Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-05
Дугаар 001/ХТ2017/01547
Хэргийн индекс 182/2016/00221/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Л.Д
Хариуцагч Б.Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Л.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01754 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1888 дугаар магадлалтай,

Л.Дгийн нэхэмжлэлтэй

Б.Нт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14.066.339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Нийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Б.Нтэй 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах MGL буюу хуучнаар Монгол караокены 265 м.кв талбайн тохижилт болох 10 vip өрөөний бүтэц зохион байгуулалт иж бүрэн тоног төхөөрөмж, агааржуулалт, камерын систем, коридорын тохижилт, гэрэлтүүлэг, хаяг реклам, үүдний хэсэг, камерын өрөөний тохижилт, гаднах талбайн тохижилт, аюулгүй байдал иж бүрэн камержилт, хаяг, реклам гэрэл гэх мэт өртөг шингэсэн биет зүйлсийг үзэж харан харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээг Б.Н өөрийн гараар бичиж гэрээ байгуулан гарын үсэг зурсан билээ. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 25.933.661 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 14.066.339 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгч дуусгана гэсэн боловч өгөх хугацаандаа өгөхгүй зугтааж, утсаа авахгүй уулзахгүй хариу мессеж өгөхгүй байсаар нэг уулзтал мөнгийг чинь өгч чадахгүй шүүхдээ өг гэсэн. Үлдэгдэл мөнгөө авах гэж өдий хүртэл хүлээж хөөцөлдсөн боловч авч чадахгүй байгаа тул хариуцагч Б.Нээс үлдэгдэл 14.066.339 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ 14.066.339 төгрөгөөс 2015 оны 09 дүгээр сард төлөгдсөн 6.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг хасч тооцон 13.066.339 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Л.Дгээс 40.000.000 төгрөгөөр караоке худалдаж авах болсон. Үүний 30.000.000 төгрөг тохижилт, 10.000.000 төгрөг тусгай зөвшөөрөл гэж хэлсэн. Яагаад гэвэл биет хөрөнгө нь 40.000.000 төгрөг хүрэхгүй байсан. Нотариат ороод гэрээгээ баталгаажуулъя гэсэн боловч тусгай зөвшөөрөл нь өөр хүний нэр дээр тухайн тоног төхөөрөмж нь 30.000.000 төгрөгт хүрж байгаа гэдгээ батлах ёстой гэсэн тул баталгаажуулж чадаагүй. Нийт банкны баримтаар 27.100.000 төгрөгийг өгсөн үлдсэн 2.900.000 төгрөгийг бэлнээр өгөөд 30.000.000 төгрөг болсон. Тусгай зөвшөөрлийн 10.000.000 төгрөгийг бид өгөхгүй гэж бодож байгаад нэхээд байхаар нь 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ хүн 6.000.000 төгрөгийг миний барьцааны мөнгө гээд байгаа. Барьцааны мөнгийг Болормаа гэдэг хүний данс руу тусдаа шилжүүлсэн баримт байгаа. Хоёр караокег нэг тусгай зөвшөөрлөөр ажиллуулах боломжгүй байсан. Цагдаа нар болохгүй гээд байдаг. Тэгээд бас тусгай зөвшөөрөл нь эх хувиараа караоке дээр байх ёстой тул эдний тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй байсан. Хажуу тал тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаад хураалгавал бид хохироод үлдвэл яах вэ гэхээр тийм юм болохгүй, би хариуцна гэсэн яриа нь утасны бичлэгт байгаа. Цагдаа ирэх болгонд л энэ хүн рүү утасдаад байх боломжгүй байсан тул тусгай зөвшөөрөл гаргуулсан. Энэ хүн зурагт, микрофон, нойл авч өгнө гээд авч өгөөгүй. Энэ нь 3.000.000 төгрөг, мөн зурагт, микрофон, суултуур авсан мөнгө нь 1.000.000 гаруй төгрөг болсон. Үлдэгдэл 4.000.000 төгрөгт би тусгай зөвшөөрөл, зурагт, нойл авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01754 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Нээс 3.896.339 /гурван сая найман зуун ерэн зургаан мянга гурван зуун гучин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.170.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нээс 77.291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1888 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01754 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... 3 896 339 төгрөг ...” гэснийг “8 066 339 төгрөг” гэж, "... 9 170 000 төгрөг ...” гэснийг “5 000 000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “... 77 291 төгрөг ...” гэснийг “144 011 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 670 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Н хяналтын гомдолдоо: Хариуцагч миний бие нь иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь миний бие 2015.09.04-ний өдөр иргэн Л.Дтэй худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний нийт үнийн дүнг 40 сая төгрөгөөр тохиролцсон. Гэрээнд тохиролцсоноор худалдагч тал тодорхой хугацааны дараа караокены тусгай зөвшөөрлийг шилжүүлж өгөх мөн зурагт, микрафон, ком, нойл авч өгөх үүргийг хүлээсэн байсан боловч үүргээ биелүүлээгүй. Худалдагч талаас дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул миний бие өөрөө үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө хуулийн хүрээнд холбогдох байгууллагаар гаргуулж, зурагт, микрофон, ком, нойл /өөрөө худалдан / авч караокегоо доголдолгүйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон. Нэхэмжлэгч тал хэлэлцэн тохиролцсоны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичиг буюу тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атал давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж худалдан авагч намайг хохироосон шийдвэр гаргасан. Энэхүү худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа караоке ажиллуулах тусгай зөвшөөрөлд үндэслэж тоног төхөөрөмжийн хамт худалдан авахаар тохиролцсон бөгөөд хэрэг тусгай зөвшөөрөлгүй байсан бол уг худалдах, худалдах авах гэрээг байгуулах шаардлагагүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл караоке ажиллуулах нь зайлшгүй тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг тул гэрээний салшгүй хэсэг болох тусгай зөвшөөрөлд үндэслэж Л.Дтэй гэрээг байгуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс худалдагч талаас шилжүүлэх ёстой байсан тусгай зөвшөөрөл гэрээний салшгүй хэсэгт хамааралгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийг анхаарч харах гэрээний суурь зарчмыг үгүйсгэж иргэн намайг илтэд хохироосон гэж үзэж байна. Худалдагч талаас гэрээ байгуулсанаар шилжүүлэх ёстой байсан эд зүйлийг шилжүүлээгүйтэй холбоотойгоор би 4 микрофон, нойлын суултуур 1 ш, караокены зурагт 2 ш 1 сая 920 мянган төгрөгийг өөрөөсөө гарган тусгай зөвшөөрөл авахтай холбоотойгоор 2 сая 250 мянган төгрөгийг хувиасаа зарцуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс миний худалдан авсан нойлын суултуур, микрофон, телевизор зэргийг гэрээнд заасан эд зүйлийн тоо хэмжээ дутуу байгаа гэж үзэж худалдан авсан зарлагын баримт байсаар байхад нотлох баримт гэж үзээгүйд туйлаас их гомдож байна. Уг тоо хэмжээний талаар СД-нд үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой дурдсан байгаа бөгөөд шүүх уг асуудлыг өнгөц, нэхэмжлэгчийн үгэнд хэт автаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрхи нөхцөл байдлыг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн бодит нөхцлийг зөв тогтоож иргэн миний хохирсон эрхийг сэргээж анхан болон давж заалдах заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож гомдлыг минь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Б.Нээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 066 339 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 3 896 339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 8 066 339 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо “...нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрөл болон гэрээнд заасан эд хөрөнгийг шилжүүлээгүй үүргээ зөрчсөн, ...тусгай зөвшөөрөл авахад зарцуулсан 2 250 000 төгрөг, шилжүүлээгүй эд хөрөнгийг өөрөө худалдан авч 1 920 000 төгрөгийг зардал гаргасан баримт байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс хасаагүй, ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах...” хүсэлт гаргажээ.

Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээгээр Л.Д нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны найрамдлын ордны зүүн хойд хэсэгт байрлах Монгол караокены тохижилт, эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, Б.Н нь 40 000 000 төгрөг төлөхөөр тохирсон байх ба гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

Хоёр шатны шүүх гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйл, худалдан авагчийн үүргийн талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй тул залруулах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчдын байгуулсан худалдах худалдан авах гэрээнд хариуцагч нь 25 933 661 төгрөгийг төлж, үлдэгдэл 14 066 339 төгрөгийг хэсэгчлэн төлөхийг заасан ба гэрээний ...ар талд хариуцагч нь 30 000 000 төгрөгийг төлж, 10 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг тусгаж, талууд гарын үсгээ зуржээ. Уг баримтаас үзвэл хариуцагч 10 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэх бөгөөд өөр үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Дээрх байдлаар тооцоо нийлснээс хойш хариуцагч 6 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй боловч уг мөнгийг хариуцагч нь “...төлбөртөө өгсөн, одоо 4 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй...” гэсэн бол нэхэмжлэгч нь “...караокены тохижилтийг хариуцагчид шилжүүлэх үед өөрөөсөө 5 860 000 төгрөгийг түрээслүүлэгчид барьцаанд өгсөн байсан, гэрээний хугацаа дуусахад уг мөнгийг хариуцагч надад өгөх байсан, гэтэл хариуцагчийн төлөх ёстой түрээсийн төлбөрт барьцааны мөнгийг суутгасан байгаа тул хариуцагч барьцааны мөнгийг надад өгөх ёстой бөгөөд шилжүүлсэн 6 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг барьцааны мөнгө буюу авах ёстой мөнгө гэж үзээд, 1 000 000 төгрөгийг нь зээлээс хасч, үлдэх 13 066 339 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. Хариуцагч нь караокены тохижилт, эд хөрөнгийг худалдан авч үйл ажиллагааг явуулах үед нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн барьцаанд 5 860 000 шилжүүлсэн байсан талаар маргаагүй боловч барьцааны үүрэгт өөрөө мөнгөө өгсөн, уг мөнгийг түрээсийн гэрээний үүрэгт тооцсон, нэхэмжлэгчийн барьцааны мөнгө хамаарахгүй гэж маргажээ.

Худалдах худалдан авах гэрээний нөхцөл, талуудын тохиролцоог дүгнэвэл барьцааны мөнгө гэрээний үүрэгт хамаарахгүй, тусдаа асуудал тул нэхэмжлэгч нь харилцан тооцох нь үндэслэлгүй байна.

Үүрэг гүйцэтгэгч нь үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд  хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхтэй байна. Үүрэг гүйцэтгэгч Б.Н нь тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгчид шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар энэ гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлтэй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгчийн хувьд барьцааны үүрэгт өгсөн мөнгийг түрээслүүлэгчээс эсвэл хариуцагч уг мөнгөөр өөрийн үүргийг хангуулсан бол хариуцагчаас шаардах эрх нь нээлттэй, энэ шийдвэр саад болохгүй юм.

Иймд хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийн дутуу 10 000 000 төгрөгийг төлөхөөс 6 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 4 000 000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцэх бөгөөд энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 1888 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...8 066 339”...гэснийг “...4 000 000 ...” гэж,” ...5 000 000...” гэснийг “...9 066 339...” гэж, “...144 011...” гэснийг “... 78 950” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 144 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА