Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-27
Дугаар 001/ХТ2018/01697
Хэргийн индекс 101/2018/01697/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Л.А
Хариуцагч Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Л.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

         2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01565 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1449 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Л.А

         Хариуцагч: Нд холбогдох        

    Нийн ерөнхий захирлын 2018 оны Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Биотехнологи, инновацийн албаны биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие биологич, вирус судлаач мэргэжилтэй, улсад 33 жил 2 сар ажилласан, үүнээс төрийн үйлчилгээний албанд 29 жил 7 сар ажилласан. Гэтэл Нийн ерөнхий захирлын 2018-02- 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Би 60 нас хүртлээ ажиллах хууль ёсны эрхийн дагуу өргөдлөө өгч байхад халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тэтгэмжийн мөнгийг төсөвт суулгасан нь  тэтгэвэрт гаргах, ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд хариуцагч нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар мөн ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Л.А 2005-11-15-ны өдрөөс 2018-02-12-ны өдөр хүртэл Нийн Биотехнологи, инновацийн албанд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Л.Аптантуяа улсад нийт 33.5 жил ажилласан бөгөөд үүнээс 29.8 жил нь хөдөлмөрийн хэвийн бус буюу хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан байна. НЭМҮТ-өөс Л.Ад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаарх мэдэгдлийг 2018-01-15-ны өдөр захиргааны шийдвэрийг 2018-02- 13-ны өдөр хүргүүлсэн. Л.А  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.3.3 дахь хэсэгт заасны дагуу нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгоно гэсэн болзлыг хангасан байна. Хэдийгээр иргэн Л.А нь дээрх нөхцөлийг хангасан ч 2016-01-14-ний өдөр гаргасан тэтгэвэр тогтоолгох асуудлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг нь хүлээн авч захиргааны зүгээс байгууллагын цалингийн сан хасагдаагүй буюу санхүүжилтийн хувьд боломжтой байсан тул хүсэлтийг ажилтны талд бүрэн шийдвэрлэж 2018-02- 12-ны өдрийг дуустал ажиллуулсан. Нөөс гаргасан захиргааны шийдвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.3.3 дахь заалт нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2.2-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 1962 он ба түүнээс өмнө төрсөн бол 55 нас байна гэж заасныг тус тус үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Л.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01565 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Аг  Нийн Биотехнологи, инновацийн албаны Биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоож, олговорт 2,882,738 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Л.Ад олгож, хариуцагчаас 61,074 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1449 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Л.А нь Өвөрхангай аймаг, Багануур дүүргийн Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагад шимэгч судлагчаар 1983-07-01-с 1986-03-18-ныг хүртэл, Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институтэд ажилтнаар 1986-04-01-нээс 2000-11-01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд /хөдөлмөрийн хортой нөхцөл/ удаан хугацаагаар ажилласны улмаас харшил өгч лабораторид ажиллах боломжгүй болсон тул хөдөлмөрийн нөхцөлөө өөрчлөн 2000-11-01-нээс 2003-05-12-ны хооронд Улаанбаатар хотын ТЗГ, 2003-07-25-наас 2004-08-26-ны өдрийг дуустал Автобус 1 ХК-нд шугамын диспетчерээр тус тус ажиллаж байгаад улмаар 2005-11-15-ны өдрөөс 2018-02- 12-ны өдөр хүртэл Нийн Биотехнологи, инновацийн албанд ЭШАжилтнаар ажилласан.  Л.А нь улсад нийт 33.5 жил ажилласан бөгөөд үүнээс 29.8 жил нь хөдөлмөрийн хэвийн бус буюу хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байна. Хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогддог. Хөдөлмөрийн дэвтрийн “Ажилд авсан шалтгаан” /хх-ийн 4/. Ажлаас чөлөөлөх тушаалын 2 дахь хэсэг /хх-ийн 5/. Ажилд томилох тушаалын 1 дэх хэсэг /хх-ийн 6/. Ажлаас чөлөөлөх тушаалын 1 дэх хэсэг /хх-ийн 7/. НДД-ийн “Эрхэлж байсан ажил албан тушаал” хэсэг /хх-ийн 9/. Иргэн Л.А нь 1961-01-31-ний өдөр төрсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 57 нас 5 сартай байна. Энэхүү харилцааг нарийвчлан зохицуулахаар 1997-01- 17-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдаж, 2018-02- 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль”-ийн 2.2 дахь заалт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4-н 1-т эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: 1962 он ба түүнээс өмнө төрсөн бол 55 нас байна” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь үндэслэлтэй юм. давж заалдах шүүх нь иргэн Л.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2.2 дахь заалт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4-н 1-т эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: 1962 он ба түүнээс өмнө төрсөн бол 55 нас байна” гэх хуулийг тус тус үндэслэсэнийг үндэслэлгүй гэж үзсэн. НЭМҮТ нь БСШУЯамны ШУТСангаас санхүүждэг бөгөөд 2018 оны төсвөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн хүмүүсийн цалин нь цалингийн сангаас 58,5 сая төгрөгөөр хасагдаж /хх-ийн 70/. НЭМҮТ-ийн 2017 оны төсвийн хуваарь, /хх-ийн 67/. НЭМҮТ-ийн 2018 оны төсвийн хуваарь/ харин хуулиар олгогдох тэтгэмж нь батлагдан ирсэн тул Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх заалт “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 41.2.2 дахь заалт “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах заалтуудыг үндэслэснийг мөн үндэслэлгүй гэж үзсэн нь тухайн хэрэгт холбоотой, ач холбогдолтой хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, маргаж буй асуудлын талаар нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэглэх журмын тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг хэрэглэлгүйгээр зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гаргасан магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй ИХШХШТХ-ийн 172.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхнаран миний бие ИХШХШТХ-н 172.1 дэх заалтыг үндэслэн магадлалыг ИХШХШТХ -172.2.1 дэх заалтыг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн хэмээн үзэж байгаа тул ИХШХШТХ-н 176.2.5 дахь заалтыг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Л.А 2018-02-26-ны өдөр Нд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Биотехнологи, инновацийн албаны биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

       Нийн ерөнхий захирал 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б/20 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 43, 42 дугаар зүйлийн 42.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2, дотоод журмын 8.2 дахь заалтуудыг үндэслэн “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж Л.Агтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.   

       Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар  ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

         Л.А нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаал гаргах үед 60 нас хүрээгүй байсан нь тогтоогдож байх бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэл зоригоо ажил олгогчид илэрхийлсэн баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч нотлоогүй гэж үзнэ.   

         Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хариуцагч Л.Аг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчсөн байх тул хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

        Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/01565 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1449 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ