Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00885
Хэргийн индекс 101/2018/05301/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Цэндийн Амарсайхан
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн
Хариуцагч Б.Х-т
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Тогтоол

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Х-т холбогдох,

Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үүрэгт 75 405 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Х-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК нь Б.Х-тай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ОС-177/13 дугаар орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны N3 /723 дугаар байр/, 12 давхрын 43 тоот, 85.8 мкв, 3 өрөө орон сууцыг 1 мкв-ын үнийг 2 595 000 төгрөгөөр тооцон нийт 222 651 000 төгрөгөөр барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус компани орон сууцыг барьж 2014 онд ашиглалтад оруулж, Б.Х-ын өмчлөлд шилжүүлэн өгсөн.

Б.Х- нь орон сууцны төлбөрөөс 172 381 000 төгрөг төлж үлдэгдэл 50 270 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэрээний үүргээ зөрчиж байна.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т графикийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө гэж заасан. Өнөөдрийн байдлаар Б.Х- нь төлбөр төлөх хугацааг 46 сар 28 өдөр хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн Б.Х-ын төлөх алдангийг тооцож үзвэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь буюу 25 135 000 төгрөгөөр тооцсон.

Иймд ОС-177/13 дугаар Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үлдэгдэл төлбөрт 50 270 000 төгрөг, алданги 25 135 000 төгрөг, нийт 75 405 000 төгрөгийг Б.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х- нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Х- нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Б.Х-аас ОС-177/13 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээний дутуу үүрэг 50.270.000 төгрөг, алданги 25.135.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банк, Улаанбаатар хотын банк төрийн сан 2609006167 тоот дансанд урьдчилан төлсөн 534.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 534.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Б.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 535.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... бид эвлэрэхээр харилцан тохиролцсон байсан тул анхан шатны шүүх хуралдааныг дээрх шалтгаанаар нэг удаа хойшлуулаад, энэ хооронд эвлэрлийн гэрээгээ байгуулахаар ярилцсан. Ингээд миний бие анхан шатны шүүхэд “... гэрээний үлдэгдэл төлбөр 50 270 000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлалтай ногоон зоорийг иргэн С.Золжаргалд худалдан борлуулсны орлогоос 2019 оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр “Э” ХХК-тай ярьж тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулахаар ярилцсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсэе...” гэсэн хүсэлтийг хуульд заасан эрхийнхээ дагуу хүргүүлсэн. Гэтэл шүүхээс миний хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасан нь шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхийг минь ноцтой зөрчсөн.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлэх, залруулах арга хэмжээ аваагүй нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Х-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 270 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 25 135 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Б.Х- нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй танилцаж, хэргийг өөрийн оршин суух газрын хаягаар шилжүүлэх хүсэлт гаргасан атлаа шүүхэд хариу тайлбарыг гаргаж өгөөгүй байна.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй болно. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэдэг.

Харин хариуцагч Б.Х- нь нэхэмжлэгч талтай эвлэрч, Дархан-Уул аймагт байрлалтай ногооны зоорийг худалдаж, орлогоос нь төлбөрөө төлөхөөр нэхэмжлэгч “Э” ХХК-тай тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулахаар ярилцсан гэж шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу шүүх хуралдаан болох өдөр факсаар хүсэлт ирүүлжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг хэрэг хэлэлцэхээс өмнө шүүх хуралдаан дээр танилцуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг авсан боловч хүсэлтийг хэрхсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, шүүгчийн захирамж гаргаагүй байна. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулснаас үзвэл шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн гэхээр боловч энэ талаар эрхийн акт гаргаагүй, шүүх хуралдаанд мэдэгдээгүй учир ямар үндэслэлээр хүсэлтийг хангаагүй болох нь ойлгомжгүй үлджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэх үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрхсэн талаар шүүгчийн захирамж гаргаагүй тохиолдолд хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан хэргийн оролцогч шүүхэд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй боловч хэргийн оролцогчийн гаргасан аливаа хүсэлтийг шүүх хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх үүрэгтэй болно. Ийнхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан үндэслэлд тооцно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт маргааны үндэслэл болсон орон сууц хэний өмчлөлд байгаа талаарх баримт авагдаагүй байгааг шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 534 975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН