Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-20
Дугаар 001/ХТ2018/01672
Хэргийн индекс 135/2017/01296/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч Г.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 531 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар магадлалтай,

Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Г.М-д холбогдох,

Байр чөлөөлүүлэх, засварын зардал, хохиролд нийт 6.756.000  төгрөг гаргуулах тухай үндсэн,

Байрны урьдчилгаанд төлсөн 7.800.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Энхтуяа, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхтуяа өмгөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.М- түүний охин Н.Бадамханд нартай байрны захиалгын гэрээ хийсэн,  тэд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байранд орсон. Нэг өрөө байраа зарсан, мөнгө нь 11 дүгээр сарын 01-ний өдөр орж ирнэ. Тэгээд байрны урьдчилгаа мөнгөө өгөөд байрны зээлд хамрагдана гэсэн. Гэтэл одоо хүртэл байрны мөнгөө төлөхгүй нэг жил амьдарлаа. Энэ хугацаанд 2.500.000 төгрөг өгсөн. Г.М-, Н.Бадамханд нараас түрээсийн төлбөр 1.400.000 төгрөг, байрны засварын зардал 1.000.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг гаргуулж, байр чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.М- 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2.200.000 төгрөг өгсөн. Өмнө нь 10 дугаар сард 300.000 төгрөг өгсөн. Уг нь энэ хугацаанд түрээсийн гэрээ хийе гэж бодоод уулзах гэсэн боловч завгүй гээд надтай уулздаггүй зугтаад байсан. Уг байранд орсноос хойш нийтдээ 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд 1.056.000 төгрөгийн засвар хийх шаардлагатай гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Хэрэв энэ хугацаанд уг байрыг түрээсэлсэн бол ойролцоогоор 5.700.000 төгрөг болох байсан. Иймд уг байрыг албадан чөлөөлж, нийт 6.756.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                 

Хариуцагч Г.М- шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сард уулзаад байрыг нь 50.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрандаа ор гэхээр нь урьдчилгаа 300.000 төгрөг өгөөд орсон. 2016 оны 11 дүгээр сард 2.200.000 төгрөг өгсөн.  Зээл хөөцөлдөөд уг байрыг авах сонирхолтой байсан боловч ипотекийн зээл зогссон. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч  манайд орж ирээд байраа яахаар болсон бэ гэхээр нь бид нар урьдчилгаа мөнгөө бүрдүүлээд банкны орон сууцны зээлд хамрагдъя гэсэн. Хэзээ урьдчилгаагаа өгөх вэ гэхээр нь цагаан сарын өмнө өгье гэсэн. Хэрэв урьдчилгаа мөнгөө өгчихвөл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрье гэсэн. Удалгүй би 5.000.000 төгрөг өгсөн чинь маргааш нь уг байраа 60.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би анхнаасаа 50.000.000 төгрөгөөр авах гэрээ байгуулсан тул энэ үнээрээ байраа зарчих гэж зөндөө гуйсан. Байрнаас албадан гаргуулах  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Урьдчилгаанд өгсөн мөнгөө авч байж гарна.  Эсвэл  худалдах, худалдан авах гэрээгээ хийгээд зээлд хамрагдах саналтай гэжээ.

Хариуцагч Г.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Байрны урьдчилгаанд өгсөн 7.800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 7.800.000 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг байранд амьдарсан хугацааны хохиролд суутгуулах саналтай байна. Энэ мөнгөнөөс нь хохирлоо барагдуулна. Өөр айл байсан бол түрээслэх байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 531 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар Дархан сум 12 дугаар баг, 7 дугаар хороолол, 1 дүгээр байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг Г.М-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Г.М-аас 1.056.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтуяад олгож, 5.700.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, орон сууцны урьдчилгаанд төлсөн 7.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-аас гаргуулж хариуцагч Г.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.750 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 100.094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтуяад, нэхэмжлэгчээс 139.750 төгрөг гаргуулан хариуцагч Г.М-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар магадлалаар: 1. Зохигчдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Г.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа, түүний өмгөөлөгч Б.Содболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.25-ны өдрийн 78 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч тус шийдвэрт өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

“1/48 тоот гэрээнээс татгалзаж Г.М- гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 5,700,000 төгрөг гаргуулах тухай”-д давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг шийдвэрлэхдээ ИХ-ийн 227.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй хэмээн шаардах эрхийн үндэслэлийг зөв тайлбарлан дүгнэсэн боловч харин хохирол шаардаж байгаа бол түүнийгээ нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу шүүхэд өөрөө нотлох ёстой” гэж дүгнээд хохирол тогтоолгохоор анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан, нэхэмжлэгчийн зүгээс хохирлын хэмжээг өөрөө үнэлгээний байгууллагаар гаргуулан ирж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн болохыг мөн хянаж шийдвэртээ тусгасан байна. Гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор мэргэжлийн үнэлгээний байгууллагын шинжээчээр томилж хохирлын үнэлгээг гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд гаргасан боловч хохирлын хэмжээг өөрсдөө тогтоож нэхэмжлэх учиртай, хэрвээ хариуцагч тал танай нэхэмжилсэн хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу шинжээчийг шүүхээс томилох боломжтой гэсэн агуулгаар хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг гомдол гаргах эрхгүй захирамжаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ тухай магадлалдаа дурдсан боловч хохирлоо өөрсдийн хүсэлтээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан шүүхэд нотолсон нэхэмжлэгчийг буруутгаж ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэсэн нь давж заалдах шатны ИХШХШтХ-ийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Эсрэгээрээ нэхэмжлэгч тал дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлж хохирлын үнэлгээг хийлгэж шүүхэд өгсөн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа “Хянавал" хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэсэн атлаа Тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй агуулгын эсвэл бичвэрийн алдааны аль нь болох нь тодорхойгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх гэж үзэж байна.

Хэдийгээр хариуцагч Мөнхзул, охин Бадамхандад итгэмжлэл өгсөн боловч тус итгэмжлэл нь сөрөг нэхэмжлэлтэй хэрхэн холбогдож буй нь тодорхойгүй. Сөрөг нэхэмжлэл дээрх нэхэмжлэгч Бадамханд гэснийг хариуцагч Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгох боломжгүй харин сөрөг нэхэмжлэл нь 2 нэхэмжлэгчтэй байсаар байхад шүүх нэхэмжлэгч Бадамхандад холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон үндсэн нэхэмжлэгчийн хариуцагч биш этгээд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь буруу юм.

Иймд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг минь хүлээн авч давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 5,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь хариуцагч Г.М-д холбогдуулан орон сууцыг  чөлөөлүүлэх, засварын зардал, хохиролд 6.756.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа гэрээнээс татгалзсан гэж тодорхойлжээ. Хариуцагч шаардлагын заримыг эс зөвшөөрөхдөө “...ипотекийн зээл бүтээгүйгээс төлбөрийг төлж чадаагүй” гэсэн тайлбар гаргаж, улмаар 7.800.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.М- нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Дархан сум 12 дугаар баг, 7 дугаар хороолол, 1 дүгээр байрны 48 тоотын 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар  2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр  эзэмшилдээ шилжүүлэн авч ашиглаж байгаа ба орон сууцны үнэд 7.800.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан.

Нэхэмжлэгчийн “...1 өрөө байраа зарж, урьдчилгаа төлбөрийг, үлдэх хэсгийг зээл авч төлөхөөр тохирсон боловч төлөөгүй” талаарх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний гол нөхцөл болох орон сууцны үнийн талаар тохирсон байх ба хариуцагч урьдчилгаа төлбөрийг төлж, эд хөрөнгийг хүлээн авсан энэ тохиолдолд худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэйг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч орон сууцыг хүлээн авсан атлаа үнийг төлөөгүй, нэхэмжлэгч гэрээг цуцалж, хохирлоо шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т нийцжээ.

Хэргийн 44-45 дугаар талд авагдсан Шинжээчийн дүгнэлтэд “...хариуцагч орон сууцыг ашиглаж байх хугацаанд бүх өрөөний ханын обойнууд нь бал үзэг зэргээр эрээчигдэн цоохортож халтартсан, том өрөө, жижиг өрөө, коридорын таазны эмульс өнгөө алдсан, ариун цэврийн болон жижиг өрөөний хаалганы кроп эвдрэл үүссэн, хуулга нь хууларсан” талаар дурдаад эдгээрийг засварлахад 1.056.000 төгрөгийн материал, ажлын хөлсний зардал гарна гэснийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгч учирсан хохирлоо нотолж чадаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болсноос гадна магадлалд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн нэрийг “Шинжээчийн тухай хууль” гэж буруу бичснийг дурдах нь зүйтэй.  

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т заасан. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “...хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний дотор урьдчилгаа төлбөрөө төлж, ипотекийн зээл авч байрны өмчлөлийг өөр дээрээ шилжүүлэхээр тохирсон, ...зээл гарахгүй байгаа гэх шалтгаанаар хүлээлгээд байсан, энэ хугацаанд түрээсийн гэрээ байгуулъя гэхэд завгүй гээд уулздаггүй байсан...” талаар дурдаж, хохирлоо үнэлгээний тайлангаар нотлогдоно гэжээ /хэргийн 62 дугаар тал/.

“Цэгц үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 56 дугаар Үнэлгээний тайланд “...Б.Э-ийн өмчлөлийн ...60.75 м.кв талбайтай 2 өрөө бүхий орон сууцны 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэнэ 5.700.000 төгрөг” гэжээ /хэргийн 82-93 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т  “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна”, 42.2.-т “зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж тус тус заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх тайлбар, баримтыг эсэргүүцээгүй, холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй, энэ тохиолдолд мөн зүйлийн 42.4.-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.  

Сөрөг нэхэмжлэлд Н.Бадамхандын нэр бичигдсэн хэдий ч шүүх түүнийг сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзээгүй тул нэхэмжлэгчийн “...Н.Бадамхандад холбогдох хэсгийг шийдвэрлээгүй” талаарх гомдол үндэслэлгүй.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ”Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1.-т заасныг баримтлан Г.М-аас 6.756.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтуяад олгож,  Дархан сум 12 дугаар баг, 7 дугаар хороолол, 1 дүгээр байрны 48 тоот, 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг Г.М-д даалгаж, нэхэмжлэгч Б.Э-аас 7.800.000 төгрөг гаргуулж, хариуцагч Г.М-д олгосугай” гэж, 2 дах заалтын “...100.094...” гэснийг “...123.046...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 106.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ