Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00879
Хэргийн индекс 102/2018/00308/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч “П” ХХК, Д.А нарын
Хариуцагч “Б” ХХК-д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“П” ХХК, Д.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02936 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00029 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “П” ХХК, Д.А нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хатанбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндаваа, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Н.Чимэдбадам, гуравдагч этгээд Я.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“П” ХХК нь “Б” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн үйлдвэр, ажлын байрыг 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. “Б” ХХК нь түрээсийн гэрээний дагуу тухайн ажлын байрыг түрээсэлж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжих шөнө түрээсэлж байсан ажлын байр, үйлдвэрт гал алдсан. Энэ гал цахилгааны холболт, хэт ачааллын улмаас гарч ажлын байр шатсан. Шатсаны улмаас “П” ХХК-ийн тоног төхөөрөмж, эд зүйлс устаж эд материалын хохирол учирсан бөгөөд энэ нь Гамшиг судлалын шинжээчийн дүгнэлт, 2015 оны хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Галыг санаатай тавьсан нөхцөл байдал тогтоогдоогүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлыг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 тоот Прокурорын тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу “Б” ХХК-иас учирсан гэм хорыг нэхэмжилсэн. “Б” ХХК болон “П” ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар түрээслэгч ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гаргаж ажиллах ба ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмших, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж заасан байсан. Энэ гал “П” ХХК-иас шалтгаалаагүй, “Б” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан учраас учруулсан хохирлоо нэхэмжилж байна. Шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодотгож “Б” ХХК нь “П” ХХК-ийн хөдлөх хөрөнгө 90 000 000 төгрөгт гэм хор учруулсан гэх баримтыг хавсаргаж өгсөн. “Б” ХХК-иас 90 957 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “П” ХХК нь “Б” ХХК-д өөрийн ажлын байрыг түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн. “Б”  ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарч манай компанийн 73 нэр төрлийн 90 957 000 төгрөгийн эд хөрөнгө галд шатсан. “П” ХХК ганц гишүүнтэй, үүсгэн байгуулагчтай компани бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Үл хөдлөх хөрөнгө нь Д.А миний нэр дээр байдаг. Д.А миний бие “П” ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бичгийг өгсөн. Үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний аргачлалаар буюу үнэлгээний төвийн гаргасан тооцоогоор 214 070 000 төгрөг гэж байсан. Энэ төгрөгийг гэм хор учруулсан “Б” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Манай компани 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “П” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 398 дугаартай тогтоол болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө гал гарч шатсан. Манай компанийн хувьд мөн 85 000 000 төгрөгийн хохирол учирсан үнэлгээний дүгнэлт байгаа. Дан ганц “П” ХХК-нд хохирч, галд өртсөн юм биш. Анх надаас “П” ХХК нэхэмжилж байсан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хуваасан. 214 070 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, склад шатсан байгаа гэдэг. Энэ бол хэргийн материалд байгаа зургаас харахад дээвэр хэсгээрээ шатсан, салхины чиг урдаасаа хойшоо байсан учраас манай тал их шатсан. Гэтэл хамаг юм шатсан гэсэн байна. Сэргээн засах ямар нэгэн боломж байхад үнэлгээний төвөөр тэр чигт нь нурааж байгаад үнэлүүлсэн. Нэхэмжлэгч нарын гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би мөн адилхан хохирсон гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Алтанчимэг шүүхэд гаргасан талбайртаа:

Миний нөхөр Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао Фин 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хятад улсад нас барсан. Нэхэмжлэгч Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000158811 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж хуурамч бичиг баримт бүрдүүлээд 000345458 тоот гэрчилгээг гаргасан үйлдэлд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс Д.Ад холбогдуулан 201526022125 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж уг хэрэг нь Прокурорын шатанд хянагдаж байгаа. Одоо эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч Д.А нь 1998 онд манай нөхрийн компани болох Хятад улсын Кайти компани, өөрийнх нь “Сан мери” ХХК-тай харилцан тохиролцож “П” ХХК-ийг анх байгуулж байсан. Анх Кайти компани нь 49 хувь, “Сан мери” ХХК нь 51 хувийн эзэмшихээр зааж, 1998 онд гэрээ байгуулсан байдаг. Дүрмийн санг нь тус даргыг нь оруулахаар тусгасан байдаг юм. Кайти компани нь тоног төхөөрөмж 11 517 000 төгрөг, барилгын материал 22 183 000 төгрөг, нийт 33 700 000 төгрөгийн хөрөнгө оруулсан.

... Хятад улсаас 6 вагон барилгын материал, шилэн хөвөн, хар цаас, будаг зэргийг ачуулсан. Монголд өөрөөс нь гааль, татварын хураамж зэргийг төлөх байсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хэлэхэд “П” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах 49 хувиа хангаж чадахгүй байна гэсэн хуурамч гарын үсгийг хийгээд гэрчилгээгээ дан ганц “П” ХХК-д гаргуулаад одоо нэхэмжлэл гаргаад явж байна. “П” ХХК-ийг татан буулгахаар тохиролцсон байхад татан буулгаагүй. Д.Агийн нэхэмжлээд байгаа зүйл бүгд манай нөхрийн өмч юм гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02936 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 90.957.000 төгрөг гаргуулах тухай П ХХК-ийн нэхэмжлэл, 214.070.000 төгрөг гаргуулах тухай Д.Агийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.683.085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00029 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 305 027 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК болон Д.А нарт олгосугай гэж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдэж хариуцагч Б ХХК-иас 1683 085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 683 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон цагдаагийн байгууллагад гэрч, хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн хариуцагч байгууллагыг цахилгааны дотоод холболтыг буруу хийснээс богино холболт үүсч гал түймэр гарсан гэж буруутгаж хариуцагчийг түрээсийн гэрээний 5.5-д заасан гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах." үүргийг хүлээх гэм буруугүй болохоо нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

... 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г байгуулах үед нэхэмжлэгч Д.А нь “П” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан нь тогтоогддог.

... Анхан шатны шүүх гал гарсан байдал шалтгаан нөхцөлд холбогдох байгууллагын хийсэн шалгалт, дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэн хариуцагч “Б” ХХК-ийн хууль бус санаатай, буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэх байдал нотлогдохгүй  байна гэж зөв дүгнэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн.

... Хариуцагч “Б” ХХК-ийн түрээсэлж байсан агуулахын зэргэлдээ агуулах буюу нэхэмжлэгч “П” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг агуулахаас 2014 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө гал гарч хариуцагч “Б” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэр, тоног төхөөрөмж, эд зүйл шатаж хариуцагчид 85 159 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 139-142 талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогддог. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс гал гарч эд хөрөнгөнд хохирол учирсан талаар мөрдөн шалгах ажиллагааг бүхий л талаас явуулсан болно.

... Эрүүгийн 2014260006363 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд Гамшиг судлалын хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/62 тоот шинжээчийн дүгнэлт, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39/2921 тоот шинжээчийн \2хх 96 тал\      “...1-д гал        гарсан шалтгаан нь: Цахилгааны богино холболтын улмаас уг гал гарсан байх магадлал өндөр байна. 2. Галын голомт агуулахын голын хананы хэсгээс үүсч урагшаа чиглэлтэй шатсан. З.Гарсан гал нь хүний хүчний зүйлийн үйлчлэлээр үүсэн эсэх шүдэнз, асаагуур, лаа\ зэрэг зүйлээс үүсэлтэй эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт, “П” ХХК-ийн ажилтан гэрч В.Доржгочоо “...манай компани галын аюулгүй байдлыг хангах зорилгоор 2014 оны 08 дугаар сарын 20-доор 14 дүгээр агуулахынхаа тог цахилгааны бүх кабель болон монтаж пускаьтель автомат, шийтүүдийг касаж янзалсан гэх мэдүүлэг, “П” ХХК-ийн ажилтан гэрч В.Бямбадоржийн “...2014 оны 07 дугаар сарын үеэр компаний тог цахилгааны асуудлыг манай компаний захирал Д.Агийн нөхөр 380 вольтын шугамыг шинэчилж агуулахын дотор талын холбоос автоматуудыг шинээр хийсэн.” \1хх 38 тал\ гэх мэдүүлэг, гэрч Ц.Энх-амгалан “...Д.А Оюунаагийн тоолуур ажиллахгүй байна гэхээр нь би очиж үзсэн чинь тоолуурын гарах хэсгийг буруу холбосон байсан тэгээд би тоолуурыг нь салгаж өгөөд явсан гэхдээ энэ холболтоос гал гарах боломжгүй...би тэдний тоолуурыг салгаж байхад тоолуурт холболт хийсэн утас нь хуучны зэс сайн утас байсан \хх 41 тал\ гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны дугаар 398 тогтоолоор \1хх7 тал\ “...гал гарсан нөхцөлийг урьдчилан мэдэх боломжтой байсан эсэх, галыг аливаа зорилгоор санаатай тавьсан гэх баримтууд тогтоогдохгүй...”  гэж дүгнэн 2014260006363 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг заасан. Гэм хор учруулснаас шаардах эрх үүссэн эсэхийг тогтооход бусдын хуулиар хамгаалагдсан эрхийн зөрчил, хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэл, эдгээрийн шалтгаант холбоо,  гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдох шаардлагатай.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар түрээсийн гэрээний хугацаанд гал гарах болсон  шалтгаанд гэм буруутай этгээд тогтоогдоогүй, хариуцагч “Б” ХХК нь гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

... давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Ад 214 070 000 төгрөгийн, “П” ХХК-д 90 957 000 төгрөгийн учирсан болох нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2015 оны 398 дугаар тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 314, 315 тоот тодорхойлолт, тайлан, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн 2015 оны 9/62 тоот шинжээчийн дүгнэлт, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2014 оны 39/2921 тоот шинжээчийн дүгнэлт, ОБЕГ-ын 2015 оны 7/499 тоот албан бичгийн  “албаны шалгалт явуулсан тухай” хавсралт, мөрдөн байцаалтын явцад шинжээчээр Д.Баян-Эрдэнэ, С.Энхдаваа, хохирогчоор Д.А, Б.Оюун-Эрдэнэ, гэрчээр БНХАУ-ын иргэн Zhang Yisheng, В.Доржгочоо, В.Бямбадорж, П.Баярсайхан, Н.Отгонбаатар, Э.Ганбат нарыг асуусан мэдүүлгийн тэмдэглэлүүд зэрэг бичмэл нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон гэж дүгнэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “П” ХХК-ийн эзэмшлийн үйлдвэр, тоног төхөөрөмжийг огт түрээслэж байгаагүй, түрээслэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний агуулга, түрээсийн зүйлийн зориулалтаас үзэхэд Иргэний хуулийн 322 дугаар зүйлийн 322.1 дэх дэх хэсэгт заасан үйлдвэр, аж ахуйг хэрэглэгдэхүүний хамт түрээслэсэн гэж үзэж Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн '2 .3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийг хариуцах үүрэгтэй дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч “П ХХК-ийн 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар \хх 220-222 тал\ үндсэн хөрөнгө 53 848 710 төгрөгөөр тусгагдсан байдаг бөгөөд гал гарсан дараа буюу 2014 оны 4 улирлын санхүүгийн тайланд \хх 236 тал\ 53 848 710 төгрөгөөр дахин тусгагдсанаас дүгнэхэд нэхэмжлэгч "П” ХХК-д гэм хорын хохирол учирсан болох нь нотлогдоогүй.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00029 дугаартай магадлалыг хүчингүй болгож Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 102\ШШ2018\02936 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “П” ХХК-ийн захирал Д.А хамтран нэхэмжлэгчээр оролцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд гэм хорын 214 070 000 төгрөг, “П” ХХК түрээслүүлэгчийн хувьд эд хөрөнгөд учирсан хохиролд 90 957 000 төгрөг нийт 305 027 000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч “Б” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, гал гарсан үйл баримтад гэм буруугүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Санмери” ХХК-ийн 986 мкв талбай бүхий газар, 11 тоот агуулахын 40,6 мкв, 12 тоот үйлдвэрийн 63 мкв, 13 тоот үйлдвэрийн 132 мкв нийт 235.6 мкв талбай бүхий ажлын байр, 110 м төмөр замыг тус тус хаягдал хуванцар сав цуглуулж, хэрчих, жижиглэсэн хуванцарыг Улаанбаатараас Замын-Үүд рүү төмөр замаар ачуулах, бусад бараа бүтээгдэхүүн ачиж буулгахад түрээсийн талбайг ашиглахаар тохиролцжээ. Түрээслэгч “Б” ХХК нь 986 мкв талбайн 235.6 мкв талбай бүхий ажлын байрын нийт сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг, төмөр зам ашиглалтын төлбөрт вагон тус бүрээс 60 000 төгрөг, сард худаг ашиглаж, ус хэрэглэсэн тохиолдолд 200 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Түрээсийн гэрээний хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “П” ХХК-ийн объектод гал гарсны улмаас Д.Агийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд, “П” ХХК болон “Б” ХХК-ийн эд хөрөнгө бүхэлдээ шатсан байна.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан байна.

Хоёр шатны шүүх ийнхүү  хэргийг хоёр өөрөөр шийдвэрлэсэн нь зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг тодорхойлж чадаагүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан гэм хор учирснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан зохицуулалтыг баримталжээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Хариуцагч “Б” ХХК нь түрээсийн байранд гал гарсан үйл явдалд өөрийгөө гэм буруугүй гэж тайлбарладаг боловч энэ нь хангалттай баримтаар тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас гал гарах шалтгаан болсон цахилгааны щит, холболтыг зохигчийн хэн нь гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй, талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үед түрээсийн байранд цахилгааны холболт байсан эсэх, энэ холболт, төхөөрөмжийг түрээслэгч өөрчилсөн эсэх нь тодорхой бус байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийг түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн боловч гэрээний 5.5.-д заасан “гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах” үүргээ хэрхэн биелүүлээгүй болохыг тодорхой дүгнээгүй байна.

Түүнчлэн, гэм хорыг арилгах арга, хэлбэрийг заасан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.дэх хэсгийн зохицуулалт гэрээний харилцаанд хэрхэн хамааралтай болох нь ойлгомжгүй болжээ. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд гэм хорын, эсхүл гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхой тогтоож дүгнээгүй байна.

Зохигч нь түрээсийн гэрээний харилцаатай байсан нь тодорхой боловч гал түймрийг хор уршиг, эрх зүйн үр дагаврыг түрээслүүлэгч, эсхүл түрээслэгч хариуцах эрх зүйн үндэслэлийг шүүх зөв тодорхойлох учиртай.

Гэм хорын, эсхүл гэрээний харилцааны эрх зүйн үндэслэлийг тухайн маргаанд хэрэглэсэн аль ч тохиолдолд зохигчийн хэн нь хариуцлага хүлээх асуудлыг шийдвэрлэхэд гэм буруугийн байдал тогтоогдсон байх учиртай.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд бүруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02936 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00029 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол  гаргахдаа төлсөн 1 683 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН