Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-01-11
Дугаар 001/ХТ2018/00070
Хэргийн индекс 181/2017/00070/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Э.Г
Хариуцагч “ЮБЭП” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Э.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01832 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1896 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: Э.Г

           Хариуцагч: “ЮБЭП” ХХК-д холбогдох

           Гэрээний үүрэгт 6.077.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчтай НРТ14А77 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах “Хайппи таун” хотхоны ХД-73 дугаар байр, 2 дугаар орцны 14 давхарт 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.квадрат талбайг 1 880 000 төгрөгөөр буюу нийт 106 483 200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 2, 4.1.6, Иргэний хуулийн 343-385 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Хариуцагч нь орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 5-д заасан захиалагчид гэрээ ёсоор тохирсон хэмжээ бүхий орон сууцыг шилжүүлэх үүргээ зөрчиж, дутуу талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Анх уг орон сууцыг худалдаж авахад байрны талбайн хэмжээ дутуу эсэхийг нүдээр хараад мэдэх ямар ч боломжгүй. Мөн барилгыг Улсын комисс хүлээн авч, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэсэн тул тусгай зөвшөөрөлтэй компаниар дахин хэмжилт хийлгэх шаардлагагүй гэж үзсэн. Сүүлийн үед байрны оршин суугчдын дунд байрны талбайн хэмжээ дутуу, зөрүүтэй байна гэсэн мэдээлэл гарсан тул мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй “Тоонто Гранд” ХХК-иар орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд тус орон сууц 53.45 м.кв талбайтай болох нь тогтоогдсон. Хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагчид эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй атлаа дутуу хэмжээтэй орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасны дагуу 3.19 м.кв талбайн илүү төлөлтийн төлбөр 6 077 000 төгрөгийг хариуцагч “ЮБЭП” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “ЮБЭП” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хайппи таун” хотхоны 71, 72, 73 тоот барилгыг “Өндөр буянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг “Өндөр буянт холдинг” ХХК болон “Альянс техник” ХХК, “Хай кик” ХХК, “Сигма-Отис” ХХК-иудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууц нь чанар стандартад нийцсэн, барилгын зураг төслийн дагуу хийгдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарсан тул худалдан авагчдыг уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Маргаан бүхий орон сууцыг худалдан авснаас хойш хуулийн хугацаанд нэхэмжлэгч ямар нэгэн гомдол, шаардлага гаргаагүй, барилгын зураг, төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн, уг зураг төслийн дагуу баригдсан болохыг Улсын комисс тогтоосон тул хөндлөнгийн компани талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01832 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар “ЮБЭП” ХХК-иас 6 077 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЮБЭП” ХХК-иас 112 182 төгрөг гаргуулан Э.Гт олгохоор шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 23-ны өдрийн 1896 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг хяналтын гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 /эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан/-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Учир нь талбайн орон сууцны м.кв-ын дутуу гэдэг ашиглалтын явцад үүсдэг далд доголдол биш бөгөөд орон сууцыг хүлээн авах үед илрүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, заавал тусгай мэдлэг, тусгай зөвшөөрөлтэй этгээд илрүүлэх боломжтой доголдол биш бөгөөд энгийн иргэн ч хананаас хана хүртэл хэмжиж, талбайн хэмжээг олох боломжтой юм. Иргэн Э.Г нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 /Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно/-т зааснаар тухайн эд хөрөнгийг буюу орон сууцыг хүлээн авсан болох нь 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулсан гэрээг дүгнэж, орон сууцыг хүлээлцсэн акт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.                                                             ХЯНАВАЛ:

         Э.Г нь ЮБЭП ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол, ХД-73 дугаар байрны 2-р орц, 14 давхрын 149  тоот 2 өрөө орон сууцны хэмжээг 56.64 кв.м байхаар тохиролцсон байхад 53.45 кв.м байгаа тул зөрүү 3.19 кв.м үнэ 6.077.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Э.Г хариуцагчтай 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, “ЮБЭП” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД 73 дугаар байрны 14-р давхарт 56,64 кв.м талбайтай 2 өрөө орон сууцны төлбөрт 106.483.200 төгрөг өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх 6-7/

      Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг Э.Гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

      Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 дугаар актаас үзвэл /хх 31-32/ орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж зохигчид гэрээ байгуулснаас хойш 8 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дууссан болох нь нотлогджээ. 

      Нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Э.Г болон “ЮБЭП” ХХК нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ. Харин  зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд орон сууцны хэмжээ нь гэрээний гол нөхцөл байсан гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. 

       Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01832 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1896 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.3-т заасныг баримтлан  “ЮБЭП” ХХК-с 6.077.000 төгрөг гаргуулах тухай Э.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 112.200 төгрөгийг “ЮБЭП” ХХК-д  захирамжаар буцаан олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ