Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-26
Дугаар 001/ХТ2018/00009
Хэргийн индекс 101/2015/10119/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Н Т”ХХК
Хариуцагч “Р Т”ХХК, “Х З” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“Н Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01813 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1972 дугаар магадлалтай,

“Н Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Р Т”ХХК, “Х З” ХХК-д тус тус холбогдох

354 596 190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Лхагвасүрэн нь хариуцагч Ц.Мөнхбаяртай олон жилийн өмнөөс танил, бие биенийгээ сайн мэддэг байсан. Би “Н Т”ХХК-ийн захирлаар ажилладаг. Гэтэл “Р Т”ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр нь 2015 оны 04 дүгээр сард надтай биечлэн уулзаж Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран хийж гүйцэтгэх саналыг тавьсан. Би хариуд нь “хэрвээ хамтран ажиллах бол уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг адил тэнцүү хувааж гаргах" гэсэн хариу саналыг тавихад “Р Т”ХХК -ийн захирал Ц.Мөнхбаяр нь өөрийн компанид “техник, ажиллах хүч, санхүүгийн боломж байхгүй” тул чамтай хамтран хийх саналтай байна, надад өөрт болон бусдаас түрээслэх техник олдохгүй байна, бүгд урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаад байна, танай компани техник, хэрэгслээ ажлын талбай руу явуулж тус болооч, мөнгө төгрөг шаардлагатай болвол гаргаж байгаарай, дараа нь хоёулаа тооцоо хийнэ гэсэн. Тэгэхээд би машин механизм, техник хэрэгсэлүүдээ 2 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохиролцож, түрээслүүлэн зарим нэгэн теник хэрэгслийг бусдаас түрээслэн өөрийн ажилчидаа машин механизм, техник хэрэгсэлийн хамт 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн. Миний бие Ц.Мөнхбаяртай хийж гүйцэтгэж байгаа ажил, өөрийн машин, техник хэрэгсэл, хүн хүчний талаар тооцоо нийлэх шаардлагатай байна гэж удаа дараа хэлж байхад хоёулаа учраа олно, тооцоо хий гэж хариулдаг, би ч итгээд ажилаа хийж байсан. Бүр сүүлдээ утсаа ч авахаа больсон. “Н Т”ХХК болон миний бие “Р Т”ХХК-ийн захирал Ц.Мөнхбаярт төлөх ямар нэгэн өр төлбөргүй болно. “Н Т”ХХК нь энэ хугацаанд өөр ажилд техник хэрэгслээ ажиллуулж болох байсан хэдий ч “Р Т”ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу манай компани нь бүх техник хэрэгслээ түрээслүүлж, улмаар бусад иргэн, хуулийн этгээдээс техник хэрэгслийг нь түрээслэн авч давхар түрээслүүлсэн болно. “Р Т”ХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаагаас “Н Т”ХХК нь санхуүгийн нэлээд хүндрэлтэй байдал ороод байна. Мөн бусдаас түрээслэн ажиллуулж байсан зарим газрууд нь эхнээсээ манайхыг шүүхэд өгч шийвэр нь гараад байна. Тиймээс манай компани “Р Т”ХХК-иас мөнгөө авч бусдын техник хэрэгсэл түрээслэн ажиллуулж байсан төлбөрөө төлмөөр байна. Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар тус гэрээг байгуулагдах хэлбэрийг хуульд тусгайлан заасан гэрээ биш бөгөөд мөн зүйлд зааснаар амаар байгуулсан гэрээ юм. Дээрх гэрээгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогч манай талын хувьд техник тоног төхөөрөмжөө түрээслүүлэх үүрэг, төлбөрөө нэхэмжлэх эрх үүссэн бол “Р Т”ХХК-ийн хувьд түрээсийн хөрөнгөө шилжүүлэхийг шаардах эрх, төлбөрөө төлөх үүрэг үүсэх замаар гэрээний гол нөхцлүүд дээр талууд харилцан тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-т заасан “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Дээрх гэрээний дагуу Түрээслүүлэгч тал нь техник, хэрэгслийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан зарчмаар, 207 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх газарт, 208 дугаар зүйлд заасан хугацаанд бэлэн байлгаж гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх” гэж заасны дагуу “Н Т”ХХК нь техник хэрэгслүүдээ “Р Т”ХХК-д шилжүүлсэн. Гэтэл “Р Т”ХХК нь мөн зүйлд “түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх ...” гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно” гэж заасны дагуу “Н Т”ХХК нь иргэн Г.Жанцанхорлоо, Ж.Эрдэнэ-Очир, З.Ард, Н.Мөнхсансар нар болон Мандах инвест ХХК, Таны зам ХХК зэрэг хуулийн этгээдээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр техник хэрэгслүүдийг нь “Р Т”ХХК-д түрээслүүлсэн болно. Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, тодорхой үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасныг дагуу “Н Т”ХХК нь “Р Т”ХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна. “Н Т”ХХК нь бусдын техник, тоног төхөөрөмж түрээсэлсэн түрээсийн төлбөрт 181.241.905 төгрөг, туслах ажилчдын цалин 4.466.129 төгрөг, бэлнээр гарсан мөнгө 79.554.823 төгрөг /геодезийн урьдчилгаа, Энхбат 10 самосвал машин авч явахад өгсөн урьдчилгаа, 3 инженер 1 механикийн 7-9-р сарын цалин, нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татвар, 35 тн цементийн үнэ, Гансүхийн бригадын цалин, индүү эксковартрыг зөөж авч ирсэн тээврийн зардал, иргэн З.Ардын түрээс, хүү, машин техникийн хотруу буцах түлшний үнэ, хоолны мөнгө /, өөрийн тоног төхөөрөмжийг түрээсэлсэн 104.333.334 төгрөг, нийт 354.596.190 төгрөгийг “Р Т”ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х З” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х З” ХХК нь Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 11,380 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг “Р Т”ХХК-тай хамтран хийхээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байсан боловч хугацаандаа хийж гүйцэтгэж дуусаагүй, сүүлдээ хаяад явсан байсан. “Х З” ХХК, “Р Т”ХХК- нь 7 км орчим ажлыг хийсэн, “Р Т”ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 515.048.574 төгрөгийн ажлыг хийсэн бөгөөд “Х З” ХХК-иас түлш материал, бэлэн мөнгө хэлбэрээр 456.765.795,72 төгрөг болж байгаа, одоо 59.618.925,75 төгрөгийг өгөх үлдэгдэлтэй байгаа болно. “Х З” ХХК нь “Н Т”ХХК тай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Тухайн үед Д.Лхагвасүрэнг “Р Т”ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяртай хамт нэг компанид ажилладаг ерөнхий инженер нь гэж бодож байсан. “Н Т”ХХК, “Р Т”ХХК-ийн хооронд ямар гэрээ, хэлцэл аман тохиргоо хийснийг манай компани мэдэхгүй бөгөөд мэдэх шаардлага байхгүй. Учир нь “Х З” “Р Т”ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжүүдийг “Р Т”ХХК хариуцахаар гаргаж өгч байсан. Ц.Мөнхбаяр нь “Р Т”ХХК-ийн захирал, Д.Лхагвасүрэн нь ерөнхий инженер гээд “Х З” ХХК-тай гэрээ хийсэн мөртлөө одоо нэг нэгнээсээ мөнгө нэхэмжилж байгаа юм байна. “Х З” ХХК нь нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнд ямар нэгэн мөнгө төгрөг өгөх үүрэг хүлээгээгүй, “Р Т”ХХК-тай хамтан ажиллах гэрээ хийсэн гэрээний дагуу бид хийж гүйцэтгэсэн ажлыг нь хүлээн авч түүнд нь тохирсон хөлсийг нь өгсөн. Энэ хоёр хүн хоорондоо яаж тооцоо хийхийг би мэдэхгүй тул энэ нэхэмжлэл “Х З” ХХК-д ямар ч хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “Р Т”ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р Т”ХХК-ийн захирал миний бие 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Н Т”ХХК-ий захирал Д.Лхагвасүрэнтэй уулзаад: Надад ажил олох боломж байна, хүн, хүч, техник хэрэгсэл байхгүй, би ажлыг нь олъё, чи хүн хүч техник хэрэгсэлээ ол гэхэд Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн. Д.Лхагвасүрэн надыг бодвол техник хэрэгсэл машин техник ихтэй хүн байгаа юм. Тэгээд би “Х З” ХХК-тай уулзаад Архангай аймгийн Цахир сум - Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэлийн 41.3 км авто замын эхний 11 км замын дутуу хийгдсэн замын далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үеийн болон бусад газар шорооны 879.00.000 төгрөгийн /НӨАТ-гүй/, ус зайлуулах хиймэл байгууламжийн 58.000.000 /НӨАТ-гүй/ төгрөгийн төсөвтэй ажлыг туслан гүйцэтгэгч авч хийлгэнэ гэнэ. Ажил нь 5 дугаар сард эхэлж, гүйцэтгэх хугацаа нь 60 хоног байх юм байна. Энэ ажлыг манай компанитай хамтарч хийх үү? Танай компанийг хамтарч ажиллахыг зөвшөөрвөл би энэ ажлыг найдвартай авч чадна. Олон компани тэднийд санал тавьж байгаа юм байна. Манайх техник, хүн хүч, санхүүгийн бололцоо дутагдалтай тул танай компанийн техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнуудын хүчээр энэ ажлыг хамтарч хиймээр байна,чи зөвшөөрөх юм бол энэ ажлыг авъя гэхэд Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн тул би түүнтэй хамтран ажиллахаар амаар тохироод “Х З” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг хийсэн. Ажил гүйцэтгэх гэрээг “Р Т”ХХК-ийн нэр дээр хийж байгааг Д.Лхагвасүрэн мэдэж байсан, гэрээн дээр би түүний өмнөөс гарын үсэг зурсан. Д.Лхагвасүрэн манай компани Харуул Алтай хотхонд нь барилгын суурь ухах ажил хийнэ. Энэ ажил 4 дүгээр сарын сүүлээр дуусах ба 9 дүгээр cap хүртэл түр ажилгүй байх тул хугацаа нь сайхан таарч байна. Замын ажлын тоо хэмжээ, нэгж үнэ, ажлын зурагтай танилцмаар байна гэсэн тул маргааш нь би түүнд “Х З” ХХК-иас дээрх баримтыг авчирч хамтдаа хэд хоног судалж тооцоо хийсний үндсэн дээр “Н Т”ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нь манай компанитай хамтран дээр дурдсан ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөн. Д.Лхагвасүрэн бид хоёр удаан хугацаанд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр “Р Т”ХХК нь дээрх ажлыг “Х З” ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100% бүрэн гүйцэд авах, “Н Т”ХХК нь дээрхи ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, Хоёр тал ажлыг эхлүүлэхэд болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээхээр тохирсон. Ингээд бид ““Х З”” ХХК-тай байгуулах гэрээний төсөл, бараа материалын орцын тооцоо, үнийн судалгаа, гаднаас түрээслэх техникийн түрээсийн үнийн судалгаа, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө болон шаардлагатай бүх л тооцоог гэрээг байгуулагдах өдөр хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд “Н Т”ХХК-ийн байранд захирал Д. Лхагвасүрэн болон тэдний инженерүүдийн хамт хийсэн. Энэ хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 16, 5 дугаар сарын 23-ны өдөр Д. Лхагвасүрэнгийн санаачилгаар хамтдаа хоёр удаа Завхан аймгийн Их Уул суманд очиж замын ажлын ерөнхий байдал, ашиглагдаж байсан шороо олборлох нөөц газрын /карьер/ байрлал, түүний нөөц, түр зам болон бусад нөлөөлөх хүчин зүйлүүдийг үзэж танилцсан. Манай компани хэлэлцсэн ёсоор Хурдын зам ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан, ажлыг авч, тус компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг дансаар аваад, энэ урьдчилгаа мөнгөний 27.100.000 төгрөгөөр нь замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажилчдын орон гэр, хоол хүнс, гал тогоо, барилгын материал, аж ахуйн бараа, ажлын багаж хэрэгсэл, сэлбэг, хөдөлмөр хамгаалал, тос тосолгооны материал, түлшний 25 тн, усны 10 тн багтаамжтай ёмкость зэргийг худалдан авч, үлдсэн 2.900.000 төгрөгийг нь тухайн орон нутагт зарцуулахаар Их Уул сумын ХААН банкинд байршуулсан. Дээр дурдсан худалдан авах ажлыг “Р Т”ХХК-иас инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, “Н Т”ХХК-иас хөдөлмөр хамгаалалын инженер Баярбаясгалан нар томилогдон гүйцэтгэсэн. Үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн тухайд гэвэл “Н Т”ХХК-ийн захирал Д. Лхагвасүрэн зам барилгын өдөр тутмын ажлыг бүрэн удирдахаар тохирч, удирдлагыг хэрэгжүүлж байгаад энэ үүргээ 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой Завхан аймгийн Их Уул суманд ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудын хурал дээр өөрийн компанийн инженер Мөнхчингист шилжүүлэн. “удирдлагыг хэрэгжүүлж байгаа Мөнхчингисийн гаргасан шийдвэр, үүрэг даалгварыг хэн ч өөрчилж болохгүй" гэдгийг хатуу анхааруулсан. Би маргааш өглөө нь Д.Лхагвасүрэнгээс яагаад ийм шийдвэр гаргах болсоныг асуухад: Та Мөнхчингисийн ажилд битгий оролцоорой. Хоол хүнс, захиалагч талтай харилцах асуудлаа та хариуц гэж хэлсэн. “Р Т”ХХК нь ажилчдын хоол, хүнс, захиалагч талтай харилцах ажлыг гүйцэтгэж байсан. Энэ үүргээ биелүүлэхдээ манай талаас санаачлагатай, идэвх зүтгэлтэй ажилласан. ““Х З”” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгө нь барилгын ажлын хугацаанд хүрэлцэхгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр хувь хүнээс 6.850.000 төгрөг зээлэн зам барилгын ажлын хугацаанд гарсан техникийн засвар, үйлчилгээ, сэлбэг, тос, тосолгооны материал, бензин, түр ажилчдын буцах унааны зардал, нүүлгэн шилжүүлэлтийн тээврийн хөлс гэх мэт зардалд зарцуулсан. Мөн хотоос авч гарсан хоол хүнс дуусахад Завхан аймгийн Их Уул сумын дэлгүүрээс болон хувь хүнээс 4.946.880 төгрөгийн хүнсний зүйл,1.300.000 төгрөгөөр үхэр зэргийг зээлээр худалдан авч ажилчдыг хоол хүнсээр хангаж байсан. Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажилд “Р Т”ХХК-иас захирал Ц.Мөнхбаяр, инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, түр ажилчин 9, нийт 12 хүн ажилласан. “Н Т”ХХК-иас Захирал Д.Лхагвасүрэн, Замын инженер Мөнхчингис, Э.Шинэзоригт, ХАБ инженер Баярбаясгалан, механик Баяраа нар болон түр ажилчин 11, жолооч, механизмчин 8 хүн ажилласан. Үүнээс гадна энэ ажилд гэрээгээр геодезийн инженер -3, Лабораторын инженер - 2 ажилласан. Зам барилгын ажлын явцад нийтдээ 63 хүн техник тоног төхөөрөмжийн жолооч нарыг оролцуулан/ янз бүрийн хугацаанд ажилласан. “Н Т”ХХК-аас ажилласан техникүүд: эксковатор- 1ш, автогрейдер - 2ш, өөрөө буулгагч-1ш, түлш цэнэглэгч-1 ш, дээрээ крантай ачааны тэрэг -1 ш, доргиурт индүү-1ш, дизель мотор-1ш, түрээсийн гэрээгээр ажилласан техник: эксковатор САТ336-1ш, эксковатор -1ш, дугуйт ачигч-1ш, өөрөө буулгагч -14ш, байсан бөгөөд эдгээр түрээсийн техникүүдийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл янз бүрийн хугацаагаар ажиллуулсан нь үнэн. Гэрээт ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухайд ““Х З”” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажлыг манай хоёр компани 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн дуусгах байсан боловч бид 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд 7,5 км замын газар шорооны ажлыг хийж, үлдсэн ажлыг хийж чадаагүй, “Н Т”ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн зам барилгын ажлын өдөр тутмын удирдлагыг өөрөө биечлэн хэрэгжүүлэхээр тохирсон боловч үүнийгээ зөрчиж, барилгын ажлыг хугацаанд хийж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Шалтгаан нь Д.Лхагвасүрэн ихэнхдээ Улаанбаатар хотод байсан бөгөөд өөрийнхөө ажлыг инженер Мөнхчингистээ хариуцуулсан. Гэтэл Мөнхчингис нь өдөр тутмын ажлыг удирдан, зохион байгуулахдаа хариуцлагагүй хандсан. Мөн инженер Э. Шинэзориг нь дөнгөж сургууль төгссөн, туршлагагүйн дээр “Н Т”ХХК-ийн техникүүд хуучирсан, хүчин чадал багатай, эвдрэл саатал байнга гардаг, сэлбэгээр дутмаг, зарим нэг механизмчин нь ажлаа хаяж олон хоногоор явсан нь гэрээт ажлыг дутуу гүйцэтгэхэд нөлөөлсөн. Ажил удирдаж байсан инженер Мөнхчингисийг надтай зөвшилцөлгүй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотруу ажил гүйцэтгэж байсан техникийн /дээрээ крантай тэрэг/ хамт буцаасан ба захирал Д.Лхагвасүрэн нь энэ үеэс өөрийн компаний ажилтан болон техникүүдийг надтай зөвшилцөлгүйгээр нэг нэгээр нь буцаан татаж эхэлсэн зэрэгтэй холбоотойгоор бид гэрээт ажлыг бүрэн гүйцэд хийж чадаагүй. “Х З” ХХК-тай гэрээ байгуулсан Завхан аймгийн Их Уул-Тосонцэнгэл чиглэлийн 43.1км замын манай хоёр компаний хамтран хийсэн 11км авто замын төсөвт өртөг нь 1.029.624.333 төгрөг /НӨАТ тооцоод/. Гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдсэн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоног буюу 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал. Нийт 10 нэр төрлийн газар шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийсэн. Үүнээс 11км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7.5 км замын газар шорооны ажил буюу 515.048.574 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Нийт хийсэн ажлын өртөгөөс ““Х З”” ХХК-иас авсан урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөг, барилгын материал болон түлшний зардал нийт 271.000.000 төгрөгийг хасахаар үлдэгдэл нь 214.048.574 төгрөг болж байгаа юм. Манай хоёр компаний техник түрээслэх болон бусад гэрээний үүргийн дагуу төлөх төлбөр нь үүнээс их тул бид алдагдалтай ямар ч ашиггүй ажилласан. Манай компани нь “Н Т”ХХК-иас техник, тоног төхөөрөмж түрээслээгүй, надыг бодвол Д.Лхагвасүрэн машин техник, хүн хүч ихтэй тул бид хамтран ажиллахаар болсон. Тухайн үед Д.Лхагвасүрэн зөвшөөрсөн тул би “Х З” ХХК-тай гэрээ хийсэн. Зөвшөөрөөгүй бол би гэрээ хийхгүй байсан. “Х З” ХХК- нь бидний хийсэн ажлыг хүлээн авсан боловч үлдэгдэл 59.618.925 төгрөгийг өгөөгүй байгаа Бид нэг ч төгрөгийн ашиггүй ажилласан тул “Н Т”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01813 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч “Р Т”ХХК-иас 156.622.682 /нэг зуун тавин зургаан сая зургаан зуун хорин хоёр мянга зургаан зуун наян хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н Т”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197.973.508 /нэг зуун ерөн долоон сая есөн зуун далан гурван мянга таван зуун найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.235.752 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Р Т”ХХК-иас 941061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н Т”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1972 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01813 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Р Т”ХХК-иас 130 539 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н Т”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 224 056 840 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч ““Х З”” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “941 061” гэснийг “810 646” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н Т”ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 148 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Р Т”ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942 000 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Р Т” ХХК-ний төлөөлөгч Ц.Мөнхбаяр хяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь “Н Т”ХХК-ийн нэхэмжлэлтэй “Р Т”ХХК, ““Х З”” ХХК-д тус тус холбогдох иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.-д заасан эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзээд 1972 дугаартай магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хариуцагчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, гагцхүү анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй боловч гомдлын бусад хэсгийг хангаагүй орхигдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлээгүй, түүнчлэн шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу “Р Т”ХХК-иас 354 596 190 төгрөгийн шаардсан. Түүнчлэн нэхэмжлэгч нь шаардлагаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 323 дугаар зүйлийн 323.1., 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг удирдлага болгон үндэслэлээ болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй. Харин шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 478 дугаар зүйлийн 478.8.-д заасныг баримтлан хариуцагчаас үндэслэлгүйгээр 156 622 682 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “Н Т”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, ойлгомжгүй, тодорхой бус байхад шүүх хуулийг буруу тайлбарлан, нэхэмжлэлээс хальж, өөрийн санаачилгаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд эд хөрөнгө түрээслэх ямар нэгэн харилцаа үүсээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардлага гаргах ямар ч эрх зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа: “Р Т”ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр 2015 оны 4 дүгээр сард уулзан “Завхан аймгийн Их уул сум-Тосонцэнгэл чиглэлийн автозамын КМО+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртэлх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил”-ыг хамтран гүйцэтгэх саналыг тавьсан..., “Р Т”ХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр нь өөрийн компанид “техник, ажиллах хүч, санхүүгийн боломж байхгүй” гэж дурдсан байдаг. Тус нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд хариуцагч “Р Т”ХХК нь гагцхүү дээр дурдсан ажлыг гүйцэтгэх саналыг тавьж хүлээн авсан тохиолдол хамтран ажиллах үйл ажиллагааны хувьд ажил олж, нөгөө талаас “Н Т”ХХК нь тус ажлыг өөрийн техник, ажиллах хүчээр гүйцэтгэхээр тохирсон байгаа нь нотлогдож байна. Хариуцагч “Р Т”ХХК нь тус үйл ажиллагаанд дээрх ажлын захиалагч талтай харилцах ажлыг гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Р Т”ХХК-д 2 сарын хугацаанд машин механизмаа түрээслүүлсэн гэж тайлбарладаг. Зохигчийн хооронд ямар нэгэн түрээсийн харилцаа огт байхгүйг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч “Н Т”ХХК нь 2015.9.18-ны өдөр гэхэд 7.5 км замын газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн боловч үлдсэн ажлыг хийж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч нь тус ажлыг биечлэн гүйцэтгэж, хэрэгжүүлэхээр тохирсон боловч гүйцэтгээгүй. 2015.8.18-ны өдрөөс “Н Т”ХХК нь өөрийн техник хэрэгслийг татаж, ажлыг зогсоон хаяж явсан. Ийнхүү тохиролцсондоо хүрэлгүй ажлыг орхиж явсан атлаа үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1,-д талуудын хураамжийг хуульчлан өгсөн байдаг. Мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2.-т заасны дагуу хариуцагч “Р Т”ХХК нь ажил үйлчилгээ олох, захиалагчтай харилцах үүргийн дагуу хураамжийг оруулсан. Харин нэхэмжлэгч нь өөрийн техник, ажиллах хүчээр хувь оруулж ажилласан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1,-д үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэж заасан. Энэ үүргээ мөн адил нэхэмжлэгч биелүүлээгүй зөрчсөн. Анхан шатны шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн төлөөлөгч нь "... “Р Т”ХХК хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Харин түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан...” гэж шүүхэд тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой харагдаж байгаа. Харин шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу шаардлагаа гаргаж байхад хамтран ажиллах гэрээний үүрэг гэж дүгнэн “Р Т”ХХК-иас мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас мөн адил шүүх хуралдаан дээр удаа дараа нэхэмжлэлийн шаардлага түрээсийн гэрээний дагуу байна гэдгийг тайлбарлан хэлж байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа мөнгө буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байвал шүүх өөрийн үзэмжээр нэхэмжлэгчид ашигтай байдлыг барьж шийдвэрийг гаргаж өгөөч гэж хэлсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй үндэслэлгүй байгаа гэдгийг удаа дараа тайлбарлаж байхад хоёр шатны шүүх анхаарч, хянаж үзсэнгүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч “Р Т”ХХК-иас 130 539 350 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үйлдлийг эс зөвшөөрч байгаа ба шүүх маргааныг шийдвэрлэхдээ тухайн маргаанд хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн хяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01813 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “197,973,508 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1972 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-т тус тус заасныг үндэслэн “хамтын үйл ажиллагааны улмаас би болсон алдагдлыг гэрээний талууд тэнцүү хэмжээгээр хариуцуулах байдлаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Н Т”ХХК болон “Р Т”ХХК-ийн хамтран хийж гүйцэтгэсэн 516,384,721 төгрөгийн ажил нь зардал биш, “энэхүү ажлыг гүйцэтгэгч нар өөрийн зардлаар гүйцэтгэж, дараа нь захиалагчаас төлбөрөө авах” нөхцөлтэй, гүйцэтгэгч нарын хувьд “авлага”, ““Х З”” ХХК-ийн хувьд “өглөг” юм. Тиймээс 516,384,721 төгрөгийн ажил нь зардал биш “Н Т”ХХК болон “Роүд трейд” ХХК-ийн хувьд орлого гэж үзэхээр байна. Шүүх баримтаар тогтоогдсон гэж гэж үзсэн 313,245,365 төгрөгийг тал хувь болох 146,622,682 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин “Н Т”ХХК-иас гаргасан зардал нь 354,596,190 төгрөг, “Р Т”ХХК-иас гаргасан зардал нь 308,206,626 төгрөг, нийт зардал нь 662,802,816 төгрөг болох бөгөөд уг зардлыг хувь тэнцүүлбэл “Н Т”ХХК нь нийт гаргасан зардлын 54 хувь, “Роүд трейд” ХХК нь 46 хувийг тус тус эзэлж байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-т “ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна”, 478 дугаар зүйлийн 478.12-т “... хариуцлагыг гишүүдийн төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж тус тус заасан. Тиймээс гүйцэтгэсэн ажлын үнийн дүн буюу ““Х З”” ХХК-иас өгсөн 516,384,721 төгрөгийг талууд нь хувь тэнцүүлэн хувааж авах ёстой. Тодруулбал, “Н Т”ХХК нь гаргасан зардлынхаа хэмжээгээр 54 хувьд ногдох 278,847,749 төгрөгийг авах эрхтэй юм. Тиймээс талуудын гаргасан зардлыг орлогод хувь тэнцүүлж хуваан авах ёстой байтал шүүх зардлыг алдагдал гэж үзэж, тэнцүү хуваан шийдвэрлэсэн нь буруу байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т заасан “алдагдлыг талууд хамтран хариуцах тухай” зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүй, түүнчлэн “хамтран хариуцна” гэж заасан болохоос “тэнцүү хуваана” гэж заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Н Т”ХХК нь хариуцагч “Р Т”ХХК, ““Х З”” ХХК-д холбогдуулан 354 596 190 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 156 622 682 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийг болон хариуцагч ““Х З”” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 130 539 350 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан шийдвэр, магадлал аль аль нь хуулийн үндэслэлгүй болжээ.

“Н Т”ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...”Р Т”ХХКомпанитай газар шорооны ажил хийж, ашиг олохоор хамтран ажиллахаар тохирсон, ...уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг хамтран гаргахаар тохирсон боловч ...”Р Т”ХХКомпанийн захирал Ц.Мөнхбаяр боломжтой бол зардлаа гаргаад явж байгаач,  дараа тооцоо нийлье гэсэн тул өөрөөсөө бусдын техник тоног төхөөрөмжийг түрээсэлсний төлбөрт 181 241 905 төгрөг, туслах ажилчдын цалинд 4 466 129 төгрөг, бэлнээр 79 554 823 төгрөг, өөрийн тоног төхөөрөмжийг түрээслүүлсний төлбөрт 104 333 334 төгрөг нийт 354 596 190 төгрөгийг гаргасан тул уг зардлыг хариуцагчаас гаргуулна” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “...хамтран ажиллахаар тохирч, ажлыг хийхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг түрээсэлж авах, ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал хоёулаа хүлээхээр тохирсон нь үнэн, ...ажлаа бүрэн гүйцэтгээгүй 7 км замын ажлыг хийсэн, захиалагч ““Х З”” ХХКомпаниас ажлын хөлс 515 048 574 төгрөгийг авсан боловч урьдчилгаа 57 100 000 төгрөгөөс 2 900 000 төгрөгийг тухайн орон нутагт зарцуулахаар Их уул сумын дансанд, үлдэх мөнгийг ажлаа эхлүүлэхэд шаардлагатай ажилчдын орон гэр, хоол хүнс, барилгын материал аж ахуйн бараа, ажлын багаж хэрэгсэл, сэлбэг, хөдөлмөр хамгаалал, тос тосолгооны материал зэрэгт, замын ажлын нийт түлш, материалын зардалд 271 000 000 төгрөг тус тус зарцуулсан. Үлдэх 214 048 574 төгрөг нь техник түрээслэх болон бусад гэрээний дагуу төлөх төлбөрт хүрээгүй тул бид алдагдалтай ажилласан. Би хүнээс 6 850 000 төгрөгийг зээлж техникийн засвар үйлчилгээ, унааны зардалд, 4 946 880 төгрөгийн хүнсний зүйл, 1 300 000 төгрөгийн үхэр авч зарцуулсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан байна.

Хариуцагч “Р Т”ХХК нь ““Х З”” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Завхан аймгийн Их-Уул сум Тосонцэнгэл чиглэлийн автозамын КМ0+000-КМ11+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан, гэрээгээр тохирсон ажлаас 7 км замын газар шорооны ажлыг хийсэн ч захиалагч ““Х З”” ХХКомпани уг ажлыг хүлээн авч, ажлын хөлс 516 384 721 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Р Т”ХХК-д шилжүүлсэн, үлдэх 59 618 925 төгрөг төлөгдөөгүй үйл баримтыг тогтоосон баримтууд хэрэгт цугларчээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлсон эсэх асуудал эргэлзээтэй, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

“Н Т”ХХК болон “Р Т”ХХКомпанийн хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ба хэн аль нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэсэн тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нь гаргасан бүх зардлаа хариуцагчаас шаардсан, ийнхүү шаардахдаа ажлыг биечлэн гүйцэтгэсэн байхад хариуцагч “Р Т”ХХКомпани ажлын хөлсийг захиалагчаас бүрэн авсан гэж маргаснаас үзэхэд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ эсвэл ажил гүйцэтгэх гэрээ аль нь байгуулагдсныг тодорхойлох нь чухал байжээ.  

Хэрэв хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх бол шүүх гэрээний талуудын хамтын үйл ажиллагаа, оруулсан хураамж буюу хөрөнгө, хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, алдагдлыг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгөх байтал нэхэмжлэгчийн гаргасан зардлыг тэнцүү хариуцуулахаар хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.8, 478.11-д заасан зохицуулалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь “...хариуцагч оруулах ёстой хөрөнгөө оруулаагүй, түүний өмнөөс хөрөнгө оруулсан...тооцоо нийлнэ гэсэн боловч тооцоо хийгээгүй, ...уг хөрөнгийг гаргуулах...” тухай буюу гэрээний нэг тал болох хариуцагчийн оруулах ёстой хураамжийг өөрөөсөө гаргасан тул уг зардлыг шаардсан агуулгыг нэхэмжлэлд тусгасан байх ба дээрх тохиолдолд талуудын оруулах ёстой хураамж, гэрээний ашиг, алдагдал, гэрээний үүргийн хэмжээ зэрэг эрх зүйн асуудлаар шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэрлэх ёстой байжээ. Гэрээний нэг тал болох хариуцагч “Р Т”ХХКомпани өөрийн гаргасан хөрөнгө, захиалагчаас авсан мөнгөний зарцуулалтын талаар тайлбар, баримт гаргаж мэтгэлцсэн байхад шүүх уг асуудлаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан зардлын хэмжээнд дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн шүүх ““Х З”” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг бэлнээр, 271 000 000 төгрөгийн түлш, шатахуун, барилгын материал, 189 326 000 төгрөгийн дизель түлш, 4 053 650 төгрөгийн арматур, 2 410 500 төгрөгийн хайрга, 885 000 төгрөгийн цемент, 22 330 000 төгрөгийн төмөр, бэлэн хоолой зэрэг материалыг авч  автозамын барилгын ажилд зарцуулсан үйл баримтыг “Р Т”ХХК, “Н Т”ХХК маргаагүй гэж үзэхдээ уг дүгнэлтийг хийх болсон үндэслэл, баримтыг шийдвэр, магадлалдаа тусгаагүй нь буруу болжээ. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн байдлаас үзэхэд дээрх үйл баримтыг маргаагүй, зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, харин нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01813 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1972 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 1 278 234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 811 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР  

              ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА