Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-26
Дугаар 001/ХТ2018/00027
Хэргийн индекс 182/2017/01305/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “М П” интернэшнл ХХК
Хариуцагч “К Б” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“М П” интернэшнл ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01214 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1872 дугаар магадлалтай,

 

“М П” интернэшнл ХХК-ний нэхэмжлэлтэй

“К Б” ХХК-д холбогдох

 

Гэрээнээс учирсан хохиролд 52 735 004 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганболдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун, Л.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

Нэхэмжлэгч ““М П” Интернэшнл” ХХК-ийн захирал Ц.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...““М П” интернэшнл” ХХК нь 2008 онд “К Б”тай 331 тоот “Зээлийн болон барьцааны” гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй, 466 тоот “Зээлийн болон барьцааны” гэрээгээр 120,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй, мөн 495 тоот “Зээлийн болон барьцааны” гэрээгээр 87,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, 2.6 хувийн хүүтэй тус тус авч, үүнээс нийт 165,000,000 төгрөгийг ОБЕГ-ын “Малын тэжээл нийлүүлэх” тендерт зарцуулсан. Зориулалтын дагуу ашиглаж байсан их хэмжээний зээлийг бусдад шилжүүлж, хууль зөрчсөн Худалдаа хөгжлийн банкны буруугаас зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болж, манай компани хохирсон. Гэсэн ч тус компани болон хамтран зээлдэгч Х.Оюунчимэг нар 331, 495 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 816 шийдвэрийн дагуу зээл, зээлийн хүү, алданги нийт 213,364,857 төгрөгийг 2014 онд бүрэн төлж дууссан. Харин Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 магадлал, Улсын Дээзд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаар тогтоолтой 466 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл, зээлийн хүү, алданги нийт 89,178,431 төгрөг төлүүлэх төлбөрт маргаан үүссэн. Учир нь хамтран зээлдэгч иргэн П.Ичинхорлоогийн 466 тоот зээлийн төлбөрт 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тушаасан 31,429,076.09 төгрөгийн 30,979,042.52 төгрөгийг зувчуулж, 331, 495 зээлийн төлбөрт 4,026,722.1 төгрөг илүү суутган авч, зээлийн дансны хуулгуудыг дур мэдэн засварласны улмаас 466 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл, зээлийн хүү, алданги нийт 89,178,431 төгрөг төлүүлэх шүүхийн магадлал, тогтоол гаргуулж ““М П” интернэшнл” ХХК-ийг хохироосон. “К Б”ны энэ үйлдлүүд зээл төлсөн баримт, зээлийн дансны хуулга, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн депозит дансны гүйлгээ, тус банкны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/269 албан тоот, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 4687 тоот, мөн 2017 оны 434 тоот тогтоол, тус дүүргийн хяналтын прокурор П.Нямцэцэг, Б.Байгалмаа нарын 2017 оны 5/106, 5/112 мэдэгдлээр бүрэн тодорхой болсон. ...Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу “К Б”наас нийт 71,477,767.35 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хараат бус аудитын дүгнэлтээр зээлийн хүү 43,945,837 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,789,167.46 төгрөг, нийт 52,735,004.76 төгрөг гэж гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Ийм учраас 52,735,004.76 төгрөгийг “К Б”наас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ““К Б”” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”К Б” ХХК нь ““М П” интернешнл” ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 466 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийн Худалдаа, Үйлчилгээний зээлийг олгосон. Зээлдэгч нь тус зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул анх Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1299 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор ““М П” интернешнл” ХХК-иас нэхэмжлэгч талд 89,178,431 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэ төлбөрийг төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд одоо хүртэл ажиллагаа хийгдэж байгаа. ““М П” интернешнл” ХХК нь уг зээлээс өмнө тус банкнаас 45,000,000 төгрөг, 87,000 ам.долларын 2 зээл авсан ба мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхээр шийдвэрлүүлэн тус компаниар төлүүлсэн. Мөн ““М П” интернешнл” ХХК нь Монгол улсын Дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоол гарснаас хойш уг зээлэнд 21,682,192.27 төгрөг, тус компаниас илүү төлүүлсөн 13,787,430 төгрөгийг нийлүүлэн үндсэн зээл болох 89,178,431 төгрөгөөс хасахад 53,708,809 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй одоог хүртэл төлөөгүй, зээл төлүүлэхийг удаа дараа шаардсан албан тоотыг хүргүүлж, уулзалтыг хийж байгаа боловч ямар нэг үр дүнд хүрээгүй банкинд хүндрэл учруулсаар байгаа болно. ““М П” интернешнл” ХХК болон ““К Б”” ХХК-иудын хооронд байгуулсан 466 тоот Зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар гэм хорын хохирол үүссэн гэх үндэслэл нь Иргэний хуулинд заасан гэм хороос үүсэх үүргийн ямар төрөлд хамаарах эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01214 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.5, 446.1.6-д тус тус зааснаар ““К Б”” ХХК-д холбогдох Банкны тухай хууль, төлбөр тооцоо үзүүлэх гэрээний үүрэг зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохиролд 52,735,004.76 төгрөг гаргуулах тухай ““М П” Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1872 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01214 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэг, 446 дугаар зүйлийн 446.1.5-д заасныг баримтлан хариуцагч “К Б” ХХК-иас 11 195 393 /арван нэгэн сая нэг зуун ерэн таван мянга гурван зуун ерэн гурван/ төгрөг гаргуулан ““М П” интернэшнл” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 41 539 611 /дөчин нэгэн сая таван зуун гучин есөн мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “К Б” ХХК-иас 194 076 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ганболдын хяналтын гомдолдоо: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтааж гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө”, мөн Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.5 дахь заалтууд “К Б” ХХК зөрчсөн гэж, тус компани анхан болон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Давж заалдах шатны шүүхийн магадлал анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “К Б” ХХК-иас 11,195,393 төгрөг гаргуулж, ““М П” интернэшнл” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал: “Хариуцагч “К Б” ХХК нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоо гүйцэтгэгчийн хувьд харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр төлбөр тооцоог гүйцэтгэх байтал энэ үүргээ зөрчиж, нэхэмжлэгч талын 466 тоот зээлийн гэрээний үүрэгт хугацаа дууссанаас хойш төлсөн 31,429,076 төгрөгөөс 13,787,430 төгрөгийг өөр өр төлбөрт суутгаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүний улмаас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан төлөх хугацаа нь нэгэн зэрэг болсон тохиолдолд үндсэн үүргийг хүүгийн өмнө төлүүлэх, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй буюу хариуцлага тооцогдож болох өрийг тэргүүн ээлжинд гүйцэтгэх боломжоо алдсан байна. Нэхэмжлэгч компанид хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн хэмжээ ихэссэн нөхцөл байдал хэрэгт авагдсан “Чадварлаг Аудит” ХХК-ийн дүгнэлт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, “К Б”ны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/269 албан бичиг, депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.5-д зааснаар алдаатай хийсэн мөнгөн гүйлгээтэй холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч ““М П” интернэшнл” ХХК-д учирсан бодит хохирлыг үндсэн зээлд бус өөр өр төлбөрт суутгасан гэх 13,787,340 төгрөгт 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 29 сард тооцогдсон хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг нийт сарын 2.8 хувиар тооцоход 11,195,393 төгрөг болж байна. Иймд уг төлбөрийг хариуцагч “К Б”наас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.” гэж дүгнэлт хийж, тус компанид учирсан хохирлын хугацааг нь зөв тогтоосон атлаа энэ хугацааны сарыг буруу тооцож, “К Б”наас гаргуулах хохирлын хэмжээг буруу тогтоосон байна. Тодруулбал 466 тоот зээлийн төлбөрт 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тушаасан 31,429,076 төгрөгийн 13,787,340 төгрөгийг тус компаний ямар ч төлбөрт тооцолгүй 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ашиглаж, завшсан “К Б”ны үйлдэл шалгалтаар илэрч, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Тус компаний хохирсон хугацаа 29 сар биш 84 сар бөгөөд 2008 онд байгуулсан 466 тоот зээлийн гэрээний заалтаар 13,787,340 төгрөгт оногдох хүү, алдангийг тооцоход сарын хүү 386,045.52 төгрөг, 84 сарын хүү 32,427,823.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү (үндсэн хүүгийн 20 хувь) 6,485,564.73 төгрөг, нийт 38,913,388.41 төгрөг болж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 1672 магадлалын тогтоох хэсгийн 1-т: “Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэг, 446 дугаар зүйлийн 446.1.5-д заасныг баримтлан хариуцагч “К Б” ХХК-иас 38,913,388.41 (Гучин найман сая есөн зуун арван гурван мянга гурван зуун наян найм төгрөг 41 мөнгө) гаргуулан ““М П” интернэшнл” ХХК-д олгож” гэсэн өөрчлөлт оруулж, тус компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ““М П” интернэшнл” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, “К Б”наас хохирол 71 477 767 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ багасган 52 735 004 төгрөг болгожээ. /хх-107/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

““М П” интернэшнл” ХХКомпани нь “К Б”тай зээлийн гэрээ байгуулж, 3 удаа зээл авсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 331 тоот зээлийн гэрээ, 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 495 тоот зээлийн гэрээний үүрэгт 213 364 857 төгрөгийг ““М П” интернэшнл” ХХКомпаниас гаргуулахаар шийдвэрлэсэн,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1299 дүгээр  шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 466 тоот зээлийн гэрээний үүрэгт ““М П” интернэшнл” ХХКомпаниас 89 178 431 төгрөгийг гаргуулж “К Б”инд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хамтран зээлдэгч Ичинхорлоогоос 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 466 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн 31 429 076 төгрөгийг Капитрон банк нь уг зээлээс хасаагүй зувчуулсан 13 000 000 төгрөгийг, өөр төлбөрт суутган авснаас гэрээний дагуу төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ нэмэгдэж хохирол учирсан...” гэжээ.

 

“К Б”ны 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4/269 тоот албан бичигт “...тухайн үед зээлийг хариуцан ажиллаж байсан ажилтны хайхрамжгүй, буруугаас  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар шийдвэр гарсан даруйд 331, 495 тоот зээлийн гэрээний хүүг зогсоогүйгээс 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 31 429 076 төгрөгөөс зээлийн хүүд 13 787 430 төгрөгийг суутгаж, илүү төлүүлсэн байна. ...Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 912 дугаар магадлалаар 466 тоот гэрээний үүрэгт 89 178 431 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу танайх 21 682 192 төгрөгийг төлсөн, энэ төлбөрөөс илүү төлүүлсэн дээрх 13 787 430 төгрөгийг суутгаж таны гомдлыг барагдуулж байна...” гэсэн хариуг ““М П” интернэшнл” ХХКомпанид өгч байсан байна.

 

Үүнээс үзэхэд “К Б” нь зээлдэгчээс 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 466 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн 31 429 076 төгрөгөөс 13 787 430 төгрөгийг өөр зээлийн гэрээний үүрэгт суутгаж авсан нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт заасан “...төлбөр тооцоо гүйцэтгэгчийн хувьд харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр төлбөр тооцоог гүйцэтгэх...” журмыг зөрчсөн, зээлийн үүрэгт төлсөн 31 429 430 төгрөгийг 466 тоот зээлийн гэрээний үүргээс хасч тооцоогүй учраас зээлдэгч ““М П” интернэшнл” ХХКомпани үндэслэлгүйгээр зээл, хүү төлж хохирсон, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэм бурууг хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэжээ.

 

“К Б” нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа зээлдэгчийн төлсөн мөнгийг хүлээн зөвшөөрч, зээлээс хассан учраас нэхэмжлэгч нь хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Харин хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хохирлын хэмжээг зөвтгөж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангана.

 

Нэхэмжлэгч нь төлбөр тооцоо хийх хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч зөрчсөн гэж буруутгаж, учирсан хохирлыг шаардахдаа “...зээлд төлсөн мөнгийг зээлээс хасахгүй  үндэслэлгүйгээр байлгасан...” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч нь зээлдэгчийн төлсөн мөнгийг зээлийн үүргээс хасаагүйгээс гадна, зээлийн гэрээний үүрэг шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон байхад уг мөнгийг өөрт байлгасан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим хамаардаг ба нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгөөс   орох хүү буюу үр шимийг хохирол гэж үзэж шаарджээ.

 

Шүүх хохирлын хэмжээг үндэслэл бүхий тогтоож чадаагүй байна. 

 

Давж заалдах шатны шүүх 13 787 340 төгрөгийг үндэслэлгүйгээр өөр зээлийн үүрэгт тооцсон гэж үзэж, 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 29 сард зээлийн хүүг сарын 2.8 хувиар тооцож 11 195 393 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлохдоо хугацаа, зээлийн хүүгийн хувь, хэмжээг буруу тооцсон байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр дүгнэлт гаргасан Чадварлаг аудит ХХКомпани 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны хүүг 30 965 217 төгрөгөөс сарын 2,4 хувиар бодож зээлийн хүүд 43 945 897 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 789 167 төгрөг нийт 52 735 004 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлжээ. Тэрээр нэхэмжлэгчийн төлсөн 31 429 076 төгрөгөөс төлөх ёстой зээлийн хүү 463 858 төгрөгийг хасч, 30 965 217 төгрөгийг “К Б” үндсэн зээл, хүүгээс хасч тооцоогүй шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч илүү хүү төлж хохирсон гэж хохирлын хэмжээг гаргахдаа хугацааг үндэслэл бүхий тодорхойлж чадаагүй байна.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл “К Б” нь 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн төлсөн 31 429 0765 төгрөгийг 466 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, хүүгээс хасч тооцоогүй, уг төлөлтийг хожим илрүүлж, шүүхийн шийдвэр гарсны дараа зээлийн үүргээс хасч тооцсон тул хохирлыг 13 787 340 төгрөгөөс бус 31 429 076 төгрөгөөс тооцох үндэслэлтэй байжээ. Зээлийн гэрээнд хүүг сарын 2,4 хувиар тогтоосон, энэ хувь хэмжээгээр “К Б” үүргийг тооцож байсан тул хүүг сарын 2,4 хувиар тооцож, хохирлыг тодорхойлно. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг “...төлсөн мөнгийг зээлээс хасч тооцоогүйгээс давхар хүү төлж хохирсон...” гэж тодорхойлсон тул шүүх хохирлыг хүүгийн хувь, хэмжээгээр тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй юм. “К Б” нь 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 466 тоот зээлийн үүрэгт нэхэмжлэгчийн төлсөн 31 429 0765 төгрөгийг хасч тооцоогүй, 13 787 340 төгрөгийг өөр зээлийн гэрээний үүрэгт суутгасан, энэ талаар 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдснээс үзэхэд нэхэмжлэгчийн төлсөн мөнгө дээрх хугацаанд “К Б”ны мэдэлд байсан, нэхэмжлэгчийн биелүүлэх ёстой үүргээс хасагдаагүй, “К Б” энэ хугацаанд уг мөнгийг үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгасан нь тогтоогдсон байна. “К Б” нь 466 тоот зээлийн үүргийг шаардаж нэхэмжлэл гаргахдаа 2012 ны 6 дугаар сарын 02-ны байдлаар дуусгавар болгосон байсан тул гэрээний хугацаа дууссан 2009 оны 03 дугаар сарын 02-ноос 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 39 сарын хугацаагаар, хүүгийн хэмжээгээр хохирлыг тооцох боломжтой гэж үзэв. 31 429 0765 төгрөгийн сарын хүү 754 293 төгрөг болох ба 39 сараар бодоход 29 417 622 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01214 дүгээр шийдвэрийн нэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1872 дугаар магадлалын нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “К Б” ХХКомпаниас хохирол 29 417 622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М П” интернэшнл ХХКомпанид олгож, нэхэмжлэлээс 23 317 382 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...дурьдсугай гэснийг ...дурьдаж, хариуцагч “К Б”наас 305 038 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгсднийг дурьдсугай.

 

 

 

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

 

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА