Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-15
Дугаар 001/ХТ2018/01649
Хэргийн индекс 183/2017/03317/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Ш
Хариуцагч Э ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

 Ш гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00548 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1297 дугаар магадлалтай,

   Ш гийн нэхэмжлэлтэй,

            “Э ” ХХК-д холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон цалингаас суутган авсан эрсдэлийн сангийн мөнгө 100,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, нарийн бичгийн дарга  Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2017 оны 09 сарын 04-ний өдрөөс "Э " ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд 1 сарын туршилтын хугацаагаар ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний 2.7-д "талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй тохиолдолд энэхүү гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж заасан. Уг хугацаанд ямар нэгэн гэрээний асуудал яригдаагүй бөгөөд миний бие өөрийн ажил үүргийг хэвийн гүйцэтгэж байсан. 2017 оны 11 сарын 02-ны өдөр ерөнхий захирал Ш.Жадамбаа надтай уулзан чиний гэрээг 1 жилээр сунгана гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 11 сарын 08-ны өдөр 15.00 цагийн орчим ерөнхий менежер Г.Ганбагана намайг дуудаж “ажлаа хүлээлгэж өг, одоо ингээд явж болно” гэж хэлснээр миний сууж байсан компьютерын паспортыг сольж, ажил хүлээлцэх акт үйлдэх шаардлагагүй гэсэн тайлбар өгсөн. "Э " ХХК намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан. Туршилтын хугацааны гэрээг 1 сараар байгуулж дахин нэг сар сунгагдсан гэж үзвэл туршилтын хугацаа 2017 оны 11 сарын 03-ны өдөр дуусч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулна гэсэн заалтын дагуу хугацаагүй гэрээнд шилжсэн. Хариуцагч талаас ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргасан гэж байна. Гэтэл "Э " ХХК-иас намайг ажлаас халсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэдгээр ажлаас чөлөөлсөн болохоос удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзээгүй. Миний бие 2017 оны 11 сарын 14-ний өдөр очиж тушаалаа авахад тушаалыг ерөнхий захирал Н.Жадамбаа Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт болох хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. Гэтэл хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд буй "Э " ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сэлэнгээгийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн тушаалыг миний бие гардаж аваагүй, танилцаагүй болно. Тэгээд ч 2017 оны 11 сарын 03-ны өдөр миний бие ажлаа хэвийн гүйцэтгэж байсан. Иймд энэхүү тушаал нь хууль бус бөгөөд хуурамчаар гаргаж өгсөн байна. Иймд "Э " ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 11 сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажид эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,500,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн эрсдэлийн сангийн мөнгө 100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш  нь 2017 оны 09 сарын 04-ний өдөр тус компанийн хүний нөөцийн менежерийн ажилд туршилтын 3 сарын хугацаагаар орж ажилласан. Тэр үед Н.Сэлэнгэ захирал компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан. Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн "Э " ХХК-ийн ерөнхий захирал Н.Жадамбаагийн Ш г ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй баримтууд байна. Ш  нь "Э " ХХК-д туршилтын хугацаагаар ажиллаж байхдаа хэд хэдэн алдаа дутагдал гаргасан учир компанийн удирдлагын зүгээс цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзээд ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан. Уг тушаалыг Ш д танилцуулж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан боловч ажлаа хүлээлгэж өгөхгүй, тойрох хуудас зуруулаагүй, манайхаас халагдах тушаалаа аваагүй байж, Н.Жадамбаа гэж хүний гарын үсэгтэй халагдах тушаалыг гаргаж өгсөн. Н.Жадамбаа нь "Эх Ионгол групп" ХХК-д ямар ч хамааралгүй, тушаал гаргах эрх мэдэлтэй хүн биш юм. Харин 2017 оны 06 сарын 06-ны өдрөөс өмнө "Э " ХХК-ийн ерөнхий захирлаар Н.Жадамбаа ажиллаж байсан. Ш  нь ажиллах хугацаандаа 2 ч удаа алдаа гаргаж нэг ажилтны хоцрогдлыг буруу тооцож цалин дутуу олгосон, 2017 оны 10 сарын 30-ны өдөр нэг ажилтны ажил тасалсан 1 өдрийг 3 өдөр ажил тасалсан гэж цагийн бүртгэл гаргасан тул Ш д сануулах арга хэмжээ авсан. Эдгээр үндэслэлээр Ш гийн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэж үзээд ажилд авах туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00548 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ширмэнбаатарын Даваасүрэнг "Э  ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, "Э  ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 3,124,360 төгрөг гаргуулан Ш д олгож, үлдсэн 375,640 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ш гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг "Э " ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар "Э " ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 64,940 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1297 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1297 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хяналтын гомдол гаргаж байна.

“Э ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 сарын 04-ний өдрийн №17/174 дугаар тушаалаар “Ш г тус компанийн Хүний нөөцийн менежерээр 2017 оны 09 сарын 04-ний өдрөөс эхлэн туршилтын 3 хүртэлх сараар ажиллуулсугай” гэж, 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 17/214 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дугаар зүйлийг үндэслэн “Хүний нөөцийн менежер Ш г 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж тус тус заасан байдаг. Анх ажилд томилсон тушаалаар “2017 оны 09 сарын 04-ний өдрөөс эхлэн туршилтын 3 хүртэлх сараар ажиллуулсугай” гэж байгуулсан бөгөөд туршилтын 3 сарын хугацаа дуусаагүй байхад буюу 2 сарын дараа 2017 оны 11 сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно”, 231.2-т “Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна” гэж тус тус зааснаар Ш тэй анх харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг туршилтын 1 сарын хугацаагаар байгуулж, туршилтын 1 сарын хугацааг дахин сарын хугацаагаар сунгахаар тохиролцсон байдаг. Гэрээг 2 тал хүсэл зоригоо илэрхийлж, туршилтын хугацааг харилцан тохиролцож байгуулсан байтал шүүх байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Талууд харилцан тохиролцож байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар хугацаатай байгуулж болох талаар хуульд заасан байхад туршилтын хугацаагаар байгуулсан нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1297 дугаар магадлал, 2018 оны 548 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ш  нь “Э ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 736,000.00 төгрөг, цалингаас суутгасан эрсдэлийн сангийн мөнгө 100,000.00 төгрөг, нийт 836,000.00 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба  шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд эрсдэлийн сангийн мөнгө 100,000.00 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч Ш  нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 сарын хугацаагаар хүний нөөцийн менежерээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч “Э ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17/174 тоот тушаалд нэхэмжлэгчийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн туршилтын 3 хүртэл сараар ажиллуулахаар заажээ.

“Э ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.12-т “шинэ ажилтны туршилтын хугацаа 1 /нэг/ сар хүртэл байх ба дадлага, туршлагыг нь харгалзан туршилтын хугацаагүйгээр үндсэн ажилтнаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж заасан байх тул ажил олгогч ажилтны хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1 сарын хугацаатай байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.7-д “талууд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар хэн нэгэндээ санал тавиагүй тохиолдолд энэхүү гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан, ажил олгогч нь Ш гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө “Э ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 тоот тушаал болон тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаал гаргасан нь  хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх хоёр тушаалыг нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай харьцуулан, ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс Н.Сэлэнгэ болсон байх тул    Ерөнхий захирал Н.Жадамбын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/214 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй, түүнчлэн гүйцэтгэх захирал Н.Сэлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 17/214 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3-т заасныг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр тул ажил олгогч нь ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь буруу талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээ, түүний хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний туршилтын хугацааны тухайд буруу дүгнэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэсэн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00548 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1297 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч “Э ” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 64,950 /жаран дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН