Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-10-23
Дугаар 001/ХТ2018/01467
Хэргийн индекс 101/2015/09049/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Г ХХК
Хариуцагч БХАҮН ТӨААТҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00725 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1227 дугаар магадлалтай,

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

БХАҮН ТӨААТҮГ-т холбогдох,  

Гэрээний үүрэгт 48.812.325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монгол цэрэг констракшн ТӨААТҮГ-тай Шонхор хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үнэ, санхүүжилтийн нийт гүйцэтгэл 131.886.700 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу график ёсоор суурийн материал 11.094.325 төгрөг, карказны үнэ 47.718.000 төгрөг, тээврийн хөлс 8.000 000 төгрөг, кран түрээсэлсний хөлс 2.000.000 төгрөг, бүгд 68.812.325 төгрөгийн бараа материал нийлүүлсэн бөгөөд үүнээс 20.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн. БХАҮН ТӨҮГ хариуцахгүй, Батлах хамгаалахын их сургууль хариуцна гэх боловч санхүүжилтийн мөнгө нь Монгол цэрэг констракшн ТӨҮГ-ын дансанд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 98.000.000 төгрөг орохдоо БХАҮН, 261.000.000 төгрөг орохдоо Шонхор хүүхдийн зуслан, БХАҮН гэсэн утгатай шилжин орсон байдаг. Гэтэл энэ мөнгийг авчихаад хариуцахгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд гэрээнд заасан бараа материалын үнийн үлдэгдэл болох 48.812.325 төгрөгийг БХАҮН ТӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БХАҮН ТӨААТҮГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Монгол цэрэг констракшн ТӨҮГ нь Г ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Шонхор хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн барилгын ажлын санхүүжилт улсын төсвөөс бүрэн авагдсан хэдий ч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй учир барилгын ажил санхүүжилтгүй улмаас зогссон. Г ХХК-иас өгсөн гэх барилгын материалуудын зарлагын баримт болон материалын түүвэрт Монгол цэрэг констракшн ТӨААТҮГ-аас хүлээн авсан хүний гарын үсэг, тооцоо нийлсэн акт байдаггүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс одоо нэг ч хүн БХАҮН ТӨҮГ-т ажилладаггүй. Сэлэнгэ аймгийн нутагт байдаг "Шонхор зуслан" нь одоо Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-ын бус Батлан хамгаалах их сургуулийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй болсон. Г ХХК-иас нэхэмжилж байгаа 68.812.325 төгрөгийн материалыг нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч Д.Сүхэнхүү Монгол цэрэг констракшн ТӨААТҮГ-ыг төлөөлөн тухайн үед бараа материалыг хүлээн авсан байдаг, 33.707.000 төгрөгийн барааг хүлээж авсан гэж тооцоо хийж өгсөн. Батлан хамгаалах сайдын 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр А/242 дугаар тушаалаар Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ын нэрийг Монгол цэрэг констракшн ТӨҮГ болгон өөрчлөн, бүтцийг 3 дугаар хавсралт, дүрмийг 4 дүгээр хавсралтаар батлан, Шонхор хүүхдийн зусланг Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харьяалалд шилжүүлсэн. БХАҮН ТӨААТҮГ нь энэ нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00725 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.2, 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч БХАҮН ТӨААТҮГ-аас 40.812.325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХАҮН ТӨААТҮГ-аас 1.612.011 төгрөг гаргуулан, үүнээс 362.011 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үлдэх 1.250.000 төгрөгийг Бэсгэ ХХК /РД:2581078/-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1227 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч БХАҮН ТӨААТҮГ-ын давж заалдах гомдолд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон нотлох баримтаас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр буюу хуульд зааснаар гэрээ байгуулагдсан өдөр БХЯ-ны Монгол цэрэг жуулчин ТӨҮГ нь хуулийн дагуу өөрийн оноосон нэрээрээ эрх олж, үүрэг хүлээдэг, иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцож байсан болох нь тогтоогдож байх бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол цэрэг констракшн ТӨҮГ гэх шинэ нэртэй болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байдаг. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэсэн дүгнэлт өгөөд харин хариуцагчийн шүүх хурлын танхимд гаргасан хүчин төгөлдөр бус гэсэн тайлбарт болохоор 2013 оны 7 дугаар сарын 23-нд хоёр талын хооронд гэрээ байгуулахаар тохиролцсоны дараа 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр сайдын тушаал гарч хуулийн этгээдийн нэрийг өөрчилсөн бөгөөд хоёр тал 2013 оны 7 дугаар сарын 23-нд хийсэн тохиролцоогоо үндэслэн Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-р нь Монгол цэрэг констракшн ТӨҮГ гэх шинэ нэрээрээ гэрээгээ байгуулсан нь хууль зөрчөөгүй гэсэн бие биенээ үгүйсгэсэн хууль зүйн болон бодит үндэслэлгүй үнэлгээг гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харагдаж байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан бол 27 дугаар зүйлийн 27.5-т хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ гэж заасан байна. Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох баталгаажуулах журам”-ын 2.3-т “...оноосон нэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно.” гэж заасан. Нэхэмжпэгч “Г” ХХК нь “Монгол цэрэг констракшн” ТӨҮГ гэх улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуульд заасан иргэний эрх зүйн чадваргүй Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар бүртгэл хийгдээгүй хуулийн этгээдтэй, хууль зөрчин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгөхийг хариуцагчийн зүгээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

“Г” ХХК, “БХАҮН”-ээс худалдах-худалдан авах болон хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 48.812.325 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийг хариуцах этгээд биш, гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна.

“Г” ХХК  болон “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын хооронд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ, мөн өдөр “түрээсийн” гэж нэрлэгдсэн гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээгээр худалдагч “Г” ХХК нь “Шонхор” хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгад зориулж, нийт 131.886.700 төгрөгийн барилгын материал нийлүүлэх үүрэг, худалдан авагч “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн 90-57 УНМ улсын дугаартай крантай Маяти маркийн машиныг хариуцагч хөлсөлж төлбөрт 2.000.000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасантай нийцсэн  байна.

Гэрээ ёсоор “Г” ХХК нийт 58.812.325 төгрөгийн барилгын бараа материал нийлүүлсэн, “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ үнэд 20.000.000 төгрөг төлснийг зохигч маргаагүй байна.

Төлбөрийн үлдэх хэсгийг хариуцагч төлөөгүй, үүргээ зөрчсөнөөс талуудын хооронд байгуулагдсан  худалдах-худалдан авах гэрээ цуцлагджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу Маяти маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч нь хөлс 2.000.000 төгрөг төлөөгүй  байна. Иймд хоёр шатны шүүх хариуцагчаас нийт 40.812.325 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч татгалзалдаа, нэхэмжлэлийг хариуцах этгээд биш гэж маргасан боловч хэргийн баримтаар БХАҮН нь “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч мөн болох нь тогтоогдсон, анх “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ нэхэмжлэгч “Г” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон, гэрээг баталгаажуулах үед “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ нь “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ нэршилтэй болсноор гэрээнд тус газрын тамга дарагдсан нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой дүгнэлт хийсэн байна.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1227 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 402.100 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ