Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-10-23
Дугаар 001/ХТ2018/01470
Хэргийн индекс 102/2018/00485/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Ц.С
Хариуцагч Ю.Ч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00793 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1131 дүгээр магадлалтай,

Ц.С-ын нэхэмжлэлтэй

Ю.Ч-д холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ю.Ч-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Ч-тай зээлийн гэрээг байгуулж, 5.000.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 30 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч зээлийн хүүг 10 хоног тутамд төлөх ёстой байсан боловч хүү болон үндсэн зээлээ төлөөгүй. Гэтэл зээлдэгч Ц.С-оос 5.000.000 төгрөгийг аваагүй, З.Энхтуяагаас авсан гэж маргадаг. Үнэн хэрэгтээ хариуцагч гэрч З.Энхтуяагаас мөнгө зээлэхийг хүсэхэд надад байхгүй, захирлаас асууж өгье гэж хэлээд З.Энхтуяа нь нэхэмжлэгчээс бэлнээр 5.000.000 төгрөгийг аваад Ю.Ч-ын дэлгүүр дээр хүргэж өгсөн байдаг. Дараа нь нэхэмжлэгч, хариуцагч хоёр уулзаад гэрээг бичгээр байгуулж, гэрээний арын хуудсан дээр 5.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ Ю.Ч- бичиж, гарын үсгээ зурсан. Эдгээр үйл баримтууд хариуцагчийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр асуугдсан Ю.Ч-, З.Энхтуяа нарын мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч энэ мөнгийг З.Энхтуяад бараа материалаар төлсөн гэж хэлдэг ч Ю.Ч-, З.Энхтуяа нарын хоорондын асуудлыг тусад нь шийдвэрлэх нь зүйтэй. Зээлийн хүү төлөх хугацааг 287 хоногоор, үндсэн зээл төлөх хугацааг 236 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний 4 дэх хэсэгт зааснаар хүү  3.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 4.305.000 төгрөг мөн 5.000.000 төгрөгийн үндсэн зээлийг 236 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 5.900.000 төгрөг, нийт алданги 10.205.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтэрч болохгүй тул 2.500.000 төгрөг, 1.500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийн алданги болно. Иймд хариуцагчаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, 2 сарын хүү 3.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.Ч-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ц.С-оос ямар ч мөнгө аваагүй. Харин түүний танил З.Энхтуяагаас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч тэрээр дарамталж байгаад байгуулсан. Би З.Энхтуяагаас мөнгө асуухад надад одоо алга, өөр хүнээс асууж өгье гэж хэлсэн. Дараа нь над руу залгаж мөнгө олсон гэж хэлсэн бөгөөд би тухайн үед гадуур ажлаар явж байна, дэлгүүр дээр аваачаад худалдагчид өгчих гэхэд 5.000.000 төгрөгийг өгсөн байсан. З.Энхтуяагаас энэ үед авсан мөнгөө 6.500.000 төгрөг болгож буцаан төлсөн. Мөн өмнө нь З.Энхтуяагаас хэд хэдэн удаа зээлсэн бөгөөд нийт 45.500.000 төгрөг зээлснээ зээл, зээлийн хүүгийн хамт нийт 67.250.000 төгрөг болгон буцаан төлсөн. Уг зээлсэн мөнгөний хүүд бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн оролцуулж, 21.750.000 төгрөгийн архи, пиво, ус, ундааг үйлдвэрийн үнээр өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дэлгүүрийн худалдагчид өгсөн 5.000.000 төгрөгт гэрээ хий гэж дарамтлаад сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ц.С-той зээлийн гэрээ нөхөж хийсэн. З.Энхтуяа нэг үйлдэлд хоёр зээлийн төлбөр өгсөн мэтээр бичиг баримт бүрдүүлсэн. З.Энхтуяагаас авсан мөнгийг Ц.С-оос авсан мөнгө болгож, намайг дарамталж байгаад зээлийн гэрээ хийсэн мэтээр дүр үзүүлэн хууран мэхэлж хэлцэл хийж, хүү алдангийг их хувиар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Тухайн үед дарамтанд орж, зээлийн гэрээг байгуулсан тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус юм. иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00793 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 282 пугаар зүйлийн 282.2, 282.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Монгол овогт Юмжирдуламын Чимэддуламаас 8.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хүсэн түг овогт Цэндээхүүгийн Содномд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 150.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1131 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ю.Чимэдуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ю.Ч- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хэргийн 84-86 дугаар талд авагдсан 2017 оны 11 сарын 30-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд З.Энхтуяаг гэрчээр асуусан нь бичэгдсэн байна. Үүнд надад 5 сая төгрөгнийхөө хүүд нь бодуулж 2017 оны 3 сарын 31-нээс эхлээд бараа буюу архи, пиво, ус, ундаа өгсөн. Тэгээд би одоо өөрийн үндсэн мөнгө болох 5 сая төгрөгийг авья гэхэд өгөхгүй цугтаад байгаа юм гэж мэдүүлсэн. Мөн хэргийн 21-33 баримтанд 5 сая төгрөгний хүү болон төлбөрт тооцон бараа материалыг тухай бүрт нь З.Энхтуяад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтууд авагдсан. Үүнийг давхар нотолж байгаа баримт нь хэргийн 84-86 болно. Үүнээс харахад 5 сая төгрөгний хүү болон төлбөрт тооцуулан бараа материал өгч байсан нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх огт хүү болон төлбөр төлөөгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хэргийн 86 дугаар талд авагдсан баримтын сүүлд байцаагч асуулт: Та Чимэддуламд 5 саяыг өгөөд тусдаа Содном гэх хүн 5 сая төгрөг өгсөн юмуу? гэхэд үгүй ээ Ц.С- бид хоёр л 5 сая төгрөг өгсөн юм. Тус тусдаа мөнгө өгөөгүй юм гэж мэдүүлсэн байна. Үүнээс үзэхэд зээлийн гэрээг Ц.С- байгуулсан юм шиг харагдаж байгаа боловч яг зээлдэгч нь Содном, Энхтуяа нар байх боломжтой байна. З.Энхтуяа нь зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзвэл, З.Энхтуяа нь энэ асуудалд хамааралтай болох нь гэрчээр асуусан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан З.Энхтуяагийн гомдол зэрэг баримтаар нотлогдож байна. Анхан шатны шүүх процессын алдаа гаргасан ба материалыг танилцуулаагүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалтах шатны шүүх нь шүүх хурлыг ажлын цаг дууссан 19 цагт явуулсан. Иймд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.С-, Ю.Ч-д холбогдуулж зээл 5.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг, алданги 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Ц.С- нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ю.Ч-тай бичгээр байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосныг хариуцагч Ю.Ч-, “З.Энхтуяагаас 5.000.000 төгрөг зээлэхээр ярилцсан, тэрээр мөнгийг худалдагчид авчирч өгснийг хүлээн авсан, Ц.С-ын мөнгө гэж бичгээр гэрээ байгуулах шаардлага тавьсан, төлбөрийг З.Энхтуяад бараагаар төлсөн” гэж маргажээ.

Хэрэгт, З.Энхтуяагийн “...Ю.Ч-д 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг залилуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2017.12.06-ны өдрийн 2076 тоот тогтоол, уг гомдолтой холбоотой талуудаас авсан тайлбар, Ю.Ч-аас З.Энхтуяад 2017.03.13-нээс 2017.06.23-ний өдөр хүртэл зээлийн төлбөрт нийт 6.542.510 төгрөгийн бараа өгсөн баримт, Ц.С-, Ю.Ч- нарын болон З.Энхтуяа, Ю.Ч- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд, зээл олгосон, зээл төлсөн банкны харилцах дансны мэдээллүүд, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  авсан З.Энхтуяагийн гэрчийн мэдүүлэг” зэрэг авагджээ.

Зээлийн үүргийг шаардахад хэний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь бүрэн тогтоогдсон байх учиртай бөгөөд зохигчийн хооронд зөвхөн бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан нь зээлийн үүргийг шаардах эрхийг үүсгэх боломжгүй байна.

Мөнгөн хөрөнгө нь Ц.С-ынх байж болох хэдий ч зээлийн гэрээ З.Энхтуяа болон Ю.Ч- нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл байгаа эсэх, зээл төлөгдсөн эсэхийг шүүх тодруулаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/00793 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1131 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 150.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ