Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-15
Дугаар 001/ХТ2018/01633
Хэргийн индекс 102/2018/01633/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Р.С
Хариуцагч Г.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Р.С, “А” ХХК нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1202 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Р.С

         Нэхэмжлэгч: “А” ХХК нарын

         Хариуцагч: Г.Ат холбогдох

     43,605,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч Р.С нэхэмжлэл болон тайлбартаа: Г.Атэй 2016-02-16-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг, сарын 2,3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн хүүд 4,380,000 төгрөг төлсөн. Г.А үндсэн зээлд 920,000 төгрөг, хүүд 2,7 сая төгрөг, нийт 3,620,000 төгрөг төлсөн нь зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрсний нотолгоо. А ХХК-ийн хувьд мөнгийг шилжүүлэх үүрэг гүйцэтгэснээс хариуцагчтай байгуулсан гэрээ байхгүй. Иймд  43,605,000 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талууд эвлэрэхээр ярилцсан боловч хариуцагч барьцааны хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэсэн тул эвлэрч чадаагүй. Гэрээнд зааснаар Р.С, Г.Ат 30 сая төгрөгийг өгөөгүй. Энэ мөнгийг А ХХК 13 сая төгрөг, 17сая төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн тул гэрээний үүрэгт алданги төлөх эрхгүй. Хариуцагч зээлийн төлбөрт нийт 4,380,000 төгрөг төлсөн. Одоо А ХХК-д 25,620,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.  А ХХК, Г.А нарын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас Иргэний хуулийн 156.1, 156.3-р үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх үүсэхгүй гэжээ.

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгүүдэд зааснаар А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г.Аээс 43 605 000 төгрөг  гаргуулж,  Р.Сд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-р  үүргийн гүйцэтгэлийг Г.Аийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-Б байрны 67 тоот, 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1202 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Г.А 2016-02-18-ны өдөр "А" ХХК-с 13 сая төгрөг, 2016-02-19-ний өдөр 17 сая  төгрөг, нийт 30 сая төгрөг зээлж авсан нь /хх 8-10/ нотлогддог, уг мөнгийг зээлж авсан талаар Г.А маргадаггүй. "А" ХХК-с мөнгөө зээлж аваагүй байхад  Р.С Г.Атэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Р.С мөнгө зээлүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч биш юм. "А" ХХК шаардах эрхээ Р.Сд шилжүүлээгүй, үүрэг гүйцэтгүүлэх эрх, итгэмжлэл ч олгоогүй шаардлага гаргасан тусдаа нэхэмжлэгч байхад шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосон нь ИХШХШТХ-ийн 3, 25-г зөрчсөн. Зохигч биш этгээд тэмдэгтийн хураамж төлсөн нь ИХШХШТХ 57.1-г зөрчсөн. Тэмдэгтийн хураамж төлөөгүй Р.Сд 375,975 төгрөгийн хураамж гаргуулан шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны болсонгүй. Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд: Жинхэнэ нэхэмжлэгч "А" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зээлдүүлэгч биш Р.Сд бусдын зээлийн төлбөрийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулсныг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, зохигч биш этгээдийн тэмдэгтийн хураамж төлснийг хүлээн авч хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.Иймд Г.Аээс төлсөн 4,380,000 төгрөгийг хасч 25,620,000 төгрөгийг "А" ХХК-д гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Р.С 2017-07-17-ны өдөр Г.Ат холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 6,660,000 төгрөг, алданги 36,558,990 төгрөг нийт 73,218,990 төгрөг /хх 1/ шаарджээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК /хх 72,73/ хамтран нэхэмжлэгчээр оролцсон байна.   

        Анхан шатны шүүх хариуцагчаас 43,605,000 төгрөг гаргуулж Р.Сд олгож, “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Р.С 2016-02-16-ны өдөр Г.Атэй зээлийн гэрээ байгуулан, 30,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 2016-06-16-ны өдөр хүртэл хугацаагаар зээлүүлж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-Б байрны 67 тоот орон сууцыг барьцаалсан нь тогтоогджээ.

      Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

      Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

      Хариуцагч өөрийн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна. Г.А үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 2,760,000 төгрөг, нийт 32,760,000 төгрөг төлөхөөс 3,690,000 төгрөг төлжээ. Иймд шүүх үлдэх 29,070,000 төгрөгийг алданги 14,536,000 төгрөгийн хамт   гаргуулсан нь зөв байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа  Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-Б байрны 67 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан нь тогтоогдсон тул шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282, 232 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. 

       Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1202 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 375.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                               

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                             ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ