Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00884
Хэргийн индекс 133/2018/00565/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч Д.У-гийн
Хариуцагч МСҮТ-д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Д.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.У- Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ мониторинг хариуцсан албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сургуулийн захирал А.Пүрэвсүрэнгийн Б/29 тоот тушаалаар томилогдон ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн захирал Г.Гансүхийн Б/37 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2018/00037 тоот шийдвэрийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн сургуулийн захирал Г.Гансүхийн тушаалаар ажилдаа эргэн орсон. ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн захирлын тушаал гарснаас хойш хийгдсэн ажлын тайлан, материалуудыг ажил хүлээлцэх комиссод хүлээлгэн өгсөн. ... Ажлын төлөвлөгөөгөө гарган, төлөвлөгөөндөө тусгасан ажлуудыг тухай бүр нь хуулийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан. ...Намайг өрөөнд нь орох болгонд Г.Гансүх захирал дайрч доромжилдог.

Иймд шударга бус үйл ажиллагаа явуулдаг сургуулийн захирал Г.Гансүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 тоот тушаалыг дахин хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Хяналт шинжилгээ мониторинг хариуцсан ахлах мэргэжилтэн У-г 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар албан тушаалд эгүүлэн томилж ажиллуулсан. Д.У- нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хийж гүйцэтгэдэггүй, хангалтгүй хийж гүйцэтгэдэг. Жил бүр үр дүнгийн гэрээгээ байгуулдаггүй, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулдаггүй, хийсэн ажлын тайлан, мэдээгээ гаргаж өгдөггүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Үүнийг нь удирдлагын зүгээс мэдлэг чадварын хувьд гүйцэтгэх ажил, чиг үүргээ тодорхойлж, мэддэггүйгээс асуудал гаргадаг.

...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан удирдамжаар ажлын хэсэг ирж, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны төсөв санхүү, үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд дотоод аудит, хяналт шалгалт хийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/06 дугаартай тогтоол, шалгалтын тайлангийн дүгнэлтээр Д.У- нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэдлэг, ур чадвар, тавигдах шаардлагыг хангаагүй, ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон дүгнэлт гарсан тул 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.У-д хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдэх хуудсыг өгсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөхдан овгийн Дашдондогийн У-г Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.402.944 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Дашдондогийн У-д олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.402.944 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.397 төгрөг, нийт 107.597 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Гансүхийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Д.У-гийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.У- хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлтэй цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ажил олгогч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 40.5., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй. Гагцхүү ажилтны ийнхүү гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй байдал нь энэ талаар үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон байх учиртай.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн ажил олгогчийн тушаал эрх бүхий этгээдийн дүгнэлтэд үндэслээгүй, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотоод аудит, хяналт шалгалтын тайланг нэхэмжлэгч Д.У-гийн мэргэжил ур чадварыг тодорхойлох үндэслэл биш гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэгч Д.У-г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын гомдлын үндэслэлийг заасан ба хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн, хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар заагаагүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН