Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-19
Дугаар 001/ХТ2017/01661
Хэргийн индекс 102/2017/00299/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Ш”ХХК
Хариуцагч “УБТЗ”
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“Ш”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1957 дугаар магадлалтай,

“Ш”ХХК-ний нэхэмжлэлтэй

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ”нийгэмлэгт холбогдох

Тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 29 057 776 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш”ХХК нь “Роснефть-Монголия” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 02/2014 тоот гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 тоот нэмэлт гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 вагонцистерн Аи-92 маркийн автобензийг ОХУ-н Иркутск мужийн Ангарск хотоос Эрдэнэт өртөө рүү ачуулсан. Вагонцистерн 2015 оны 10 дугаар сарын 16-нд Эрдэнэт өртөөнд ирж “Ш”ХХК-ийн харьяа Эрдэнэт өртөөний салаа зам дээр тавигдсан. “Ш”ХХК-ийн нярав вагоны дугаар, лац, ломбоны дугаар зэрэг холбогдох зүйлсийг дагалдаж ирсэн баримт бичигтэй тулгаж үзэхэд дараах асуудал үүссэн байсан. Үүнд: 51906576 дугаартай вагоны накладан дээрх ломбоны дугаар нь М099015, 51547545 дугаартай вагоны накладан дээрх ломбоны дугаар М099016 байсан боловч, 8640358, 8640360 гэсэн шинэ ломбо зүүсэн байсан. Анх зүүгдсэн ломбо нь гадны нөлөөтэй буюу зориуд хуссан мэт харагдаж байсан бөгөөд вагоны бичиг баримттай хамт “Акт общей формы” гэсэн 2 акт хавсаргасан байна. Уг актанд ломбоны дугаар бүдэг, үл харагдахуйц байсан тул шинэ ломбо зүүсэн гэсэн байсан. Акт нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Наушки өртөөнд үйлдэгдэж Оросын төмөр замын хэмжигч, пүүлэгч Коноваленко М.Н, Монголын төмөр замын төлөөлөгч Отгонтуяа, Пүрэвжав нар гарын үсэг зурсан, тамга тэмдэггүй байна. Вагоныг хүлээж авахад актан дээрх ломбоны дугаар шинээр зүүсэн ломбоны дугаартай таарч байсан тул вагоныг задлан хэмжилтийг хийсэн. ... Хэмжилтийг “Амбер” ХХК-ийн инспектор, нярав, экспедитор нарын хамт хэмжсэн. Ийнхүү хэмжилтийг хийж үзэхэд 51547545 дугаартай вагоноос 10.986 тонн, 51906576 дугаартай вагоноос 9.220 тонн шатахуун дутсан байсан. Өөрөөр хэлбэл, УБТЗ нь Олон Улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компани 51547545 дугаартай вагоноос алдагдсан 10.986 тонн бүтээгдэхүүн, 51906576 дугаартай вагоноос алдагдсан 9.220 тонн бүтээгдэхүүн буюу мөнгөн дүнгээр 11,634 1780 долар буюу нэхэмжлэл гарсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож 29 057 776.44 төгрөгийн хохирол амсаад байна. Манай компанийн зүгээс олон жилийн хамтран ажиллагч байгууллага, бизнесийн гол түнш гэдэг утгаараа эвийн харилцааг эрхэмлэн хариуцагч Монгол-Оросын ХНН УБТЗ-д хохирол барагдуулах талаар зохих хүсэлт, гомдлуудыг хүргүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн боловч УБТЗ-ын зүгээс асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд Монгол Улсын Иргэний хууль, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан Олон Улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр болон түүний албан заавар зэргийг үндэслэл болгож Улаанбаатар төмөр замаас учирсан хохирол болох 29 057 776.44 төгрөгийг гаргуулж “Ш”компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Г.Сарангэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын Суховская-Южная ВСЖД өртөөнөөс 2015 оны 10 сарын 10-ны өдөр ачигдсан вагон 51547545, илгээлт 20486801, вагон 51906576, илгээлт 20486847 дугаартай бензин моторны АИ-92 ачааны ачаа илгээгч нь АО “РН -транс”, ачаа хүлээн авагч нь “Ш”ХХК бөгөөд 2016 оны 10 сарын 15-нд Эрдэнэт өртөөнд ирж, 2016 оны 10 сарын 18-нд буулгахад №51547545 вагон нь тээврийн бичиг баримтаар илгээгчийн ЗПУ СПРУТ -777М РЖДМ 0919016 ломботой боловч биөт байдалд СПРУТ -777М РЖД дугаар нь балархай, нөгөө нь Наушки өртөөний ЗПУ Блок -Гарант Т 8640360 ломботой, № 51906576 вагон нь тээврийн бичиг баримтаар илгээгчийн ЗПУ СПРУТ-777М РЖДМ 0919015 ломботой боловч биет байдалд СПРУТ - 777М РЖД дугаар нь балархай, нөгөө нь Наушки өртөөний ЗПУ Блок -Гарант Т 8640358 ломботой тус тус ирсэн ба илгээгчийн ломбоны зарим дардас балархай ирсэнтэй холбогдуулан хүлээн авагчийн хүсэлтээр хэмжилт хийж, вагоныг буулгахад №51547545 вагонд падаанаар ачааны жин 52940 кг боловч биет байдалд 41953 кг байж 10987 кг дутуу, № 51906576 вагонд падаанаар 61500 кг боловч биет байдалд 52182 кг болж 9 318 кг дутсан нь Эрдэнэт өртөөнд үйлдэгдсэн. Тээврийн акт 1, 2-д тус тус тусгагдсан. Ачаа хүлээн авагч “Ш”ХХК нь 2015 оны 10 сарын 20-ны В/846 албан тоотоор ачааны дутагдлын төлбөрт 11,634 ам доллар нэхэмжилсэн гомдол гаргасан. Уг вагонуудыг хилийн Сүхбаатар өртөөгөөр хүлээн авахад ОХУ-ын Наушки өртөөний илгээгчийн ломбоны дардас уншигдахгүй, ачаанд халдсан шинж тэмдэггүй тул нэмэлтээр вагон тус бүрт ломбо тавьсныг 317, 318 тоот ерөнхий маягтын акт үйлдэж 2 талын агентууд гарын үсэг зурж, 2015 оны 10 сарын 14-ний 02 цаг 50 минутанд 2659/2646 дугаар дамжуулах хүснэгтээр ерөнхий маягтын акт болон шинээр тавьсан ломбоны тэмдэглэгээг хийж хүлээлцсэн. УБТЗ-ын Сүхбаатар өртөөгөөр хөрш төмөр замаас ачааг хүлээн авахдаа Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн хавсралт 1. Ачаа тээвэрлэх дүрмийн 25.2-д заасны дагуу падааны зохих хүснэгтэнд шинээр тавьсан ломбоны тэмдэг тэмдэглэгээг хийлгэж, албан зааврын 10.12, 10.13 дахь заалтуудыг мөрдлөг болгон хүлээн авч, Оросын төмөр замын 2 ш ломбоор ачаа хүлээн авагчид ачааг олгосон болно. УБТЗ нь Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн албан зааврын 9. “Гомдол хянан шийдвэрлэх журам”-ын дагуу гомдлыг Оросын төмөр замын харъяа Дорнод Сибирийн төмөр зам болон Новосибирск хотын Баруун сибирийн төмөр замд 2015.11.26-ны өдрийн №93/1713 , 2016.01.21-ны №93/115, 2016.05.24-ны 93/752 албан тоотуудаар хандсан боловч татгалзсан хариу ирүүлсэн тул 2016.07.22-нд №93/1084 тоотоор Москва хот дахь Оросын төмөр замын төв байгууллагад хандсан боловч мөн л татгалзсан хариу ирүүлсэн болно. “Ш”ХХК-ний ачааны дутагдалд УБТЗ дараах үндэслэлээр хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: ОХУ-ын Суховская-Южная өртөөнд ачаа илгээгч АО “РН-Транс” ачааг 51547545, 51906576 вагонуудад ачиж, илгээгчийн тус бүр 1 ш ломбоор вагонуудыг ломбодон, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ачааг хамгаалалттай тээвэрлэх №9/НОР-3/1107/ЮТ/819/2012 гэрээг ачаа илгээгч хийж, уг вагонууд нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хамгаалалттай тээвэрлэгдэн Наушки өртөө хүртэл тээвэрлэгдсэн. Энэ нь тээврийн бичиг баримт болон вагоны хуудсанд “ОХРАНА 932300”тэмдэглэгээ хийгдсэнээр баталгаажсан байна. Наушки өртөөнд дээрх 2 вагоны илгээгчийн 2 ломбоны дардас балархай боловч, тасраагүй ирснийг тус өртөө холбогдох актаар тодорхойлж, нэмэлт ломбо зүүсэн ба ОХУ-д тавигдсан 2ш ломбоор хилийн Сүхбаатар өртөө хүлээн авч монголын нутаг дэвсгэрээр тээвэрлэн бүрэн бүтэн байдлаар нь хүлээн авагчид олгосон. ОХУ-аас ачааг хүлээн авахад хөрш төмөр замуудын ачаа дамжуулах холбогдох дүрэм зааврыг мөрдлөг болгон ажилласан. Ачаа хүлээн авагч “Ш”ХХК-ний ачааны дутагдал нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үүссэн, ачаа илгээгч ачааг ачиж, хамгаалалттай тээвэрлэх гэрээг хийж тээвэрлүүлсэн боловч дээрх гэрээ зөрчигдөж, ломбоны дардас балархай аль өртөөний ломбо нь тодорхой бус Наушки өртөөнд ирсэн. Тухайн ачааны хувьд шилжүүлэн ачилт хийгдээгүй, харин ачаа дамжуулалт хийгдсэн. Тээвэрлэгчид хоорондын ачаа дамжуулалтыг хэлэлцээрийн 10 дугаар зүйлд зохицуулсан. Үүний дагуу ачааг дамжуулж авсан. Ломбоны дардас балархай байсан гээд ачааг хүлээн авахаас татгалзах эрх тээвэрлэгчид байхгүй. Ямар тохиолдолд татгалзаж болох вэ гэхээр ачааны баглаа боодол нь ачааг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон, ачааг тухайн улсын хуулиар оруулахыг хориглосон, падаан болон баримт бичиг дутуу зэрэг зөрчлүүд байгаа тохиолдолд болдог. Хүлээн авч байгаа тээвэрлэгчийн шаардлагаар хүлээлгэн өгч байгаа тээвэрлэгч дараах тохиолдолд хамтран ачааг шалгадаг, үүнд ачааг дамжуулах үед ломботой воган болон чингэлэгт илэрсэн гэмтэл нь ачааг бүрэн эсвэл, хэсэгчлэн алдах гэмтэх нөхцөлийг үүсгэсэн, эсвэл үүсгэж болзошгүй байвал гэж заасан байгаа. Ачааны хувьд алдагдсан, асгарсан шинж, нээгдсэн, хаагдсан зүйл байхгүй, ломбоны бүрэн бүтэн байдал алдагдаагүй, зөвхөн дардас нь уншигдахгүй байсан. Иймд ачааг хамтран шалгах үндэслэл байхгүй байсан. УБТЗ хариуцлага хүлээх үндэслэлгүй нь Хэлэлцээрийн 39.3 дахь хэсэгт онцгой нөхцөлтэй тээвэрлэгдсэн ачаа дутсан, гэмтсэн нөхцөлд хариуцлагыг тээвэрлэгч хүлээхгүй бөгөөд онцгой нөхцөлт гэрээнд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Энэ зүйл заалтыг мөн үндэслэн УБТЗ хариуцлага хүлээхгүй, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж үзэж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 393-р зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ”нийгэмлэгээс 29 057 776 /хорин есөн сая тавин долоон мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн “Ш”ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1957 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 239 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнд-Очир хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1957 дугаартай “Ш”ХХК болон “УБТЗ”хувь нийлүүлсэн Нийгэмлэг /цаашид “УБТЗ ХНН” гэх/-д холбогдох магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхийн магадлалын хянах хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эрдэнэт өртөөнд “Роснефть-Монголия” ХХК-иас худалдан авсан 2 вагонцистерн АИ-92 маркийн автобинзенийг хүлээн авахад ломбоны лац өөрчлөгдсөн байсан тул ачааг задалж хэмжилт хийхэд нийт 20 206 тонн дутсан болох нь тогтоогдсон. “УБТЗ”нь ОХУ-аас ачаа орж ирэхэд лац, ломбо өөрчлөгдсөн байхад хэмжилт хийж хүлээн авах үүргээ зөрчсөнөөс уг хохирол учирсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэжээ. Юун түрүүнд, маргааны үйл баримтын тухайд ачаа Наушки өртөөнд ирэх үед маргаан бүхий вагонцистерний ломбонуудын хяналтын дугаар хусагдсан шинж тэмдэгтэй, балархай, харагдахгүй байсан тул шинээр ломбо тавьсан тухай №317 болон 318 тоот ерөнхий маягтын актыг хариуцагч УБТЗ ХНН үйлдээгүй ба ОХУ-ын төмөр замын байгууллагын холбогдох ажилтнууд Наушки өртөөн дээр үйлдэж УБТЗ ХНН-д хүлээлгэн өгсөн байдгыг дурдах нь зүйтэй. Шүүхийн магадлалын хянах хэсэгт Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрт ачааны ломбо өөрчлөгдсөн, бүдгэрсэн, солигдсон тохиолдолд ачааг дамжуулан тээвэрлэгч буюу “УБТЗ”тэр даруй ачааг задалж, хэмжилт хийж ОХУ-ын Дорнод сибирийн төмөр замаас ачааг хүлээн авах үүргийн талаар заагаагүй байна гэж дурдсан байдаг. Харин тус Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн албан зааврын 10 дугаар зүйл Тээвэрлэгч хоорондын ачаа дамжуулалт 10.15 дах хэсэгт Хүлээн авч буй тээвэрлэгчийн шаардлагаар хүлээлгэн өгч буй тээвэрлэгч дараах тохиолдолд хамтран ачааг шалгана гээд, “ломботой вагон болон чингэлгийг дамжуулах үед ломбоны бүрэн байдал алдагдсан шинж тэмдэгтэй эсвэл падаанд заасантай тохирохгүй байвал хүлээн авч буй тээвэрлэгч хүлээлгэн өгч буй тээвэрлэгчээс гэмтэлтэй ломбыг солих эсвэл ачааны жин болон байрын тоог шалгаж хүлээлцэхийг шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Шүүхийн магадлалын хянах хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 28 дугаар зүйлийн “б”-д “Хүлээн авагч шаардлагатай гэж үзвэл дээрх ачааг төмөр замын байгууллагын төлөөлөгчийг байлцуулан, тухайн өртөөн дээр задлан шалгаж болох бөгөөд ачаа гэмтсэн, дутагдсан байдал илэрвэл зохих журмын дагуу тээврийн акт гаргана гэсэн боловч нэхэмжлэгч “Ш”ХХК нь Эрдэнэт өртөөнд ачааг хүлээн авахдаа төмөр замын төлөөлөгчийг байлцуулалгүйгээр “Амбер” ХХК-иар хэмжилт хийлгэсэн байна гэжээ. Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 28 дугаар зүйлд “Хүлээн авагч шаардлагатай гэж үзвэл дээрх ачааг төмөр замын байгууллагын төлөөлөгчийг байлцуулан, тухайн өртөөн дээр задлан шалгаж болох бөгөөд ачаа гэмтсэн, дутагдсан байдал илэрвэл зохих журмын дагуу тээврийн акт гаргана" гэж заасны дагуу төмөр замын төлөөлөгчийг байлцуулалгүйгээр, өөр гуравдагч этгээд буюу итгэмжлэгдсэн лаборатори болон Амбер ХХК-иар хэмжилт хийлгэн хүлээн авсан нь УБТЗ ХНН-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь уг заалт нь “Ш”ХХК-д үүрэг болгосон утгатай зохицуулалт биш бөгөөд зөв утга нь “гэмтэлгүй вагонд илгээгч хариуцан ачиж, илгээгчийн бүтэн ломботой ирсэн ачаа, түүнчлэн задгай хөдлөх бүрэлдэхүүн буюу битүү вагонд ломбогүй тээвэрлэж байгаа ачаа нь дутагдсан, эвдэрсэн, гэмтсэн шинж тэмдэггүй байвал ачааг хүлээн авагчид шалгахгүйгээр олгох” ба энэ тохиолдолд шаардлагатай гэж үзвэл төмөр замын төлөөлөгчийг байлцуулж болох тухай зохицуулалт. Харин эсрэгээрээ 28 дугаар зүйлийн “а”-д зааснаар “гэмтэлтэй вагон, чингэлгэнд ачигдсан, гэмтсэн ломботой ачаа болон төмөр замын өртөөний ломботой вагон, чингэлэгт ачаа ирсэн” тохиолдолд “ачааны байдал, хүндийн жин, тоо ширхэгийг төмөр замын байгууллага очих өртөөн дээр шалгах үүрэгтэй” гэж төмөр замын байгууллагад үүрэг болгосон атал төмөр замын байгууллага нь тус үүргээ хэрэгжүүлээгүй. Эндээс УБТЗ-ын төлөөлөгч ачааг задлах үед байлцаагүй гэдэг нь УБТЗ ХНН-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй буюу Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67 дугаар зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Нөгөө талаас, “Ш”ХХК нь хөндлөнгийн буюу гуравдагч этгээд /”Амбер” ХХК-Хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори/-ийн оролцоотойгоор ачааг задалсан ба энэ талаар хүчин төгөлдөр акт, протокол үйлдсэн. Нөгөө талаас “Ш”ХХК нь УБТЗ ХНН-ийг ачааны ломбыг өөрчилсөн, гэмтээсэн гэж буруутгаагүй бөгөөд гагцхүү илтэд зөрчигдсөн, бүрэн бүтэн байдал нь алдагдсан ломбо бүхий ачааг шалгаж хүлээн авах эрх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас “Ш”ХХК-ийн гаргасан гомдол, алдагдсан ачаанд холбогдуулж ОХУ-ын Төмөр замын байгууллага хариуцлага хүлээхгүй талаар ОХУ-ын Төмөр замын байгууллагаас ирүүлсэн гомдлын хариу, албан бичиг, тайлбар зэргээр дурдаж ирүүлж байсан ба дээрх эрх үүргээ хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй УБТЗ ХНН нь холбогдох хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хоёулаа хууль хэрэглээний алдаа гаргасан. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэдгийг баримтлаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Гэтэл Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.1-т зааснаар буюу “Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг бүхэлд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болох” ба энэ удаагийн маргаан бүхий ачаа тээвэрлэлт нь дамжуулан гүйцэтгэх ачаа тээвэрлэлт болно. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 14 дүгээр зүйл “Тээврийн гэрээ” 14.5-т Тээвэрлэлтэнд оролцож буй дараагийн тээвэрлэгчид ачааг падааны хамт тээвэрт хүлээж авахдаа тээврийн гэрээнд оролцогч болох ба гэрээнд заагдсаны дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл 2 шатны шүүх иргэний хуулийн 393.1-ийг баримтлан ОХУ-ын төмөр замын байгууллагаас ачааг хүлээн авснаас хойшхи хугацааг чухалчилж, энэ хооронд ачаа алдагдаагүй, УБТЗ ХНН хариуцлага алдаагүй тул гэм буруугүй, хариуцлага хүлээхгүй гэж дүгнэсэн. Үнэн хэрэгтээ УБТЗ иргэний хуулийн 396.1 болон олон улсын хэлэлцээрийн 14.5-т зааснаар УБТЗ ХНН нь энэхүү тээвэрлэлтийн гэрээний харилцаа, түүнд үүсэх үүргийг бүхэлд нь хариуцах ёстой. Энд зөвхөн ачааг хүлээж авснаас эхлээд “Ш”ХХК-д олгох хүртэлх хугацааны асуудал яригдах ёсгүй. Нэхэмжлэгчийн зүгээс УБТЗ нь ачааг хүлээж авснаас хойш ачааг алдагдуулж, дутаасан, ломбо лацыг өөрчилсөн гэж буруутгаагүй ба гагцхүү илтэд ломбоны зөрчилтэй буюу ломбоны хяналтын дугаар арилж, бүрэн бүтэн байдал нь алдагдсан ломботой ачааг шалгалгүйгээр, ачааны жин бүрэн эсэхийг хүлээлгэн өгч буй тээвэрлэгчээс шаардаж, хамтран шалгалгүйгээр хүлээн авсан нь өөрөө УБТЗ ХНН-д хариуцлагын асуудлыг бий болгож байна. Энэ талаар ч маргаан бүхий тээвэрлэлтийн нөгөө тээвэрлэгч болох ОХУ-ын төмөр замын байгууллагаас үндэслэл бүхий хариу, холбогдох тайлбарыг нэхэмжлэгчийн хохирол барагдуулах гомдлыг тээвэрлэгч байгууллагууд судлах явцад өгсөн байдаг. Дээр дурдсанчлан, ачаа хүлээн авагч нь өөрийн салбар зам дээр тээвэрлэгчийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр лац ломбыг авч, хэмжилт хийсэн нь Төмөр замын тээврийн үндсэн дурмийн 28.6-г зөрчөөгүй, УБТЗ-ын төлөөлөгч ачааг задлах үед байлцаагүй гэдэг нь УБТЗ ХНН-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй буюу Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67 дугаар зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Нөгөө талаас, “Ш”ХХК нь хөндлөнгийн буюу гуравдагч этгээд /“Амбер ” ХХК-Хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори/-ийн оролцоотойгоор ачааг задалсан ба энэ талаар хүчин төгөлдөр акт, протокол үйлдсэн байдаг. Нөгөө талаас тээвэрлэгч нь Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 39-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 39 дүгээр зүйлийн 39.3 дах хэсэгт ачааг онцгой нөхцөлт гэрээтэйгээр тээвэрт хүлээн авсан үед тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн тохиолдолд хариуцлагыг тээвэрлэгч хүлээхгүй бөгөөд онцгой нөхцөлт гэрээнд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг ба харин “Ш”ХХК-ийн зүгээс ачааг тээвэрлэгч УБТЗ ХНН болон Оросын төмөр замын байгууллага, мөн ачааг илгээгч “РН-ТРАНС” Хувьцаат нийгэмлэг болон ачааг худалдагч Роснефть-Монголия ХХК нартай онцгой нөхцөлт гэрээ болон ямар нэгэн хамгаалалтын гэрээ огт байгуулаагүй, эдгээр төрлийн эрх зүйн баримт бичиг, гэрээ хэлцэл байхгүй гэдэг нь анхан шатны шүүх хурлаар тогтоогдсон. Зөвхөн Роснефть-Монголия ХХК- тай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, УБТЗ ХНН-тэй Монгол Улсын Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх заалтад заасны дагуу энгийн ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр буюу Хэлэлцээрийн 14 болон 15 дугаар зүйлд заасан Падааны хэлбэрээр байгуулсан. Энэ нь ямарваа нэгэн онцгой нөхцөлт гэрээ биш бөгөөд Иргэний хууль болон Хэлэлцээрт заасан энгийн тээвэрлэлтийн гэрээ юм. Нөгөө талаас, “Охрана” гэсэн тэмдэглэгээ дарагдсан нь онцгой нөхцөлт гэрээ гэсэн утгатай биш. Харин Хэлэлцээрийн хавсралт “Ачаа тээвэрлэх дүрэм”-ийн IV бүлэгт “Зарим төрлийн ачааг тээвэрлэх онцгой нөхцөл”-ийн тухай заасан байдаг ба тус бүлгийн 21 дүгээр зүйлд хялбар шатамхай ачаа тээвэрлэх бол “Хялбар шатамхай”, “Халхлалт” гэсэн тэмдэглэгээ тавиад тээвэрлэх тухай тусгасан байдаг ба уг шаардлагын дагуу ачаа тээвэрлэгдсэн. Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 82 дугаар зүйлд төмөр замын байгууллага, ачаа илгээгч, хүлээн авагч, зорчигчид эд материалын хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх баримт нь тээврийн акт болно, түүнчлэн Хэлэлцээрийн 3 7 дугаар зүйлд тээвэрлэгч хариуцлага хүлээх үндэслэл нь ачаа үрэгдсэн, дутсан, гэмтсэн /муудсан/ тохиолдолд тогтоогдсон тээврийн актаар баталгаажна гэж тус тус заасан байдаг атал Шүүхээс тээвэрлэгч нь Ерөнхий маягтын акт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт-импортын барааны хяналт шалгалтын ЭТ-124-15 тоот акт, инспекторын 2015 оны 10-р сарын 17-ны өдрийн 2535/15 тоотакт, 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн рапортыг үндэслэн 2015 оны 10-р сарын 18-ны өдөр 01, 02 тоот “Тээврийн акт” үйлдсэн нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэсэн нь буруу юм. Төмөр замын байгууллага Олон Улсын Төмөр Замын Ачааны Харилцааны Хэлэлцээрийн Албан зааврын 10.11, 10.12, 10.13 дахь хэсэгт заасны дагуу акт үйлдэж, ломбо тавьсан гэж шүүх дүгнэсэн боловч, тус зааврын 10.15 дахь хэсэгт “ломботой вагон болон чингэлгийг дамжуулах үед ломбоны бүрэн байдал алдагдсан шинж тэмдэгтэй эсвэл падаанд заасантай тохирохгүй байвал хүлээн авч буй тээвэрлэгч хүлээлгэн өгч буй тээвэрлэгчээс ачааны жин болон байрын тоог шалгаж хүлээлцэхийг шаардана” гэсэн УБТЗ ХНН-ийн шаардлагаар ОХУ-ын төмөр замын байгууллагатай хамтран ачааны жинг шалгаж хүлээн авах талаар огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, тус зааврын 9.2.5.2 дахь хэсэг дэх хэрэв тээвэрлэлтэд оролцсон тээвэрлэгч нар гомдлыг судлаад нөхцөл байдлын улмаас хариуцагч тээвэрлэгчийг тогтоох боломжгүй, гомдол нь үндэслэлтэй бөгөөд барагдуулах шаардлагатай бол зохицуулагч тээвэрлэгч /УБТЗ ХНН/ нь гомдол гаргагч /”Ш”ХХК/-д хохирлын нөхөн төлбөрийг төлөх, эсвэл хохирол нь өөрийнх нь хэсэгт болоогүйг баталсан тээвэрлэгчээс бусад бүх тээвэрлэгчид падаан дахь тээвэрлэгч нарын хооронд ачааг шилжүүлсэн тэмдэглэлийг үндэслэн тогтоосон бодит аялалын замын тарифт км-т хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг хуваарилна гэсэн УБТЗ ХНН-ийн “Ш”ХХК-ийн өмнө хүлээх үүргийн тухайд мөн ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шүүх шийдвэр гаргасан. Түүнчлэн, ачаа тээвэрлэлтэнд нөлөөлсөн эсвэл нөлөөлж болзошгүй шалтгааныг тогтоодог “Ерөнхий маягтын акт”-д ачааны ломбоны баталгаат, бүрэн бүтэн байдал, ачаа илгээгчийн ломбо мөн болохыг нотолдог чухал мэдээлэл болох хяналтын тэмдэг хусагдаж арилсан байдалтай байсаар байхад, ачааны жин, байрыг шалгах үүргээ биелүүлэлгүйгээр хүлээн авсан УБТЗ ХНН-ын үйлдэл, зөрчлийн талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Цаашлаад, УБТЗ ХНН-ийн ачааны харилцааны хэлэлцээр болон албан зааварт тусгагдсан заалтыг зөрчиж, ачааг шилжүүлэх үед ачаа хүлээлгэн өгч буй тээвэрлэгчээс ачааны жинг шалгахыг шаардаагүй, шалгалт хийгээгүй, үүргээ биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаагүй нь УБТЗ ХНН-ийн буруу тул холбогдох хариуцлагыг УБТЗ ХНН хүлээх ёстой талаар дурдаж ирүүлсэн ОХУ-ын төмөр замын байгууллага /Тээврийн үйлчилгээний төвийн “РЖД” хувьцаат компанийн салбар-Тээврийн үйлчилгээний баруун Сибирийн бүс нутгийн төвийн 2016.06.29 огноотой, 10/28 дугаартай албан бичиг, мөн төвийн 2016.06.29 огноотой, 10/29 дугаартай албан бичиг, “Оросын Төмөр Зам” хувьцаат нийгэмлэгийн 2016.01.29 огноотой Цех-15544 дугаартай албан бичиг/-ын хариу тайлбар, гомдлын хариу албан бичгүүдийн талаар огт үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь 102/ШШ2017/01215 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй болгосон. Дээрхээс үзвэл Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1957 дугаартай магадлал нь Баянгол Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаартай шийдвэрийг зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ” гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Иймд, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1957 дугаартай магадлал болон Баянгол Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Ш”ХХК-ийн “УБТЗ”ХНН-ээс тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 29 057 776 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “...ачааны ломбон дээрх хяналтын тэмдэг хусагдсан, шинэ ломбо зүүсэн байхад ачааг шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байхад шүүх дүгнэж чадаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, ...энгийн ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байхад онцгой нөхцөлт гэрээ байгуулагдсан гэж алдаатай дүгнэсэн, ...Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй...” гэсэн үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

“Ш”ХХК нь хариуцагч Улаанбаатар төмөр замд холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 29 057 776 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар ОХУ-ын “Роснефть-транс” компаниас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 вагонцистерн АИ-92 маркийн автобензинийг Эрдэнэт өртөө рүү тээвэрлүүлсэн, хүлээн авагч нь “Ш”ХХКомпани, ачааг хүлээн авах үед вагоны ломбон дээрх тэмдэг бүдгэрч өөрчлөгдсөн, шинэ ломбо зүүсэн байсан, нэхэмжлэгч нь ачааг задалж хэмжилт хийхэд шатахуун дутсан үйл баримт тогтоогджээ.

Тээвэрлэлтийг ОХУ-ын Наушки өртөө хүртэл ОХУ-ын Дорнод сибирийн төмөр зам, Сүхбаатар өртөөнөөс Эрдэнэт хүртэл “УБТЗ”гүйцэтгэсэн байх бөгөөд “УБТЗ”ачааг хүлээн авахад ОХУ-ын Дорнод сибирийн төмөр зам вагоны ломбонуудын арын дугаар бүдгэрсэн байсан, шинээр ломбо давхар зүүсэн байсан тул энэ тухай акт үйлдэж, ачааг хүлээн авагч “Ш”ХХК-руу илгээж, түүний хүсэлтээр Эрдэнэт өртөө рүү явуулсан байна.

1951 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар тээвэрлэгч нь тус хэлэлцээрийн 39 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7-д зааснаас бусад тохиолдолд тээврийн гэрээнээс үүдэлтэй хариуцлагыг илгээгч болон хүлээн авагчийн өмнө хүлээдэг байна. Тээвэрлэгч нь ачааг тээвэрт хүлээн авсан үеэс олгох хүртэл хугацаанд ачаа үрэгдэх, дутах, гэмтэх тохиолдолд хариуцлага хүлээдэг ба нэхэмжлэгч “Ш”ХХК нь хариуцагч Улаанбаатар төмөр замыг ачааг дамжуулан хүлээн авах үедээ ачааны ломбон дээрх “хяналтын тэмдэг” бүдгэрсэн байхад хамтран шалгах үүргээ биелүүлээгүй гэж хариуцагч Улаанбаатар төмөр замыг буруутгажээ.

Тээвэрлэгч хоорондын харилцааг “Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн албан заавар” гэх хэм хэмжээгээр илүү нарийвчлан зохицуулсан байна. Уг зааврын 10.15-д хүлээн авч буй тээвэрлэгчийн шаардлагаар хүлээлгэн өгч буй тээвэрлэгч хамтран шалгах тохиолдлуудыг, 10.17-д аюултай ачаатай вагоныг дамжуулах үед баримтлах журмыг тус тус зохицуулжээ.

“УБТЗ”ачааг хүлээн авах үедээ 2 вагоны ломбон дээрх хяналтын тэмдэг балархай, бүдэг байсан зөрчлийг анзаарсан, харин хүлээлгэн өгч буй тээвэрлэгч ОХУ-ын Төмөр зам нь шинээр дахин ломбо тавьсан, тээвэрлэгч нар хамтран акт үйлдэж, энэ талаар актад тэмдэглэсэн байна. “Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн албан заавар”-ын 10.12, 10.13, 10.19-т зааснаар ломбоны мэдээллийг бичиж, акт үйлдэн, ОХУ-ын Төмөр зам ачааг Улаанбаатар төмөр замд хүлээлгэн өгсөн ба  “УБТЗ”ачааг тэр байдлаар нь ачаа хүлээн авагч “Ш”ХХКомпанид хүлээлгэн өгчээ.

Ачааны ломбо гэмтэлтэй гэх байдал ачааг хүлээн авах үед тогтоогдсон, энэ талаар акт үйлдэж, шинээр ломбо тавьснаас үзэхэд ломбо гэмтсэн зөрчил нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр, тухайн улсын тээвэрлэгчийн үйлдэлтэй холбоотой буюу Улаанбаатар төмөр замд ачааг хүлээлгэн өгөхөөс өмнө гарсан зөрчил байна. Тийм учраас Улаанбаатар төмөр замыг буруутгах боломжгүй юм. “Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн албан заавар”-ын 10.15-д “Хүлээн авч буй тээвэрлэгчийн шаардлагаар хүлээлгэн өгч буй тээвэрлэгч дараах тохиолдолд хамтран ачааг шалгана. Үүнд 1)хэрвээ ачааг дамжуулах үед ломботой вагон болон чингэлэгт илэрсэн гэмтэл нь ачаа бүрэн ба хэсэгчлэн алдагдах, гэмтэх нөхцөлийг үүсгэсэн эсвэл үүсгэж болзошгүй бол, 2)вагон болон чингэлэгээс ачаа асгарсан, гоожсон ул мөртэй бол, 3)ачааг дамжуулах үед вагоны нээлхийнүүд хаагдаагүй эсвэл нээлхий түгжигдээгүй байвал, 4)хэрвээ задгай хөдлөх бүрэлдэхүүнд тээвэрлэж буй ачааг дамжуулах үед ачаа дутсан эсвэл гэмтсэн гэж үзэх үндэслэл байвал. Ломботой вагон болон чингэлгийг дамжуулах үед ломбоны бүрэн байдал алдагдсан шинж тэмдэгтэй эсвэл падаанд заасантай тохирохгүй байвал хүлээн авч буй тээвэрлэгч хүлээлгэн өгч буй тээвэрлэгчээс гэмтэлтэй ломбыг солих эсвэл ачааны жин болон байрын тоог шалгаж хүлээлцэхийг шаардах эрхтэй” гэж заасан ба энэ үндэслэл тогтоогдоогүй тул Улаанбаатар төмөр замыг хамтран шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. 

Түүнчлэн “Ш”ХХК нь Эрдэнэт өртөөнд ачааг хүлээн авахдаа төмөр замын төлөөлөгчийг байлцуулалгүйгээр ачаанд хэмжилт хийлгэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 28 дугаар зүйлийн “б”-д “Хүлээн авагч шаардлагатай гэж үзвэл дээрх ачааг төмөр замын байгууллагын төлөөлөгчийг байлцуулан, тухайн өртөөн дээр задлан шалгаж болох бөгөөд ачаа гэмтсэн, дутагдсан байдал илэрвэл зохих журмын дагуу тээврийн акт гаргана” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон, хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1957 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 303 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА