Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-01
Дугаар 001/ХТ2018/01538
Хэргийн индекс 101/2018/01538/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Д.С
Хариуцагч Д.С
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00903 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1064 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.С

         Хариуцагч: Д.Сд холбогдох   

         9.020.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2017-12-17-ны өдөр Д.Стай зээлийн гэрээ байгуулж, түүнд 8,5 сая  төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10% хүүтэй зээлсэн.  Хариуцагч 2017-12-18-ны өдөр 300,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8,200,000 төгрөг, түүний хүү 820,000 төгрөг, нийт 9,020,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч хариу тайлбартаа: 2017-08-08-ны өдрөөс Д.Саас 18 удаа нийт 27,150,000 төгрөг зээлж, 110 удаа хариу төлбөр төлөх байдлаар 42,111,200 төгрөг өгсөн. Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд авсан, өгсөн зээлийг баримтанд тулгуурлан тооцоход авсан зээл 27,105,000 төгрөг, буцаан төлсөн зээл, зээлийн хүү 42,141,200 төгрөг, ойролцоогоор 15,036,200 төгрөгийн хүү төлсөн мэт харагдаж байгаа  ч  зээлээс шууд хүү  суутгадаг байсан. Зээл ашиглаагүй байж хүү төлсөн асуудал бий. 2017-12-17-ны өдрийн баримтыг нэхэмжлэгчийн нөхөр нь шаардсаны дагуу бичиж өгсөн.Хариуцагчийн данснаас гэрч,нэхэмжлэгчийн гэр бүл Ш.Хосбаярын  дансанд өнгөрсөн хугацаанд шилжүүлсэн мөнгийг тусгайлан тодруулвал 2017-12-12-оос-18-ны өдөр 60,000 төгрөг, 2017-12-19-ний өдөр 220,000 төгрөг, мөн 20,000 төгрөг, нийт 300 000 төгрөг шилжүүлсэн. Зээл нь   Д.Сын зээлүүлсэн мөнгө эсэх нь тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд талуудын хооронд үүссэн зээлийн үлдэгдэл дээр хүү тооцож, 8,5 сая төгрөг болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00903 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас  нийт 9,020,000 төгрөг  гаргуулж Д.Сд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 159 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1064 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Сд холбогдох Д.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх зохигчдын 2017-12-17-ны өдөр хийсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 43.2.1 дэх хэсэгт заасан “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” бичгийн хэлцэл хийгдсэн гэж үзэхээр боловч Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй гэж хоёрдмол утгатай дүгнэсэн. Гэтэл уг гэрээн дээр хариуцагч 8,500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэдгээ илэрхийлж гарын үсгээ зурсан байгаа. Давж заалдах шатны шүүх урьд нь нэхэмжлэгч мөнгө зээлэхдээ дандаа дансаар шилжүүлдэг байсан байхад энэ удаа бэлнээр өгсөн байгаа нь зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-н 40.2-г зөрчсөн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвхөн хариуцагч талд ашигтайгаар дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 4.1-г зөрчсөн байдаг. Иймд магадлалыг хүчингүй болгож,   шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.С 2018-02-05-ны өдөр Д.Сд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017-12-17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,200,000 төгрөг, хүү 820,000 төгрөг нийт 9,020,000 төгрөг шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй /хх 14/ маргасан байна.

        Анхан шатны шүүх “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч төлбөрийг буцааж бүрэн төлөөгүй...” гэж дүгнэн хариуцагчаас төлбөр гаргуулан шийдвэрлэжээ. 

        Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,       Д.Сд холбогдох Д.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.    

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх хоёрдмол утгатай дүгнэлт хийсэн... хариуцагч 8,500,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч гарын үсгээ зурсан байгаа...шүүх нотлох баримтыг хариуцагчид ашигтайгаар үнэлсэн...” гэсэн үндэслэл заажээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хэрэгт “Зээлийн гэрээ ба баримт үйлдэх нь...2017-12-17-ны өдөр...” гэх /хх 3/ бичгийн баримт, Д.Сгийн дансны хуулга /хх 36-130/ авагдсан байх бөгөөд шүүх хуралдаанд Ш.Хосбаяр гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Шүүх эдгээр баримтыг үндэслэн шийдвэр гаргасан тул энэ хэмжээнд магадлалын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. 

       2017-12-17-ны өдрийн гэрээ нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй  байна. 

        Гэрээ тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана. Гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ.

        Хариуцагч “... өмнө мөнгө зээлж өгч авч байсан тул нэхэмжлэгчийн гэр бүлийн хүний шаардсанаар  2017-12-17-ны өдөр мөнгө зээлсэн мэтээр баримт үйлдсэн...” гэх агуулгатай тайлбараар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг тайлбараа нотолж өөрийн дансны хуулгыг  гаргаж өгсөн /хх 36-130/, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу тооцоо хийлгэх хүсэлтийг  шүүхэд гаргаагүй байна. 

         Түүнчлэн, 2017-12-17-ны өдрийн /хх 3/ баримтад зааснаар “...өдөр бүр 300,000 төгрөг төлөх...”-р тооцоолж үзвэл  энэ нь  үндсэн зээлийн эсхүл  хүүгийн хэмжээнд хүрэхгүй  байх тул энэ нь уг гэрээнд хамааралтай тохиролцоо гэж үзэхэд эргэлзээтэй байна. 2017-12-17-ны өдрийн гэрээнд заасан барьцааны зүйл нь бодитой байгаа эсэхийг хэрхэн тодорхойлсон, эд зүйлийн нэг бүрийн шинж, элэгдэл хорогдол зэргийг хэрхэн тооцсон мэдээлэл нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтад байхгүй байх тул хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй гэж үзнэ.

         Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг тайлбарлахдаа давж заалдах шатны шүүх талуудын нэгдмэл санааг тодруулж, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлыг харгалзан үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2, 198.4, 198.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. 

         Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1064 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон  өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 159,270  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ