцийг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсөнд захиалагч тал 24 368 200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба энэхүү төлбөрийг гэрээний 1.5-д заасны дагуу урьдчилгаанд 2 000 000 төгрөг төлөх, ажил дуусч актаар хүлээлгэж өгсний дараа үлдэгдэл төлбөрийг төлөх, гэрээний 4.2-д захиалагч ажлын хөлсийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлбэл 0.5% алданги тооцохоор тохиролцсон. Гэрээнд заасан ажлыг манай компани нь бүрэн хийж хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч нь урьдчилгаа төлбөрт 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 14 368 200 төгрөг, нийт 16 368 200 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлгүй үүргээ зөрчсөн болно. Мөн талууд гэрээний 1.4-д заасан ажлын хөлсний дүнг нэгтгэж гаргахдаа алдаатай гаргасан байсныг дурдах нь зүйтэй бөгөөд зөв дүн нь “А Х”ХХК-иас 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 422/11 тоот албан бичгээр тухайн ажлын хөлсний дүнтэй холбогдох үнийн саналыг “О К”ХХК-д хүргүүлж байсан ба “А Х”ХХК ч мөн хүлээн зөвшөөрч урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлж төлснөөр гэрээний нийт дүнгийн хэмжээ 24 368 200 төгрөг болсныг нотлох болно. Мөн “О К”ХХК нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч харилцагч компанидаа энэ ажлыг хүлээлгэн өгч ашиг олж хөрөнгөжсөн боловч манай компанид төлөх ёстой ажлын хөлсийг төлөлгүй хохироосон. Ийнхүү “О К”ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй ажлын хөлсийг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүрэг 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан болно. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “О К”ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “О К”ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Эрдэм цогцолборын 96 айлын орон сууцны барилгын шилэн хучилт хийцийг хийх, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний 4.2-д захиалагч ажлын хөлсийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлбэл 0.5 хувийн алданги тооцох, гэрээний 1.4.4-д захиалагч тал нь ажлын хөлсөнд 59 381 850 төгрөгийг төлөхөөр, гэрээний 1.5-д заасны дагуу урьдчилгаа 70% буюу 41 567 300 төгрөг, үлдэгдэл 30% буюу 17 814 550 төгрөгийг ажлыг захиалагчид актаар хүлээлгэн өгснөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүргийг тус тус харилцан тохиролцсон. Энэ төлбөрөөс захиалагч тал нь гэрээний дагуу 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилгаа 41 567 300 төгрөгийг төлсөн. Манай компани нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийж дуусган захиалагч талд хүлээлгэн өгсөн. Мөн “О К”ХХК нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч харилцагч компанидаа энэ ажлыг хүлээлгэн өгч ашиг олж хөрөнгөжсөн боловч манай компанид төлөх ёстой ажлын хөлсийг төлөлгүй хохироосон. Ийнхүү “О К”ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан ажлын хөлсийг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүрэг 17 814 550 төгрөг, алданги 8 907 275 төгрөг, нийт 26 721 825 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан болно. Иймд хариуцагч “О К”ХХК-иас 1 дэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 60 334 037 төгрөг, алданги 50% буюу 30 167 018 төгрөг, нийт 90 501 055 төгрөгийг, хоёр дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8 000 000 төгрөг, алданги 50% буюу 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг, гурав дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17 814 550 төгрөг, алданги 50% буюу 8 907 275 төгрөг, нийт 26 721 825 төгрөгийг буюу бүгд 129 222 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Х”ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “О К”ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 86 148 587 төгрөг, алданги 43 074 293 төгрөг, нийт 129 222 880 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “О К”ХХК нь “А Х”ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр АГ-79/09-13, FS 11/0030 дугаар бүхий гэрээ хийсэн бөгөөд энэхүү гэрээний нийт төлбөр 24 368 200 төгрөг байснаас 16 368 200 төгрөгийг төлж, 8 000 000 төгрөгийн үлдэгдэл, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр АГ-79/09-13, FS 11/0031 дугаар бүхий гэрээний нийт төлбөр 59 381 850 төгрөг байснаас 41 567 300 төгрөгийг төлж, 17 814 550 төгрөгийн үлдэгдэл тус тус байгаа ч дээрх 2 гэрээ нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь Эрдэм цогцолборын орон сууцанд хийгдсэн ажлуудынх болно. Эдгээр үлдэгдлийг “А Х”ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй байсантай холбоотойгоор барьж байсан. 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр FV11/0084 дугаар бүхий гэрээ нь Баянгол дүүрэг дэх “Solo Mall” худалдааны төвийн барилгын ажилд хамаарах ба уг гэрээний нийт төлбөр 185 211 290 төгрөг байсны 70 хувь буюу 129 647 900 төгрөгийг “О К”ХХК гэрээ байгуулсан өдрөө төлсөн. Үлдэгдэл 55 563 390 төгрөг болон нэмэлт гэрээний төлбөр 4 770 647 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч “А Х”ХХК нь барилгын хаалга, гадна шил, цонхны ажил хийх гэрээтэй байсан. Тэдний хийх ажил нь худалдааны төвийн гадна өнгө үзэмжийг илэрхийлэхэд чухал ач холбогдолтой байсан бөгөөд сайн чанартай хийж гүйцэтгэсэн тохиолдолд худалдааны төвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх учиртай. Гэвч “А Х”ХХК нь ажлаа норм, стандарт, зургийн дагуу гүйцэтгээгүй бөгөөд шаардлага хангахгүй материал, шил ашиглаж байсан. Энэ тухай удаа дараа албан тоотоор сануулж, ашиглаж буй материалаа солихыг үүрэг болгож байсан бөгөөд тухайн үедээ хүлээн авдаг ч бодит байдал дээр сольдоггүй байсан. Мөн "тохирох шил нь манайд байхгүй байна, тийм компанид захиалсан чинь бэлэн болж чадахгүй байна, хугацаа өгөөч" гэх мэт хүсэлт үргэлж тавьдаг байсан. “А Х”ХХК-ийн ашигласан материал муугаас гадна ажлын чанар мөн муу байсан бөгөөд цонх, хаалганы битүүмж муу, дулаан алдалт ихтэй, зурганд заагдсаны дагуу ажлаа гүйцэтгэж чадаагүй гэх мэт дутагдлууд ихээр гарсан. Нэхэмжлэгч тал шаардлагуудыг хүлээн авч байсан боловч засан сайжруулалтыг хангалттай хийгээгүй. Тэдний хийсэн ажлыг экспертээр үнэлүүлэхэд хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. “А Х”ХХК нь ажлын чанар болон материалын хувьд шаардлага хангахгүй байснаас гадна гэрээнд заасан хугацааг ихээр зөрчиж, барилгын ажлын графикийг алдагдуулсан. Энэ тухай албан тоотуудаар мэдэгдэхэд "Хүйтний улирал таарчихлаа, хугацаа сунгаж өгөөч" гэх мэт хариуг өгсөн. Эдгээр олон дутагдал байсан ч “О К”ХХК-ийн зүгээс гэрээгээ дүгнэе, тооцоог нийлье, хэдий хэмжээний ажил гүйцэтгэснийг тогтооё гэж 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр холбогдох зөрчлүүдээ арилгаад ажлын гүйцэтгэлээ актаар хүлээлгэн өгнө үү, төлбөр тооцооны асуудлаа цэгцэлье гэсэн агуулгатай албан тоотыг өгсөн боловч гүйцэтгэлээ баталгаажуулж өгөөгүй, зөрчлүүдээ арилгаагүй. Улмаар барилга ашиглалтанд орох төлөвлөсөн хугацаа хэтэрсэн тул арга буюу тэдний хийсэн чанаргүй ажлуудыг өөр компаниудаар дахин гүйцэтгүүлсэн болно. Үүнтэй холбоотойгоор нэмэлт зардал, төлбөрүүд ихээр гарсан. “О К”ХХК-ийн зүгээс гэрээний урьдчилгаа болгож гэрээ байгуулсан өдөр нийт төлбөрийн 70 хувь болох 129 647 900 төгрөгийг төлсөн. Барилгын компани ийм их хэмжээний урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөөр төлдөггүй. Гэхдээ манай компанийн зүгээс “А Х”ХХК-д итгэж ажлаа хурдан шуурхай явуулахын төлөө ийм хэмжээний төлбөр шилжүүлсэн ч “А Х”ХХК нь ажлаа чанартай хийгээгүй, шаардсан зөрчлүүдийг арилгаагүй, ажлаа албан ёсоор зохих албан тушаалтанд хүлээлгэж өгөөгүй манай компанийг хохироосон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “О К”ХХК нь “А Х”ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр FV11/0084 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороололд баригдаж байгаа үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг 3 давхар хатаасан шилтэй хийцээр ажлын 40 хоногт хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Энэхүү гэрээт ажлын нийт үнэ 185 211 290 төгрөг байхаар талууд тохиролцож гэрээнд тусгасан. “А Х”ХХК-ийн зүгээс гэрээний урьдчилгаа санхүүжилтийг өндөр хувиар олгосон тохиолдолд гэрээний үүргээ хугацаандаа чанартай гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байсан болон манай компанийн зүгээс тухайн гэрээт ажлыг яаралтай хийлгэх шаардлагатай байсан учир гэрээ байгуулсан өдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 129 647 900 төгрөг буюу гэрээний нийт санхүүжилтийн 70 хувийг олгосон. Барилгын салбарт ажиллаж байгаа ихэнхи байгууллагууд гүйцэтгэсэн ажлыг нь үндэслэж, ажлын гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгодог нийтлэг жишиг байдаг боловч манай байгууллагын зүгээс “А Х”ХХК-д өндөр итгэл хүлээлгэж, барилгынхаа өнгө үзэмжийг илэрхийлэх чухал ажлыг чанартай гүйцэтгүүлэхээр ийнхүү урьдчилгаа төлбөрийг 70 хувиар олгосон. “А Х”ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, байгууллагад ихээхэн хэмжээний нэмэлт зардал, хохирол учруулсан. “А Х”ХХК нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаа буюу ажлын 40 хоногт гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэхдээ гэрээний хавсралтад заагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй буюу барилгын норм стандартыг зөрчсөн. Үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийц нь барилгын өнгө үзэмжийг илэрхийлэх чухал хэсэг тул гэрээндээ ямар материалаар гүйцэтгэхийг онцгойлон тусгаж өгсөн боловч гэрээнд заасан материалаар ажлыг гүйцэтгээгүй, шаардлага хангасан шил ашиглаагүй. Мөн үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг гүйцэтгэхдээ битүүмжлэл муу хийсэн. Битүүмжлэл муугаас болж дуу, дулаан алдалт ихтэй болж өвлийн улиралд барилгыг хөлдөөхгүйн тулд нэмэлтээр халаагч, дизел мотор ажиллуулж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. “О К”ХХК болон үйлчилгээний барилгын ерөнхий гүйцэтгэгч "Зэт Энд Эй" ХХК-с “А Х”ХХК-д гэрээт ажлыг чанартай гүйцэтгэхийг, зөрчлүүдийг арилгахыг 2012 оны 4 сараас 2013 оны 9 cap хүртэл удаа дараа шаардаж, албан бичгүүд хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй тул арга буюу 2014 оны барилгын улирлаас эхлэн өөр компаниудаар “А Х”ХХК-ийн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн ажлуудыг нэмэлт зардал гаргаж гүйцэтгүүлсэн. “О К”ХХК-ийн зүгээс "Буянхишигт хангал" ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 25-ны 13-03-25 тоот, мөн өдөр №14-03-25 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №19-04-09 тоот Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж “А Х”ХХК-ийн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн хэсгүүдийг засах, шинэчлэх ажлуудыг гүйцэтгүүлж, нийт 71 463 107 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. “О К”ХХК-ийн зүгээс “Рояал пирамид” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 30-ны 122 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ", 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр №ХХАГ2/53 тоот Худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр №ХХАГ2/52 тоот "Худалдах-худалдан авах гэрээ", 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №АГГ1/20-2 тоот "Нэмэлт гэрээ"-г тус тус “А Х”ХХК-ийн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн хаалгануудыг солих, нугас, түгжээ, бариул нэмж хийх, засах, шинээр угсрах ажлуудыг гүйцэтгүүлж нийт 29 620 000 нэмэлт зардал гаргасан. “А Х”ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, ажлаа чанартай гүйцэтгэсэн бол дээрх нэмэлт гарахгүй байсан бөгөөд үйлчилгээний барилга төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд орох байсан. Иймд “А Х”ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гарсан нэмэлт зардал буюу “О К”ХХК-д учирсан хохирол болох нийт 101 083 107 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан АГ-79/09-13, FS 11/0030 тоот, АГ-79/09-13, FS 11/0031 тоот гэрээтэй холбоотой бидэнд маргахгүй, “А Х”ХХК-ийн хийсэн ажлыг бид хүлээж авсан, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргахгүй. Гэхдээ төлбөрийг бид төлөхгүй, сөрөг нэхэмжлэлийн дагуу манай компанид төлбөр төлөхөөр байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Цонх, хаалга суугдах поремууд 2011 оны 9 дүгээр сард бэлэн болсон. /Хавсралт-1/, гэрээ хийгдсэнээс хойш хийцийн зургууд удаа дараа өөрчлөгдөж байсан шалтгаанаар гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаандаа дуусгах боломж бүрдээгүй /Хавсралт-2/, шилэн фасад, цонх, хаалганы ажил нь 100% хатаагдсан шилээр хийгдэхээр гэрээнд тусгагдсан боловч хийцийн хэмжээсийн өөрчлөлтөөс шалтгаалан хатаагдсан шил дахин захиалах хугацаа хойшлогдож байсан. Хатаагдсан шилийг БНХАУ-аас захиалан авахад 21-30 хоногийн хугацаа шаардлагатай байдаг бөгөөд тухайн цаг үе нь хүйтний улирал эхлэхтэй давхацсан учраас 2-3 хоногийн дотор шилийг битүүлж дулаан авах нөхцлийг бүрдүүлэх шаардлага үүссэн. Иймээс энгийн шилээр орлуулж хийсэн бөгөөд үүнийг манай зүгээс дараа жилийн хавар өөрийн 100% хөрөнгөөр хатаагдсан шилээр сольж хийсэн /Хавсралт-3/. Энэ асуудалтай холбоотой зардлыг “О К”ХХК нь манайд олгоно гэж байсан боловч олгогдоогүй. Нуман хийцийг хөнгөн цагаан бэлдэцээр хийх байсан боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төмөр хийцээр орлуулж хийхээр “О К”ХХК-ийн захирал Д.Ганзоригтой ярилцаж зөвлөлдсөний дагуу хийсэн. Хөнгөн цагааныг төмөр болгосон өөрчлөлт дээр үний зөрүү гарч байсныг гэрээ дүгнэх үед тооцохоор тохиролцсон /Хавсралт-4/. Тухайн гэрээт ажилд 21 ширхэг хаалганы бариул, татуурга хийх байснаас техникийн давхрын нэг хаалганы тоноглол хийгдэж, үлдсэн 20 ширхэг хаалганы бариул, татуурга барилгын засвар дуусаагүй байсантай холбоотойгоор захиалагчийн хүсэлтээр угсрагдааүй үлдсэн. Захиалагчийн зүгээс тоноглол суурилуулах хүсэлтээ манай талд ирүүлээгүй тул уг тоноглолууд нь манай талд хадгалаатай байгаа учраас тоноглолуудын үнийн дүнг гэрээний үнийн дүнгээс хасч тооцох боломжтой /Хавсралт-7/. Үндсэн ажил болон засварын ажил гүйцэтгэлийг “О К”ХХК-ийн зүгээс хүлээж авахдаа инженер нь тодорхойгүй, товлосон хугацаандаа ирдэггүй, ирэхээрээ захирал хүлээж авч болохгүй гэсэн гэх мэт тодорхойгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлуудын гүйцэтгэлийг хүлээж аваагүй. “О К”ХХК-иас хэд хэдэн удаа танай бүтээгдэхүүн чанаргүй байна гэсэн шаардлага ирүүлж байсны хариуд манай зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийе гэсэн хүсэлт хүргүүлж байсан ч зөвшөөрөөгүй. Мэргэжлийн байгууллагуудаар шалгуулж дүгнэлт гаргаагүй зөвхөн гүйцэтгэгч байгууллагуудын өөрсдийнх нь гаргасан хэт нэг талыг барьсан дүгнэлттэй, манай гүйцэтгэсэн хийцийг сольж засварласан гэх гэрээнүүд байх ба “Рояал Пирамид” ХХК-тай байгуулсан рестораны хаалга хийх, нугас, бариул худалдан авах гэрээнүүд нь манай компанитай хийгдсэн гэрээт ажлуудаас тусдаа шинээр нэмж хийлгэсэн ажлууд байгаа учраас мөн манай байгууллага хариуцах үндэслэлгүй. “Буянхишигт Хангал” ХХК-ийн гүйцэтгэсэн 32 961 600 төгрөгийн үнэ бүхий, манай хийсэн хийцийг 6 дугаар давхарт зөөлгөсөн, мөн нэг давхарт шинээр хаалга хийлгэсэн зэрэг ажлуудын зардлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй. Тухайн хаалгануудыг манай зүгээс 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр чанар болон гүйцэтгэлийг шалган хүлээлгэн өгсөн /хавсралт-6/. “Буянхишигт Хангал” ХХК-тай байгуулсан 16 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий “Давхар хоорондын дуу чимээ, галын тусгаарлалт”-ын гэрээт ажил нь манай байгууллагын гүйцэтгэсэн ажил биш бөгөөд “О К”ХХК 2011 оны 11 дүгээр сард өөрсдийн ажилчдаар гүйцэтгүүлсэн. Мөн уг гэрээний гүйцэтгэгчийн нэр /гэрээ болон актны/ хоорондоо зөрж байгаагаас харахад уг материалуудыг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай байна. Иймээс уг гэрээт ажлын нэхэмжлэлийг манай тал хариуцах үндэслэлгүй. “Буянхишигт Хангал” ХХК-тай байгуулсан 22 501 507 төгрөгийн үнэ бүхий гэрээтэй нуман хэсгийг шинээр сольж хийх ажлыг 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба хоёр хоногийн хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэж дуусгасан гэх акт үйлдсэн байна. Тухайн ажлыг хамгийн багадаа, материал захиалгын хугацааг оруулж тооцоход 45 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой байхад 2 хоногт гүйцэтгэсэн гэх актыг харахад уг баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэдгийг дахин баталгаажуулж байна. Гэвч бид 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотод дурдсан ёсоор нуман хэсгийн профелийн үнийн дүнгийн зөрүүг нэхэмжилж буй дүнгээс хасч тооцох, мөн огт суулгаагүй 20 ширхэг хаалганы бариул, татуурганы үнийн дүнг нэхэмжилж буй дүнгээс хасч тооцох боломжтой /Хавсралт-7/ гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01523 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан “О К”ХХК-иас дутуу төлөгдсөн ажлын хөлс, түүний алдангид 35 878 163 төгрөг гаргуулж “А Х”ХХК-д олгож, “А Х”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93 344 717 төгрөгт холбогдох шаардлага болон “А Х”ХХК-иас ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөг гаргуулахыг хүссэн “О К”ХХК-ийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 804 065 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 663 366 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337 341 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1777 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О К”ХХК-иас 54 517 080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А Х”ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 74 705 800 төгрөгийг, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “337 341 төгрөг” гэснийг “430 535 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 441 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А Х”ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү хяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29- ны өдрийн 01523 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 1777 дугаартай магадлалыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. АГ-79/09-13, Р811/0030 тоот гэрээ буюу 2 дугаар гэрээ, АГ-79/09-13, Р311/0031 тоот 3 дугаар гэрээний ажлын хөлсний үлдэгдлийн тухайд: Тус гэрээнүүдийн дагуу хийсэн ажлын үр дүн, хөлсний талаар талууд маргаагүй ч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1. 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээт ажлыг заасан хугацаанд гүйцэтгэсэн ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээн авсан захиалагчаас хэлэлцэн тохиролцсон хөлсийг гэрээгээр төлөхөөр заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд шаардах эрхтэй байсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцно. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байна. Анхан шатны шүүхээс 2 болон 3 дугаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2014 оны 10 дугаар сарын 04, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харвал хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл байхгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...эхний гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргааны улмаас нэхэмжлэгчид төлөх ёстой ажлын хөлсийг хариуцагч саатуулан барьсан гэх тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг зогссон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн хэд дэх заалтаар ийнхүү зогссон гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч тал нь шүүхэд гаргасан тайлбартаа 2, 3 дугаар гэрээний ажлын хөлсийг төлөөгүй үндэслэлээ шүүхэд тайлбарласан. Тэрнээс нэхэмжлэгч талд мэдэгдсэн зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2, 3 дугаар гэрээний ажлын хөлсийг хуулийн дагуу шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2015 оны 4 сарын 24-ний өдөр “гэрээт ажлын төлбөрийн асуудлаар" гэсэн албан бичгээр анх ажлын хөлсөө хариуцагч талаас шаардаж, 2015 оны 5 сарын 12-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл 2, 3 дугаар гэрээний хувьд талууд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, хойшлуулахаар харилцан тохиролцсон, аль нэг тал нь хойшлуулах талаар мэдэгдсэн зүйлгүй болно. Тиймээс 2, 3 дугаар гэрээний хувьд 2013 оны 7 сарын 13-ны өдрөөс хойш хөлс төлөхийг шинээр шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. 2. FV11/0084 тоот гэрээ буюу 1 дүгээр гэрээний ажлын хөлсний үлдэгдэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагчийн зүгээс 1 дүгээр гэрээний ажлын үр дүн доголдолтой байсан гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд мэтгэлцсэн. Нэхэмжлэгч компанийн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн ажлыг засах, шинээр гүйцэтгүүлэх, солих зэрэг ажлуудыг бусад компаниудаар гүйцэтгүүлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 1 дүгээр гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс зарим ажлуудыг дутуу, чанаргүй гүйцэтгэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 1-гэрээний дагуу гүйцэтгэх ажлаас цонхны нуман хийцийг гэрээнд заасан хэмжээ, материалаар хийж гүйцэтгээгүй, гэрээний хавсралтанд заагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй байдаг. Мөн тус гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил нь үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга байсан бөгөөд барилгын өнгө үзэмжийг илэрхийлэх чухал хэсэг байсан. Нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажил нь барилгын норм стандарт зөрчсөн, битүүмжлэл муу, түүнээс болж дуу, дулаан алдалт ихтэй болсон бөгөөд хүйтний улиралд барилга хөлдөх аюултай байсан. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын байцаагч Д.Алтантуяагийн шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагддаг. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 01523 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 1777 дугаартай магадлалыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “А Х”ХХК нь хариуцагч “О К”ХХКомпаниас ажлын хөлс, алданги нийт 129 222 880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч “О К”ХХКомпани ажлын доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх ...хариуцагчаас 35 878 163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх ...54 517 080 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж,  анхан шатны шүүхийн алдааг зөвтгөсөн тул “..магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн...” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд сөрөг нэхэмжлэлийн талаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын байгуулсан 3 гэрээ буюу 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр “О К”ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг 3 давхар хатаасан шилтэй хийцээр хийж гүйцэтгэх, ажлын хөлс 185 211 290 төгрөг төлөхөөр тохирсон, уг гэрээнд нэмэлт оруулж, нэмж ажил гүйцэтгүүлснээр ажлын хөлс 189 981 937 төгрөг болсон, дараагийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээгээр 96 айлын орон сууцны барилгын дээврийн ган рам хийцийг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 24 368 200 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрээгээр 96 айлын орон сууцны барилгын шилэн хучилт хийцийг хийх, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 59 381 850 төгрөг төлөхөөр тус тус тохирсон, эдгээр гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Захиалагч “О К”ХХКомпани эхний гэрээний дагуу ажил гүйцэтгэгч болох “А Х”ХХКомпанид 129 647 900 төгрөг төлсөн, 60 334 037 төгрөг төлөөгүй, дараагийн гэрээний дагуу 14 368 200 төгрөг төлсөн, 8 000 000 төгрөг төлөөгүй, 3 дахь гэрээний дагуу 41 567 300 төгрөг төлсөн, 17 814 550 төгрөг төлөөгүй үйл баримтыг болон  нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг хариуцагчид 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн, ажил хүлээлцсэн баримт байхгүй боловч бусад гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авсан болохыг хариуцагч маргаагүй байна.

 

Харин эхний гэрээний ажлын үр дүн доголдолтой, дутуу эсэх, бусад гэрээний хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болжээ.

Давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, хөөн хэлэлцэх хугацаа  тасалдсан байдал, нэхэмжлэгч анз шаардах эрхээ алдсан зэрэг эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 78 дугаар зүйлийн 78.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Магадлалд тусгасан хууль зүйн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй тул “О К”ХХКомпаниас эдгээр 3 гэрээ тус бүрийн дагуу ажлын хөлсний дутуу 54 517 080 төгрөгийг гаргуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу анз авах эрхээ алдсан байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулна.

 

Нэхэмжлэгч “А Х”ХХКомпани нь эхний гэрээний дагуу 31 631 507 төгрөгийн ажлыг хийгээгүй, ажлыг дутуу хүлээлгэн өгснөө маргаагүй бөгөөд энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн байхад сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болжээ. 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу хийгээгүй ажлын хөлс 31 631 507 төгрөгийг авах ёстой ажлын үлдэгдэл хөлс 60 334 037 төгрөгөөс хасч тооцохыг зөвшөөрсөн, шүүх харилцан тооцож ажлын хөлсийн дутууг 28 702 530 төгрөг болохыг дүгнэсэн боловч энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдаж байгаа  агуулгыг анхаараагүй нь буруу байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлээс 31 631 507 төгрөгийн шаардлага үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцох замаар хангагдсан тул үлдэх 69 451 600 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үүнд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэж, магадлалд өөрчлөлт оруулав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1777 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...101 083 107 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “...сөрөг нэхэмжлэлээс 69 451 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, “337 341” төгрөг гэснийг “430 535” төгрөг” гэснийг   “...337 341 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг “...430 535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 316 107 төгрөгийг гаргуулж хариуцагч “О К”ХХКомпанид тус тус олгосугай...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430 535 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА