Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-12
Дугаар 001/ХТ2017/01601
Хэргийн индекс 101/2017/2294/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Мөнгөнторх
Хариуцагч А.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“М Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02019 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2017/01813 дугаар магадлалтай,

“М Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

А.Эт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 64 000 000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохирол 31 680 000 төгрөг нийт 95 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Эийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “М Т”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Т”ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны ард байрлах 850 м.кв газар, Ү-2201042206 тоот улсын бүртгэлийн дугаартай 227,69 м.кв талбайтай, засвар үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2201013283 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 600 м.кв талбайтай үйлчилгээний барилгыг барьцаалан “Ариг банк” ХХК-иас 150 000 000 төгрөгийн зээл хөөцөлдөх гэж байсан үед “М Т”ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пгийн танил А.Э мөнгө хэрэгтэй болоод байна, зээлээч банкинд төлөх ёстой хүүг нь төлнө гэсэн тул 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Ариг банк” ХХК-тай Бичил хөрөнгө оруулалтын зээлийн 2105008806 дугаартай гэрээ байгуулан сарын 2.75 хувийн хүүтэй 200 000 000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн 64 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “М Т”ХХК-ийн Ариг банкны 2105008805 тоот данснаас А.Эийн, ХААН банкны 5042277070 тоот дансанд түүний хүсэлтээр материалын хөлс гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. “М Т”ХХК А.Эээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, материал зэргийг худалдан аваагүй. А.Э нь өнөөдрийг хүртэл 64 000 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд “М Т”ХХК нь 64 000 000 төгрөгийн хүүнд cap бүр “Ариг банк” ХХК-д 1 760 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд нийт 31 680 000 төгрөг төлж хохирсон. Иймд А.Эт шилжүүлсэн 64 000 000 төгрөг, түүний ногдох “Ариг банк” ХХК-д хүүнд төлсөн 31 680 000 төгрөг нийт 95 680 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Т”ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пгийн гуйлтаар түүний танил А.Эт компанийн данснаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 64 000 000 төгрөг шилжүүлсэн мөнгийг хүүгийн хамт нэхэмжилсэн байна. А.Э уг мөнгийг өөрийн нэхэмжлэлд дурдсан данснаас 50 000 000 төгрөгийг Д.Пгийн 5099116979 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн, 14 000 000 төгрөгийг Х.Хурцболдын дансанд 2015 оны 10 дугаар сарын 22-нд шилжүүлсэн байна. Х.Хурцболдтой ярихад тэр данснаас Д.Пгийн 5099116979 дансанд 10 дугаар сарын 29-ний өдөр 45 000 000 төгрөг шилжүүлсэн. “М Т”ХХК-ийн захирал Д.Пгийн эх Д.Дэнсмаатай ямар нэгэн зүйл ярьж тохиролцоогүй. Түүнийг А.Э болон бизнесийн хамтрагч Х.Хурцболд нар танихгүй. Мөнгө зээлсэн бол зээлийн гэрээг нэхэмжлэлд хавсаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02019 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Эээс 64 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М Т”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 680 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М Т”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эээс 477 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М Т”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 09124 дүгээр захирамж хэвээр байхыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2017/01813 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02019 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М Т”ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 350 төгрөг, хариуцагч А.Эээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э хяналтын гомдолдоо: Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02019 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА/01813 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “М Т” ХХК нь иргэн А.Э надаас Зээлийн гэрээний үүрэгт 95.680.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол гэж тодорхойлсон. Хариуцагч миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд “М Т” ХХК-аас огт зээл аваагүй, бидний хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл үүсээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй үндэслэлээр А.Э намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” нь Иргэний хуулийн 8.1.6-д заасан гэрээний бус хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаа байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 8.1.1-ийн харилцаа үүссэн гэж тодорхойлж, гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр, гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны иргэний эрх зүйн өөр харилцаа буюу 8.1.6-ийн гэрээний бус, хуульд заасан үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэж, маргааныг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, хууль хэрэглээний хувьд алдаатай, иргэний хуулийн зохицуулалтын зорилгыг алдагдуулсан, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий маргаанд гэрээний бус үүргийн харилцаагаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь тэс өөр харилцаан дээр талуудын мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, гэрээний бус үүрэгтэй холбоотой тайлбар гаргах, үүнтэй холбоотой нотлох чиг үүргээ хэрэгжүүлэх бүхий л боломжийг хязгаарлаж, маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх иргэний эрх зүйн диспозитив зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзнэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тодорхойлсон байна. Хуулийн дээрх зохицуулалт нь хэн нэг этгээд хэн нэгний өмнө үүрэг хүлээсэн, эсхүл ямар нэг сэдлийн үндсэн дээр хөрөнгө шилжүүлчихээд, дараа нь өөрийгөө үүрэг хүлээсэн гэж бодож байсан чинь үүрэг үүсээгүй байсан юм байна гэдгээ нотолсны үндсэн дээр, эсхүл энэ үүрэг дуусгавар болчихсон байхад үүрэг гүйцэтгэчихсэн байна, үүссэн гэж бодож байсан үүрэг нь хүчин төгөлдөр бус болсон байсан юм байна гэх үндэслэлүүдээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхийг зохицуулсан хуулийн зохицуулалт бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар дээрх үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч нотлоогүй, үүнтэй холбоотой шаардлага гаргаагүй. Мөн гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаанд нотолгооны чиг үүрэг, нотлох баримтыг үнэлэх чиг үүрэг нь гэрээний маргаанд нотлох баримтыг үнэлэхээс өөр бөгөөд нэхэмжлэгч өөрөө би гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэх нэхэмжлээд байхад, шүүх хөндлөнгөөс гэрээ байгуулаагүй гэх дүгнэлт хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч нарт эдэлвэл зохих эрхийг эдлүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч талд эрх үүргийг нь танилцуулсан хэдий ч нэхэмжлэгч талд эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч зээл олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан гэрээний бус үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага дурдагдаагүй үндэслэлээр, гэрээний бус үүрэг гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан, маргааныг шийдвэрлэсэн нь байх тул дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “М Т” ХХКомпани нь хариуцагч А.Эээс зээлийн үүрэгт 64 000 000 төгрөг, хохирол 31 680 000 төгрөг нийт 95 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь “... “М Т” ХХК-ийн захирал Д.Дэнсмаагийн хүү Д.Пгаас авах авлагад уг мөнгийг авсан...” гэж маргажээ.

Хоёр шатны шүүх хариуцагчаас 64 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нэхэмжлэлийн үндэслэл болох “2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “М Т”ХХКомпаниас А.Эийн эзэмшлийн Хаан банкин дахь дансанд, 64 000 000 төгрөгийг материалын тооцоо, ажлын хөлс гэсэн утгаар шилжүүлсэн” бичгийн баримтыг анхан шатны шүүх “зээлийн гэрээ байгуулагдсныг нотолсон” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж дүгнэжээ.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгийг “хариу төлбөртэй” эсэхийг дүгнэх боломжгүй байх ба зохигчид уг асуудлаар мэтгэлцэж чадаагүй байна.

Гэрч Д.П анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...А.Э мөнгө хэрэгтэй байна....ээждээ хэлээд өг гэж надаас гуйсан учраас би ээжид хэлж өгсөн... Би банкны хүүд сар бүр 1 800 000 төгрөг төлнө гэж хэлсэн...А.Э ээжтэй уулзсан, гэрээ байгуулаагүй...” гэж /хх-97/, гэрч Х.Хурцболд “ ...Д.П биднээс мөнгө зээлдэг байсан... Энэ 64 000 000 төгрөг бол биднээс авсан мөнгөө буцааж өгсөн асуудал юм..”М Т”ХХКомпаний захирал Д.Дэнсмаа гэж хүнийг танихгүй, Баянгол дүүрэг дээр эрүүгийн хэрэг үүсэхэд харсан...Манай хүүхдийг битгий байцаалгаач мөнгийг нь төлнө гэж байсан...” гэж тус тус мэдүүлсэн /хх-98/ ба хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гэрч нараас маргааны ач холбогдол бүхий байдлыг асуугаагүй, шүүх энэ талаар тодруулаагүй байна. 

“М Т”ХХКомпани болон А.Э нарын хооронд үүрэг үүссэн эсэх, ямар нөхцлөөр хоорондоо хэлэлцэн тохирч байсан асуудал тодорхой бус үлджээ.

Гэрч Д.Пгийн мэдүүлгээс үзвэл хариуцагч А.Э, “М Т”ХХК-ний захирал Д.Дэнсмаа нар хоорондоо мөнгө зээлэх талаар тохирсон эсвэл Д.П ээжээсээ зээл авч А.Эт өгсөн эсэх нь ойлгомжгүй байна. Түүнчлэн хариуцагч А.Э нь уг мөнгөнөөс 50 000 000 төгрөгийг Д.Пд шилжүүлсэн баримт хэрэгт байх ба уг мөнгийг Д.П нь А.Эийн дансаар дамжуулж авсан, эсвэл А.Э түүнд зээлдүүлсэн, эсвэл өрөө төлсөн эсэх талаар зохигчид өөр өөр тайлбар гаргасан, шүүх уг баримтыг бусад баримтуудтай харьцуулж дүгнээгүй байна. Хариуцагч А.Э нь 64 000 000 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй болно.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/02019 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2017/01813 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 480 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

             ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА