Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-14
Дугаар 001/ХТ2017/01640
Хэргийн индекс 142/2017/00383/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Б.О
Хариуцагч П.Н, Ц.А нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.О-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 542 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаар магадлалтай,

 

Б.О-ний нэхэмжлэлтэй

П.Н, Ц.Анарт холбогдох

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 384 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч П.Н, Ц.Анарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч П.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.О нь Хур трейд ХХК-ийн захирал П.Н, түүний эхнэр Ц.Анарт тэдний гуйсны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 01-нд 4 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 03-нд 4 500 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 07-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 03-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 06-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 22-нд 1 000 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 17-нд 20 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 12-нд 20 000 000 төгрөг нийт 109 500 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, Мөн 2013.12.10-нд 2 000 000 төгрөг, 2013.12.20-нд 2 000 000 төгрөг, 2013.12.30-нд 20 000 000 төгрөг, 2014.01.22-нд 2 000 000 төгрөг, 2014.01.27-нд 2 000 000 төгрөг тус тус нийт 28 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр нийт 137 500 000 төгрөгийг барьцаагүйгээр зээлдүүлсэн болно. Зээлийг компанийхаа бизнесийн үйл ажиллагаанд буюу орон сууц барих барилгын ажилд хэрэглэх зорилготойгоор авсан. Зээлийг Ариунаагийн Голомт банкны дансаар болон бэлнээр өгч байсан. Ингээд уг авсан зээлүүдийг тохиролцсон цаг хугацаандаа төлж байгаагүй хүү өгч явж байсан. П.Н, Ц.Анар нь эхний авсан 8%-тай 109.500.000 төгрөгний 2012.11.01-ээс 2013.08.26 өдөр хүртлэх 10 сарын хүү болох 24.926.000 төгрөгнөөс 24.426.000 төгрөгийг өгч 500.000 төгрөгний хүү дутуу өгсөн болно. Ингээд бид 2013.08.26-нд зээлийн гэрээний үнийн дүнг тооцоо нийлэн дүгнэж зээлийн хүүг 5% болгон буулгаж дутуу өгсөн хүүний 500.000 төгрөгийг үндсэн зээл 109.500.000 төгрөгөн дээр нэмж нийт 110.000.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж 2013.08.26-аас 2015.12.26 өдөр хүртэл сарын 5%-н хүүтэйгээр 840 хоногийн дараа төлөхөөр хугацаа хариуцлагыг тохиролцсон болно. Мөн сүүлд зээлдүүлсэн 6%-н хүүтэй 28.000.000 төгрөгний 2013.12.10-аас 2014.07.23 өдөр хүртлэх 7 сар гарангын хүү болох 10.884.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгний хүүг 2014.07.23-нд өгч мөн адил зээлийн хүүг 5% болгон бууруулан нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж 2014.07.20-оос 2015.12.20 өдөр хүртэл сарын 5%-н хүүтэйгээр 510 хоногийн дараа төлөхөөр хугацаа хариуцлагыг тохирсон болно. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг гүйцэтгэгдээгүй өдий хүрлээ. Иймд цаашид нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй тул П.Н Ц.Анараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэн шаардаж шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар бодож алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу зээлүүдийн төлөх хугацаа 14 сараар хэтэрсэн ба алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50%-иас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн нийт зээл болох 138.000.000 төгрөгний 50% болох 69.000.000 төгрөгний алдангийг П.Н, Ц.Анараас нэхэмжилж байна. Иймд хариуцагч П.Н, Ц.Анараас үндсэн зээл 138.000.000 төгрөг, хүү 177.800.000 төгрөг, алданги 69.000.000 төгрөг, нийт 384.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О надад гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Н, Ц.Анар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.О-нийн зээлийг төлж чадаагүй өдий хүргэсэн нь үнэн. Бид түүнээс зээлсэн 137,5 сая төгрөгөө нэг нугалаад 275 сая төгрөг болгоод өгье гэхэд тэр хүлээж аваагүй. Тэгэхээр нь бид 300 сая төгрөг дээр тогтоё гээд болоогүй. Дараа нь 350 сая төгрөг дээр тохироё, энэнээс илүү өгч чадахгүй нь гэдгээ хэлсэн. Гэвч илүү их мөнгө авна гэсэн. Бидний зээлсэн мөнгө 137,5 сая төгрөг байтал, тэр биднээс 2016 оны 10 сард 452 саяыг нэхэж эвлэрлээр орьё гэхэд нь бид зөвшөөрөөгүй, 2017 оны 01 сард 433 саяыг нэхэж тооцоо нийлэх акт хийж гарын үсгээ зур гэхэд нь бид зураагүй, дараа нь 400 саяыг нэхэж байсан бол, харин одоо 384 саяыг нэхэмжилж шүүхэд ханджээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бидэнд 2012 оны 11 сарын 01-ээс 2013 оны 08 сарын 12- ны хооронд 11 удаагийн зээлийн гэрээгээр, сарын 8 хувийн хүүтэй 109.500.000 төгрөг, мөн 2013 оны 12 сарын 10-аас 2014 оны 01 сарын 27-ны хооронд 5 удаагийн зээлийн гэрээгээр, сарын 6 хувийн хүүтэй 28.000.000 төгрөг, нийт 137.500.000 төгрөгийг зээлдүүлсэн талаар дурдсан байна. 1. 2012 оны 11 сарын 01-нээс 2013 оны 08 сарын 12-ны хоорондох 11 удаагийн зээл болох сарын 8 хувийн хүүтэй 109.500.000 төгрөгийн зээлийн хүү 24.496.000 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан, одоо зөвхөн үндсэн зээлийн үүрэг 109.500.000 төгрөг үлдсэн байгаа. 2. 2013 оны 12 сарын 10-аас 2014 оны 01 сарын 27-ны хоорондох 5 удаагийн зээл болох сарын 6 хувийн хүүтэй 28.000.000 төгрөгийн зээлийн хүү болон үндсэн зээлд 10.000.000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 19.680.000 төгрөг үлдсэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 109.500.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж, мөн 28.000.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж тус тус хийсэн гэснийг зөвшөөрөхгүй байна. Бидэнд уг нэгтгэгдсэн гэх гэрээнүүдийн дагуу бодитоор зээл /мөнгө буюу эд хөрөнгөөр/ олгогдоогүй учир уг зээлийн гэрээнүүдийг /Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу/ байгуулагдсанд тооцох бодит байдлын болоод хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Иймд байгуулагдсанд тооцогдох боломжгүй гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн шаардаж буй 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон түүний хугацаа, алдангийг хариуцагчийн хувьд эс зөвшөөрч байгаагаа үүгээр илэрхийлье. Нэхэмжлэгчийн өмнө нь хийсэн гэрээнүүдээ халхавчлах зорилгоор, хариуцагчийн хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан, сүүлд нөхөж хийсэн 5 хувийн хүүтэй, урт хугацаатай 2 ш зээлийн гэрээг халхавч гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.Иймд дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад нэхэмжилсэн 384.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч П.Ноос 81 270 000 төгрөг, хариуцагч Ц.Ариунаагаас 112 500 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191 030 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 2 082 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч П.Н, Ц.Анараас 1 126 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01793, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2314 дугаар шүүгчийн захирамжуудыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 542 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Ноос үндсэн зээл 137.500.000 төгрөг, зээлийн хүү 94.600.000 төгрөг, алданги 68.750.000 төгрөг нийт 300.850.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 83.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 2 082 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч П.Н, Ц.Анараас 1 662 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.О-нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.113.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч Б.О би Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 15-ны өдрийн 140 дугаартай магадлалд дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд: 1.Шүүх нэхэмжлэгч Б.О, хариуцагч П.Н бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээний зээлийн хүү 8 хувь байсныг 5 хувь болгож тооцсныг хуулийн дагуу шийдлээ гэж үзэж байгаа боловч зээлийн гэрээний сунгагдсан хугацааг багасгаж шийдсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх бидний хооронд анх олон жижиг зээлийн гэрээгээ нэгтгэж шинэчилж хийсэн гэрээний дагуу зээлийн хугацааг 109.500.000 төгрөгийг 2013.08.26-аас 2014.12.26-н хүртэл, хүү 87.600.000 төгрөг /109.5000.000 х 0.5% х 16 сар/, алданги 54.750.000 төгрөг, 28.000.000 төгрөгийг 2014.07.20-оос 2014.12.20-н хүртэл хүү 7.000.000 төгрөг /28.000.000 х 0.5% х 5 сар/, алданги 14.000.000 төгрөг гэж хугацааг багасгаж тооцсон нь миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Хамгийн сүүлд П.Н, Ц.Анарын өөрсдийнх нь хүссэний дагуу би хүсэлтийг хүлээн авч тэдний ажлын дуусах явц зээлээ төлөх бодит хугацаанд тулгуурлаж 2 тал харилцан тохирч бидний хооронд нийт 137.500.000 төгрөгний зээлийн гэрээ үүсч уг зээлийн гэрээнүүдийг хуулинд заасны дагуу бичгээр хийж гэрээний гол нөхцөл болох хугацаа, хүү, мөнгөний дүн, алданги зэргийг тохирч зээлийн 8%-ийн хүүг 5% болгон буулгаж дахин хугацааг сунгаж 109.500.000 төгрөгийг 2013.08.26-аас 2015.12.26-н хүртэл 28 сарын хугацаатай хүү нь 154.000.000 төгрөг, 28.000.000 төгрөгийг мөн хүүг 5% болгон бууруулж 2014.07.20-оос 2015.12.20-н хүртэл 17 сар, хүү 23.800.000 төгрөг төлж барагдуулахаар тохирч хийсэн сүүлийн зээлийн гэрээг шүүх үнэлж дүгнээгүй. 2. Шүүх 2014.07.20-оос хойш хариуцагч П.Н, Ц.Анарыг алданги төлөх ёстой гэж үзсэн. Гэтэл хуулиндаа алдангийн хэмжээ зээлийн нийт дүнгийн 50%-аас хэтрэхгүй гэж заасан тул хариуцагч нар зээлээ төлөхгүй хэдэн жил болсон ч зээлсэн мөнгөндөө алданги маш бага хэмжээгээр төлөхөөр байгаа. Гэтэл би П.Н, Ц.Анарт хүнээс зээлж авч өгсөн мөнгөө хүмүүст буцааж төлөхдөө сарын 5%-аар тооцож өгсөн болно. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Би өөрийн найз нөхөд, ах дүү нараасаа 137.5 сая төгрөгийг хүүтэй авч П.Н, Ц.Анарт зээлүүлсэн. Тэдэнд зээлүүлсэн мөнгө бол ганцхан миний мөнгө биш, энэ тухай П.Н мэдэж байгаа мөртлөө зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүн чанаргүй зан гаргаж байгаад нь би маш гомдолтой байгаа. Учир нь би олон жилийн нөхөрлөлөө бодож том ажил эхлүүлж байгаа гэж бодон П.Н. Ц.Анарыг мөнгө хэрэгтэй гэж гуйх болгонд нь өөртөө байхгүй ч хүнээс авч өгч байсандаа одоо өөрөө санхүүгийн маш хүнд байдалд ороод байгаа болно. Энэ хооронд гэр бүлийн хүн маань цус харваж үхэх сэхэхийн зааг дээр хоёр ч удаа орж надад маш хэцүү мөнгө төгрөгний хэрэгтэй үед ч би тэднийг намайг хохироохгүй байх гэж итгэн өнөөдрийг хүртэл хэлсэн хугацаагаар нь хүлээж ирсэн. 3. Шүүх хариуцагч П.Н, Ц.Анарын хүсэлтээр зээлийн хугацааг 3 удаа сунгаж ирсэн байхад ганцхан миний хүсэлтээр зээлийн гэрээ хийж байсан мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Уулзаж зээлээ төлөхийг шаардах бүрт санаа “Зоволтгүй над шиг найдвартай хүнд мөнгөө өгчөөд юунд нь санаа зовдог юм бэ? Бүгдийг нь хохиролгүй өгнө миний хийх ажил, авах зээлний хажууд чиний наад мөнгө чинь юуч биш, санаа зоволтгүй” гэж тайвшруулдаг байсан. Харин би хамгийн сүүлд одоо зээлийн гэрээг цаашид сунгах боломжгүй, өгөх мөнгөн дээрээ тохирч шүухдэх эвлэрүүлэн зуучлалаар орж баталгаажуулаад 2017 оныг дуустал хүлээе гэхэд П.Н, Ц.Анар нь 350.000.000 төгрөгөөр тохиролцоно, харин шүүхийн захирамж гаргуулахгүй, учир нь энэ нь миний бизнесийн нэр хүндэд нөлөөлнө гээд зөвшөөрөхгүй байсан учраас би аргагүй эрхэнд шүүхэд хандсан болно. Гэтэл одоо намайг эсрэгээр нь их мөнгө нэхэж дарамтлалаа гээд байгаа нь анхнаасаа авсан зээлээ төлөхгүй гэж л шалтаг тоочин хугацааг сунгаж байжээ гэж ойлгогдож байна. 4. П.Н, Ц.Анар нь авсан зээлээ төлж чадахгүй бололцоогүй хүмүүс биш. Хариуцагч нар нь Орхон аймгийн үйлчилгээний төвд 260м.кв худалдааны талбайг өмчилдөг. Уг талбайгаа долоон аж ахуй нэгж, иргэнд түрээслэн тогтмол сарын 5.000.000-6.000.000 төгрөгний орлоготой. УБ хотод 7-8 га газарт орон сууц бариулсан. Мөн Орхон аймагтаа орон сууц бариулах том газар эзэмшдэг гээд өч төчнөөн хөрөнгөтэй атлаа хүнээс авсан зээлээ төлөхгүй хохироож байгаа болно. Шүүхэд хандахад л тэдний зээлээ төлөхгүй удаад байсан жинхэнэ санаа нь илэрч байна. Надаас авсан зээлээ анхнаасаа өөрийн хувийн компани болох “Хурд трейд” компанийхаа орон сууц барих барилгын ажилдаа зориулж авсан атлаа зээлээ төлөхгүйн тулд өөрийн эзэмшилд байдаг дэлгүүр болон газраа компанийн хөрөнгөө иргэд хоорондын зээлийн гэрээ хийж мөнгө авсан гэдгээрээ шалтаглаж битүүмжлүүлээгүй, мөн компанийхаа лавлагааг өгүүлээгүй, мөн Ариунаатай зээлийн гэрээг хийгээгүй тул Ариунаагийн нэр дээрх орон сууцны байрыг хүртэл битүүмжлэхийг эсэргүүцэж байгаа, тэр ч битгий хэл П.Н, Ц.Анар нь гэр бүлийн баталгаагүй байгаа зэргээс нь харахад энэ хүмүүс зээлээ төлөхгүй л гэсэн санаатай өдий хүртэл шалтаг шалтгаан тоочиж иржээ гэж ойлгогдож байгааг шүүх үнэлж дүгнээгүй. Иймд бидний хамгийн сүүлд харилцан тохирч 2015 оныг дуустал хийсэн зээлийн гэрээний дагуу

109 500 000₮ х 0.5% х 28 сар= хүү 153.300.000₮- 87.600.000₮ = 65.700.000₮

28.000.000₮ х 0.5% х 17 сар = хүү 23.800.000₮ - 7.000.000₮ = 16.800.000₮, нийт төлөгдөөгүй үлдсэн хүү 82.500.000 төгрөгийг П.Н, Ц.Анар төлөх нь гэрээний тэгш байдал удаан хугацаагаар буюу 4 жил зээл төлөгдөөгүй явж байгаа учраас зах зээлийн өнөөгийн байдалтай нийцнэ гэж бодож байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж П.Н, Ц.Анараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөх ёстой тооцогдоогүй үлдсэн 82.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Н, Ц.Анар хяналтын гомдолдоо: Б.О-нийн нэхэмжлэлтэй П.Н, Ц.Анарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8-р сарын 15-ны өдрийн 140 тоот магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн 542 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Монгол улсын Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хариуцагчийн хувьд үзэж байна. Гомдлын агуулга: Хариуцагч П.Н, Ц.Абид нэхэмжлэгчтэй байгуулсан нийт 16 бие даасан зээлийн гэрээний дагуу нийт 137 500 000 төгрөгийн зээлийг тус бүр 8 болон 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2013 оны 8 дугаар сарын 26 болон 2014 оны 7 дугаар сарын 20-ны зээлийн гэрээнүүдийн дагуу ямар нэг зээл аваагүй болно. Энэхүү нөхцөл байдалд Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж тогтоон, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Ноос 81 270 000 төгрөг, Ц.Ариунаагаас 112 500 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 191 030 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ нь ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох тусгай шаардлага бүхий зохицуулалтанд нийцсэн шийдвэр болсон. Иймээс хариуцагчийн хувьд анхан шатны шүүхийн дээрхи шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрсөн учир давж заалдах гомдол гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заапдах гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох тусгай шаардлагыг үл харгалзан “...2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тохиролцож зээлийн гэрээг нэгтгэж, гэрээ байгуулсны дараа дахин зээлийн хугацааг сунгаж, хүүг багасгаж тухайн үед зээлийн гэрээ байгуулжээ" Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.3-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү хугацаа тогтоож болохоор зохицуулсан ба талууд мөнгө зээлсэн үедээ байгуулсан зээлийн гэрээг нэгтгэж, зээлийн хүүг багасгаж, зээлийн хугацааг сунгаж, 2 удаа байгуулсан зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хийгдсэн гэж үзэхээр байна” гэж тус тус үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон дээрх гэрээнүүдийг талуудын өмнө нь байгуулсан зээлийн гэрээний нэмэлт эсвэл өөрчлөлт мэтээр дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгууллагдсан гэж үзээд байгаа зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч нар нь зээлдэгчээс зээл аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны 140 тоот магадлалыг хүчингүй болгож, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааны үйл баримтыг хэрэгт байгаа баримтын хүрээнд үндэслэлтэй тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч хяналтын шатны шүүх алдангийн хэмжээг багасгаж, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

            “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг  хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч П.Н, Ц.А нараас зээлийн гэрээний үүрэгт 384 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нар үндсэн зээлд 19 680 000 төгрөг дутуу болохыг тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар мэтгэлцжээ.  

 

Зохигчид нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд 11 удаагийн зээлийн гэрээгээр нийт 109 500 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, мөн 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 1 дүгээр сарын 27 хүртэл хугацаанд 5 удаагийн зээлийн гэрээгээр нийт 28 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, тус тус тодорхой хугацаагаар зээлсэн, хариуцагч нар 34 426 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримтыг маргаагүй байна.

 

Харин 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг нэгтгэж, үндсэн зээл буюу 137 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар тохирч, бичгээр гэрээ байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу үүрэг хүлээх эсэх асуудал маргааны зүйл болжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зээлийн гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна. Хариу төлбөртэй буюу хүү тохирч, мөнгө зээлдүүлсэн, гэрээний нөгөө тал нь зээлийг буцааж төлөх үүрэг нь зээлийн гэрээний үндсэн шинжийг агуулжээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар аль аль нь үндсэн зээл 137 500 000 төгрөг төлөгдөөгүй үйл баримтыг зөвшөөрсөн ба тус зээлийн хүүг багасгах, хугацааг сунгах агуулгаар харилцан тохирох нь хууль зөрчихгүй юм.  

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байна.

 

Хариуцагч П.Н, У.Ц.А нар зээлийн үүргийг бүхэлд нь хариуцахаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч болох бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Зохигчид үндсэн зээлийн хэмжээг маргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх гэрээний хугацааг сунгасан байдал, зээлийн хүүг сарын 5 хувиар тохирсон гэрээний нөхцлийг үндэслэн үндсэн зээл 109 500 000 төгрөг, зээлийн хүү 87 600 000 төгрөг /109 500 000х5%х16сар/, алданги 54 750 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 28 000 000 төгрөг, зээлийн хүү 7 000 000 төгрөг /28 000 000х5%х5 сар/ алданги 14 000 000 төгрөг буюу үндсэн зээлд 137 500 000 төгрөг, зээлийн хүү 94 600 000 төгрөг, алданги 68 750 000 төгрөг нийт 300 850 000 төгрөг төлөх хариуцагч нарын үүргийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.3-д нийцүүлэн дүгнэсэн байх боловч хяналтын шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу алдангийг багасгах боломжтой гэж үзнэ.

 

Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээнд заасан тул алдангийг гаргуулна. Харин зээлийн сарын хүү 5 хувь, хариуцагч нар зээлийн хүүд 34 462 000 төгрөг төлсөн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж, 34 375 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нараас 275 475 000 төгрөгийг гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 140 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...алданги 68 750 000 ...гэснийг ...34 375 000 ...гэж,  ...300 850 000 ...гэснийг ...273 475 000... гэж, ...83 950 000...гэснийг 110 475 000 ...гэж, ....1 662 200 ...гэснийг ...1 525 200 төгрөг гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 693 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 570 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР 

 

      ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА