Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-01
Дугаар 001/ХТ2018/01539
Хэргийн индекс 183/2018/01539/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Д.Н
Хариуцагч “А” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Д.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00481 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1139 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.Н

         Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

         Зээлийн гэрээний үүрэгт 167.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие А ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 2014 оны намар Ж.Б, Э.Б нар  санал гаргасныг  хүлээн авч, компанийнхаа хувьцаанаас тус бүрт нь 25 хувийг бэлэглэж, өөрөө 25 хувьтай үлдсэн. Түүнээс гадна дээрх хүмүүсийн хүсэлтийн дагуу өөрийн эзэмшлийн 20 га газрыг компанийхаа нэр дээр шилжүүлэн компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах хамгийн чухал зүйл бааз суурь болох газрын асуудлыг дангаар шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оноос хойш удаа дараа намайг компанид мөнгө нэмж оруулахыг шаардсан. Ж.Б энэ төслийг хариуцаж байсан Э.Баясгаланд өгөх нь зүйтэй гэсэн саналыг удаа дараа гаргасан бөгөөд Э.Баясгалан 2017-02- 15-нд би авна, учир нь би энэ төслийг хариуцаж байсан гэхэд нь  би зөвшөөрөөгүй. Би өөрийн байгуулсан компанийн хувьцааг үнэ төлбөргүй өгсөн, өөрийн эзэмшлийн газраа үнэ төлбөргүй тэдний шаардлагын дагуу компанид шилжүүлж, өөрт байсан мөнгөө зээлж байсны хувьд хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар намайг нотариат дээр дуудан Э.Баясгалан хувьцаа зарахыг надаас шаардан бусад нь хүлээн зөвшөөрч хувьцаа шилжүүлэх гэрээ, бусад бичиг баримтад гарын үсгээ зурахыг тулгасан. Би аргагүй эрхэнд гарын үсэг зурсан. Компанийн хөрөнгө болон хувьцааны зах зээлийн үнэлгээ хийлгэх, хөндлөнгийн аудит оруулах боломж ч олгохгүйгээр богино хугацаанд буюу 1 хоногийн дотор шахаж шаардан, хувьцаа эзэмшигчдийг ноцтой төөрөгдөлд оруулж бэлэн мөнгө нотариат дээр авчирч хүчээр тулган дарамталж, аргагүй нөхцөл байдалд оруулж компанийн 25 хувийн хувьцааг үнэгүйдүүлэн авсан. Би өөрийн 25 хувийн хувьцаагаа бусад хувьцаа эзэмшигчидэд бага үнээр зарсан хэдий ч тус компанид хувьцаанаас гадуур хувиасаа зээлдүүлж, хариуд нь хувьцаа нэмж аваагүй буюу хувьцаанд хөрвүүлээгүй тул ийнхүү зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардаж нэхэмжлэл гаргаж байна. 2014-12- 10-ны өдөр 3 сая төгрөг, 2015-01- 30-ны өдөр 50сая төгрөг, 2015-04- 15-ны өдөр 5сая төгрөг, 2015-05- 26-ны өдөр 5 сая төгрөг, 2015-08- 14-ний өдөр 60 сая төгрөг, бэлнээр зээлдүүлсэн 44 сая төгрөг буюу нийт 167 сая  төгрөг зээлдүүлсэн. Иймд 167сая  төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү.  Д.Н хэзээ ч нэхэмжлэх эрхтэй бөгөөд мөнгөө нэхэхгүй бол компанийн санхүүгийн тайланд өглөг дээр бичилт хийхгүй байх байсан. Иймд Д.Нийн мөнгө А ХХК-ийн данс руу орсон нь  нотлогдоно. 123 сая төгрөгийн баримт хэрэгт байгаа ба 44 сая төгрөгийн баримт өөр хүнд компанийн нэр шилжсэн тул энэ талаар баримт гаргаж ирж чадаагүй.  167 000 000 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

         Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Д.Н  А ХХК-нд  мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй. Харин 2014 оны 12 сараас 2017 оны 02 сар хүртэл компаний хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигч байсан. Анх Д.Н, Т.Бат-Оргил нарын санаачилгаар Ж.Б, Э. бид цацагт хяруулын ферм байгуулахаар тохиролцож цаашид үйл ажиллагаагаа явуулах компани байгуулах, компаний үйл ажиллагаанд зориулж бүгд хөрөнгө оруулалт хийхээр, мөн хэн хэн нь ямар ажил үүрэг гүйцэтгэхээ сайн дураараа ярилцан тохиролцож бүх гишүүдийн саналаар Э.Баясгалан намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Зайлшгүй шаардлагатай зардалд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болж хүн тус бүр 50сая  төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцсон. Бүх гишүүдийн хувьцаа эзэмших гэрээ болон хамтран ажиллах гэрээнд тусгахдаа гэрээний 3.1.1, 3.1.2-т заасны дагуу хөрөнгө оруулсан. Ж.Б, Т.Б, Э.Б, Д.Н бид хөрөнгө оруулалт хийхээс гадна хувьцаа эзэмшигч тус бүрийн хүлээх эрх, үүргийн талаар харилцан тохиролцож энэ талаар хувьцаа эзэмшигчдийн хамтран ажиллах гэрээнд тусгасан.  Ажиллах хугацаандаа аливаа шийдвэр болон төлбөр төлөлтийг 4 гишүүдийн зөвшөөрлөөр гаргадаг байсан ба дор хаяж сардаа нэг санхүүгийн тайланг гаргаж танилцуулж цаашид яах талаар сануулж шахаж ажилладаг байсан.  Д.Н Т.Б нар нь анхнаасаа энэ бизнесийг өөрсдөө санаачилж биднийг татан оруулж бидний хөрөнгө мөнгийг гаргуулж цацагт хяруулын фермийг барьж босгуулсан боловч ашиггүй байгаагаас шалтгаалан дундаас нь шантарсан мөн ногдсон үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж байсан. 2017 оны төсөв оруулж танилцуулахад гишүүд хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд бүх гишүүд компаниа зарах зах зээл хайя гэж тохироод салцгаасан боловч зарагдаагүй. Би давуу эрхээ эдэлж өөрөө авмаар байна гэсэн саналын дагуу 2017-02-20-ны өдөр А ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид хуралдан компаний үйл ажиллагаа, дүрэм, бүтцэд өөрчлөлт оруулахаар болж бүх гишүүдийн 100% саналаар 4 гишүүн өөрсдийн эзэмшлийн хувьцаа компанийг 160сая төгрөгөөр үнэлэн Э.Б бусдаас мөнгө зээлэн 160 сая төгрөгөөр худалдан авсан. Үүнээс Д.Нт 55,225,500 төгрөг, Т.Бат-Оргилд 18,084,000 төгрөг, Ж.Баясгаланд 69,225,500 төгрөг  өгснөөр бидний асуудал шийдэгдэж  компани над  шилжиж ирсэн. Нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй. 167 сая төгрөг хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалт байсан нь  хэргийн 6-9 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдож байна. Иймд Д.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00481 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан А ХХК-аас 167,000,000 төгрөг гаргуулах  Д.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1139 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх дүгнэлт хийхдээ  Д.Н  хувьцаанаас гадуур 167сая төгрөгийг зээл хэлбэрээр шилжүүлсэн гэж тайлбарлах боловч  баримтаар нотлоогүй ... нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө хариуцагч компанийн бусдад өгөх өр төлбөрт багтсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн  үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч “А” ХХК-д зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө оруулалтаа баталгаажуулахын тулд банкаар дамжуулан шилжүүлж, нотлох баримт гаргаж өгсөн.  Үүнийг шийдвэрт  “...2015 оны 4 дүгээр улирлын тайлангаар 854 891 700 төгрөгийн өр төлбөртэй болж өөрчлөгдсөн” гэж  иш татсанаар давхар тогтоогдсон. Хөрөнгө оруулалт гэдэг нь ашиг авах зорилгоор мөнгөөр худалдан авч байгаа аливаа зүйлийг хэлдэг бөгөөд компанид оруулж байгаа хөрөнгө оруулалт нь үндсэн 2 хэлбэрээр хийгддэг. Үүнд: 1-рт хөрөнгө оруулалт хийсэн бол түүндээ дүйцэхүйц хувьцаа эзэмших байдлаар шууд өмчилдөг /хувьцааны хөрөнгө оруулалт/ бол 2-рт урт болон богино хугацаатай зээл олгох, түүнийг нь зээлдэгч буцааж өгөх тул компани тус хөрөнгө оруулалтыг бусдад өгөх өглөгөөр санхүүгийн тайландаа тусгадаг зээлийн хөрөнгө оруулалт байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар  Д.Нийн оруулсан хөрөнгө оруулалтад нь компани 25 хувийн хувьцааг нь эзэмшүүлсэн бол сүүлд зээлдүүлсэн хөрөнгө оруулалтыг бусдад өгөх өглөг нэрээр хуримтлуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн хөрөнгийг хувьцаанд хөрвүүлээгүй буюу шинээр хувьцаа гаргаж эзэмшүүлээгүй нь хангалттай нотлогдсон байна. Нөгөөтээгүүр Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хэрэгт авагдсан “А” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5084183422 дугаартай депозит дансны хуулгыг үзвэл нэхэмжлэгч Д.Н ...нийт 123 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэсэн утгатай шилжүүлсэн байна” хэмээн нотлох баримтыг дурдаж тогтоосон байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг 14.3-т заасны дагуу анхан шатны баримт болон журналд Д.Нийн мөнгө шилжүүлсэн баримт, шилжүүлсэн мөнгө нь “А” ХХК-ийн Хаан банкин дахь төгрөгийн 5084183422 тоот харилцах дансанд хийгдсэн гүйлгээний хуулгыг үндэслэн ажил гүйлгээ нь нягтлан бодох бүртгэлээр хөтлөгдөж, авлага өглөгийн тооцоо үүсч санхүүгийн тайлан гарсан хөдлөшгүй нотлох баримт хавтас хэрэгт байсаар атал нэхэмжлэлийн шаардлага нотлогдсонгүй хэмээн дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй гарахад нөлөөлжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд бүх аж аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлдээ бүх өр төлбөрийг заавал бүртгэхээр заасан /14.4.3 дахь заалт/ бөгөөд гэхдээ авлагатай этгээдийн нэрийг санхүүгийн тайландаа дурдаж тусгах үүрэг хүлээдэггүй. Тиймээс авлагатай этгээд нь тодорхой бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н компаниас авлагагүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй юм. Мөн зээлийн гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу биш эд хөрөнгө, мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан, зээл олгогдсон гэж тооцох учиртай. Нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн зүгээс огт үгүйсгээгүй, харин хөрөнгө оруулалт гэж маргаж байхад шүүх “нотлогдохгүй байна” хэмээн хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Д.Нийн “А” компанид шилжүүлсэн 123 сая төгрөг санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдсон төдийгүй хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг билээ. Харин хариуцагчийн зүгээс энэхүү хөрөнгө оруулалтыг буцаан төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа хэдий ч “А” ХХК тус мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалт /эздийн өмч/-өөр бус харин бусдад өгөх өглөг хэлбэрээр санхүүгийн тайландаа бүртгэсээр ирсэн /хөдлөшгүй нотлох баримт/ байна. Хариуцагчийн төлөөлөгч Э.Баясгалан хүргэн ахаасаа 160 сая төгрөг зээлэн Д.Нт 55 225 500 төгрөг өгч компанийн 25 хувийн хувьцааг шилжүүлэн авсан гэж шүүхэд мэдүүлсээр байхад нэхэмжлэгчийн компанид оруулсан хөрөнгө оруулалт болох баримтаар нотлогдож байгаа 123 сая төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалтыг шууд үнэгүйдүүлэн нэхэмжилж байгаа эзэнд нь бус харин одоогийн хувьцаа эзэмшигч Э.Баясгаланг анхан болон давж заалдах шатны шүүхээс ирээдүйд үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олголоо. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгчийн банкаар дамжуулан шилжүүлсэн зээлийн хөрөнгө оруулалтыг “А” ХХК санхүүгийн тайландаа бусдад буцаан төлөх өглөг зээл хэлбэрээр бүртгэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа байгааг хангалттай нотолж байна. Иргэний хуульд талууд хүү тооцохгүй тохиолдолд зээлийн гэрээг хэлбэрийн хувьд заавал бичгээр байгуулах шаардлагагүй байдаг. Мөн Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бол мөн хуулийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан байдаг. Ийнхүү Д.Н нь хуульд заасны дагуу “А” ХХК-д зээлүүлсэн мөнгөн зээлийн хөрөнгөө буцаан шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Н компанийн 25 хувийн хувьцаагаа Э.Баясгаланд шилжүүлэхдээ компанид оруулсан зээлийн хөрөнгө оруулалтаа буцаан авах, эсхүл нэхэмжлэх буюу шаардах эрхээсээ татгалзсан, эсхүл Э.Баясгаланд шилжүүлсэн талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй байгааг шүүх анхаарсангүй. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчихийн хамт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр, магадлал нь 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.Н 2017-12-13-ны өдөр “А” ХХК-д холбогдуулан 2014-12-10-ны өдрийн болон 2015 оны 4 зээлийн нийт 5 зээлийн гэрээний үүрэгт нийт 123,000,000 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй “...зээл аваагүй...хувьцаа эзэмшигчийн хувьд хөрөнгө оруулсан...” гэж маргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... А ХХК-ний  дансанд 123 сая төгрөг шилжсэн байна... энэ нь зээлийн мөнгө гэдэг нь нотлогдоогүй...”  гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Шийдвэр, магадлалыг тус тус  хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хаан банкны 2014-12-10, 2015-01-30, 2015-08-14-ний өдрийн орлогын мэдүүлэг болон дансны хуулга / хх 5, 8, 10, хх 6, 9, 11-13, 52-58/, Худалдаа хөгжлийн банкны 2015-08-14-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт /хх 7/, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 19, 40/, компанийн эрх шилжүүлэх тухай 2017-02-20-ны өдрийн 3 гэрээ /хх 41-43/, компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай 2017-02-20-ны өдрийн 3 гэрээ /хх 44-49/, компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017-02-20-ны өдрийн 01 дугаартай шийдвэр хурлын тэмдэглэлийн хамт /хх 50, 51/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 69-71/, А ХХК-ийн 2014 оны 4-р улирлын тайлан гэх баримт /хх 78-93/ хэрэгт авагдсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан тул энэ баримтын хэмжээнд шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. 

         Нэхэмжлэгч нь “А” ХХК-д мөнгө зээлүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

         Компанийн хувьцаа эзэмшигчийн эрх үүрэг, хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан мөн газар шилжүүлсэн гэх нөхцөл байдал нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хамааралгүй тул энэ тухай гомдол нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нөхцөл болохгүй юм.   

         Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт байгаа баримтыг үнэлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

         Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах, улмаар нэхэмжлэлийг хангах үйл баримт тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00481 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1139 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 992.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ