Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-22
Дугаар 001/ХТ2017/01716
Хэргийн индекс 181/2017/01747/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Х.Э
Хариуцагч М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Х.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01837 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2058 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Э-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч М-д холбогдох,

Сахилгын сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Монгол Улсын их сургуулийн харьяа БЭЛАС-д 2009 оны 09 дүгээр сараас эхлэн англи хэлний багшаар ажиллаж байна. 2009-2014 онд сургуулийн удирдлагын зүгээс аливаа сэтгэл санааны дарамтгүй, тайван, сургуулийн үйл ажиллагаа дүрэм журмын дагуу явагдаж байсан. Сургуулийн багш нарын амжилт, бүтээл, сахилга, хариуцлага, шагнал урамшуулал гээд бүхий л асуудлыг багш нарын хурлаар шийдвэрлэдэг байсан тул удирдлага хамт олны харилцаа сайн байсан. Гэтэл 2014 оноос Ч.Батцэцэг захирал томилогдон ирснээс хойш сурагч багш нартай холбоотой аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, улмаар дотоод журамд хүний эрх зөрчсөн заалтууд нэмэгдэж, удирдлагаас шийдвэрээ тулган хүлээлгэх замаар асуудалд хандах болсон.

Миний саналыг үл ойшоон хамт олны дунд худал мэдүүлэг өгч, сургуулийн хамт олныг доромжилж байгаа мэтээр надтай харьцаж, нэр төрд минь удаа дараа халдаж ирсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сургуулийн дотоод сүлжээг ашиглан өөрийн ажил хэргийн санал хүсэлт, тайлбар, үзэл бодлоо бичдэг болсон. Үүнээс үүдэн сургуулийн удирдлага хөдөлмөрийн дотоод журамдаа 11.2.3.ө заалтыг нэмсэн. Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн заалт гэж би үзэж байна. Гэтэл бидний зөвшөөрөхгүй байсан хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3.ө заалтаар намайг буруутган сахилгын арга хэмжээ авсан. Ч.Батцэцэг захирал надтай зүй бусаар харьцдаг. Би хувийн амьдрал асуудлаа сургуулийн дотоод сүлжээнд бичээгүй. Харин нийт багш сурагчдын эрх ашгийн төлөө асуудалд бодитой шударга хандаасай гэж хүсч бичдэг байсан. Захирал надтай хувийн харьцаагаар харьцаж ажил хэргийн нэр хүндэд байнга халдаж ирсэн бөгөөд энэ сахилгын шийтгэл нь анхных биш. Би удирдлагаас надад ногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд сургуулийн захирал Ч.Батцэцэгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би БЭЛАС-ийн захирлаар томилогдоод 3 жил болж байна. Х.Э- багшийн удаа дараагийн буруутай үйлдэлд өмнө нь нэг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Шинэчлэн баталсан журамд “тухайн хичээлийн” гэдгийг тодотгон заасан. Үүнд Х.Э- багш миний санал шүүмжлэлийг зөв байсныг ойлгоод журмаа өөрчилсөн гэж ярьж байгаа нь буруу, тийм юм байхгүй. Тус сургуульд хэн ч өргөдөл, хүсэлт гаргах болон дотоод сүлжээгээр саналаа илэрхийлэх эрх нээлттэй. Харин худал, дутуу мэдээлэл цацах, бусдыг гүтгэх, нэр хүндэд халдах нь зохисгүй үйлдэл. Багш Х.Э- тус сургуулийн сургуулийн дотоод сүлжээ болон хамт олны өмнө багш Болормаа, багш Б.Булгамааг удаа дараа дайрч гутаан доромжилж, багш О.Орхонбаатарыг Монгол Улсын их сургуулийн хэмжээний удирдлага 30 гаруй хүнд худал гүтгэсэн цахим захидлыг бичсэн. Х.Э- багшийг хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3.е-д заасан “Байгууллагын дотоод сүлжээ вебсайт зэрэг ажил хэргийн мэдээлэл солилцоо, харилцааны талбарт хувь хүн, байгууллага хамт олон нийтэд хандсан гүтгэсэн, егөөдсөн, өдөөн турхирсан, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл захидал илгээсэн” гэсэн үндэслэлээр сануулах сахилгын арга хэмжээ авсан. Арга хэмжээ авсны дараа дахин дотоод сүлжээгээр намайг хийж байгаа үйлдлээ хянаж чадахаа байсан гэх мэтээр доромжилсон. Асуудлын гол болсон элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор багш нарыг дүгнэж урамшуулсан байдал юм.

Бид Х.Э- багшийн гомдлын хариуг өөрт нь өгсөн. Хүн өөрийнхөө эрх ашгийн хүрээнд бусдын нэр төрийг гутааж болохгүй. Гэтэл уг үйлдлээ удаа дараа давтсан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авсан. Захиргааны актад 1 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01837 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э-ы хариуцагч М-д холбогдуулан сахилгын сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2058 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох цахим захидлыг үзлэг хийх замаар бэхжүүлээгүй атлаа шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж зөв дүгнэсэн атлаа уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөн залруулах боломжгүй гэж үзэн, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь...үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, мөн тус хуулийн 44 зүйлийн 44.2 дахь хэсэгт “...Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүнийг хадгалж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судлаж болно” гэж тус тус заасан. Хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй бол шүүх өөрийн санаачилгаар цахим захидалд үзлэг хийн нотлох баримт бүрдүүлэхгүй байхад тухайн цахим захидалд үзлэг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь буруу юм. Мөн зохигчид тухайн үзлэг хийж бэхжүүлээгүй нотлох баримт болох цахим захидал нэхэмжлэгч бичсэн, илгээсэн эсэх талаар маргаагүй.

Тус цахим захидлыг нэхэмжлэгч өөрөө бичсэн болохоо хүлээн зөвшөөрдөг. Харин тухайн захидалд дурдагдсан мэдээлэл нь гүтгэсэн, егөөдсөн, өдөөн турхирсан, бусдын нэр хүндэд халдсан гэх хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох эсэх талаар маргадаг. Шүүхээс тухайн цахим захидлын агуулгад хамаарах асуудлыг тодруулахаар бус харин зохигчдын маргаагүй зүйлийг шинжлэн судлуулахаар анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж байгаа нь буруу юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан. Хариуцагч татгалзлын үндэслэл болгон шүүхэд хүргүүлсэн цахим захидлыг хуульд заасны дагуу үзлэг хийн бэхжүүлэх ажиллагааг хийлгээгүй тул тус захидал нь нотлох чадвараа алдсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч нь сахилгын сануулах шийтгэл ногдуулсан үндэслэлээ хангалттай баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  

...Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль, Монгол улсын хуулийг илтэд зөрчсөн тул энэхүү гомдлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл заасан үндэслэл, журмаар гаргаж байна. Магадлалд анхан шатны шүүх цахим захидлыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь заалтыг зөрчсөн хэмээн уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэв. Хуулийн дээрх заалтанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхийн зохигч, оролцогчид хүсэлт гаргасан тохиолдолд нотлох баримтуудыг шүүхийн журмаар албадан гаргуулах зохицуулалт бий. Хавтаст хэрэгт буй бүх материалд Х.Э-ы хууль бус, гүтгэлгийн талаарх баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахыг албан ёсоор хүсэлт болгосон баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-г ноцтой зөрчив гэж дүгнэлт хийв. Энэ нь шүүх бүрэлдэхүүн хуулийг буруу ойлгосон эсхүл төөрөлдсөнтэй холбоотой байна.

Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүгч, бүрэлдэхүүн санаачлагаараа нотлох баримтуудыг шүүхээр гаргуулахаар шаардсан магадлал гаргах нь иргэний хэргийг мэтгэлцүүлэх шүүх тогтолцоог зөрчсөн, дураар аашилсан, хуулиар олгогдсон шүүх эрх мэдлээ үндэслэлгүйгээр эрдэж, бярдсан үйл ажиллагаа мөн.

Анхан шатны шүүх цахим мэдээлэлд буй Х.Э-ы мэдээллийг зохигч, бусад этгээдийг оролцуулан үзлэг хийх журмыг зөрчив гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн ямар ч үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарласнаас үүдэлтэй. Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д буй хэм хэмжээ бол бүх тохиолдолд зохигч, иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын албан ёсны хүсэлтээр явагдах үйл ажиллагаа мөн. Гэтэл эл байдал, нөхцөл үүсээгүй байхад үл ойлгогдох байдлаар анхан шатны шүүхийг буруутгав. Эрх бүхий этгээд хүсэлт гаргаагүй нөхцөлд шүүхэд цугларсан нотлох баримтанд Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1-д зааснаар үзлэг хийх асуудал байж болохгүй нь тодорхой.

Үүнээс үндэслэн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2058 тоот магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх гэдэгт үнэхээр итгэл алдарч байна. Өөрөөр хэлбэл 2058 тоот магадлалд буруу, ойлгомжгүй, анхан шатны шүүхийн мэтгэлцээнд хамааралгүй зүйлсээр хууль зүйн үндэслэлтэй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шалгуулах болсонд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т буй “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хэм хэмжээг зөрчив. Учир нь Х.Э- тус сургуулийн цахим сүлжээгээр бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, түүнийг мэдээлэгч хүлээн зөвшөөрсөн, эл мэдээлэл, нийтэд мэдээлэгдсэн байхад шүүх үзлэг хийж дахин нотлох тухай магадлал гаргасан юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Х.Э-ы нэхэмжлэлтэй хэргийг хянаж, хууль зүйн үндэслэлгүй гарсан давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2058 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлдээ анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасан журмыг ноцтой зөрчсөн гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заажээ. Хэргийн оролцогчдын зүгээс ямар хүсэлт гаргасан, шүүх ямар нотлох баримт бүрдүүлээгүй болох нь магадлалд тусгагдаагүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.  

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Харин хэргийн оролцогч ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нэг нөхцөл байдлыг тодруулахын тулд үзлэг хийлгэхээр хэргийн оролцогчийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлт хэрэгт байхгүй байна.

Хариуцагчийн зүгээс нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн цахим захидлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлгүй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэдэг бөгөөд мөн зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болдог байна.

Компьютерээс хэвлэн гаргасан цахим сүлжээнд байгаа цахим захидлын хувь нь бичмэл нотлох баримтын эх болно.

Ийнхүү хэвлэж гаргасан хувийн үнийн зөв байдалд эргэлзээ төрөх, эсхүл хэвлэлт тод бус, дутуу байх зэргээр агуулгыг нь тодорхойлох боломжгүй, эсхүл хэргийн оролцогч хүссэн бол шүүх үзлэг явуулах боломжтой юм. Харин цахим захидал нь бичмэл нотлох баримт байж болохгүй, эсхүл түүнийг зөвхөн үзлэг хийх журмаар баримтжуулах, бэхжүүлэх ёстой гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болно.

Хэргийн оролцогчдоос цахим захидлыг үзлэг хийлгэх журмаар бэхжүүлэх хүсэлт гаргаагүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцдог, хэргийн аль нэг оролцогчийн ашиг сонирхлоос ангид байдаг” гэрчийг “нэхэмжлэгч талын гэрч”, “хариуцагч талын гэрч” гэж буруу бичсэн гэж дурджээ.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлаа нотлохоор гэрчийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй болно. Гэрч нь хэргийн оролцогч биш харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.-д зааснаар шүүх хуралдааны оролцогч юм.

Хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага, татгалзлыг үндэслэж, маргаантай байгаа үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн, хуульд заасан арга хэрэгслээр шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэг нь нотлогооны хэрэгсэл юм. Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын идэвхитэй үйл ажиллагааны дүнд нотлогдвол зохих үйл баримтын бодит байдлын талаарх мэдээлэл агуулдгаараа гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт мөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заах ёстой тул анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийг шийдвэрийн удиртгал хэсэгт заасан зөв болно.

Гагцхүү эдгээр гэрчийг шүүхийн шийдвэрт нотлох баримт, эсхүл нотлогооны хэрэгслийн хувьд бус харин шүүх хуралдааны оролцогчийн хувьд нэрлэн зааж байгаа учир тэдгээрийг хэргийн оролцогчдын хэнийх нь хүсэлтээр оролцуулж буйг тодруулан тусгах шаардлагагүй болно.

Харин гэрчийг “нэхэмжлэгч талын”, эсхүл “хариуцагч талын” гэж нэрлэх нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэснээр агуулгын хувьд алдаатай гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэрч нь тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч хэргийн зохигчидтой ямар нэг хэмжээгээр харьцаа, холбоотой байдаг, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг өөрийн оюун санаа, ухамсар, бодлоор субъектив хүлээн авч, илэрхийлдгийг үгүйсгэх боломжгүй тул гэрчийн мэдүүлгийг үнэлэхэд энэ байдлыг харгалзах шүүхийн ажиллагааны онцлог байдаг. Тэрнээс бус тухайн эрх зүйн маргаанд сонирхолгүй этгээд байдгийнх нь хувьд гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцдог, хэргийн аль нэг оролцогчийн ашиг сонирхлоос ангид байдаг гэж үзэж болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хувьд зохигч талынх гэж нэрлэх тохиолдол байдаг. Тухайлбал, хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.-т гэрч, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс шүүх хуралдаанд оролцогч асуулт тавих дарааллыг тогтооход “нотлох баримт гаргаж буй этгээд”, “нотлох баримтыг эсэргүүцэж буй этгээд” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч талын нотлох баримт болгож буй гэрчийн мэдүүлэг гэсэн ойлголт байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Э- хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан тул түүнд ажил олгогчийн зүгээс сануулах сахилгын шийтгэл ногдуулсаныг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Монгол Улсын их сургуулийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.2.3.ө.-д “байгууллагын дотоод сүлжээ вебсайт зэрэг ажил хэргийн мэдээлэл солилцоо, харилцааны талбарт хувь хүн, байгууллага хамт олон нийтэд хандсан гүтгэсэн, егөөдсөн, өдөөн турхирсан, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл, захидал илгээсэн”-ийг зөрчилд тооцохоор заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д зааснаар сануулах нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажил олгогчоос ногдуулах сахилгын шийтгэлийн нэг хэлбэр байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2058 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Зохигчид хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН