Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-27
Дугаар 001/ХТ2018/00035
Хэргийн индекс 155/2016/1106/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Ж.А
Хариуцагч Ц.Ч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00751 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар магадлалтай,

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

Ц.Чт холбогдох

Дулааны төлбөр нийт 2 025 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.А-ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл Дулаан” ХХК-ний ажилчин байсан Ц.Ч нь тус компаний борлуулалтын ажил хариуцан дулааны төлбөр надаас авч санхүүгийн баримт өгнө цааш нь байгууллагадаа тушаадаг байсан. Гэтэл надаас мөнгө авч мөнгөний баримтын нэг хувийг өгсөн атлаа байгууллагадаа тухайн мөнгийг өгөлгүй дундаас нь завшдаг байсан нь байгууллагатай нь тооцоо нийлэх үеэр илэрсэн юм. Ц.Ч энэ талаар өөрөө ч хүлээн зөвшөөрч би мөнгийг чинь цувуулаад буцааж өгнө гэж амласан боловч 2015 оны 3 сард 100000 өгснөөс хойш дахин мөнгө өгөөгүй, хуурсаар байгаа бөгөөд утсаар нь залгахад авахаа ч больсон...Ц.Ч нь зөрүү гарвал төлнө гэж надад гарын үсэг зурж өгсөн баримт ч байгаа бөгөөд 2014 оны мөнгөний баримтууд нь “Хөвсгөл Дулаан” болон бидний хооронд байгуулсан гэрээг тооцох үед тус компаний дансанд тушаагдаагүй байсан.Түүний хувьдаа завшсан нь тооцоогоор илэрсэн боловч 714400 төгрөгийг би дахин буюу давхар төлж байгууллагатай нь тооцоо дуусган, түүний өөрийнх нь хүсэлтээр өөрөөсөө барагдуулсан.Иймд Ц.Чийн дулааны төлбөр нэрээр надаас авч байгууллагадаа төлөлгүй замаас нь завшин намайг хохироосон 714400 төгрөгийг түүнээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. …Шүүхэд анх Ц.Чээс 714 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 130 350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Харин одоо баримтын хэмжээнд 2 025 350 төгрөг болгож багасгаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Хөвсгөл Дулаанд байцаагч хийж байхдаа Цагааннуур зочид буудлыг 2009-2013 он хүртэл хариуцаж байсан. 2014 онд ажлаа өгөхөд дээрх нэхэмжлэл бүхий тооцоо байгаагүй. ...Нэхэмжлэлд хавсаргасан материал нь 2009-2012 оны төлбөр тооцоо байна. Энэ хүү төлбөр тооцоо нь тухайн он жилүүдийн санхүүгийн шалгалтанд улирал, хагас бүрэн жилээр тооцоо нийлэн шалгуулж байсан учир надтай холбоотой зөрчил тооцоо илэрч байгаагүй. Илэрсэн тохиолдолд санхүүгийн хуулийн дагуу ажлаас чөлөөлдөг дүрэмтэй. Мөн 2011-2012 онд “Хөвсгөл Дулаан” ХХК-д санхүүгийн албанд Авилгатай тэмцэх газраас шалгалт орж бүх албан байгууллага, ААН, айл өрхийг нэг бүрчлэн шалгахад надтай холбоотой зөрчил гарч байгаагүй болно. Байцаагч нар бүх төлбөр тооцоог сар, улирал, жилээр ерөнхий санхүүчтэй тооцоо нийлж тайлан мэдээгээ өгч жил бүр орон нутгийн аудитын ба МХГазраас санхүүгийн албанд шалгалтанд орж байсан тул ийм зөрчил гарах үндэслэлгүй. Иймд шинэчилсэн гэх тооцоогоо тухайн үед хариуцах ерөнхий санхүүч Лхамсүрэнтэй нийлэн нэхэмжлэх нь зүйтэй болов уу. Би 2014 онд тэтгэвэрт гарахдаа компанитай холбоотой тооцоогоо дуусгаад гарсан тул надтай холбоотой ийм тооцоо гараагүй яагаад компани татан буугдсны дараа, холбогдох хүмүүс нь гарсан хойно 8-9 жилийн дараа нэхэмжлэл гаргаж хүний нэр төрд халдаж бүтэн жил шүүхээр явуугаад байгаад гомдолтой бөгөөд хохиролтой байна. ....Ж.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь байцаагч нар бүх төлбөр тооцоог сар, улирал, жилээр ерөнхий санхүүчтэй нийлдэг тооцоо нийлж тайлан мэдээгээ өгч жил бүр орон нутгийн аудитын ба МХГазраас санхүүгийн албанд шалгалтанд орж байсан. Би тухайн үед дулааны байцаагч байсан учир мөнгө хурааж аваад тооцоо нийлж байгууллагадаа тушаадаг байсан. Би 2014 онд тэтгэвэрт орсон. Хэрвээ тухайн үед байгууллагатайгаа тооцоо байсан бол байгууллага намайг ажлаас гаргах үед надаас нэхэх учиртай, тэгээд ч аль 2009-2013 оны төлбөр тооцоог одоо 8-9 жил өнгөрсөн хойно яагаад гаргаж ирж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. ...Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00751 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Ц.Чээс дулааны төлбөрт 2.025.350 /хоёр сая хорин таван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.036/ дөчин есөн мянга гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 21.770 / хорин нэгэн мянга долоон зуун дал/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Чээс 336.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.149.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “2. Хариуцагч Ц.Чээс улсын тэмдэгтийн хураамж 10,730 /арван мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ат олгосугай” гэж нэмэлт оруулж, Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,510 /дөчин долоон мянга таван зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.А хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс нотлох баримт үнэлээгүй, хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв дүгнэлт хийж ,нэхэмжлэлээс 336000 төгрөг хангасан тул магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Магадлалд: “хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ж.А нь борлуулалтын байцаагч Ц.Чт дулааны төлбөрийг 2009 онд 220 000 төгрөг, 2010 онд 221 850 төгрөг, 2011 онд 230 000 төгрөг, 2012 онд 346 500 төгрөг нийт 1 018 350 төгрөгийг тушаасан гэх боловч дээрх төлбөрийг хариуцагч байгууллагынхаа санхүүд тушааж байгаагүй гэж үзэх боломжгүй харин 2013 онд тушаасан төлбөр 567 000 төгрөгөөс хариуцагч Ц.Ч 231 000 төгрөгийг 2013 оны 5 сард санхүүд тушааж үлдэгдэл 336 000 төгрөгийг хэзээ тушаасан болох нь тодорхой бус байна гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь “Хөвсгөл Дулаан” ХХК-ний 2013 оны 3 сарын кассын орлогод /хх45/ Цагаан уул 2013 оны 2 сарын гэж 231 000 төгрөг тушаасан хариуцагчийн гарын үсгээр төлөлт орсон. Харин 2013-01-09-ний өдөр 17 ордероор 105 000 төгрөг, 2013-02-03-ны өдөр шар ордероор 231 000 төгрөг, 2013-05-12-ны өдөр 2 013 025 ордероор касст төлөлт байхгүй /хх39-49/ тул зөвшөөрөхгүй. Шүүх 2013 онд 567 000 төгрөг нэхэмжилснээс 336 000 төгрөгийг ханган, үлдсэнийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492.1.1-г буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Магадлалд: “Учир нь хариуцагч Ц.Ч тухай бүр хүлээж авсан дулааны төлбөрийг байгууллагынхаа санхүүд тушаагаагүй тохиолдолд дараа жилийн дулааны төлбөрийн тооцоо хийхэд хичнээн төгрөг тушаагаагүй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар мэдэгдэх ба нэхэмжлэгч 2012-12-31-нийг дуусталх хугацаанд дулааны тооцооны үлдэгдэл 881 109 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн нь нэхэмжилж буй 2009-2012 оны төлбөрөөс бага байна” гэснийг ч зөвшөөрөхгүй. -Би 2009 оны 7 сард иргэн н.Буяннэмэхээс 613 859 төгрөгийн /2009-01-07-23-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар/ Болормаа, Ж.А /хх 2х-6/ халаалтын өртэй авсан. -Хариуцагчийн гаргасан 2012-06-30-ны өдрөөс 2012-12-31-ний өдөр хүртэлх тооцооны үлдэгдлийн баталгаагаар 881 109 төгрөг дээр /хамгийн доор Буяннэмэх төлөх 7-р хороо гэж бичсэн/ 2009 оны 613 859 төгрөгийг нэмвэл 1 494 968 төгрөг болох байсан тул буруу дүгнэлтийг зөвшөөрөхгүй. -Хариуцагчийн гаргасан 2011-07-01-ний өдрөөс 2011-12-31-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааны 247 109 төгрөгийн дээр 2009 оны 613 859 төгрөгийг нэмвэл 860 968 төгрөг болно. /хх1х-33/ -Хариуцагч өөрөө ч шүүх хуралдаануудад тухайлбал “2011-11 сард тооцоо нийлэхэд 231 000 төгрөг зөрүү гарсан тул Буянэмэхийн 625 000 төгрөгийг нябод Лхамсүрэнд хэлж хасуулж тооцуулж байсан гэдэг. /хх 1х-39/ Тооцооны үлдэгдлийн баталгаагаар “Хөвсгөл Дулаан” ХХК бидний хооронд аж ахуйн нэгжийн тарифаар хийсэн гэрээг л дүгнэдэг. Өөрсдийн амьдардаг айл өрхийн тарифтай, “гэр”-ээр нэхэмжилж буй 2010 оны № 53-р 121850, 2011 оны №296-р 80000, № 631-р 50000, 2012 оны №104-р 100000, 2013 оны 105000 нийт 456850 төгрөг 881109 төгрөгийн үлдэгдэл ороогүй юм. Иргэний хуулийн 492.1.1-“ хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”-г, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, эсрэгээрээ Ц.Чийн надаас авсан мөнгөө байгууллагадаа тушаалгүй завшсан нь нотлогдсон, өөрөө ч зөвшөөрч 100 000-г өгсөн, надаас гуйж миний авах мөнгөнөөс суутгуулж, дараа нь төлнө гэсэн ч төлөлгүй намайг хохироолоо. Хариуцагчийн үйлдэл нь зөвтгөж болохгүй, Иргэний хуулийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”-д нийцсэн тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргалаа. Магадлалын үндэслэх хэсэгт: “анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсны үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэсэн атлаа уг алдааг дахин давтаж, нотлох баримтуудыг үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэнгүй.

-2009 онд “Хөвсгөл Ус суваг” ХХК-ий касст 10 сард 55000 /1х-146/, 12 сард 83000 / хх148/, 12 сард 100000 /хх149/ төлөгдөж,

-2010 онд 80000, 19000, 300000, 100000, 50000 төгрөг /хх50-70/ төлөгдөж,

-2011 онд 2 сард 100000 төгрөг /х1-104/, 4 сард 70000, 90000 /хх107/, 6 сард 170000, 55000 /3 сарынх/, /хх110/, 9 сард 50000 /хх112/, 10 сард 100000 /хх115/, 11 сард 10000 /хх118/, 12сард 141000 /хх119/, 12сард 130000, 150000 /хх120/ төлөгдөж,

-2012 онд 1 сард 220000 /1х-121/, 3 сард 80000, 151000 /хх125/, 6сард 577500 /хх131/, 11 сард 346500 /хх137/, 231000 /хх142/, 12 сард 200000 /хх144/, 12 сард 141000 /хх119/, 12 сард 130000, 150000 /хх120/ төлөгдөж,

-2013 онд 3 сард 231000 төгрөг тус тус төлөгдсөн тул касст ороогүй нэхэмжилж буй ордер болон огноогоор төлөлт хийгдээгүй юм. Иргэний хуулийн 9.4.4-д “учруулсан хохирлыг гаргуулах” зааснаар хохирлоо гаргуулах эрхтэй. Ц.Чийн байгууллагадаа төлөөгүй завшсан мөнгийг байрны түрээсийн гэрээ дүгнэхэд мэдэж, түүний гуйснаар “тэтгэвэрт гарахаас өмнө ажилгүй болохнээ чи аргалж байгаач, дараа нь би өөрөө төлнө” гэсэн учир түүнд туслан хариуцагчид болон байгууллагад нь 2 дахин төлж би хохирч байгаа нь шударга бус тул хуулийн шаардлага хангасан. “Хөвсгөл Дулаан” ХХК-ний кассын орлогын баримтууд, “Хөвсгөл Ус суваг” ХХК-ийн албан бичиг, хариуцагчийн гарын үсэг, тамга, тэмдэгтэй эх хувь мөнгөний нотлох баримтуудыг үнэлүүлэхээр шаардаж, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэлд:

1. № 22 ордероор 2009-09-28 ны өдөр 55000

2. №24 ордероор 2009-9-30 ны өдөр 40000

3. № 490 ордероор 2009-10-17 ны өдөр 45000

4. № 49 ордероор 2009-11-11 ны өдөр 35000

5. № 69 ордероор 2009-12-07 ны өдөр 45000 нийт 220000

6. № 553 ордероор 2010-04-29 ны өдөр 121850 \гэр\

7. № 202 ордероор 2010-07-20 ны өдөр 60000

8. № 203 ордероор 2010-08-08 ны өдөр 40000 нийт 221850

9. № 296 ордероор 2011-02-07 ны өдөр 80000 \гэр\

10. № 631 ордероор 2011-09-14 ны өдөр 50000 \гэр\

11. 27-р ордероор 2011-10-13 ны өдөр 100000 нийт 230000

12. № 150 ордероор 2012-05-03 ны өдөр 131000

13. № 10 ордероор 2012-05-04-ний өдөр 100000

14. №21 ордероор 2012-06-027 ны өдөр 100000

15. № 11 ордероор 2012-12-04 ны өдөр 115500

16. №104 ордероор 2012-02-01 ны өдөр 100000 \гэр\нийт 546500

17. №17 ордероор 2013-01-09 ны өдөр 105000 \гэр\

18. Шар ордероор 2013-02-05 ны өдөр 231000

19. 2013025 ордероор 2013-05-02 ны өдөр 231000 нийт 567000 төгрөгийг тус тус касст тушаагаагүй нь кассын мөнгөн орлогоор нотлогдож, “Хөвсгөл Ус Суваг “ХХК-иас ирүүлсэн албан бич-\ давхцаагүй\-гээр давхар нотлогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж буюу 1 754 350 төгрөг болгон надад өгсөн 100 000 төгрөгийг хасч, харин магадлалаар хангагдсан 336 000 төгрөгийг оруулан Ц.Чээс 1 654 350 төгрөгийн надад учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.А хариуцагч Ц.Чт холбогдуулж үндэслэлгүйгээр авсан 2 025 350 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 336 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Магадлалд хариуцагч гомдол гаргаагүй ба “нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хөвсгөл дулаан ХХКомпаний байцаагч Ц.Чт дулааны төлбөрийг бэлнээр тушаадаг байсан ба Ц.Ч нь байгууллагадаа тушаагаагүй  байна.., 714 400 төгрөгийг би дахин төлж хохирсон, тооцоогоо дахин шалгаж үзэхэд 2 023 350 төгрөгийг хариуцагч өөртөө авсан байна.” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, 2014 оны 10 сар хүртэл буюу тэтгэвэрт гарах үед байгууллагатай ямар нэгэн тооцоо байгаагүй, нэхэмжлэгч нь надтай тооцоо нийлж байсан, өөртөө мөнгө авсан зүйл байхгүй гэж маргажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Чт 2009 оноос  2014 оны 10 сар хүртэл хугацаанд дулааны төлбөрт нийт хэдэн төгрөг тушаасан, үүнээс хэдэн төгрөг нь Хөвсгөл дулаан ХХКомпанид тушаагдсан, 2 023 350 төгрөгийг тушаагаагүй гэдгийг хэрхэн олж тогтоосон болохыг баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид бэлнээр мөнгө тушаасан гэх 2009 оны 7 баримт, 2010 оны 4 баримт, 2011 оны 5 баримт, 2012 оны 3 баримт, 2013 оны 2 баримтыг, Хөвсгөл дулаан ХХКомпанийн 2010 оны бэлэн мөнгөний тайлан, 2013 оны 1, 3, 4, 5, 6 сарын бэлэн мөнгөний тайлан, 2009, 2011, 2012, 2013 оны тооцоо нийлсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ц.Чт мөнгө тушаасан гэх баримтыг бүрэн ирүүлээгүй тул Хөвсгөл дулаан ХХКомпанид мөнгө бүрэн тушаагдсан эсэхийг олж дүгнэх боломжгүй байжээ

Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөрийн тооцоог Ц.Чтэй нийлж, 2 135 954 төгрөгийн өртэй болохыг зөвшөөрч байсан байх ба 2014 оны 1 дүгээр сараас эхлэн өөрийн өмчлөлийн байраа Хөвсгөл дулаан ХХКомпанид түрээслүүлсэн, 2014 оны 6 дугаар сарын 10 ны өдөр Хөвсгөл дулаан ХХКомпанитай тооцоо нийлэхдээ 2 135 954 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгасан баримт хэрэгт авагджээ. Зүй нь нэхэмжлэгч дулааны  өр төлбөргүй байсан бол өртэй болохыг зөвшөөрч тооцоо нийлэх учиргүй бөгөөд тооцооны алдааг хожим илрүүлсэн гэж үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх 2013 онд тушаасан төлбөр 567 000 төгрөгөөс хариуцагч Ц.Ч 231 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сард байгууллагын санхүүд тушааж үлдэгдэл 336 000 төгрөгийг тушаагаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй болно.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА