Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-10-19
Дугаар 001/ХТ2018/01456
Хэргийн индекс 142/2018/00025/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Т.Ө-ын
Хариуцагч “Э Ү” ХХК-д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Нэхэмжлэгч Т.Ө-ыннэхэмжлэлтэй

Хариуцагч “Э Ү” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, Ж.Отгонбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Т.Ө нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Э Ү” ХХК-ийн Ган бөмбөлгийн цехэд жижүүрийн ажилд орж 1 жил 6 сар ажилласан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1425 тоот компанийн ерөнхий захирлын тушаалаар иргэн Х.Наранцэцэгийг хуурч мэхлэн 1 000 000 төгрөг авч хохирол учруулсан болох нь тогтоогдсон, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас халах шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс цуцлаж, ажлаас халлаа. Би Х.Наранцэцэгээс мөнгө зээлж аваад буцаагаад өгсөн бөгөөд намайг дээрх үндэслэлээр ажлаас халсан нь хуулийн үндэслэл муутай тул Ган бөмбөлөгийн цехийн жижүүрийн ажилд эргүүлж тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие Т.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 22-нд ажлаасаа халагдаад шүүхэд ажилдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлага дээрээ жилийн эцсийн 13 дугаар сарын цалин, бонус, нийт ажилчдад олгосон 500 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг нэмж гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Т.Ө нь иргэн Х.Наранцэцэгийг хуурч мэхлэн, Ган бөмбөлөгчийн цехэд ажилд оруулж өгнө гэж 1 сая төгрөг залилж авсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан тул хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөрийн гэрээг цуцласан.

Нэхэмжлэгч нь 13 дахь сарын цалин буюу жилийн үр дүнгийн урамшуулал болон нийт ажилтнуудад олгосон 500 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийг нэхэмжилжээ. “Э Ү” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/761 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар цалин хөлсний ерөнхий журам батлагдсан. Уг журмын хавсралт №4-ийн 6-д дараах тохиолдолд жилийн үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж, 6.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдсан ажилтан гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.Ө нь тухайн жилийн үр дүнгийн урамшууллыг авах үндэслэлгүй байна. Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1010 дугаар тушаалаар компанийн ажилтнууд болон холбогдох бусад ажилтан, ахмад настнуудад урамшуулал олгосон байх ба уг тушаалд компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ажлаас хадагдсан ажилтнуудад ямар нэг урамшуулал олгох тухай асуудал тусгагдаагүй, мөн нэхэмжлэгч нь уг тушаал гарахаас нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халагдсан тул уг тушаалд хамаарахгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00345 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Өыг “Э Ү” ХХК-ийн ган бөмбөлгийн /ган бөөрөнцөг цувих/ цехийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э Ү” ХХК-с 6 199 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Өт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 632 007 төгрөг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Т.Ө-ынцалинтай тэнцэх олговор, урамшуулал, нэмэгдэл 6 199 475 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Э Ү” ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э Ү” ХХК-иас 114 142 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 69 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, Ж.Отгонбаяр нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Э Ү” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 142 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Т.Ө-ынүйлдсэн “Э Ү” ХХК-ийн Ган бөмбөлгийн цехэд ажилд оруулж өгнө гэж иргэн С.Наранцэцэгийг залилан мэхэлж, 1,0 сая төгрөг хувьдаа авч ашигласан ноцтой зөрчил нь 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жил 3 cap гаруй хугацаанд үргэлжилсэн, ажил олгогч уг ноцтой зөрчлийг энэхүү хугацаанд мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацаа нь ...хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан, түр зогссон бөгөөд хариуцагч эдгээр хугацааг үндэслэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлээгүй болно. ...2016 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жил 3 cap гаруй хугацаанд үргэлжилсэн “Э Ү” ХХК-ийн Ган бөмбөлгийн цехийн нэр хүндэд халдаж, уг цехийн нэрийг барьж хувийн зорилгодоо ашигласан гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсоныг үндэслэж Ерөнхий захирлын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1925 дугаартай тушаалаар Т.Өт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг хариуцагч үндэслэлгүйгээр хэтрүүлээгүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3, 76 дугаар зүйлийн 76.2, 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.3, 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 123 дугаар зүйлийг тус тус зөрчиж энэхүү хүсэлттэй холбогдуулан шүүгчийн захирамж гаргаагүй, нэн даруй шийдвэрлээгүй.

Хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болон 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож “Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай” өмнө бичгээр гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх энэхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж, харин нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 123 дугаар зүйлийг тус тус зөрчсөн, шүүхийн энэхүү үйлдэл нь мөн хуулийн 4, 6, 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дахь заалтуудыг тус тус зөрчсөн учраас шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Т.Ө нь “Э Ү” ХХК-ийн Ган бөмбөлгийн цехийн нэр хүндэд халдаж, уг цехийн нэрийг барьж хувийн зорилгодоо ашигласан ноцтой зөрчлийг 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жил 3 cap гаруй хугацаанд гаргасан үйлдлийг цагдаа, прокурор зэрэг хуулийн байгууллага шалгаж байгаа тухай албан бичиг цагдаагаас ажил олгогчид ирсэн, шалгалтын эцэст “Нэхэмжлэгч Т.Өыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдлоо, гэвч шинэ Эрүүгийн хуулиар уг эрүүгийн хэргийн хугацаа өнгөрсөн байна” гэсэн Прокурорын тогтоол ирсэн учраас Т.Өыг “хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон, хуулийн байгууллагад шалгагдсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцсон” ажил олгогчийг “Хууль зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Ө нь “Э Ү” ХХК-ийн Ган бөмбөлөгийн цехийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч “Э Ү” ХХК-д холбогдуулан гаргасан байна.

Хариуцагч “Э Ү” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Т.Ө нь Ган бөмбөлөгийн үйлдвэрт жижүүрийн ажил хийдэг ба тэрээр хэн нэгнийг ажилд авах, оруулахад зуучлах бүрэн эрхгүй ба иргэн Х.Наранцэцэгийг  ажилд оруулж өгнө гэж түүнээс мөнгө авсан үйл баримтыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай болохыг зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоодог учир хэрэг бүртгэл нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг Т.Ө-ынгэм бурууг тогтоосон эрх зүйн акт гэж үзэх боломжгүй. Түүнчлэн энэхүү тогтоол нь ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг тодорхойлохгүй болно. Т.Ө Х.Наранцэцэгийг ажилд оруулна гэж мөнгө авсан, эсхүл түүнээс мөнгө зээлсэн гэх үйл баримтууд хангалттай баримтаар тогтоогдоогүй, Т.Ө төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд ажил олгогчийн зүгээс түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох тул ажил олгогчийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж шүүх үзжээ. Шүүхийн уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэж Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрхийн хугацааг хэлдэг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т заасан хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж үзэхгүй тул хуулиар тогтоосон уг хугацааг шүүхийн зүгээс сэргээх   үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00345 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 69 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН