Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-10-18
Дугаар 001/ХТ2018/01421
Хэргийн индекс 182/2017/01865/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Д.Г
Хариуцагч ЭТТ ХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Б.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00553 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1071 дүгээр магадлалтай,

Б.Гантулгын нэхэмжлэлтэй

ЭТТ  ХК-д холбогдох,  

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 104.875.076 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд төлсөн 375.000 төгрөгийг тус тус гаргуулж, ЭТТ  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-, Э.У- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-, Э.У-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Гантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б/283 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 873 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон. Иймд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цалин хөлс, олговорт нийт 104.875.076 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, ЭТТ  ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 375.000 төгрөгийг гаргуулна уу. ЭТТ  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот Б.Гантулгыг ажилд томилох тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг зөрчсөн, уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга нь өмнө эрхэлж байсан албан тушаалтай адил албан тушаал биш  тул хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шүүхийн шийдвэрийг Эрдэнэ таван толгой ХК биелүүлсэн. Б.Г- нь гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/50 дугаар ажилтнуудын харьяалагдах нэгж болон албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралтад Уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоол, гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/252 дугаар ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар Уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга орон тоог баталж, Б.Гантулгыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд эгүүлэн томилсон. Б.Г-тай 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус тус уулзаж, ажил санал болгосон боловч ажил олгогчийн саналыг үл тоомсорлон ажилд томилсон тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй, ЭТТ  ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогддог Тэргүүн дэд захирлын албан тушаалд томилуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй явдал нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг ЭТТ  ХК-ийн зүгээс сайн дураар биелүүлэх боломжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь олголгүйгээр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх тухай 17300786/01 тоот тогтоолыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр компанийн харилцагч банкуудад хүргүүлсэн байсан бөгөөд уг тогтоолыг өнөөдрийг хүртэл компанийн удирдлагуудад танилцуулаагүй. Түүнчлэн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/28424 тоот мэдэгдэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр компанид ирүүлсэн. Мэдэгдлийг албан ёсоор бичгээр ирүүлээгүй байхдаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар өөр төлбөр авагч болох М.Азжаргалын төлбөрт Б.Г-д олгох нөхөн төлбөрийг нэмж хамтад нь тус компанийн дансыг хаах замаар хууль бусаар 53.303.430 төгрөгийг шилжүүлэн авсан нь ЭТТ  ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжгүй байсан мэт харагдуулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан 119 дүгээр шийдвэр гүйцэтгэгчийн үйлдлийг шалгуулахаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргаж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5/149 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчид анхааруулах арга хэмжээ авсан тухай хариу мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын төлбөр болох 375.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00553 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЭТТ  ХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 100.333.242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.916.834 төгрөгт холбогдох хэсгийг, ЭТТ  ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ЭТТ  ХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680.261 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 4.253 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ЭТТ  ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 659.616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1071 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантулгын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-, Э.У- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 873 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийг ЭТТ  ХК биелүүлж Б.Гантулгыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалаар уурхайн үйлдвэрлэл хариуцсан даргын ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогчийн зүгээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00962 дугаар тогтоолыг 2017 оны 11 дүгээр сард гардан авсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б.Гантулгыг ажилд томилох тухай А/252 тоот тушаалыг гаргасан. Б.Г- болон түүний өмгөөлөгчтэй 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өдөр тус тус уулзаж, ажлын санал, тушаал, хөдөлмөрийн гэрээ болон ажлын тодорхойлолтыг түүний өмгөөлөгчийн цахим шуудан руу илгээсэн боловч ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй бөгөөд дахин 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр уулзсан боловч бас хариу өгөөгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан тохиолдол бий болсон байхыг хуулиар шаардсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д шүүх ямар тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримт цуглуулах, бүрдүүлэхийг маш тодорхой зааж өгсөн. Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар ...хэргийн оролцогч өөрөө нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, шүүхэд хүсэлт гарган, нотлох баримтыг бусдаас гаргуулах эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрийн тайлбар, татгалзлаа тайлбарлах, түүнийгээ баталсан нотлох баримтыг гарган өгөх нь түүний өөрсдийнх нь эрхийн асуудал юм. Анхан шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн уг хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буруутай үйл ажиллагаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэл болж чадахгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Г-, ЭТТ  ХК-д холбогдуулж,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 104.875.076 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд төлсөн 375.000 төгрөгийг гаргуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, “үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал”-ын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Өмнө нь Б.Гантулгын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг ЭТТ  ХК-ийн “үйлдвэрлэл хариуцсан захирал”-ын  ажилд эгүүлэн томилсон, шүүхийн шийдвэрийг биелүүлж, тус компанийн гүйцэтгэх захирал 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б/22 тоот тушаал гаргаж, “уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга”-ын ажилд томилсон нь тогтоогджээ.

ЭТТ  ХК-ийн бүтэц орон тоо, ажлын байрны нэршил  өөрчлөгдсөн талаар зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь Б.Г- өмнө нь “уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирал”-ын албан тушаал хашиж байсан, одоогийн бүтцээр уг ажлын байрны албан тушаал нь “уурхайн үйлдвэрлэл хариуцсан дарга” нэршилтэй болсон гэснийг, нэхэмжлэгч эс зөвшөөрч өмнө эрхэлж байсан албан тушаал нь шинээр батлагдсан бүтцээр “үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал”-ын албан тушаал адил чанарынх гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо, талуудын хооронд үүссэн маргаанд ач холбогдол бүхий нөхцөл бүрэн тогтоогдоогүй, тухайлбал, Б.Гантулгын  өмнө ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэх, өмнөх албан тушаалд нь эсхүл уг албан тушаалтай адил чанарын албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон эсэхийг дүгнэх боломжгүй гэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч түүний урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон гэсэн агуулгатай тайлбар гаргасан бол, хариуцагч цомхотгол бус зөвхөн ажлын байр, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн утгатай тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй боловч, хариуцагч татгалзалтай холбоотой өөрт байгаа дээрх баримтыг гаргах бололцоотой байжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1071 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ