Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-26
Дугаар 001/ХТ2018/00010
Хэргийн индекс 101/2017/01235/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Х Б” ХХК
Хариуцагч “Б И Б”ХХК, Ш.О, О.Ө нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“Х Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1988 дугаар магадлалтай,

 

“Х Б” ХХК-ний нэхэмжлэлтэй

холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 871 313 078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, С.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

Нэхэмжлэгч ““Х Б”” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч О.Өсөхжаргал, Ш.О нар манай банктай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1330018660 тоот зээлийн гэрээ байгуулж, 635,000,000.00 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй барилгын санхүүжилтийн зориулалтаар, мөн 5001155965 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн юм. Гэвч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлсэн тул талууд харилцан тохиролцож өмнө олгосон 685,000,000.00 төгрөг дээр нэмж 50,000,000.00 төгрөгийн зээл олгож, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж, нийт 750,000,000.00 төгрөгийг 84 сарын хугацаатай болгон өөрчилсөн. Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч О.Ө, Ш.О нарын болон барьцаалуулагч “Б И Б”ХХК–ийн өмчлөл, эзэмшлийн дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Үүнд: 1. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот барилгын зоорийн Ү-2204075900 тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 2. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот барилгын 1 дүгээр давхрын Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 3. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот барилгын 2 дугаар давхрын Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 4. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот барилгын 3-5 давхрын Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай 576 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 5. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байрлах Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай 960 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 6. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот тоот хаягт байрлах Г-2204019022 тоот улсын бүртгэлийн дугаартай 515 м.кв талбайтай газар, 7. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Цахилгаан станцын зүүн талд байрлах Г-2204019021 тоот улсын бүртгэлийн дугаартай 759 м.кв талбайтай газар, 8. Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байрлах Г-2204021850 тоот улсын бүртгэлийн дугаартай 448 м.кв талбайтай газар. Гэтэл зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөхгүй байгаа ба үндсэн зээл 735,000,000.00 төгрөг, хүү 103,745,946.00 төгрөг, үүн дээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэмэгдсэн 32,567,132.00 төгрөг, нийт 871,313,078.00 төгрөг болсон. Хэдийгээр бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусах болоогүй боловч зээлдэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлах хүсэлттэй байна. Иймд, хариуцагч О.Ө, Ш.О нараас 871,313,078.00 төгрөгийг гаргуулж, хариуцагчид шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч О.Ө, Ш.О болон “Б И Б”ХХК–иас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нэхэмжлэгч ““Х Б”” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 735,000,000.00 төгрөгийг аваагүй бөгөөд нийт нэхэмжилсэн 871,313,078.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгчээс өмнө олгосон 635,000,000.00 төгрөг болон 50,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн тул 735,000,000.00 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч О.Ө, Ш.О нараас үндсэн зээл 735,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 135,926,366.00 төгрөг, нийт 870,926,366.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ““Х Б”” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386,703.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч О.Ө, Ш.О нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байшилтай 960 м.кв талбайтай Ү-2204058784 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075900 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204049182 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 2 давхар тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай Ү-2204075899 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 3-5 давхар тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай Ү-2204075898 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, цахилгаан дэд станцын зүүн урд байршилтай нэгж талбарын 133025/5021 тоот дугаартай 759 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, нэгж талбарын 18649310952454 дугаартай 448 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1-191 тоот хаягт байршилтай нэгж талбарын 3025/5011 тоот дугаартай 515 м.кв талбайтай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,351,680.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 4,512,582.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1988 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 512 590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майбаяр, Т.Цэнд нар хяналтын гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1988 дугаартай магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж гарсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майбаяр, Т.Цэнд бид дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар: - Анхан шатны шүүх нь “Х Б”ны нэхэмжлэлтэй Ш.О, О.Өсөхжаргал, “Б И Б”ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майбаяр намайг биечлэн оролцож, мэтгэлцэх боломжийг олголгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогч миний шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Учир нь: Миний бие тус шүүх хурал 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагт товлогдсоныг мэдсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа ялтан О.Энх-Отгонд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай давхцсан тул тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр гаргаж, шүүх хуралдааны товыг хавсаргасан болно. /хх153-156/ Тус хуралдаантай давхцсан эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал урьд 2017 оны 05 сарын 30-ны өдөр товлогдсон боловч Ц.Майбаяр миний бие өвчтэйн улмаас хойшилж, хурлын товыг жич мэдэгдэхээр болсон. Ингээд Нийслэлийн шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 4 дэх хурлаар товлосныг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр надад утсаар мэдэгдсэн. Миний бие уг хурлыг иргэний хэргийн шүүх хуралдаантай давхцахыг мэдэх боломжгүй, мөн миний үйлчлүүлэгч О.Энх-Отгон 2 сар 8 хоног цагдан хоригдож байсан учир түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд тус хуралд өөрийн биеэр оролцох зайлшгүй шаардлагатай байсан. Ийнхүү миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргасаар байхад шүүх намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдгийг “хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан тодорхой бус байх”-ыг ойлгоно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа бичгээр, нотлох баримтын хамт хүргүүлж, мэдэгдсээр байхад “хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, тэдгээрийг шинжлэн судлахад байлцуулалгүй шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хурал давхцуулан зарласан энэ нөхцөл байдлаас үүдэн миний үйлчлүүлэгч нарын хэн нэгний хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөх, эрх зүйн байдал дордох ёсгүй гэж үзэж байна. “Х Б”ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09:46 цагаас 11:17 цагийн хооронд, О.Энх-Отгонд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан мөн өдрийн 10:05 цагаас 10:30 цагийн хооронд үргэлжилсэн тул миний бие энэ 2 шүүх хуралдаанд зэрэг оролцох боломжгүй юм. - Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж, хариуцагчид гардуулсан нэхэмжлэлд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан “нэхэмжпэлийн шаардлагыг тодорхой болгох тухай” /хх104/ бичгийг бие даасан шаардлага гэж дүгнэн, харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хэргийн материалтай танилцсаныг /хх116, 120, 142, 159/ нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг гардаж авсан гэж үзэж талуудын хооронд байгуулсан гэрээг шүүхийн журмаар цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь: Гэрээг цуцлах гэдэг нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага тул энэ шаардлагыг нэхэмжлэлийн шаардлага тодруулснаар гаргасан гэж ойлгохгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд ИХШХШТХуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхыг шаарддаг. Мөн шүүх нэхэмжлэгчийг гэрээг цуцлуулах тухай бие даассан шаардлага гаргасан гэж үзсэн бол ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчид гардуулж, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байсан. - Нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 871,313,078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрнээ зөвхөн зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагадаа тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлж, харин 2 дахь шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтыг зөрчсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх “....ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөнгөн хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг, барьцааны гэрээний үүргийг тус тус хангуулах буюу бие даасан 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт нь нэхэмжлэгч байгууллагаас гарсан баримт бөгөөд 03:06:03 цагт бичигдсэнээс үзэхэд улсын тэмдэгтийн хураамж болох 4,351,680 төгрөг нь улсын төсөвт орсон эсэх нь эргэлзээтэй байдаг. /хх5/ - Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017.04.10-ны өдрийн 101/ЕШ2017/00974 дугаартай шүүгчийн захирамжаар зөвхөн “Ш.О нараас 838,745,946 төгрөг гаргуулах” тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Мандалбаярыг томилсон байна. Үүнээс үзэхэд шүүгч Б.Мандалбаяр нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх эрхгүй байсан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй./хх93, 94/. Мөн шүүх нэхэмжлэлийг 2017.02.23-ны өдөр хүлээн авсан атлаа 2017.03.03-ны өдөр буюу 8 дахь хоногт Иргэний хэрэг үүсгэсэн нь ИХШХШТХуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөн байна. / хх4, 85-р тал/ -““Х Б”” болон Ш.О, О.Өсөжхжаргал нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 635,000,000 төгрөгийн 1330018660 дугаартай зээлийн гэрээ, 50,000,000 төгрөгийн 5001155965 дугаартай зээлийн шугамын гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 735,000,000 төгрөгийн 1470006212 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж эдгээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус батлан даалтын гэрээнүүдийг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх 1330018660, 5001155965 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон эсэх нь ойлгомжгүй, энэ 2 гэрээний үүргийг хангах зорилгоор байгуулсан батлан даалтын болон барьцааны гэрээнүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаагаас хариуцагч нарын эд хөрөнгө Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт нийт 1,420,000,000 төгрөгийн барьцаанд байгаа болно. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. -Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2017.06.27-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.07-ны өдрийн шийдвэрийг хянан хэлэлцсэн болох нь 2017.09.06-ны өдрийн 1988 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Үүнээс үзэхэд тус хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч бидний гаргасан гомдлыг хянасан гэж үзэх боломжгүй байна. /хх191/. 2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байгаа талаар: -Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.О, О.Өсөхжаргал, “Б И Б”ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, барьцааны гэрээний үүрэг шаардсан, анхан шатны шүүх хариуцагчаар заасан Ш.О, О.Өсөхжаргал, “Б И Б”ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа зөвхөн хариуцагч Ш.О, О.Өнараас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдэж, “Б И Б”ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 735,000,000 төгрөгийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, жилийн 19,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай 1470006212 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн данс нээсэн хэдий ч нэхэмжлэгч нь гэрээний 1.5-д зааснаар зээлийн дүнгээр зээлдэгчийн 1470006220 тоот дансанд зээл олголт хийгээгүй, зээлийн гэрээний зорилго биелээгүй байдаг. Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгчийн 1470006212 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгосон гээд байгаа 735,000,000 төгрөг нь өмнөх 2 зээлийн гэрээний буюу 1330018660, 5001155965 дугаартай гэрээнүүдийн өр бөгөөд энэ нь 1470006212 дугаартай гэрээний нэмэлтээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбараар хангалттай нотлогддог. /634,998,44.46+50,000,000+13,430,098.32+36,571,455.22(хүү)=735,000,000/ /хх19-20/, Мөн энэ гэрээнд өмнөх зээлийн гэрээний хүү нэмэгдэж үндсэн зээлийн хэмжээг бий болгосноос болон дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 735,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд “Зээлийн гэрээ”-ний харилцан ашигтай байх зарчим алдагдсан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Уг гэрээ нь хариуцагч буюу зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн хэлцэл биш бөгөөд энэ гэрээнээс болж хариуцагч нь өрийн дарамтанд орсон юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн /өөрийн байгууллагын баримт/ баримт болох зээлийн дансны хуулга болон Мемориалын ордер /хх82-83, 107/-оор зээл олголтыг хийсэн гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Учир нь: Мемориалын ордероор зээл олгов гэсэн атлаа уг зээлийг хариуцагчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл бэлэн өгсөн эсэх талаарх банкны төлбөрийн баримт хэрэгт авагдаагүй, мөн зээлийн дансны хуулгад зээл олгож, уг зээлээс өмнөх 2 гэрээний өрийг дарсан гэх боловч уг данснаас огт зарлага гараагүй байдаг. Хэрэв уг дансанд зээл орсон гэж үзвэл зарлага хийгдээгүй, 735,000,000 төгрөг бүхлээрээ байхад нэхэмжлэгч уг мөнгөнөөс гэрээний үүргээ хангах, мөнгийг данснаас шууд татаж авах эрхтэй /боломжтой/ байсан. Уг дансны хуулга болон Мемориалын ордер нь хуурамч, хий бичилттэй баримт байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. Мөн нэхэмжлэгч нь 1470006212 тоот зээлийн гэрээг байгуулахын тулд өмнөх зээлийн гэрээ, дансыг хаасан байснаас хариуцагч авсан зээлээ 1470006220 тоот дансанд л төлөх боломжтой болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1470006212 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийг 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зээлийн 1470006220 тоот дансанд 735,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40 зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. -Хавтаст хэргийн 105, 106-р талд хариуцагч Ш.О нь 1330018660, 5001155965 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу 5000040534 тоот данснаас зээлийн эргэн төлөлт хийсэн гэх нэхэмжлэгчийн өөрийн төлбөрийн баримт байх бөгөөд уг баримтын дагуу төлөлт хийгдээгүй, хариуцагч Ш.О нь аль ч банкинд 5000040534 тоот данс эзэмшдэггүй, энэ данс нь Ш.Огийнх гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд дээрх 2 баримт нь хий бичигдсэн, хуурамч баримт юм. -Хавтаст хэргийн 7-р талд М.Батмөнхийг Тусгай активын хэлтсийн захирлаар шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг “Х Б”ны хүний нөөц хариуцсан захирал Г.Зул гаргасан байх бөгөөд Г.Зул нь ажилтан ажилд томилох тушаал, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэлд М.Батмөнх нэхэмжлэгчийг төлөөлж гарын

үсэг зурсан байдаг бөгөөд албан тушаалаа “Тусгай активын.........” гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг “тусгай активын газрын захирал” гэх албан тушаалтанд өгсөн. Иймд М.Батмөнх шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, мөн тусгай активын газрын захирал мөн эсэх, мөн тэрээр бусдад итгэмжлэл олгох эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Батцэцэг, Батдэлгэр, Ууганбаяр нар нь банкийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ““Х Б”” ХХК нь хариуцагч “Б И Б”ХХК болон Ш.О, О.Өнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 871 313 078 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл  гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хоёр шатны шүүх зээлийн үндсэн төлбөрт 735 000 000 төгрөг, зээлийн хүүд 135 926 366 төгрөг, нийт 870 926 366 төгрөгийг хариуцагч Ш.О, О.Өнараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

“Х Б” ХХК болон хариуцагч Ш.О, О.Өнарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болсон байх ба гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2-т нийцсэн дүгнэлтийг хийжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 735 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргасан боловч 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 удаагийн зээлийн гэрээгээр 635 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөг нийт 735 000 000 төгрөгийг хүлээж авсан баримтыг үгүйсгэж чадаагүй байна. Зохигчид нь нийт үндсэн зээлийн хэмжээг нэгтгэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 735 000 000 төгрөгийг зээлдүүлсэн хэмжээнд зээлийн хүү, хугацааг тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Зээлийн хүүгийн хэмжээ адил тул гэрээ тус бүрийн хугацааг сунгах, үндсэн зээлийг нэгтгээд нэг гэрээгээр сунгах нь агуулгын хувьд ялгаагүй, үүргийн хэмжээнд нөлөөлөхгүй юм. Зээлдэгч нар зээлийг хүлээн авч захиран зарцуулсан байдал баримтаар тогтоогдсон, хариуцагч нь 735 000 000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 2022 оны 12 дугаар сарын 08-ны дотор хуваарийн дагуу буцааж төлж дуусгах үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг шүүх  хязгаарласан, ...гэрээг шүүхийн журмаар цуцалж нэхэмжлэлд байхгүй асуудлыг шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн, төлсөн 4 512 582 төгрөг нь төсөвт орсон нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн, ...хууль бус бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн, ...хуульд заасан хугацаанд иргэний хэрэг үүсгээгүй 1 хоног хэтрүүлсэн, ...нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй, ...өмнөх зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь ойлгомжгүй, 735 000 000 төгрөгт өмнөх зээлийн хүү орсноор зээлдэгчийн эрх ашиг хохирсон ...хариуцагч “Б И Б”ХХКомпанид холбогдох ямар нэхэмжлэлийг яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах хүсэлтийг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсан, /хх-ийн 104 дүгээр тал/ үндсэн зээл, зээлийг ашиглах хүртэл хугацааны хүүг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд зээлийн гэрээг цуцлах агуулга анхнаасаа байсан, гэрээг цуцлах нь нэхэмжлэлийн үндэслэл байх тул шүүх нэхэмжлэлд заагаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заажээ. Хариуцагч нар 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үеийн байдлаар зээлийн хүүд 202 980 821 төгрөг төлөхөөс 71 693 944 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй үүргээ зөрчсөн байна. Зээлдүүлэгч нь зээлдэгч нарт үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж, гэрээг цуцлах талаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн нь баримтаар тогтоогдсон, ийнхүү сануулсаар байхад хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй байна. Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн /хх-142ху/, эрүүгийн хэргийн шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаан нь хэргийн оролцогчийн өмгөөлөгч бус итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хамааралгүй, хүндэтгэн үзэх шалгаан бус тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно. Нэхэмжлэлийн нэг шаардлага болох барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагын зарим хэсэг нь хариуцагч буюу барьцаалуулагч “Б И Б”ХХКомпанид холбогдсон, уг шаардлагыг шийдвэрлэснээр компанид холбогдох нэхэмжлэл шийдвэрлэгдсэн, “...энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Иргэний хэргийг 1 хоногийн дараа үүсгэсэн, шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан захирамжид нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дурьдаж, барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагыг тусгаагүй нь хууль бус бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үр дагаварыг бий болгохгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй юм. Хариуцагч нь 735 000 000 төгрөгт зээлийн хүү нэмэгдэж орсон гэдгийг тооцоо, баримтын үндсэн дээр гаргаж чадаагүй тул татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

 

Иймд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2017/02207 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1988 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 512 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

 

                  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА