Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-27
Дугаар 001/ХТ2018/00036
Хэргийн индекс 181/2017/01017/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч С.Н
Хариуцагч “Х Б” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

С.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01762 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1859 дугаар магадлалтай,

С.Нгийн нэхэмжлэлтэй

“Х Б” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, М.Жаргалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь 2003-2004 онуудад Өвөрхангай аймаг дахь банкны салбарт нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2008 оны 8 дугаар сараас “Х Б”ны төв албанд тасралтгүй 7 жил Аудитороор ажилласан. Улмаар 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс Төв аймаг дахь “Х Б” дахь салбарын захирлаар шилжин ажиллаж, 2016 оны 10 дугаар сараас жирэмсний амралтаа авсан. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажлаа үнэнч шударгаар хийж, банкны ажилтны хийсэн ашиглангийн үйлдлүүдийг илрүүлэх, үүссэн эрсдлийг багасгах, үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох газар хэлтэс, салбар нэгжүүдэд зөвлөгөө зааварчилгааг өгч ажиллан дотоод аудитын газрын үе үеийн захирлуудад сайшаагдаж ирсэн бөгөөд үндсэн ажил үүрэгтэй холбоотой ажлын хариуцлага алдан сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дотоод аудитын газрын ахлах аудитор А.Самбуу утсаар холбогдон ирж уулзахыг хүссэн бөгөөд тухайн өдөр очиж уулзсан. Ингэхэд С.Нг зээл олгож хувь авсан, харилцагч З.Энхээ гэх зээлдэгчийн зээл хэрхэн олгогдсон талаар тодруулж асуусан юм. Мөн С.Нг авилга авсан хэрэгт холбогдсон, уг зээлийн хамтран зээлдэгч Д.Отгонбаатар гэх этгээд нь хил гарч ор сураггүй алга болж зээл эрсдсэн, харилцагчтай бүлэглэн зээл гаргаж, мөнгө авсан үүнийг шалгуулахаар цагдаад өгсөн тухай хэлж, С.Нг авилга аваагүй гэдгээ холбогдох байгууллагад өөрөө нотлоорой гэж хэлсэн. С.Н “Х Б”ны зээл олгох журмын дагуу зээлдэгч З.Энхээ гэгчид зээл олгосон бөгөөд зээлдэгч 2017 оны 1 дүгээр сард зээлээ бүрэн төлж дуусгасан. 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед “Х Б”ны хүний нөөц хариуцсан мэргэжилтэн холбогдож, маргааш өдөр ирж уулз гэж дуудсан. Маргааш нь буюу 02 дугаар сарын 15-ны өдөр очиж уулзахад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн В\245 дугаартай ажлаас халсан тушаал танилцуулсан. В\245 дугаар тушаалын агуулгыг харж байхад С.Нг зээлдэгчтэй хувийн харилцаа тогтоосон, бусдын нэр дээр өөр этгээдэд зээл олгосон үйлдлийн улмаас Банкны ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, эрх зүйн актад заасан үйл ажиллагааг зөрчсөн үүний улмаас Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүссэн тухай дурдаж тушаалынхаа гол үндэслэл болгосон байна. Гэвч өнөөдрийн байдлаар С.Нд холбогдуулж цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан үйлдэл, үйл ажиллагаа байхгүй тул ажил олгогчийн энэхүү ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. “Х Б” нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээл олгохдоо хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж, зөрчлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр илрүүлснээр тооцож, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуульд заасан 1 сар, 6 сарын хугацаа өнгөрсний дараа ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад сунгаагүй байж хөдөлмөрийн гэрээгээр тухайлан заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй, мөн жирэмсний амралтаа авсан, ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны гэрээг цуцалсан нь мөн зүйлийн 40.3-т нийцээгүй. Иймд С.Нг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь “Х Б”ны Зуунмод салбарын захирлаар ажиллаж байхдаа зээл хүсэгчийн орлого буюу түүний эрхэлдэг гэх бизнесийн үйл ажиллагааны судалгааг хийлгүйгээр, зохих журмын шаардлага хангаагүй байхад өөрийн танил хүнээр дамжуулан зээлийн хүсэлтийг хүлээн авч огт бизнес эрхэлдэггүй хүнд бизнесийн зээл олгосон. Ингэхдээ зээлийн хүсэлттэй холбогдуулан барьцаа хөрөнгийг судалгааг өөрөө хийсэн, бизнесийн үйл ажиллагааны газар дээрх судалгааг хийгээгүй байж хамтарсан эрх бүхий зээлийн мэргэжилтний хамтаар зээл олгох шийдвэр гаргасан. Зээлийн хүсэлт, өргөдлийг өөрөө хүлээн авсан нь буруу, таньдаг н.Содбаяр гэгч хүнтэй хамтран зээлдэгч, Ц.Отгонбаатарын хамт уулзсан нь эргэлзээ төрүүлсэн. З.Энхээгийн нэрээр гарсан зээлийг Ц.Отгонбаатар хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Анхнаасаа зээлдэгч З.Энхээг тээврийн бизнес эрхэлдэггүй болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад зээл олгож алдаа гаргасан. Салбарын захирлын хувьд тухайн салбарт хураагдсан зээлийн хөрөнгийг хамгийн бага эрсдэлтэй эргэлтийг сонгож оруулах үүргээ зөрчсөн. Энэ байдлаар хөдөлмөрийн дотоод журам, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам болон холбогдох бусад журмыг ноцтойгоор зөрчих зэргээр хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж 5.1.3, 5.1.5, 5.1.10, 5.1.11-т заасан зөрчлүүдийг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01762 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Нг “Х Б” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа С.Нгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Х Б” ХХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1859 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01762 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1859 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т тус тус заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. С.Нгийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй “Х Б”инд холбогдуулан үүсгэсэн Иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/01762 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг дээрх магадлалаар хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлал нь дараах байдлаар үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд уг харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг хэрэглээгүй тухай: С.Н болон “Х Б” нар нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Салбар, тооцооны төвийн захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-г 6 сарын хугацаатай байгуулсан ба уг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажилласаар байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсанд тооцогдоно. Гэтэл Анхан болон Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхдээ дээрх хуулийн заалтад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй тул энэ тохиолдолд хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. 2. С.Н нь Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тухай: -Өндөр насны тэтгэврээс өөр авсан зээлээ эргэн төлөх санхүүгийн эх үүсвэр, орлогогүй хүнд, түүний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, бизнесийн зориулалтаар түүний нэр дээр бусдад зээл олгосон. -Ингэхдээ өөрийнх нь ажил, чиг үүрэгт хамааралгүй ажлыг буюу зээлийн барьцаа хөрөнгийн судалгааг өөрөө гүйцэтгэсэн, бизнесийн судалгааг хийгээгүй, ирүүлсэн баримтуудын хүрээнд зээл хүсэгч З.Энхээ нь журмын шаардлага хангаагүй байхад зээлийг олгосон. -Эдгээр нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа ба Анхан шатны шүүхээс С.Н нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тухай дүгнэсэн хэдий ч Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хууль ёсны гэж үзэхгүй байна. 3. Зээл шийдвэрлэх /Ажлын байрны тодорхойлолтын 7.23/, Салбарын төсвийг захиран зарцуулах /Хөдөлмөрийн гэрээний 4.6/ зэрэг эрх, үүрэг бүхий мөнгө, эд хөрөнгө хариуцсан албан тушаалд ажиллаж байсан С.Н нь ийнхүү журам зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан болох нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд ийнхүү итгэл алдсны улмаас Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн тушаал гарсан гол нөхцөл байдал, үндэслэлийг харгалзан үзэхийг хүсье. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг хангах  талаар хуульд нийцсэн эрх зүйн дүгнэлтийг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг дүгнэж чадаагүй, ажилтны гаргасан ноцтой зөрчил тогтоогдсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч “Х Б”инд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүү мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан...” гэж маргажээ.

Ажил олгогч “Х Б”ны хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн В/245 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 15.8, 16.1.8, хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.8, 5.1-д заасныг баримталж, С.Нг зээлийн үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, зээлийн мэргэжилтэнд тухайн харилцагчийг өөрийн таньдаг, хамаарал бүхий этгээд мэтээр ойлгуулах нөхцлийг бүрдүүлэн, шийдвэр гаргах хараат бус байдалд нөлөөлсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасныг дурьдаж, ажлаас халжээ.

С.Н нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ““Х Б”” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын албан тушаалд 6 сарын хугацаагаар дадлагажих ажилтнаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уг албан тушаалд жинхлэн томилогдсон байхад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй 2016 оны 10 дугаар сард жирэмсний амралт авч, хүүхэд асрах чөлөөтэй байгаа үйл баримт  тогтоогдсон байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба ажилтны 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гэх зөрчлийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Х Б”ны Дотоод аудитын шалгалтаар тогтоосон гэснээс үзвэл сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа өнгөрсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хуульд нийцээгүй талаар хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн зохицуулалт нь ажилтан зөрчил гаргасан бол ажил олгогч нь 6 сарын дотор, энэ хугацаанд зөрчлийг илрүүлэх, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах хугацааг тогтоосон агуулгатай юм.

С.Нг “Х Б” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 128.1.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Х Б” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн тул ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх асуудлыг хугацаагаар хязгаарлаж болохгүй бөгөөд хариуцагч нь хуульд заасан журмын дагуу ажилтныг ажиллаж байх хугацаанд болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд бичилтийг хийх үүрэгтэй болно.

Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1859 дүгээр магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА