Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-26
Дугаар 001/ХТ2018/00004
Хэргийн индекс 183/2017/00659/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Э ХХК
Хариуцагч Х ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01318 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1861 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Оюун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК нь “Х” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Дөшийн голын талбайд өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 50 000 000 төгрөгийг “Х” ХХК-д шилжүүлсэн боловч өрөмдлөгийн ажлыг эсэргүүцсэн нутгийн иргэдийн эсэргүүцэл гарсан тул талууд тохиролцож 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Гэрээг цуцлах тухай тохиролцооны дагуу өрөмдлөгийн ажлын урьдчилгаа төлбөрийг дараа гүйцэтгэх ажлын төлбөрт тооцох, хэрэв захиалагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэгч нь захиалагчид төлөхөөр тохиролцсон. Манай компанийн зүгээс уул уурхайн салбарт бий болсон санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хэрэгжүүлж байсан төслүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон бөгөөд үүнтэй холбоотойгоор өрөмдлөгийн ажлыг цаашид гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Хамгийн гол төсөл бол уг талбайд барилга барих байсан. Үүнээс хойш “Э” ХХК-ийн хувьд үйл ажиллагаагаа явуулаагүй. Энэ нь 2014, 2015, 2016 оны санхүүгийн баримтаас харагдана. Ямар ч ашиггүй алдагдалтай ажилласан.

Энэхүү нөхцөл байдлыг “Х” ХХК-д мэдэгдэж удаа дараа уулзсан төдийгүй өрөмдлөгийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг манай компанийн дансанд шилжүүлэх мэдэгдлийг албан бичгээр хүргүүлсэн. Гэрээ цуцлах тохиролцооны дагуу өрөмдлөгийн ажил хийх боломжгүй байна гэдгийг 2 удаа албан бичгээр мэдэгдсэн. Түүнээс гадна хамтран ажилладаг байгууллагуудад “Х” ХХК-иар өрөмдлөгийн ажил хийлгэх боломжтой эсэх тал дээр хүсэлтийг явуулж байсан боловч “Х” ХХК нь өрөмдлөгийн технологийн хувьд, мөн ажиллах хүчин тогтворгүй учраас ажил гүйцэтгүүлэх боломжгүй гэсэн хариуг бидэнд өгч байсан. Тиймээс бид шилжүүлсэн урьдчилгаа 50 000 000 төгрөгөө авъя, цаашдаа өрөмдлөгийн ажил боломжгүй байна. “Э” ХХК-ийн хувьд үйл ажиллагаа явуулах боломжгүй дампуурах хэмжээнд хүрээд байна” гэсэн мэдэгдлийг өгч байсан. Гэвч “Х” ХХК-ийн зүгээс амаар урьдчилгаа төлбөрийг өгөх боломжгүй гэж мэдэгдсэн бөгөөд албан бичигт хариу ирүүлээгүй. Гэрээ цуцлах 26/12 тоот хэлцэл дээр “Х” ХХК-ийг төлөөлөгч Б.Уранцэцэг гарын үсэг зуран компанийн тамга тэмдэг дарагдсан.

Хэдийгээр Б.Уранцэцэг нь уг компанийг төлөөлөх итгэмжлэлгүй ч гэсэн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт компанийг ямар байдлаар төлөөлөх эрхийг заасан. Энэ ч үндсэн дээр Б.Уранцэцэг гарын үсэг зураад тамга дарсан, энэ компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэж байна. Б.Уранцэцэг нь ажил гүйцэтгэх гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал дээр гэрээтэй байгууллагуудтай хэлцэл хийж ирсэн байдаг. Энэ ч утгаараа Б.Уранцэцэг өөрөө гарын үсэг зураад одоо үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй. Б.Уранцэцэг нь өөрөө уг компанийн гүйцэтгэх захирал н.Батаатай гэр бүлийн харилцаатай хүн гэдгээ гэрчээр асуугдахдаа тодорхой хэлсэн. Одоо энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэслэлгүй. Тэгвэл өнөөдрийг хүртэл хугацаанд хүчингүй хэлцэл гэсэн ямар нэгэн хүсэлт шаардлага тавьж байгаагүй.

Өөрөөр хэлбэл үүнийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэлцэл өөрөө хүчин төгөлдөр хэлцэл юм. Хэлцэлд огноог 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гээд тодорхой бичигдсэн байгаа. Хэрвээ 2015 онд байгуулагдаж байсан бол огноо буруу байна гэх асуудлыг тавих боломжтой байсан. Хариуцагч 50 000 000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч байгаа атлаа авсан мөнгөө яагаад буцааж өгөхгүй гэсэн эрэлхийлэл гаргаад байгааг нь гайхаад байна. Иймд манай компани цаашдаа 50 000 000 төгрөгт тохирох өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа тул энэ хэлцлээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт болон холбогдох бусад зүйл заалтыг үндэслэн “Х” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгүүлэх тухай албан тоот илгээх болон шаардсан гэдэг боловч өнөөдрийн байдлаар “Х” ХХК-д энэ тухай санал хүсэлтээ тавьж байгаагүй. Мөн гэрээг цуцлах тухай 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 26/12 тоот хэлцлийг “Х” ХХК-ийн эрх бүхий этгээд байгуулаагүй, гэрээ цуцлах талаар албан ёсоор тохиролцоогүй. Итгэмжлэлийг амаар болон бичгээр олгоно гэж заасан боловч заавал мэдэгдэхийг шаардсан байдаг. Тэгэхээр мэдэгдсэн зүйл байхгүй. н.Баярсайхан бол захирлыг итгэмжлэлийн үндсэн дээр хэрэгжүүлээд гэрээ хэлцэл хийдэг. н.Батаа нь солонгос хөрөнгө оруулагчийн хамт хөрөнгө оруулалтын асуудлаа хариуцдаг байсан. Итгэмжлэл хийгээд гэрээ хэлцэл хийгээд явж байсан. 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үндсэн гэрээ бол н.Баярсайхан, Б.Уранцэцэг нар 2-лаа гарын үсэг зурсан. Хэрвээ гэрээ цуцлах хэлцлийг энэ журмаар хийсэн бол хоёулаа гарын үсэг зурах байсан. Б.Уранцэцэгээр зуруулах байсан бол “Х” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Уранцэцэг гэж л зурна. Гэтэл гүйцэтгэх захирал н.Баярсайхан гэсний урд гарын үсэг зуруулсан. Мөн гэрээ цуцлах тухай албан бичгийг 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан огноотой боловч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэдэг нь үзлэгийн тэмдэглэлээс харагдана.

Яг энэ хэлцэлтэй адилхан агуулга бүхий хэлцлийг цахим шуудангаар явуулж байсан. Б.Уранцэцэгт Эрүүгийн хууль сануулж гэрчээр асуухад энэ гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зурсан гэж мэдүүлсэн. Энд зөвхөн төлбөр тооцооны асуудал, тооцоо нийлэх, дуусгавар болгох зэрэг асуудал гэж нягтлан бодогч тайлбарлаж байсны үндсэн дээр энэ хэлцлийг хийсэн. Иймд 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус тул шаардах эрхгүй. Хэлцлийн агуулгыг харахад нэхэмжлэгч талд 50 000 000 төгрөг нэхэмжлэх эрх байхгүй байна. Талууд тохиролцохдоо гэрээний 3.2-т зааснаар ажил үйлчилгээгээр төлж барагдуулна. Мөн 3.4-т зааснаар буцаан олгох боломжгүй ч юмуу хэлцлийг хугацааг сунгах замаар шийднэ гэсэн байдаг. Хэрвээ энэ хэлцлийг хүчин төгөлдөр гэж байгаа бол мөн “Х” ХХК боловсон хүчний чадамжгүй гэж үзсэн бол энэ тухайгаа мэдэгдээд, гэрээнээс татгалзаад энэ 50 000 000 төгрөг шаардах эрх үүссэн үү гэдэг нь хангагдаагүй байгаа учраас нэхэмжлэлийн аль ч шаардлага үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч тал удаа дараа албан бичиг хүргүүлсэн гэдэг ч шинжлэн судлахад танилцуулсан баримт байхгүй. Тухайн албан бичиг бол нэг талын нотлох баримт. Гэхдээ н.Баярсайхан гэх хүнд гарын үсэг зурах эрхийг тухайн үед н.Батаа итгэмжлэлээр эрх олгосон. Талуудын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр. Үүнийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болоод байгаа 2012 оны 08 дугаар сарын 27-ны гэрээ бол хүчин төгөлдөр бус юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01318 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 50 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1861 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Х” ХХК-иас 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргсан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бухий тайлбар, дүгнэлт хийсэн хэдий ч нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд ийнхүү хуульчлахдаа ямар байдлаар, хэрхэн мэдэгдэх талаар хэлбэрийн шаардлага тавиагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч “Э” ХХК-д талуудын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “гэрээ цуцлах тухай” 26/12 дугаартай гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэх боломжгүй байгаа талаар удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, өмнөх гэрээний урьдчилгаа 50 000 000 төгрөгийг нэхэмжилж байсан. “Х” ХХК-д хүргүүлсэн албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан хэргийн материалд хавсаргасан.

Хариуцагч төлбөрийн үүргээ гүйцэтгэхээс байнга татгалзаж, зайлсхийж ирсэн бөгөөд “Э” ХХК нь арга буюу 2016 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч мөн л нэхэмжлэлийн хувийг хүлээн авахаас татгалзаж, зайлсхийсээр ирсэн нь хариуцагчийг эрэн сурвалжлах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01149 дугаартай шийдвэр болон хэрэгт авагдсан бусад баримтаас харагддаг. Гэтэл Давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэлцлээр хүлээсэн хариуцагч талын буруутай үйлдлээс хэлцэл цуцлагдаагүй тул нэхэмжлэгч нь татгалзах, цуцлах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүх хуулийг хариуцагчийн эрх ашигт хэт нийцүүлэн мушгин тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг үндэслэл муутайгаар шууд хязгаарласан хэрэг болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК-иас гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу ажлын хөлсөд шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан боловч сөрөг шаардлага гаргаагүй байна.

Зохигчид нь 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээгээр хариуцагч “Ханмокор” ХХК нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Дөшийн гол, Өвөр марат нэртэй газар цооногийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч “Э” ХХК нь 585 000 000 төгрөг ажлын хөлсөд төлөх үүрэг тус тус хүлээжээ.  Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхийг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үздэг байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан уул уурхайн салбарын төслүүдээ зогсоосон, өрөмдлөгийн ажлыг орон нутгийн иргэд эсэргүүцсэн зэрэг шалтгаанаар талууд дээрх ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээ цуцлах тухай гэрээ байгуулжээ.

Энэ гэрээгээр 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15\12 дугаартай “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх” гэрээг харилцан тохиролцон цуцласан ба ийнхүү цуцласнаар талууд гэрээгээр хүлээсэн аливаа үүргээс харилцан чөлөөлөгдөж, хариуцлага хүлээхгүй байхаар тохиролцжээ. Харин захиалагч талаас ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 50 000 000 төгрөгийг гүйцэтгэгч тал 6 жилийн хугацаанд захиалагч талтай дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тухайн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгуулан тооцож барагдуулах талаар гэрээнд заасан байна.

Нэхэмжлэл болон гэрээ цуцлах гэрээнд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлах санаачилгыг захиалагч буюу нэхэмжлэгч тал гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч  гэрээг цуцлах эрхтэй.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх биш харин тодорхой хугацаанд хэрэгждэг урт хугацааны гэрээ тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан зохицуулалт хамаарах юм. Энэ зүйлийн 221.1., 221.2.-т зааснаар   хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үздэг байна.

Ажил гүйцэтгэх гэрээг цуцласныг дээрх байдлаар эрх зүйн үндэслэлтэй байсан гэж үзэх ба ийнхүү цуцласнаас ямар эрх зүйн үр дагавар үүсэх нь мөн Иргэний хуулийн 221, 355 дугаар зүйлд зохицуулагджээ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д зааснаар гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалдаг байна.  Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6.-д зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Ажил гүйцэтгэгч “Ханмокор” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд өөрөөс гаргасан зардал хохирлын талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай гэрээнд зардал, хохирлын талаар тусгаагүй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн урьдчилгаа төлбөрт өгсөн 50 000 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Гэрээ цуцлах гэрээнд “энэхүү хэлцлийн дагуу 15\12 тоот гэрээ цуцлагдсан нь гүйцэтгэгч талын хувьд энэ хэлцлийн 3.2. дахь хэсэгт заасан урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Гагцхүү талууд нь урьдчилгаа төлбөр 50 000 000 төгрөгийг захиалагчид буцаан төлөх нөхцлийг 6 жилийн хугацаанд захиалагч талтай байгуулах ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт “тооцон суутгах” гэж тодорхойлон тохиролцсон байх ба давж заалдах шатны шүүх гэрээний уг нөхцлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ.

Гэтэл ирээдүйд буюу 6 жилийн хугацаанд талууд дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулвал хэрэгжих дээрх нөхцлийг давж заалдах шатны шүүх заавал биелэгдэх үүрэг гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэдэг бөгөөд мөн зүйлийн 44.4.-т үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эсэх нь захиалагч талын хүсэл зоригоос шууд шалтгаалах тул хэрвээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдвал урьдчилгаа төлбөрийг ажлын хөлсөд тооцон буцаан төлөх гэрээний нөхцлийг заавал биелэгдэх үүрэг гэж үзэх, улмаар урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхийг хязгаарлах үндэслэл гэж үзэж болохгүй.

Нөгөө талаар, талуудын гэрээ цуцлагдсанаас хойш 4 жил 6 сар өнгөрсөн ба энэ хугацаанд дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй бөгөөд цаашид байгуулагдахгүй болох нь тодорхой болсон нөхцөлд нэхэмжлэгч өөрийн төлсөн төлбөрийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.-т заасан зохицуулалтад нийцнэ. Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3.-т зааснаар болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болдог байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, улмаар зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1861 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 83/ШШ2017/01318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН