Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-11-27
Дугаар 001/ХТ2018/01714
Хэргийн индекс 183/2018/00751/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Б.Ц
Хариуцагч “Б” ТӨААТҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөлсөөр ажиллах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00939 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1407 дугаар магадлалтай,

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ТӨААТҮГ-т холбогдох,

Гэрээний үүрэгт 530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэний гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц-, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б ТӨААТҮГ-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, тус компанийн эрхийг шүүх, хуулийн бусад байгууллагуудад тууштай хамгаалж ажиллах үүрэг хүлээсэн. Хариуцагч нь ажлын хөлсөнд сар бүр 647.427 төгрөгийг тогтмол төлөх үүрэг хүлээсэн. Б.Баттогтох нь Б ТӨААТҮГ-ын захирлаар 2011-2013 онуудад ажиллахдаа олон арван сая төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр эрүү, иргэний олон хэргүүдэд тухайн байгууллагын эрхийг хамгаалан ажиллах болсон. Мөн н.Галиндэв, н.Чинбат нар нь хууль бусаар ажлаас халагдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан тул өмгөөлөгчөөр ажиллах болсон ба гэрээнд заасан дээрх үүргээ  хангалттай биелүүлсэн.

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захирал Б.Онолбаатарын өрөөнд хүч хэрэглэн дайрч орж ирсэн, НШШГГ-ын дэд даргад Б.Баттогтох нь ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа тул захирлаар эгүүлэн томилуулах тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх бичиг гардуулсан боловч хүч хэрэглэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан. Б.Баттогтох тухайн өдөртөө надтай байгуулсан өмгөөллийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/37 тоотоор цуцалсныг мэдэгдсэн мессеж ирүүлсэн. Б.Баттогтох нь албан тушаалын байдлаа ашиглаж, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа миний өмгөөлөх үйл ажиллагааг хууль бусаар таслан зогсоосны улмаас ажлын хөлсөө авч чадаагүй. Ажлын хөлсийг сард 647.427 төгрөгөөр тохирсон боловч эрүүл мэнд, нийгмийн даатгалыг улсад төлөхгүйгээр бэлнээр 530.000 төгрөг тооцдог байсан тул хариуцагчаас 530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.          Хариуцагч “Б” ТӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн ажлын хөлс шаардсан. Б ТӨААТҮГ нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өмгөөлөгч Б.Ц-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь цуцлагдаж, дуусгавар болсон, энэ талаар өмгөөлөгчид өөрт нь мэдэгдсэн байхад дуусгавар болсон гэрээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00939 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ТӨААТҮГ-аас 530.000 төгрөгийг гаргуулж Их зуутраг овогтой Буянцогийн Цолмонд /РД:ЦБ70062071/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 16.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1407 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 1407 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Хариуцагч “Б” ТӨААТҮГ нь 2017 оны 04 сарын 01-ний өдөр өмгөөлөгч Б.Ц-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Тус гэрээг 2018 оны 01 сарын 23-ны өдөр цуцалсан. Ийнхүү цуцлахдаа тухайн үед “Б” ТӨААТҮГ-ийн захирлаар ажиллаж байсан Б.Баттогтох өөрийн гар утаснаас 2018 оны 1 сарын 13-ны өдөр мессежээр өмгөөлөгч Б.Ц-д мессеж явуулж “Таны Б-тпай байгуулсан өмгөөллийн гэрээг цуцалсныг мэдэгдъе. Уранчимэг туслахаас авна уу. Бын захиргаа” гэж бичсэн байдаг. Улмаар гэрээг цуцалсан тухай албан бичгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хүргүүлж тэндээс Б.Ц- бичгээр гэрээг цуцалсан тухай албан бичгийг хүлээн авсан байдаг. Харин ч Б ТӨААТҮГ-ийн эсрэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тухайлбал Б ТӨААТҮГ-аас халагдсан ажилтнууд болох Ням-Өлзий, Гэрэлмаа, мөн түүнчлэн манай байгууллагаас сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авагдсан Өлзийтогтох нарыг ээлж дараалан өмгөөлсөн байдаг. Гэрээ ийнхүү нэг талын санаачилгаар цуцлагдаж дуусгавар болсон, талууд хэн аль нь хоёр тийш салсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359, 360 дугаар зүйлийг үндэслэн гэрээ хүчинтэй байгаа мэтээр гэрээний төлбөрийг гаргуулсанд гомдолтой. Нэгэнт гэрээ цуцлагдсан тул гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах боломжгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Гэрээ 2018 оны 1 сарын 23-ний өдөр нэг талын санаачилгаар цуцлагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэрээг хүчинтэй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв Б ТӨААТҮГ нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 2.1 дэх хэсгийг зөрчсөн бол Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүсэх юм. Энэ тохиолдолд зөвхөн энэхүү урьдчилан мэдэгдэх ёстой байсан 14 хоногийн хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг төлөх үүрэг хариуцагчид үүснэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх 2 дугаар сарын төлбөрийг бүхэлд нь гаргуулсанд гомдолтой.

Ийнхүү 2018 оны 04 сарын 16-ний өдрийн 183/ШШ2018/00939 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 15-ний өдрийн 1407 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч “Б” ТӨААТҮГ-с 530.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа 2018 оны 1 дүгээр сарын хөлс гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...2018 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр гэрээг цуцалсан” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь тодорхой асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч сар бүр хөлс төлөхөөр тохирчээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Харин хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болдог.

Гэрээний агуулга, хэргийн баримтаас үзвэл талууд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан. 

Түүнчлэн гэрээний 2.1-т гэрээний гүйцэтгэлийн явцад аль нэг тал гэрээг цуцлах буюу түүнд өөрчлөлт оруулах тухайгаа 14-өөс доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ, мэдэгдлийг хүлээн авсан тал саналыг хүлээн зөвшөөрч байвал өөрчлөлтийг гэрээнд тусгах, 2.2-т хэрэв гэрээнд тусгах өөрчлөлтийн талаар талууд тохиролцоонд хүрээгүй нөхцөлд гэрээг цуцалж, бодитойгоор хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс хамаарч төлбөрийг тооцно гэж зохицуулжээ.

Хариуцагч гэрээг цуцлахдаа хууль болон гэрээнд заасан дээрх журмыг  баримтлаагүй болох нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-т “гэрээнд заасан хугацаа дууссанаар хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болно” гэж заасан.

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, нэхэмжлэлийг хангахдаа хөлсөөр ажиллах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдхүүн үзэв. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 188 дугаар тогтоолоор “Б” аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00939 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1407 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэний гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 16.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ