Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-05
Дугаар 001/ХТ2018/01566
Хэргийн индекс 182/2018/01566/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Б.Х
Хариуцагч “Н” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Цалин хөлсний маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Б.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00729 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1395 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Х

         Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох 

     Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

   Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нарийн бичгийн даргад Г.Наранхүү  нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: 2015-01-05-ны өдөр Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээ нэг жилийн хугацаатай байгуулан замын хөдөлгөөний хууль, дүрмийн багшийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, 2016-01-05-ны өдрөөс эхлэн 2017-07- 03-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгасан. Гэтэл 2017-07-06-ны өдөр зөрчил гаргасан гэх үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан гэсэн боловч ажлаас халсан тухай тушаал өгөөгүй. Захирал 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалын хураамж төлсөн 519,000 төгрөг төлөөд нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас халсан тушаалаа ав гээд өгөөгүй. Захиралтай уулзахаар хэд хэдэн удаа очиход чи өөрийн хүсэлтээр 2017-08-01-ний өдөр ажлаас халагдсан гэж бич гэсэн. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Намайг 2017-07-06-ны өдөр ажлаас халсан гэж ойлгож байгаа. Иймд ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин 4,8 сая төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,384,000 төгрөгийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлж, Н ХХК-с нийт 6,184,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Х нь 2017-07-17-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд 2017-07-18-ны өдрөөс 2017-07-31-ний өдрийг дуусталх 10 өдөр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан. Мөн тэрээр 2017 оны 08, 09 дүгээр саруудад ажлаа 44 өдөр тасалсан зөрчил гаргасан. Түүний уг сарууд дахь нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. 2017-10-02-ны өдөр 12 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж Б.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Б.Х нь 2015-07-20-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд 2016-01-01-ний өдрөөс манай компани бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Б.Хтэй мөн адил шинэ гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Ажлаа таслаад ирээгүй 2017 оны 07, 08, 09 дүгээр сарын хугацааны түүний нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж байсны хохиролд 378 000 төгрөгийг нөхөн төлөөд тушаалаа ав гэж хэлсэн. Б.Х ажлаас халагдсанаа мэдэж байсан. Энэ нь түүний нэхэмжлэл дээрээ бичсэн тайлбараар тогтоогдож байна.  Ажлаас халсан тушаал гарсан байхад гардаж аваагүй атлаа 4 capын дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах  хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Түүний шүүхэд гаргаж өгсөн гэрээ нь дугааргүй, хууль ёсны хөдөлмөрийн гэрээ биш, хуурамч гэрээ байна. 2015-01-14-ний өдөр Б.Хтэй 19 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж байсан, түүнчлэн, 2016-01-04-ний өдөр 33 дугаартай хөдөлмөрийн шинэ гэрээ байгуулсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00729 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан Н ХХК-аас олговорт 5,567,441 төгрөг гаргуулж Б.Хд олгох,  2017-10-01-ний өдрөөс 2018-04-16-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 104 ,029 төгрөг гаргуулан улсын орлгод оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1395 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00729 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Н ХХК-д холбогдох Б.Хгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд  “ноцтой зөрчил гаргасан” гэж заасан ч би  44 өдөр ажил таслаагүй. Нотариатаар гэрчилсэн 2017-10-02-ны өдрийн 12-р тушаал тухайн үед гараагүй юм. Би 2017-10-29-ний өдөр Адъяасүрэн захиралтай уулзахад  “...2017-08-01-нд өөрийн хүсэлтээр халагдсан гэж бичээд, нийгмийн даатгалын 7, 8, 9 сарын нийт 519.000 төгрөгийг өгвөл чамд тушаал гаргаж өгнө...” гээд өгөөгүй. 2017 оны 6 сард намайг  “хөдөө ажил” гээд кемп менежерээр ажиллуулсан. Намайг хот хөдөөгүй ажил гэхээр би хэлснээр нь очиж ажилладаг байсан. Би 4 настай охиноо ээждээ үлдээгээд ажил хийдэг  байсан. Наадмын амралт болоод бүх ажилчид 2017-07-04-нд хотод ирсэн. 2017-07-06-нд хуралтай гэж дуудсан. Хуралд суусны дараа  хэзээ буцаад хөдөө ажиллах юм? гэж асуутал амралтын дараа гэсэн.  Амралт дуусаад ажил дээрээ очиход миний хийж байсан ажил дээр өөр хүн авсан байсан.Захиралтай уулзах гэхээр эзгүй байдаг. Утсаар залгахаар загнаад, утсаа таслаад  байсан. Би Драгоны салбарыг хариуцаж байхдаа 4 хүний ажил хийдэг байсан. Надад 44 өдрийн ажил таслах нь битгий хэл нэг өдрийн чөлөө авах хэцүү, ажилладаг байсан.  Чөлөө гуйхаар олгохгүй гэдэг байсан. Гэтэл   44 өдөр ажил тасалсан гэж гүтгэж байна. Анхан шатны шүүх хэргийг  зөв шийдвэрлэсэн. Давж заалдах шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримт болон үйл баримтаас дүгнэхэд: 1/ Б.Х нь 2017-07- 06-ны өдөр хөдөө орон нутгаас томилолтоос ирсний дараа захирал  халсан талаар хэлсэн ч  тушаалыг  гардаж аваагүй байна. 2/ Хишигсүрэн 2017-10- 02-ны өдрийн 12 тоот тушаалыг хэргийн материалтай танилцах үед анх харсан.  Б.Хд 2017 оны 07 сард ажлаас халагдсан гэх итгэл үнэмшил төрсөн ба ажил олгогчийн зүй бус харилцааны улмаас ажилтны 7, 8, 9 саруудад  ажлаа хийх боломжгүй байсан нь тогтоогддог. Хариуцагч талаас  гаргасан  цагийн бүртгэл нь эргэлзээтэй, тэгээд ч тус баримт дангаараа дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж чадахгүй юм. 3/ 2017-10- 02-ны өдрийн 12 тоот тушаалыг Хишигсүрэнд гардуулсан баримт  хэрэгт авагдаагүйн зэрэгцээ  ажил олгогч нь нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ ажилтнаас буцаан шаардсан шаардлагадаа саатуулан барьж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасан үүргээ зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан. Энэ нь ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт ажил олгогчоос хийсэн тэмдэглэлүүд үнэн зөв эсэхэд зүй ёсоор эргэлзээ үүсгэж байна. Эдгээр нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан  Б.Хд 2017-07- 06-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн гэх итгэл үнэмшил төрснийг буруутгах боломжгүй байх тул тэрээр 2017-10- 02-ны өдрийн 12 тоот тушаалд дурдсан ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Б.Хг захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг/давтан/ гаргасан гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хууль болон хариуцагч компаний хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар шууд цуцлахаар заасан байгаа боловч нэхэмжлэгч ийм үйлдлүүд гаргасан нь нотлогдохгүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар” заасан бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг хуулиар шаарддаг. Гэтэл Хишигсүрэнгийн дээрх давтан үйлдлээр 44 хоногийн ажил тасалсан гэх гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. Хэрэв ажилтан Хишигсүрэнг ийм олон өдөр ажил тасалсан гэж ажил олгогч тухайн үед үзэж байсан бол “Н” ХХК-ийн дотоод журмын 6-р зүйлд: сануулах, цалинг 20% бууруулах, мөн хөдөлмөрийн гэрээний 5.2-т зааснаар сануулах, 5.3-т зааснаар 3 сар хүртэл цалингийн 20% бууруулах гэж шат дараалсан арга хэмжээ авах байсан ба сахилгын зөрчил оногдуулахгүйгээр шууд халсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтан Б.Хгийн хууль ёсны эрх ашгийг илтэд хохироосон тушаал гаргажээ.  Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Х нь 2018-02-05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Н ХХК-ийн замын хөдөлгөөний хууль, дүрмийн багшийн ажлаас халагдсан тул 2017-10-01-с 2018-04-16-ны өдөр дуустал хугацааны 8 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан /хх 1, 85/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан бөгөөд нэхэмжлэгч ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар /хх 24-25/ өгчээ.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... Б.Х 2014 оноос жолооны багш, 2016 оноос замын хөдөлгөөний дүрмийн багшаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон... нэхэмжлэгч 2017-07-06-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэх тул 2017-10-12-ны өдрийн 12 тоот тушаалд дурдсан  зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна...ажилтан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна...иймд 2017-07-06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, зохих бичилтийг холбогдох дэвтэрт хийхийг ажил олгогчид даалгана...” гэсэн үндэслэл заасан байна.    

         Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч 2017-10-12-ны өдрийн 12 дугаар тушаалаар  ажлаас чөлөөлөгдсөн байна... ажилтан 2017-07-18-ны өдрөөс ажилдаа ирээгүй нийт 44 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан  байна... 2016-01-01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т заасан ноцтой зөрчлийг Б.Х гаргасан байна... ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхийг нь хориглосон, ажлын байранд нэвтрүүлэхгүй гэх үйл баримт тогтоогдсонгүй ...шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна...” гэсэн дүгнэлт хийжээ.   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Хэрэгт, 2014-06-10-ны өдрийн /хх 39/ мөн 2015-01-14-ний өдрийн /хх 41-42/, 2016-01-01-ний өдрийн /хх 45-48/ болон 2016-01-06-ны өдрийн /хх 4-6/ хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх 7-10/, зохигчоос олгосон итгэмжлэл /хх 19/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар дүрмийн хамт /хх 26, 27-28/., 2015-06-20-ны өдрийн 86-р тушаалаар батлагдсан дотоод журам /хх 29-37/., нэхэмжлэгчийг ажилд томилох тухай 2014-06-22-ны өдрийн 14/110 /хх 38/ болон 2015-07-20-ны өдрийн 15/110 /хх 44/ дугаар тушаал, эрх шилжүүлэх тухай 2015-02-27-ны өдрийн 47-р тушаал /хх 40/, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай 2015-06-22-ны өдрийн 02 /хх 43/ болон 2017-10-02-ны өдрийн /хх 51/ 12-р тушаал, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 49-50/, захиралтай хийсэн гэх ярианы бичлэг /хх 69, 70-74/, цагийн бүртгэл /хх 75-78/ авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр Д.Батбаатар гэрчийн мэдүүлэг /хх 79/ өгсөн байна. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан уг  баримтуудыг  хэлэлцэж шийдвэр, магадлал гаргасан тул эдгээр баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Н ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан байх бөгөөд энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт баримтад үндэслэгджээ. 

       Б.Х хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ажил олгогчийн 2017-10-02-ны өдрийн 12 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ. 

        Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд хариуцагч талаас саад болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ажилдаа ирээгүй үйл баримтыг ажил тасалсан ноцтой зөрчилд хамааруулж ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.

        Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1395 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ