Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-01
Дугаар 001/ХТ2018/01540
Хэргийн индекс 013/2018/01540/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч “Х” ХХК
Хариуцагч П нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00468 дугаар шийдвэр,

 Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Х” ХХК

         Хариуцагч: П

         Хариуцагч: П нарт холбогдох   

         Дулаан ашигласны төлбөрт 1.284.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Пийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагч П, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуйн контор Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /УСНААК ОНӨААТҮГ/, Хөвсгөл дулаан ХХК-ийг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016-09-06-ны өдрийн 56-р тогтоолоор татан буулгаж, мөн тогтоолоор Х ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх тогтоолоор манай байгууллагад татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн өр авлага, эд хөрөнгө нь шилжиж ирсэн. 2013-01-02-ны өдөр Хөвсгөл дулаан ХХК нь  Птай  “Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ”-г  байгуулж гарын үсэг зурсан. Пирамид зоогийн газрын халаалтын төлбөрийн үлдэгдэл 1,284,479 төгрөг байсан бөгөөд  тооцоо нийлсэн акт-д Пирамид зоогийн газрыг төлөөлж “Хөвсгөл дулаан”ХХК-д байцаагчаар ажиллаж байсан П төлөхөөр гарын үсэг зурсан байсан. П нь халаалтын төлбөрийн үлдэгдэл 1,284,479 төгрөгөөс 1,045,245 төгрөгийг дулаан хариуцсан байцаагч байсан Пт төлсөн баримтыг гаргаж өгсөн  тул бид Пийг хамтран хариуцагчаар татсан. Иймд  Пирамид зоогийн газраас 239,234 төгрөг, Пээс 1,045,245 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч П  хариу тайлбартаа:  2013-01-02-ны өдөр тухайн үеийн нэрээр Хөвсгөл дулаан ХХК-тай  дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Тус байгууллага нь манайхаас 1,284,479 төгрөг нэхэмжилж буй боловч үг төлбөрөөс 1,045,245 төгрөгийг төлсөн байгаа тул үлдэгдэл 239,234 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, 1,045,245 төгрөгийг төлөхгүй  гэжээ.

        Хариуцагч П  хариу тайлбартаа:  Пирамид зоогийн газрын  баримтуудад халаалтын төлбөрийг би бэлнээр авч  байсан баримт байх тул  маргахгүй. Тухайн  мөнгийг  би байгууллагадаа бүрэн тушаасан. Энэ төлбөрийг яагаад байгууллага татан буугдсан хойно гарч ирснийг ойлгохгүй байна. 2014 онд тэтгэвэрт гарахдаа байгууллагатай тооцоогүй гарсан. Иймд хамтран хариуцагчаар оролцохоос татгалзаж байна гэжээ.

       Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00468 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Пт холбогдох халаалтын төлбөр 239,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Пээс  1,045,245 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 35,377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Пирамид зоогийн газраас 7827 төгрөг, Пээс 29,636 төгрөг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

        Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Пирамид гэсний дараа /Эрдэнэс/ гэсэн нэмэлт оруулж”, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Пийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2014-09 дүгээр сард Хөвсгөл дулаан ХХК-д байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.  Намайг ажлаас чөлөөлөхөд Птай холбоотой нэг ч өр, төлбөр тооцоо байгаагүй. Тооцоо байсан бол тухайн үед надтай тооцоо хийх байсан. Үүнийг хэргийн материалд хавсаргасан Эрдэнэс зоогийн газрын 2014-01-01-ээс 06-30-ны тооцооны үлдэгдлийн баталгаа гэрчилнэ. Компани 2016-09 дүгээр сард татан буугдсан хойно, ерөнхий нягтлан бодогч, байцаагч нар нь худлаа хэлж, үгсэн хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хэрэгтэн болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байцаагч тооцоо нийлэх эрх бүхий сүбъект биш. /Санхүүгийн хуулиар/ Өөрөө компьютер дээр тооцооны акт шивж үйлдсэн баримт нь хууль бус. Тооцооны үлдэгдлийн баталгаа нь Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны 171/11 тоот тушаалын хавсралтанд зөвхөн ерөнхий нягтлан бодогч юм уу борлуулалт хариуцсан инженер тооцоо нийлэх ёстой байдаг. Би гарын үсэг зурахдаа үнэхээр л ТУЗ-ын хуралд тус болох юм боловуу гэж бодож зурсан. Ерөнхий санхүүч тооцоо нийлсэн бол зурахгүй байх байсан. Тэтгэвэрт гарсан хойно, компани татан буугдсаны дараа, үндсэн нотлох баримтгүй материалд хуурамч баримтаар хэрэг бүртгэлт үүсгэн  хэрэгтэн болгосон. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд улирал, хагас бүтэн жилд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, тооцоо нийлсэн актууд санхүүгийн бусад материалыг нотлох баримтад үнэлэхгүй байгааг, байгууллагын ерөнхий санхүүчийн ажлын хариуцлагагүй хандсан байцаагчтай үгсэн хуйвалдаж хуурамч баримт бүрдүүлсэн баримтыг үнэлэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Дээрх хүмүүсийн ажлын хариуцлагагүйгээс 2013 оны үндсэн нотлох баримт нь архивт байхгүй байсан зэрэг нь зохион байгуулалттай, санаатай үйлдэл гэж бодож байна. Хэрэгт хавсаргасан материалд 2013 оны эцэс, 2014 оны эхээр тооцоогүй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа байсаар байхад Пт 239.000 төгрөгийн баримт нь байхгүй гэх үндэслэлээр төлбөр үүсгэн, үлдэгдэл 1.045.200 төгрөгийг намайг эрүүл мэндийн шалтгаанаар хотод эмчлүүлж байхад өр үүсгэн, төлүүлэх шийдвэр нь эргэлзээтэй байна. Иймд 2013 оны эцэс, 2014 оны тооцооны үлдэгдлийн баталгаа, санхүүгийн аудитын шалгалтын дүгнэлт, хуурамчаар үйлдсэн баримт зэргийг хянан, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа 2017-02 дугаар сард дууссан зэргийг харгалзан хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Х ХХК 2017-12-27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, дулааны төлбөрт  Хөвсгөл аймгийн Пирамид зоогийн газраас 239,234 төгрөг, Пээс 1,045,245 төгрөг тус тус гаргуулахыг шаардсан /хх 1, 23, 75, 80/ байна.

         Хариуцагч П нэхэмжлэлийг зөвшөөрсөн, харин П зөвшөөрөөгүй маргажээ. /хх 19, 20-21, 25, 69, 87, 119/  

        Анхан шатны шүүх П нэхэмжлэлийг зөвшөөрснийг баталж, Пээс 1.045.245 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсан байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан Пийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус буюу Х ХХК ямар хугацааны төлбөрийг шаардаж буйгаа дурдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна. 

        Тухайлбал, Х ХХК нь “...2013 оны 01 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сар хүртэл хугацаагаар...” мөн “...2014 оны жилийн эцсийн байдлаар...” тооцоо хийж нэхэмжлэл гаргасан гэх өөр өөр тайлбарыг шүүхэд өгөхдөө /хх 77, 94/ 2013 оны 1-5 дугаар сарын /хх 11/, 2013-2014 оны /хх 40/ мөн 2013 оны 06 дугаар сараас 2015 оны 12 сарыг дуустал хугацааны /хх 53/ баримтыг шүүхэд гаргажээ.  

        Хариуцагч П  нь “...2014 онд ажлаа хүлээлгэн өгсөн...”  гэж маргасан тул  239.234 төгрөг болон 1.045.245 төгрөг нь ямар хугацаанд хамаарч байгаа нь тодорхой байх шаардлагатай юм.

        2. Шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 35 дугаар зүйлд нийцээгүй гэж үзлээ.   

       Нэхэмжлэгч 239.234 төгрөгийг Эрдэнэс /хуучнаар Пирамид/ зоогийн газраас нэхэмжилсэн гэх боловч уг хариуцагчийг төлөөлөн Г.Ганчимэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон /хх 19/ үндэслэл тодорхойгүй байна.     

       3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117,  65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.  

       Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1240 дугаар тэмдэглэл /хх 82-92/-с гадна Н.Чулуунцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэж байсан тухай мэдээлэл хэрэгт авагдсан байхад шүүх энэ талаар тодруулаагүй, мөн шийдвэртээ дүгнэлт хийгээгүй нь буруу байна. 

        Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэх, зохигчийн гэм буруугийн талаар эрүүгийн журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нөхцөл бүрдэнэ. 

        Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянанлтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00468 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 29.700 төгрөгийг Пт захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ