Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-22
Дугаар 001/ХТ2018/01676
Хэргийн индекс 013/2018/01676/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч Л.С
Хариуцагч В.Б Д.Ч нарт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Л.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч    П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн            

         2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Л.С

         Хариуцагч: В.Б

         Хариуцагч: Д.Ч нарт холбогдох

         32,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Ч 2017-08-10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-с барилгын засварын ажлын тендер гаргуулж өгье. 597 сая төгрөгийн ажил байна. 10 хувийг надад өгөөрэй эхний ээлжинд 25 сая төгрөг өгчих гээд дахин дахин утастаад байхаар нь итгээд 2017-08-18-ны өдөр хэлснээр нь В.Б гэдэг хүний Хаан банкин дахь  дансанд 20 сая, 2017-08-21-ний өдөр 5 сая нийт 25 сая төгрөг шилжүүлсэн. Д.Чын хэлснээр бол 2017-08-25-ны өдөр тендерийн хурал хуралдаж,5 өдрийн дотор асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн.Тйим учир би өндөр хүүтэй мөнгө зээлж Д.Чын хэлсэн дансанд хийсэн. Би 25 сая төгрөг зээлснээр 15 сая төгрөгийн хүү, алдангийн асуудалд орж, өөрөө 7.5 сая төгрөгийн  хохирол хариуцахаар болсон  тул уг мөнгийг хариуцагч нараар төлүүлнэ. Тендер ч, мөнгө ч байхгүй хохирч байна. Би Д.Чтай тохирсон ч тэрээр В.Бас ав гэж хэлсэн тул хариуцагчаар татсан. 25 сая төгрөгөө  В.Баттулгын дансанд хийсэн. Иймд нийт Д.Чаас 32.500.000 төгрөг гаргуулж өгнө үү. В.Бас мөнгө нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

       Хариуцагч Д.Ч гаргасан хариу тайлбартаа: Би Л.Сээс 25 сая төгрөг авч  В.Бд зуучлан зээлүүлсэн нь үнэн. В.Б  2 орцтой орон сууц бариулж байсан. Урд нь би В.Баттулгыг таньдаг, мэддэг байсан тул В.Бд итгэсэн. В.Баттулгыг энэ хүний мөнгийг хурдан олж өг гэж би шаардаж байгаа.Мөнгийг би аваагүй  гэжээ.

 

     Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д заасныг баримтлан Б.Чойжамцаас 25.000.000 төгрөг гаргуулан Л.Сд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь В.Баттулгыг хариуцагчаар татсанаас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 320.450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 282.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “...Нэхэмжлэгч нь хариуцагч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг дурдаж...” гэснийг “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь хариуцагч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

 

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: 2 шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэж, ИХШХШТХ-г зөрчлөө. Анхан шатны шүүх ИХШХШТХ-н 281.1-д заасан “...зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ” гэсний дагуу Л.С мөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргийнхээ дагуу В.Бд шилжүүлэн өгсөн нь В.Баттулгын дансны хуулгаар нотлогдсон. Баримтад В.Бд зээлдүүлэв гэсэн байгаа.Гэтэл шүүх энэ талаар  дүгнэлт хийгээгүй. В.Б гэх иргэн мөнгө зээлэх хүн хэлээд өгөөч гэсний дагуу Д.Ч Л.Сд хэлж, Л.С нь В.Бд мөнгө зээлж шилжүүлснийг мэдэх хүн Д.Ч мөн бөгөөд энэ нь гэрээний үүрэг хүлээсэн гэж. үзэх үндэслэл биш юм. Д.Чад мөнгө өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч. өөрөө ч хүлээн зөвшөөрсөн шаардлага, тайлбар гаргадаг. Харин Д.Чад итгэж би мөнгөө Д.Баттулга руу шилжүүлсэн гэх тайлбарыг шүүх анхаарч үзээгүй. Д.Ч мөнгө аваагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байхад уг асуудлыг шүүх Иргэний хуулийн 186.1, 189.5-д заасан заалтыг баримтлан Д.Ч, Л.С нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэж В.Бд өгсөн мөнгийг Д.Чаас гаргуулах болсон нь үндэслэлгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Л.С, В.Б нарын хооронд зээлийн гэрээний үүрэг, харилцаа үүсч, хүүгийн хамт буцаан өгч авахаар тохиролцсон тохиролцоонд В.Б нь мөнгийг буцаан өгөхгүй тохиолдолд зуучилсан Д.Ч төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон тохиролцоо байгаагүй байдлыг шүүх анхаарч үзээгүй байна. В.Б өөрийн дансаар шилжүүлсэн мөнгөө буцаан өгсөн эсэх, өгөх үүрэгтэй эсэх, Л.С, В.Б нарын хооронд ямар эрх зүйн харилцаа, үр дагавар үүссэн эсэхийг дүгнээгүй атал Д.Чад үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Л.С, В.Б, Д.Ч нарын хооронд ямар үүргийн харилцаа бий болсон, эсэхийг анхан шатны шүүх дүгнээгүй атлаа В.Бас татгалзсан, үүргийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр үүргийг Д.Чад хариуцуулж шийдвэр гаргасныг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Л.С, В.Б, Д.Ч нарын хооронд Иргэний хуулийн  39.1, 43-р зүйлд заасан хэлцэл бий болсон эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа, шууд нэрлэгдээгүй гэрээ хийгдсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Л.С 2018-02-08-ны өдөр Д.Ч, В.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 32,500,000 төгрөг шаардахдаа “...Д.Ч нь Эрдэнэт үйлдвэр   ХХК-с барилгын засварын ажлын тендер олж өгнө гэсэн тул түүний зааж өгсөн хий буюу  В.Баттулгын дансанд 25 сая төгрөг шилжүүлсэн ч ажил бүтээгүй, уг мөнгийг бусдаас зээлж өгсөн тул хүүд нь 7,500,000 төгрөг төлж хохирсон...” гэсэн үндэслэл заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч 2018-03-19-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж, В.Баттулгыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан /хх 19/ байна.

       Д.Ч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...В.Бд зуучилж Л.Сарангэрлээс  мөнгө зээлж өгсөн, 25 сая төгрөгийг би аваагүй...” /хх 17/ гэж маргажээ. 

       Анхан шатны шүүх Д.Чаас 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, В.Баттулгыг хариуцагчаар татахыг нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Баттулгыг хариуцагчаар татсанаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээжээ.  

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Д.Чын гомдол үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Л.С Д.Чын заасан этгээдэд шилжүүлсэн мөнгөө буцааж аваагүй нь тогтоогдсон тул шүүх хариуцагчаас 25,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй  байна.  Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй  юм.

       Харин шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       В.Баттулгыг “...хариуцагчаар оролцуулахаас татгалзах...” нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74, 75 дугаар зүйлийн зохицуулалтын агуулгаар шийдвэрлэсэн нь буруу байна.  В.Бд холбогдох нэхэмжлэлээс бус, харин түүнийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан нь Л.С нэхэмжлэлээ тодруулж, шаардлагаа нэг этгээдэд буюу Д.Чад холбогдуулан гаргасан гэж үзэх үндэслэл юм.   

       Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглээгүй байна.

       Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, В.Бд холбогдох заалтыг хүчингүй болгоно.     

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 283.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ