Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-06
Дугаар 001/ХТ2018/01591
Хэргийн индекс 102/2018/00329/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч М
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

            2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01843 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

            2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1717 дугаар магадлалтай,

             М ын нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Хөлгөн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 01 сарын 05-ны өдөр мэдэгдэл ирүүлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, зуслангийн зориулалттай 282.88 м.кв талбай бүхий, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шинжээч тогтоосон 381,850,606 төгрөг нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх бөгөөд энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдаагүй. Хариуцагч нь үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг зөрчиж, хөрөнгийн үнийг шууд шинжээчээр тогтоолгож, түүний 70 хувиар дуудлага худалдаанд санал болгох үнийг тогтоосон нь өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ 600 саяас давна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг зөрчиж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 381,850,606 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 шийдвэрээр М аас 184,368,560 төгрөгийг гаргуулж Б.Хөлгөнд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, зуслангийн зориулалттай 282.88 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206038354 дугаартай орон сууцыг 2017 оны 04 сарын 06-ны өдөр битүүмжилж, мөн сарын 27-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар орон сууцны үнийн талаар тохиролцоогүй тул 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 285 тогтоолоор хөндлөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь уг хөрөнгийг 381,850,606 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2017 оны 10 сарын 27-ны өдөр ирүүлснийг үнэлгээний 70 хувь буюу 267,295,424 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 сарын 30-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Хөлгөний шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М  нь надаас 50,000 ам.долларыг зээлээд өгөөгүй тул шүүхээр шийдвэрлүүлсэн. Төлбөрөө төлөөгүй тул албадан биелүүлүүлэх болсон. Нэг ч төгрөг төлөлгүй 2 жил болж байна. Барьцаалсан орон сууцны үнэ 650,000,000 төгрөг байх ёстой гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Орон сууцыг барьцаалахдаа үзэж хараад, 200,000,000 төгрөгийн үнийг харилцан тохирч байсан нь барьцааны гэрээнд байгаа. Нэхэмжлэгчийн барьцаалуулсан орон сууц нь цементээрээ, дуусаагүй байгаа. Гэтэл нэхэмжлэгч надад барьцаалахдаа өөрийн бус, хажуу айлынхаа дууссан орон сууцыг үзүүлснийг сүүлд би мэдэж, цагдаад хандсан.  Харин шинжээч нь орон сууцыг бодит байдлаас өндрөөр буюу 381 саяар үнэлсэн нь хэт өндөр байна. Зээл өгөөд 3 жил, төлбөрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гараад 2 жил болсон бөгөөд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01843 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох  Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, 282,88 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2206038354 дугаарт бүртгэгдсэн, зуслангийн зориулалттай, орон сууцыг 381,850,606 төгрөгөөр үнэлсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч М аас шинжээчийн ажлын хөлс 880,000 төгрөгийг гаргуулан “Арима пропертиес” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1717 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч М аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/01843 дугаар шийдвэртэй, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1717 тоот магадлалтай иргэний хэргийг хянуулах тухай. ИХШХШТ хуулийн 172 зүйлийн 172.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 тоот шийдвэрээр 184,368,560 төгрөгийг Б.Хөлгөнд төлөх төлбөртэй нь үнэн. Дээрхи төлбөрийг барагдуулах ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 1 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 хороо, нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах зуслангийн зориулалттай 282.88 м.кв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шинжээч томилсон боловч 381,850,606 төгрөг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, төлбөр төлөгч миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна.

Гэтэл хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг хооронд нь харилцан тохиролцуулах ажиллагааг хийгээгүй, мөн төлбөр төлөгч нь мэргэжлийн шинжээчийг хэдийд хэрхэн томилсон талаар огт мэдээгүй, Үндсэн хуулиар иргэн өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой гэж үзэж байна. Гэтэл төлбөр авагчид хэт давуу байдал үүсгэж, төлбөр төлөгч миний эрх ашигт ноцтой хохирол учруулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон төлбөр авагч нарын хуйвалдааны дүнд бий болсон үнэлгээг хүчингүй болгуулах, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч М  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.Хөлгөн оролцож, “...М  нь надаас авсан 50,000 ам.долларын  зээлийг  төлөөгүй, зээл өгөөд 3 жил, төлбөрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гараад 2 жил болсон ч төлбөр хийгдээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаар магадлалаар М аас 184,368,560 төгрөгийг гаргуулж, Б.Хөлгөнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч байгууллага нь гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.

Шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, зуслангийн зориулалттай 282,88 м.кв талбай бүхий орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хураан авсан байна.   

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудаас барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч М  нь 650,000,000 төгрөгийн санал гаргасныг төлбөр авагч Б.Хөлгөн эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн хариуцагчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, түүнчлэн “Шинжээч Бэсгэ” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/26994 тоот мэдэгдлээр танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгийн үнэлгээг 600,000,000.00 төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн боловч баримтаар нотлоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01843 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1717 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч М ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН