Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 001/ХТ2019/00997
Хэргийн индекс 146/2018/00304/И
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дашхүүгийн Цолмон
Нэхэмжлэгч Г ХХК
Хариуцагч “О ” ХХК, “О ”ХХК нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Г ” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн

          2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/ШШ2019/00003 дугаар шийдвэр,

           Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 204/МА2019/00006 дугаар магадлалтай,

   “Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “О ” ХХК, “О ”ХХК нарт холбогдох

     Зээлийн гэрээг  цуцалж,  үндсэн зээл  958,000,000.00 хүү 122,361,534.24, нэмэгдүүлсэн хүү 20,787,287.67 төгрөг, нийт 1,101,148,821.92 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,     

141,164,580.82 төгрөг гаргуулах, Г  “О ” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 сарын 07-ны өдөр БГ3635111504 тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Г , “О ”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 сарын 04-ний өдрийн ГБ/54 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “О ”ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “О ”ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай,           

Хариуцагч “О ” ХХК-ийн Г , “О ” ХХК-д холбогдох Г  нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр “О ”ХХК-тай байгуулсан ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох, “О ” ХХК Г наас зээл авсныхаа дараа “О ”ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох, Г ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “О ” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Наранбаатар, өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж, өмгөөлөгч О.Батхүү, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1 дэх шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн байгаа. Г , ”О ”ХХК хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээг зөрчсөн учир гэрээг цуцлах. 2. Нэмэгдүүлсэн хүүгээ нэмээд 2018 оны 10 сарын 29-ний байдлаар үндсэн зээл нь 239,998,684.94 төгрөг нэмэгдүүлсэн хүү нь 44,314,717.81 төгрөг нийт 1,242,313,402.74 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжийг “О ” ХХК-аас гаргуулж өгнө үү. 3 дахь шаардлага нь Г  “О ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 сарын 07-ны өдрийн гэрээний орлого барьцаалсан гэрээ болон Г , ”О ”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 сарын 04-ний өдрийн ГБ-54 тоот хамтран ажиллах гэрээний дагуу 2 гэрээгээ барьцаалан авлага барьцаанд байгааг дурдаж хариуцагч хэрвээ 2 дахь шаардлага буюу нэмэгдүүлсэн хүүг биелүүлээгуй бол барьцаанаас төлбөр гаргуулах талаар шийдвэр гаргаж өгнө үү. 4. Г  болон ”О ”ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “О ”ХХК нь зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсан. Г  болон ”О ”ХХК нь Монголын томоохон аж ахуйн нэгжид хамаарна. ”О ”ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харин Г  нь санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм. Ингээд 2016 оны 07 сарын 04-ний өдөр ”О ”ХХК-иас тавьсан хүсэлтийн дагуу бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ханган нийлүүлэгч нар нь ”О ”ХХК-иас ажлаа хүлээлгэж өгчихөөд төлбөрөө авч чадахгүй хүлээдэг. Манай тохиолдолд ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш 45 хоногийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэсэн гэрээ байгуулсан байсан. Иймэрхүү гэрээ байгуулсан олон ханган нийлүүлэгч байдаг. Энэ зээлийн гэрээний хамгийн цаад уг үндэс нь “О ”ХХК, Г  хоёрын хооронд байгуулж байгаа тэр гэрээний үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Тухайлбал “О ” ХХК нь Г ны харилцагч биш Хас банкны харилцагч байсан гэхдээ Ханбогд сум болон ”О ”ХХК-ийн уурхайн хооронд 45 км-ийн зам тавих ажил гүйцэтгэх гэрээний тендерт шалгарч тухайн ажлыг гүйцэтгэх болсонтой холбогдуулан Г наас түр санхүүжилт авсан. Бид нарын маргаж байгаа санхүүжилт бол гэрээнийхээ ажлыг хийж гүйцэтгээд гүйцэтгэлээ ”О ”ХХК-д хүлээлгэж өгөөд хүлээлгэж өгсөн гүйцэтгэлийнхээ төлбөр өөрөөр хэлбэл авлага нь “О ”ХХК-иас зайлшгүй өгөх төлбөрөө Г наас түр зээлсэн. 2017 оны 4, 5 дугаар сард нийтдээ 1 тэрбум 200 сая төгрөгөөр 2 удаа зээл авсан. Энэ зээлийн авлагууд бол хугацаандаа төлөгдсөн. 3 дахь удаагаа буюу 2017 оны 06 сарын 07-ны өдөр хийгдсэн зээлийн төлбөр хугацаандаа төлөгдөөгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу баталгаажсан нэхэмжлэх өгдөг. Үүний дагуу ажилтай дүйцэх төлбөрийг ажлын 45 хоногийн дотор шилжүүлнэ гээд баталгаажсан нэхэмжлэх бичиж өгөөд тамга тэмдэг дараад гарын үсэг зураад өгдөг. Түүнийгээ Г тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу Г анд өгөөд бид нар “О ” ХХК-д 1 тэрбум 65 сая төгрөгийн баталгаажсан нэхэмжлэх өглөө нэхэмжлэх дээр танай данс дурдагдсан, та нар үүнийг түр хугацаанд санхүүжүүлж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу ”О ” ХХК-д итгэж байсан учир өмнөх шигээ мөнгийг орж ирнэ гэж бодоод бид нар 2 сарын хугацаатай 958 сая төгрөгийн зээлийн гэрээг “О ” ХХК-тай гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. “О ” ХХК тухайн мөнгийг ”О ”ХХК-ийн замын ажилд зарцуулсан. Манай зээлсэн мөнгө ”О ”ХХК-ийн захиалж бариулж байгаа замын ажилд орсон. Мөн тухайн замын ажлыг хийж гүйцэтгэсний төлөө буцах төлбөрөөс Г ны зээл төлөгдөнө гэдэг ийм баталгаа манай банканд ороод ирсэн. Ингээд бид “О ” ХХК-тай гэрээ хийхдээ ”О ”ХХК-иас авах авлагийг барьцаалж зээл өгсөн. Өөр ямар нэгэн хөрөнгө барьцаалаагүй. Яагаад гэвэл ”О ”ХХК 2017 оны 06 сарын 07-ны өдөр Г анд манай компани “О ” ХХК-иас авах авлагатай санхүүжилт өгнө үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гээд манай гэрээнд заасны дагуу баталгаажсан нэхэмжлэх Г анд ирүүлсэн. Тэгээд манай банк тухайн мөнгийг орж ирнэ гэж итгээд "О " ХХК-д зээл өгсөн. Манай "О " ХХК-д зээлсэн мөнгө “О ”ХХК-ийн замын ажилд ороод байсан. Бид энэ асуудлыг “О ”ХХК-тай ярилцсан боловч та нар нэгэнт шүүхэд хандсан учир шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн хариу хэлсэн. Саяхан ханган нийлүүлэгчдийн томоохон хурал зөвлөгөөн хийж “О ”ХХК-тай манайх цаашдаа гэрээгээ сунгаад хамтран ажиллахаар болсон. Гэрээний үүргээ зөрчихгүй гэсэн баталгаа өгсний үндсэн дээр 2018 оны 10 сарын 03-ны өдөр гэрээгээ үргэлжлүүлэн сунгаад явж байгаа. “О ”ХХК нь анхны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд тохиролцооноосоо буцаж эхэлсэн. Гэрээнд заасны дагуу баталгаажсан нэхэмжлэх ирвэл тухайн данс руу заавал шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Хэрвээ баталгаажсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлын 3 хоногийн дотор банканд бичгээр мэдэгдэнэ гэж гэрээнд заасан боловч 2017 оны 06 сарын 07-ны өдөр баталгаажсан нэхэмжлэх өгсөн хэрнээ 2017 оны 06 сарын 10-ны өдөр тухайн баталгаажсан нэхэмжлэхийг зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдэх боломжтой байсан боловч чимээгүй байж байснаа 2017 оны 09 сарын 12-ны өдөр мэдэгдэл хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Бид нар ажлын 3 хоногт хариу ирүүлээгүй учир түүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд зээлийг нь олгоод тухайн зээлийн хугацаа хэтэрсний дараа ийм асуудал үүссэн. Үүнийг бид нарийн хэлвэл банкыг залилсан үйлдэл гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл бид “О ”ХХК-д итгэсэн өнөөдрийг хүртэл

итгээд хамтран ажиллах гэрээгээ сунгаад явж байгаа. Манай ханган нийлүүлэгчид түр хугацааны зээл өгөөч гэсэн хүсэлтийн дагуу тухайн ханган нийлүүлэгч болох "О " ХХК-тай уулзаад та нар “О ”ХХК-иас мөнгө авах юм уу гэтэл авна гэж хэлсэн. Түүний дагуу тухайн "О " ХХК-ийн “О ”ХХК-иас авах мөнгийг барьцаалаад зээл олгосон. Гэтэл одоо “О ”ХХК ямар асуудал яриад байна гэхээр "О " ХХК манай хоёрын хооронд маргаан үүссэн гэж яриад байдаг. Ханган нийлүүлэгчдийн хооронд үүсэж байгаа маргаан банканд бол ямар ч хамааралгүй маргаан юм. Тухайн маргаанаа тусдаа өөр шүүхээр шийдүүлэх ёстой. Хоорондоо үүссэн маргаанаар түрий барьж банкыг эрсдэлд оруулах ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Хэрвээ “О ”ХХК эрсдэл хүлээж байгаа гэж үзвэл тухайн эрсдлээ банктай хуваалцах гээд байна. Гэтэл бид нар "О " ХХК-д өндөр хэмжээний зээл өгчихсөн. "О " ХХК гаргуулж авна гэхээр барьцаалсан хөрөнгө байхгүй. Ганц барьцаалсан хөрөнгө нь “О ”ХХК-ийн өгнө гээд амалсан байсан мөнгө байгаа. “О ”ХХК нь тухайн мөнгөө өгөхгүй гээд байдаг. Тэгэхээр зээлийн эрсдэл учраад байна. Зээлийн гэрээ бол зээлийн гэрээний орлогыг барьцаалах үндсэн дээр хийгдсэн байдаг. Гэхдээ санхүүжилт бол “О ”ХХК бариулж байгаа зам руу тухайн мөнгө орно гэж санхүүжүүлсэн. Зээлийн гэрээгээ баталгаажуулсан гэрээний орлого барьцаалах заалтан дээр “О ”ХХК-иас орж ирэх авлагыг барьцаалж байна гэсэн байгаа. “О ”ХХК-ий баталгаажуулж өгсөн орлого нь хэд вэ гэхээр 1 тэрбум 65 сая төгрөгийн авлага байгаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бид 1 тэрбум 65 сая төгрөгийг "О " ХХК-ий хийж гүйцэтгэсэн замын ажилд өгөх үүрэг хүлээсэн. Энэ төлбөрийг танай банкны данс руу шилжүүлнэ гээд бичгээр бид нарт өгсөн байгаа. Хамтран ажиллах гэрээний 1.1 дээр юу гэж заасан гэхээр тухайн хамтран ажиллах гэрээ юу гэж эхэлдэг вэ гэхээр Төлбөр болон төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулж гэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл Г , “О ”ХХК нь хоёр яагаад хамтран ажиллаж байна гэхээр “О ”ХХК-ий бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажил хийгээд байгаа хүмүүсийн төлбөрийг сүүлд нь өгдөг болсонтой холбогдуулан энэ гэрээг хийгээд танайх зээл өгнө шүү гэж эхэлдэг. “О ”ХХК-ий хүсэлтээр түүний харилцагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоно гэж байгаа. Бид "О " ХХК-д хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Яагаад гэвэл “О ” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бусад ердийн нөхцөлөөр “О ”ХХК-ий харилцагчид зээл өгөх ийм үүрэг манай банк хүлээсэн. Тухайн "О " ХХК-тай хийгдсэн зээлийн гэрээ бол “О ” ХХК-ий хүсэлтээр хийгдсэн гэрээ юм. Зээл олгохдоо "О " ХХК болон “О ” ХХК-ий хооронд байгуулсан гэрээнд үндэслээд зээл олгоно гэж хамтран ажиллах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан байгаа. Баталгаажсан нэхэмжлэхийг үндэслэн зээл олгоно гэж заасан үүнийгээ манайд өгсөн байгаа. "О " ХХК болон Г тай холбоотой зээлийн гэрээ байгуулагдсан тохиолдолд хамтарсан хүсэлтээр “О ” ХХК-иас орлого хүлээн авах дансыг байршуулж эсвэл өөрчилж болно гэж байгаа. Энэ нь банк өөрийнхөө эрсдэлийг хамгаалаад “О ” ХХК-ий өгнө гэсэн мөнгө зөвхөн Г  руу орно өөр банкны данс руу орохыг зөвшөөрөхгүй гэсэн зохицуулалтыг хамтран ажиллах гэрээний 2.4 дээр зохицуулаад өгсөн байгаа. Бид “О ”ХХК-иас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг л шаардаж байгаа. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр авлагын санхүүжилт хүссэн зээлийг олгосон. “О ”ХХК нь өнөөдрийг хүртэл өр зээлээ төлөхгүй байна. Шалтгаан нь "О " ХХК, “О ”ХХК хоёрын хооронд үүсэн маргаанаас болоод байна. Г , “О ”ХХК хоёр тухайн 1 тэрбум төгрөгнөөс болж муудалцаагүй. Нэгэнт шүүхэд хандсан учир шүүхийн шийдвэр яаж гарахыг л харна. Тухайн маргааныг үргэлжилж байхад буюу 2018 оны 10 дугаар сард “О ”ХХК, Г  хоёр гэрээгээ сунгаад цаашдаа хамтран ажиллаж байгаа. Танай харилцагчийн өмнөөс бид барьцаагүй зээл олгож эрсдэл хүлээх боломжгүй шүү гэдгийг удаа дараа сануулсан. Хамгийн гол маргаан бол барьцааны асуудал байгаа. Бид нарын харж байгаагаар “О ”ХХК манай төлбөрийг төллөө гээд алдагдал хүлээх зүйл байхгүй. Яагаад гэвэл “О ”ХХК ажлын гүйцэтгэлээ хүлээж аваад мөнгөө шилжүүлнэ гэж баталгаагаа өгсөн. 2. Манай зээлээр санхүүжүүлээд байгаа зүйл бол “О ”ХХК руу орсон. “О ”ХХК төлбөрөөс зайлс хийх юм бол үндэслэлгүй хөрөнгөжөөд Г ийг хохироох тийм нөхцөл байдал үүсэх гээд байна. Үүнийг шүүх гэрээний дагуу үнэн зөв шийдэх байх гэж итгэж байна. Зээлийн танилцуулгыг "О " ХХК Г анд өгөхдөө авлагын санхүүжилт хүсэх тухай гэж анх гаргаж байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал болон манай банканд өгсөн албан тоотоос юу харагдаж байна гэхээр “О ”ХХК бид нарт 1 тэрбум 65 сая төгрөгийн өглөгтэй байна. Энэ өр зээлээ төлөх баталгаажсан нэхэмжлэх өгсөн. Тухайн баталгаажсан нэхэмжлэх 45 хоногийн дараа орж ирэх байх танай банк түр санхүүжилт хийж өгнө үү л гэж хүссэн. “О ” ХХК-иас энэ мөнгө орж ирэх нь тодорхой байх гэж бодоод бид нар зээл өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ийм зээлийг Г  гаргасан. Харин 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр буюу 45 хоног өнгөрсөн байхад “О ”ХХК тухайн мөнгөө хийгээгүй. Ингээд бид хамгийн анхны бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “О ”ХХК-руу явуулсан. Тухайн бичгийн утга нь танай баталгаажсан нэхэмжлэхийн дагуу төлбөрөө шилжүүлээч хугацаа чинь болчихлоо гэсэн утгатай байсан. Хэрвээ хугацаандаа амжихгүй бол хэзээ явуулах уу хугацаагаа тодорхой бичиж ирүүлнэ үү гэсэн боловч хариуцагч “О ”маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ямар ч үндэслэлгүй хариу ирүүлсэн. Баталгаажсан нэхэмжлэхээс татгалзаж байна гэсэн хариуг ирүүлсэн. Бид нарын байгуулсан гэрээнд өөрөөр заасан байсан. Хэрвээ баталгаажсан нэхэмжлэхээс татгалзах юм бол ажлын 3 хоногт багтаан хариу ирүүлэх байсан. Түүнээс биш 3 cap 06 хоногийн дараа татгалзаж байна гэсэн хариу ирүүлэх биш юм. Бид нар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан тоотоор ямар үндэслэлээр татгалзаж байгаа юм бэ гээд гэрээнийхээ заалтыг маш тодорхой бичээд явуулсан. Гэтэл бид нарт Иванхилл гэж захирлаас маш сонин утгатай хариу ирүүлсэн. Утга нь "О " ХХК болон “О ”ХХК хоёрын хооронд маргаан үүснэ гэж мэдээгүй гэсэн утгатай байсан. Тухайн маргааныг банк мэдэх бүүр ч боломжгүй байсан. Ингээд бид “О ” ХХК-тай уулзаад тохиролцоонд хүрэхгүй байсан учраас арга буюу шүүхэд хандсан байгаа. Гэрээний 2.5 дугаар зүйлийн 1-т баталгаажсан нэхэмжлэх ямар мэйл хаягаар ирэхийг тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ хаягаар баталгаажсан нэхэмжлэх ирвэл манай төлбөр төлөгдөнө гэж маш тодорхой заасан байгаа. Мөн Г  ямар мэйл хаягаар баталгаажсан нэхэмжлэх ирүүлэх талаар мөн тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн гэрээнд заагдсан мэйл хаягаар "О  ХХК-ийн баталгаажсан нэхэмжлэх хүрч ирсэн. Баталгаажсан нэхэмжлэх нь англи, Монгол хэлээр ирсэн байдаг. Өмнө нь зүгээр зээл аваад хугацаандаа төлөөд явж байснаа сүүлд мөнгөө баталгаажсан нэхэмжлэхээр шаардахад 2 сарын дараа хариу ирүүлэхдээ бид “О ” ХХК-тай маргаантай байна гэсэн хариу өгөөд байдаг. Тэр маргаан манай банкинд ямар ч хамааралгүй. Бид “О ”ХХК-ий хүсэлтээр "О " ХХК-д зээл өгсөн. Бид нар “О ”ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн. Үүний нөгөө талд манай банкны чанаргүй зээлийн хэмжээ өсөөд байна. Өнөөдөр яагаад манай банк “О ”ХХК хариуцагчаар татсан гол шалтгаан нь энэ зээлийн гэрээ юм. Үнэндээ “О ”ХХК Г ийг нэг үгээр хэлбэл шилний цаанаас чихэр долоолгосон байна. "О " ХХК болон “О ”ХХК хоёрын хооронд байгаа замын маргаанд манай банк оролцохгүй. Харин зөвхөн “О ”ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, "О " ХХК-тай байгуулсан зээлийн барьцааныхаа хүрээнд гэрээний үүргээ зөрчсөн зөрчөөгүй асуудлыг ярилцана. Нэхэмжлэл бас тухайн асуудлын хүрээнд гарсан байгаа. Тийм учраас бид “О ”ХХК-иас барьцааны төлбөрийг гаргуулахыг шаардаж байгаа. Зээлийн төлбөр буюу 1 тэрбум 204 сая төгрөгийг “О ” ХХК-иас шаардахгүй. Яагаад гэвэл тухайн гэрээ “О ” ХХК-тай хийгдээгүй байгаа. Харин тухайн зээлийн төлбөрийг "О " ХХК-иас гаргуулна. Хэрвээ тэр төлбөрийг "О " ХХК сайн дураараа биелүүлж чадахгүй бол гэрээний орлого барьцаалах буюу хамтран ажиллах гэрээний дагуу “О ” ХХК-ийн бид нарт өгнө гэж амалсан баталгаажсан нэхэмжлэхийн дагуу “О ” ХХК-иас гаргуулж авна. Энэ бол манай банкны 3 дахь шаардлага байгаа. 4. ”О ” ХХК нь Г тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчсөн болохыг тогтоолгож, гэрээний үүргээ биелүүлэхийг “О ” ХХК-д даалгах ийм нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Очбаатарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь Г тай 2017 оны 06 сарын 07-ны өдөр ЗГ3635111504 дугаартай зээлийн гэрээ, БГ3635111504 дугаартай Гэрээний орлого барьцаалах гэрээ байгуулсан. Захиалагч “О ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай ажлын гүйцэтгэлд орж ирэх нь тодорхой болж шийдвэр нь гарсан байсан орлогыг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд зээлдэгч энэхүү байдлыг судлан улмаар “О ” ХХК-тай 2016 оны 07 сарын 06-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр манай компанид зээл олгосон байдаг. “О ” ХХК-иас батлагдсан төлбөрийг төлөөгүйгээс зээлийг төлөх нөхцөлгүй болсон. Нэхэмжлэгч нь “О ” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан зээлийн төлөлтийг баталгаажуулсан байдаг. “О ” ХХК-иас ажлын гүйцэтгэлийг төлөхөд бэлэн болсноо илэрхийлсэн даруйд түүнийг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зээлийг “О ” ХХК бүрэн барагдуулах үүрэгтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул манай компанид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний хувьд нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г тай бид нар хамтран ажиллах гэрээн дээр бол нэлээд нарийн ярьж байна. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. "О " ХХК бол тэнд шороо овоолж хаячихаад л явсан. Өнөөдөр тэнд 35.1 километр зам ашиглалтад орсон. "О " ХХК-ий хийсэн ажил байхгүй. "О " ХХК бол Г анд “О ” ХХК-тай байгуулсан гэрээгээ авч очоогүй. Энэ хэргээр дүүрэн "О " ХХК-ий хүсэлт байгаа. “О ” ХХК-тай байгуулсан гэрээний монгол хэл дээрх орчуулгыг хавсаргаж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Танайд ямар ч гэрээ аваачиж өгөөгүй. Ямар шугамаар яаж авсан юм мэдэхгүй зээл авчихсан байгаа юм. Г ны юунд нь гомдоод байна вэ гэхээр та нар зээл олгочихоод бид нарт албан ёсоор мэдэгдсэн бол бид нарт ярих юм байхгүй. Зээл авсан гэдгийг мэдэгдээгүй. Энэ асуудлаас болоод бид нар "О " ХХК-д давхар мөнгө олгосон ийм асуудал яригдаад байна. Иймд хамтран ажиллах гэрээг зөрчсөнийг шүүхээр тогтоолгож, "О " ХХК-иас мөнгийг нь гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “О ” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Нэг. Г  2016 оны 07 сарын 04-ний өдөр “О ” ХХК-тай ГБ/54 тоот Хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний дагуу “О ” ХХК нь "О " ХХК-ийг Г тай байгуулсан зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж чадна гэж Г ны өмнө батлаагүй, зээлээ төлж чадаагүй бол өр төлбөрийг нь төлөх талаар үүрэг хүлээгээгүй болно. Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээний тал ч биш юм. Гэтэл Г  “О ” ХХК-иас "О " ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих өр төлбөрийг нэхэмжлэхийн зэрэгцээ Зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн гэх үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь Г  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг "О " ХХК-иас шаардах байтал “О ” ХХК-иас шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Иймд Г  “О ” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээг зөрчиж байгааг тогтоож, зээлийн болон зээлийн барьцааны гэрээний үүргийг “О ” ХХК хариуцахгүй болохыг тогтоож өгнө үү. Хоёр. “О ” ХХК Г наас зээл авсныхаа дараа “О ” ХХК-иас төлбөр авсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Г наас зээл авсныхаа дараа "О " ХХК ажилчдынхаа цалин хөлсийг тавих зорилгоор “О ” ХХК-иас нэмэлт санхүүжилт хүссэн бөгөөд ийнхүү санхүүжилт олгох нь “О ” ХХК-ий гэрээний дагуу хүлээсэн үүрэг биш хэдий ч тус компани нь 841.639.291 төгрөгийг "О " ХХК-ийн Хас банкны дансаар шилжүүлсэн байдаг. Гэтэл "О " ХХК энэхүү фактыг хүлээн зөвшөөрдөггүй, “О ” ХХК-иас өөрийн банкны зээлээ төлүүлэхийг оролдож байх тул уг асуудлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай байна. "О " ХХК санхүүжилт хүлээн авсан нь дараах байдлаар нотлогдоно. "О " ХХК нь 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 01/550 тоот албан бичгээр “О ” ХХК-иас 841.639.291 (НӨАТ орсон дүнгээр 925.803.225) төгрөгийг Хас банкны 5000183122 тоот дансаар авах хүсэлт, ebarimt.mn хаягнаас хэвлэсэн нэхэмжлэл ирүүлсэн. "О " ХХК 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 2/39 тоот албан бичгээр дээрх орлогыг гэрээний үнийн дүнгээс суутган тооцохыг зөвшөөрсөн. 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 02/41 тоот албан бичгээр “О ” ХХК-иас 841,639,291 төгрөг шилжүүлснийг хүлээн авч, ажилчдынхаа 2017 оны 5, 6, 7 дугаар сарын цалинг тавьсан тухайгаа баталгаажуулсан байдаг. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн "О " ХХК Г наас зээл авсныхаа дараа “О ” ХХК-иас 841.639.291 төгрөгийг өөрийн дансаар дамжуулан хүлээн авсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү. Гурав. Г  "О " ХХК-иас зээлийн өр төлбөр нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба "О " ХХК уг төлбөрийг манай компани хариуцан төлөх ёсгүй, бид “О ” ХХК-иас төлбөр авах ёстой ба тэр төлбөр буюу манай банкны өр зээлийг “О ” ХХК хариуцан төлөх ёстой гэсэн тайлбар шүүхэд гаргаж байсан. Уг хэрэг хаагдсан боловч "О " ХХК өнөөдрийг хүртэл шүүхэд зээлээ өөрсдөө хариуцан төлөх тухай, Г ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар байр сууриа илэрхийлээгүй байдаг. Тус компани ямар байр суурь илэрхийлэхээс үл хамааран “О " ХХК нь "О " ХХК-д маргаан бүхий төлбөрийн дүнг бүрэн гүйцэд төлсөн, эдгээртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул үүсээд байгаа "О " ХХК-ийн банкны өр төлбөрийг "О " ХХК өөрөө хариуцан төлөх ёстой. Иймд "О " ХХК, “О ” ХХК-иас маргаан бүхий төлбөрийг бүрэн авсан, Г ны нэхэмжлэлийг дангаар, бүрэн хариуцах этгээд "О " ХХК болохыг тогтоож өгнө үү гэжээ.           

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/ШШ2019/00003 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулж Г анд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар Г ны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагатай "141.164.580.82 төгрөг гаргуулах, Г  "О " ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 сарын 07-ны өдөр БГ3635111504 тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Г , “О ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 сарын 04-ний өдрийн ГБ/54 Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “О ” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “О ” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах" тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “О ” ХХК-ийн хариуцагч Г , "О " ХХК-д холбогдох "Г  нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр “О ” ХХК-тай байгуулсан ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох "О " ХХК Г наас зээл авсныхаа дараа “О ” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох", "Г ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг "О " ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох" тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "О " ХХК-иас 5.663.694.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г анд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.663.694.11 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, “О ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.366.147 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар улсын төсвийн 5556458111 тоот данснаас 707.402.40 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Г анд олгохоор шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 204/МА2019/00006 дугаар магадлалаар: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 146/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагч “О ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 204/МА2019/00006 дугаар магадлалд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 100 дугаар зүйлийн 100.3, 100.4, 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн анхан шатны шүүхээс хариуцагч “О ” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн эзгүйд, тэдгээрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь ИХШХШТХ-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул энэхүү гомдолд цаашид дурдсан үндэслэлүүдээр ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

Магадлалын үндэслэх хэсэгт ”... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно... ” гэж заасан байдаг гэж ишэлсэн байна. Ингэхдээ анхан шатны шүүх энэ заалтыг хэрхэн буруу хэрэглэсэн талаар ямар нэг дүгнэлт, хуулийн үндэслэл дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх заалтыг баримтлан хариуцагчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн байдлыг буруутгаагүй, харин ч шүүх хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн боловч магадлал гаргахдаа “О ” ХХК-ийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Мөн магадлалын Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах санал гаргах эрхтэй”, "... нэхэмжлэгч тал хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирэх замдаа өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас саатсаныг мэдсэн гэдгээ тайлбарлаж хурлыг 2 цагаар хойшлуулах санал гаргаж байжээ” гэдгийг дурджээ. Гэтэл ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т нэхэмжлэгч нь санал биш, хүсэлт гаргах эрхтэй гэж заасан, түүнчлэн тус хуульд аль нэг талын гаргасан саналаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай заалт байхгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн саналыг хүлээн аваагүй нь буруу гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангахгүй байна. Хэрэв зохигчдын аль нэг тал хүсэлт гаргаж, түүнийг шүүх хууль бусаар хүлээн аваагүй бол үүнийг харгалзан үзэх ёстой. Санал, хүсэлт нь өөр өөр агуулгатай бөгөөд ИХШХШТХ-д санал болгох, хүсэлт гаргах нь зохицуулалт, үр дагаврын хувьд мөн өөр өөр байдгийг шүүх буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх “О ” ХХК-ийн машин шүүх хуралд ирэх замд эвдэрсэн эсэх талаар ямар ч нотлох баримт байхгүй байхад машин эвдэрсэн, өөр унаагаар ирэх боломжгүй гэж итгэж үнэмшжээ. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Гэтэл шүүх хариуцагчийн машин эвдэрсэн эсэх нь эргэлзээтэй байхад үүнийг үнэн, бас эргэлзээгүй гэж үнэлсэн нь буруу байна. Түүнчлэн ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-д зааснаар “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг баримтлан давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг эхлүүлэхэд машин эвдэрсэн эсэх, эвдэрсэн бол ямар хугацаанд засварлагдах талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Тухайн үед авагдаагүй, авагдах боломжгүй байсан баримтыг авах ёстой байсан мэт давж заалдах шатны шүүхээс үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Магадлалын үндэслэх хэсэгт мөн "... шүүх хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан бол хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 сарын 28-ны өдөр шүүх хуралд оролцох боломжтой байжээ” гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс ийнхүү дүгнэсэн нь буруу юм. Учир нь шүүх хуралдаан тухайн өдрийн 14.30 цагт товлогдсон байсан бөгөөд хуралдааныг 3 болон түүнээс дээш цагаар хойшлуулахад л шүүх хуралдаан мөн өдөр хуралдах боломжгүй болох байсан. Дахин дурдахад, “О ” ХХК-ийн машин эвдэрсэн байлаа гэхэд ямар хугацаанд засварлагдахыг нь мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулсан бол хариуцагч тухайн өдөр (2018-02-28) баттай шүүх хуралдаанд амжиж ирэх байсан гэдэгт давж заалдах шатны шүүх хөнгөмсгөөр найджээ. Шүүх хуралдааныг “хойшлуулсан бол” гэж таамаглал дэвшүүлэхийн зэрэгцээ, уг таамаглал нь баттай биелнэ гэж үзээд, анхан шатны шүүхийг хөнгөмсгөөр найдаагүйг буруутгасан байна. Үүгээрээ давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан хэргийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүхийн бэлтгэл ажиллагаа явуулах шүүхийн үүргийг үгүйсгэжээ. Энэ нь шүүх хэргийн оролцогчдыг хэзээ ч хамаагүй ирэх хүртэл хугацаагаар хүлээх шаардлагатай гэсэн үзсэн нь хууль бус юм. Иймд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно...” гэж заасныг баримтлан шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосонд гомдолтой байна. “О ” ХХК шүүх хуралдаанд оролцох эсэх нь тухайн компанийн сонголт бөгөөд шүүх хуралдаанаас хоцорсон нь хариуцагчийн хувийн хариуцлага, сахилга баттай холбоотой асуудал юм. Хэргийн бусад оролцогчид болох Г , “О ” ХХК-ийн төлөөлөгчид шүүх хуралдаанд заасан хугацаанд мөн Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн. Дашрамд дурдахад, “О ” ХХК нь Хархорин суманд бүртгэлтэй компани тул тус компанийн захирал бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Очбаатар шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Түүнчлэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй зохигч нь өөрөө мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээс биш шүүх нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг явуулсныг хүрэлцэн ирээгүй зохигчийн биечлэн оролцох боломжийг хязгаарлаж, мэтгэлцэх эрхийг нь зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд, Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 204/МА2019/00006 дугаар магадлал хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “О ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 00006 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хянаад "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн тухайлбал, талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн, хязгаарлагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын тэгш эрхийг, диспозитив зарчмыг зөрчсөн байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч зөв зүйтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт "... Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд гомдолд дурдагдсан үндэслэлүүдийг анхааран үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн тухай дурдсан байдаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү асуудалд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хэдийгээр анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх эрх зөрчигдсөн тул дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн ч гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г наас нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлд Г ны Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр гарын үсэг зурсан. А.Энхбаярт эрх олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй итгэмжлэл байдаг. Г ны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригоос 2017 оны 02 сарын 01-ний өдөр 19 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар А.Энхбаярт 3 жилийн хугацаатай эрхийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалтад Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна ... ” гэж заасныг баримтлан олгосон байдаг. Энэхүү эрх олгосон үйлдэл нь хуульд нийцээгүй буюу А.Энхбаяр нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байдаг. Улмаар эрхгүй этгээдийн олгосон итгэмжлэл өөрөө хүчингүй буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нэхэмжлэгчийг төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох эрхгүй байдаг. Нэгэнт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой нотлогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт "... нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ...” гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан талаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 00006 дугаартай магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Г ” нь хариуцагч “О ” ХХК болон “О ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958,000,000.00 төгрөг, хүү 122,361,534.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,787,287.67 төгрөг, нийт 1,101,148,821.92 төгрөг гаргуулах  шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “О ” ХХК-аас 141,164,580.82 төгрөг гаргуулах, Г  “О ” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БГ3635111504 тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Г , “О ” ХХК хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ГБ/54 Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “О ” ХХК-аас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “О ” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч “О ” ХХК нь Г  болон “О ” ХХК-д холбогдуулан Г  нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “О ” ХХК-тай байгуулсан ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох, “О ” ХХК Г наас зээл авсныхаа дараа “О ” ХХК-аас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох, Г ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг “О ” ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж харилцан маргажээ.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 958.000.000, хүү 122.361.534.24, нэмэгдүүлсэн хүү 20.787.287.67 төгрөг, нийт 1.101.148.821.92 төгрөг гаргуулж Г анд олгож, Г ны нэмэгдүүлсэн шаардлага болох "141.164.580.82 төгрөг гаргуулах, Г  "О " ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн БГ3635111504 тоот гэрээний орлого барьцаалах гэрээ болон Г , “О ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ГБ/54 Хамтран ажиллах гэрээний дагуу тус тус барьцаалсан “О ” ХХК-иас шилжүүлэх төлбөрийг барьцаанд байгааг дурдаж, хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцаанаас төлбөр төлүүлэх, хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцагч “О ” ХХК зөрчсөн болохыг тогтоож, хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах" тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, “О ” ХХК-ийн Г , "О " ХХК-д холбогдох "Г  нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “О ” ХХК-тай байгуулсан ГБ/54 тоот хамтран ажиллах гэрээг зөрчсөн болохыг тогтоолгох", "О " ХХК Г наас зээл авсныхаа дараа “О ” ХХК-иас төлбөр хүлээн авсан болохыг тогтоолгох", "Г ны нэхэмжилж буй зээлийн төлбөрийг "О " ХХК дангаараа бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох" тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн гэж буруутган, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг үндэслэн шүүх хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан бол хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралд оролцох боломжтой байсан байх бөгөөд анхан шатны шүүхээс  хариуцагчийг  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн шүүх хуралдааны ирцтэй холбогдуулж гаргасан саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хязгаарлаж, мэтгэлцэх эрхийг нь зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх гол нөхцөл нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх бөгөөд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим зөрчигдсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл юм.  

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нийт 1,101,148,821.92 төгрөг гаргуулж Г анд олгохоор шийдвэрлэсэн боловч хэнээс гаргуулах нь ойлгомжгүй, хариуцагч “О ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд “О ” ХХК-г мэтгэлцсэн, хариу тайлбар гаргасан гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “О ” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 204/МА2019/00006 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “О ” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “О ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,663,700.00 /таван сая зургаан зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН