Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-20
Дугаар 001/ХТ2019/00981
Хэргийн индекс 139/2018/00739/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Б
Хариуцагч Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШШ2018/00808 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 218/МА2019/00006 дугаар магадлалтай,

Б гийн нэхэмжлэлтэй,

Г од холбогдох

10,566,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд маань одоо 7 сартай. Би хариуцагч Г ын хамаатны хүнээр нь дамжуулан 2018 оны 3 сард анх танилцсан. Танилцсанаас хойш надтай утсаар байнга ярьдаг. Цогтцэций суман дээр ирэхээрээ уулзаж ярьдаг жирийн сайхан харилцаатай найзууд байсан. Гэтэл 2018 оны 3 сард намайг хэд ч хамаагүй мөнгө зээлээч, олон улсын хөрөнгө оруулалтын компанид ажилладаг. Хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Мөнгийг тань эргэлдүүлээд буцааж өгнө гэж гуйсан. Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг байсан болохоор хэдэн төгрөгний хүү авбал ашигтай юм гэж бодсон төдийгүй Г  нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд "Макдал зоос” ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг санхүүгийн чадвартай гэж итгэж байсан тул нөхөр С.Бага-Эрдэнээр цалингийн зээл авахуулан 10,566,840 төгрөгийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр Г ын дансанд шилжүүлсэн. Түүнийг мөнгөө эргэлдүүлж ашиг олоод 3 сарын дараа өгөхөөр тооцсон. Утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг бичгээр хийж, хугацааг нарийн тогтож тохиролцоогүй нь үнэн. Түүнээс хойш Г  утсаа хаасан. Надтай утсаар ярих нь багассан. Мөнгөө нэхэхээр хариу хэлдэггүй. Би удаа дараа мөнгөө шаардаж, ашиг олох чинь юу болсон бэ. Би хүүгүй ч хамаагүй анх өгсөн мөнгөө олж авъя гэхэд надад бэлэн мөнгө алга байна. Тавилга өгье эсхүл Ванкоён гэдэг юм өгье. Түүгээр машин авч унаж

болно. Төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болно гэх зэргээр тайлбарлаж миний мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэгэнт би хуулийн мэдлэггүйгээс болж зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас Г оос хүү нэхэх боломжгүй гэдгээ ойлгосон. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу Г оос 10,566,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие нь Дундговь аймгийн Жаргалант худалдааны төвд байрлах “Мандал Зоос Капитал” ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч Б  2018 оны 04 сарын 05-ны өдөр 10,566,840 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэл дээр бичсэн жирийн сайхан харилцаатай найзууд, мөнгө зээлээч, мөнгийг чинь эргэлдүүлээд өндөр ашиг өгье гэсэн зүйл байхгүй. Миний бие 2018 оны 01 сарын 10-ны үеэр хадам эгчийг нөхрийн нь хамт хүргэж өгөхөөр Цогтцэций сум руу явсан. Тухайн үед Баттулга гээд манай найз хамт явая, очиж Стэнфорд гээд компанийн талаар хүмүүст танилцуулая гэснээр хамт явсан. Ингээд Цогтцэций суманд Баттулга компанийхаа талаар танилцуулсан. Тухайн үед Б  мэдээллийг авч Баттулгатай холбогдож уг компанид өөр дээрээ болон нөхөр дээрээ 2000, 2000 долларын хөрөнгө оруулалт хийж, түүнээс хойш Баттулгатай холбогдоод явсан. Би Б г нэрийг нь сонссоноос танихгүй явсаар 3 сарын сүүлээр Цогтцэций сум орохдоо анх уулзсан. Тухайн үед миний бие ямааны ноолуурыг авах зорилготой явахдаа Стэнфорд компанид хөрөнгө оруулалт хийсэн талаар мөн нэмж хийж байгаа талаар ярьсан. Тухайн үед Б  10,000 доллар хийнэ, цахим 10,000 долларыг олж өгөхөд туслаарай миний мөнгө төгрөг бэлэн болж байгаа гэж хэлснээр бидний яриа дууссан. Б гийн 5598067230 тоот данснаас 4 сарын 5-нд тухайн үеийн ханшаар 4350 доллар олж өгөөч гэж надруу шилжүүлсэн. Тэр үед уг компани урамшуулал зарлаад 4 сарын 6-нд дуусна гэж байснаар тухайн хугацаанд амжуулах зорилгоор надаас гуйсан, би тусалсан. Миний данснаас найман шаргын валютын газар руу шууд шилжүүлсэн гүйлгээ нь дансны хуулга дээр тодорхой байгаа. Тиймээс Б гийн дансны хуулгыг авч чадвал маш олон хүмүүс рүү доллар авахаар шилжүүлсэн нь харагдана. Б  өөрөө 5650 долларыг нь хүмүүсээс цуглуулсан гэж ярьж байсан. Тухайн 10,000 долларын хөрөнгө оруулалт Тугалхүү гэж хүний нэр дээр хийсэн байгаа. Эдгээрийг батлах баримт гэрчлэх олон хүн байгаа. Уг компанид өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийгээд одоо надруу шилжүүлсэн мөнгөө намайг зээлсэн болгож, миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна. Б  фэйсбүүкээр хөрөнгө оруулалт хийсэн түүний талаар олон зүйлийг Стэнфордын групп чатаар бичиж байснаа өөрийнхөө фэйсбүүк хаягаа устгаж дахин шинээр нээсэн байгаа. Миний бие Б гийн шилжүүлсэн мөнгөнөөс 1 ч төгрөг авч завшаагүй учир тоолгүй өнгөрөөсөн. Сүүлдээ шүүхэд хандаж байгаад нь гайхаж байна. Иймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШШ2018/00808 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Харнууд овогт Ганхуягийн Ганболдоос 10,566,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 218/МА2019/00006 дугаар магадлалаар: Хариуцагч Г ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 139/ШШ2018/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.28-ны өдрийн 218/МА2019/00006 дугаар магадлалд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчин, хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 10,566,840 төгрөгийг хариуцагч миний эзэмшлийн ХААН банкан дахь данс руу шилжүүлсэн гэсэн ганц үйл баримтыг үндэслэхээс гадна хариуцагч намайг ИХШХШТХуулийн 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь юуны өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба зохигч нарын хүсэл зориг мөнгө зээлдүүлэх, нэг нь зээлдэх хүсэл зориг байсан гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас эхлээд, хэрэг хэлэлцэх явцад болон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөр хоорондоо зөрүүтэй тайлбар /...хамаатны хүнээр дамжуулан 2018 оны 3 сард танилцсан, утсаар байнга ярьдаг байсан ... 3 сарын хугацаатай зээлсэн.. хэдэн хувиар өсгөж өгөх талаар тохиролцоогүй.... 10 хувиар нэмж өгнө 12,608,208 төгрөг болгож өгөхөөр тохирсон... 2,000,000 төгрөг нэмж өгнө гэж тохирсон гэх зэргээр худал тайлбаруудыг өгч байсан/-ууд гаргаж байсныг шүүх анхаарч үзээгүй. Хариуцагч талаас өөрийнхөө боломжийн хэмжээнд буюу нэхэмжлэгчээс шал өөр үйл баримтын талаар дурдаж Стэнфорд гэдэг компанид хөрөнгө оруулалт хийх гэж Б  нь өөрөө Г  надаар дамжуулж мөнгөө доллар болгон солиулаад аваачаад өгөөч гэж гуйсны дагуу би түүнд тусалсан, тийм ч учраас над руу мөнгийг бутархай байдлаар шилжүүлсэн гэж маргасаар байтал 2 шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсэхийн тулд талуудын хүсэл зориг нь нэг тал мөнгө зээлж авах, нөгөө тал нь мөнгөө зээлдүүлэх хүсэл зоригийг тодорхой ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утга хэсэг дээр “Урангоо” гэсэн бичилт байх ба зээлийн харилцааны талаар нэг ч үг үсэг байхгүй. Ийнхүү “Урангоо” гэсэн нь зөвхөн өөрийн нэр дээр, түүнийг төлөөлж үйлдэл хийлгэнэ гэсэн хүсэл зоригтой байсан гэж үзэхээр байна. Б  нь нэгэнт өөрийн данснаас бусад руу мөнгө шилжүүлж байгаа тохиолдолд өөрийн нэрийг бичих шаардлагагүй бөгөөд хүнд мөнгө зээлдүүлсэн тохиолдолд бүхэл мөнгөөр, зээлдүүлж байгаагаа тодорхой ойлгомжтой илэрхийлсэн байх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн үйлдлийн цаана итгэмжлэл, даалгаврын гэрээ хэлцэл ч байгуулагдсан байж болох бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт нь бусад хөдөлбөргүй нотлох баримтаар дэмжигдэж, эргэлзээгүй нотлогдсон байх учиртай. ИХШХШТХуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ” гэж тодорхой заасан. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төр /шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийн байгууллага/ үйл ажиллагаандаа ...хууль дээдлэх, шударга ёсны зарчмыг баримтлах талаар заасан байдаг. Гэтэл 2 шатны шүүх шударга ёсыг умартаж нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа. Иймд дээр дурдсан үндэслэлээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 139/ШШ2018/00808 дугаар шийдвэр болон Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 218/МА2019/00006 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжэ.

                                                            ХЯНАВАЛ:            

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Г од холбогдуулан зээлүүлсэн 10,566,000.00 төгрөгийг гаргуулах шаардлага гаргахдаа хариуцагчийн Хаан банкны дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэл болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б гоос мөнгө зээлээгүй, харин тэр өөрөө мөнгөө өсгөх зорилгоор надаар дамжуулж Стэнфорд гэдэг компанид хөрөнгө оруулалт хийсэн учир би төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 10,566,000.00 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны дансанд шилжүүлсэн баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт “urangoo” гэсэн бичиглэлтэй, зохигчдын хооронд зээлийн гэрээ хийгдсэн тухай өөр бусад баримт хэрэгт авагдаагүй байхад дан ганц банкны шилжүүлгийн баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцэхгүй. 

Түүнчлэн зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасныг хэрэглэх боломжгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 139/ШШ2018/00808 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 218/МА2019/00006 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 184,100.00  /нэг зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН