Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-04
Дугаар 001/ХТ2019/00848
Хэргийн индекс 181/2017/03786/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Ш К”ХХК
Хариуцагч Г.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

“Ш К”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02413 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар магадлалтай,

“Ш К”ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Эд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 523 658 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 39 447 955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Эы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваа-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваа-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Г.Этай 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г07/09 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороонд баригдаж буй түүний эхнэр Даариймаагийн гэх 26 айлын орон сууцны барилгын дотоод заслын ажлыг уг барилгын 1-6 давхарт хар цагаан замаскт наах, паркет суулгах, обой наах, хаалга цонх суулгах зэргийг ажлыг гэрээнд заасан тоо хэмжээгээр гүйцэтгэх, ажлын хөлс 70 304 475 төгрөгөөс 53 000 000 төгрөгийг бартераар үлдэх хэсгийг мөнгөөр авахаар тохиролцсон байсан. Манайх гэрээ байгуулснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 31 697 860 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Захиалагч талын гэрээгээ зөрчсөн  үйлдлүүдийн улмаас ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болж, гэрээнээс татгалзаж, ажлаа зогсоосон. Захиалагч нь гэрээний 1.5 дахь заалтыг зөрчиж, манай гүйцэтгэх ёстой гэрээт ажлыг гүйцэтгэгч талтай зөвшилцөлгүйгээр дур мэдэн гуравдагч этгээдийг зэрэг оруулж бусдаар гүйцэтгүүлсэн, гэрээний 4.2-д заасныг зөрчиж бараа материалыг цаг хугацаанд нь нийлүүлж хангаж чадахгүй ажил саатуулж сул зогсоосон. Захиалагч тал мэргэжлийн инженер техникийн ажилтнаар цаг тухайд нь хяналт тавиулахгүй, ажлаа зөв хуваарилан зохион байгуулж чадахгүй байсны улмаас ажлуудын уялдаа холбоо алдагдаж ажил удаашрах, дахин хийх зэргээр гэрээнд үл хамаарах ажил нэмэлтээр гүйцэтгүүлэх болсон. Заслын ажлаас өмнө өөр туслан гүйцэтгэгч газруудаар хийлгэсэн ажил нь чанаргүй, өө сэвтэй, гологдолтой хийгдсэн байдлаас болж заслын ажлын чанарт нөлөөлөх, нэмэлт ажиллагаа хийгдэх зэрэг байдлууд байнга гарсан. Улмаар манайх ажлаа үргэлжлүүлэх, хэвийн явуулах боломжгүй болсны улмаас гэрээгээ дуусгавар болгосон тул захиалагч талаас актаар хүлээлгэн өгч гүйцэтгэсэн ажлын хөлс 31 697 860 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажил хүлээлгэж өгсөн өдрөөс хойш гэрээний дагуу төлбөр тооцоо хийгдээгүйн улмаас хохирол учирсан. Ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д заасан заалтыг үндэслэн 31 697 860 төгрөгийн үнийн дүнгээс гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 100 өдрийн алданги болох 9 509 358 төгрөг тооцсон. Гэрээний 3.3.1-д заасны дагуу гэрээт ажлын хөлсөнд уг баригдаж буй барилгаас 2 өрөө байр өгөхөөр заасан боловч захиалагч тал татгалзсаны улмаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2 өрөө байранд сарын 500 000 төгрөгийн түрээс төлж сууж байна. Одоогийн байдлаар 2 500 000 төгрөг байрны түрээсэнд төлсөн тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн шүүхэд маргаан үүссэнээс хойш нэмэлтээр хуулийн зөвлөгөө авах, тэмдэгтийн хураамж, бусад нэмэлт зардлууд нийт 1 316 440 төгрөг болсон. Иймд захиалагч Г.Эаас заслын ажлыг гүйцэтгэсний хөлс 31 697 860 төгрөг, алданги болон гэрээний үр дүнгээс хамаарсан хохирол болох 13 325 798 төгрөг, шинжээчийн зардал 1 500 000 төгрөг, нийт 46 523 658 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Ш К”ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэвч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний маш олон заалтуудыг зөрчиж захиалагч бидэнд хохирол учруулсан. Би тус компанийг мэргэжлийн ажилчидтай, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ чанарын өндөр түвшинд стандартын дагуу хийж гүйцэтгэж чадна гэж найдаж байсан. Гэрээний 2.4-т тус компани 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу 45 хоногийн хугацаатай ажлаа хийж дуусах ёстой байсан. Гэвч ажилчид нь ажилдаа ирэхгүй, ажлаа хийж чадахгүй байснаар ажил удааширч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дутуу хийсэн ажлаа орхин явсан. Энэ байдал нь өнөөдрийг хүртэл 145 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Энэ нь гэрээний 2.4 дахь заалтыг зөрчсөн. Гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчиж, хийх ажлаа чанарын өндөр түвшинд, стандартын дагуу, мэргэжлийн ажилчдаар хийлгэж чадаагүйн улмаас заслын ажилд орох ёстой материалын орц, норм хэтрүүлсэн, материал эвдэж хагалсан эдийн засагт хохирол учруулсан, цаг хугацаа маш их алдснаас цаашид тус компанитай хамтран ажиллах боломжгүй болсон. Бидний хоёр талын гэрээгээр хүлээсэн эрх үүргийн дагуу гэрээний 7.7-д зааснаар гэрээг захиалагч тал цуцалж гэрээний эрх үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх шаардлагатай болсон. Захиалагч бид гэрээний 4.2-д заасан үүргийнхээ дагуу барилгын материалыг цаг хугацаандаа гүйцэтгэгч талд нийлүүлж хүлээлгэн өгч байсан.  Харин тус компанийн ажлаа хийж дуусгах хугацаа алдсан нь өөрийн гэсэн ажилчид байхгүй, зохион байгуулалтгүй, ажлын чадвар муу, гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаагүй байдлаас болсон. Энэ нь ажлын шаардлага хангахгүй хийгдсэн ажлыг зурагжуулсан фото зургаар тогтоогдоно. Захиалагч бидний зүгээс даамал М.Энхчимэг болон миний бие хөндлөнгийн хяналтыг тавьж ажиллаж байсан. Байрны захиалагч нартай хамт тэдний хийж байгаа ажлын явц байдлыг шалгахад тэдний ажил маш муу чанаргүй хийж байна гэдгийг захиалагч нар шүүмжилж байсан тул тус компанийн гүйцэтгэх захирал Д.Даваа-Очирт албан ёсоор ажлаа чанартай хийж гүйцэтгэх талаар албан бичиг өгөхөд өөдөөс уурлаж зодох оролдлого хийсэн, даамал М.Энхчимэгийг заамдан авч доромжилсон тул бид тус дүүргийн цагдаад дуудлага өгч шалгуулж байсан. 4 давхарын хувьд заслын ажлыг хийсэнтэй маргахгүй. Харин 5,6 дугаар давхарт бараг ажил хийгээгүй, хийсэн ажил доголдолтой байсан. Бид ажил гүйцэтгэсэн актан дээр тэдний хийгээгүй болон хийх шаардлагатай ажлыг нь товч бичиж өгснийг тус компанийн инженер Д.Алтансүх гарын үсэг зурж хүлээн авч байсан. Энэ нь хэрэгт авагдсан ажил хүлээлцсэн актуудаар тогтоогдоно. Мөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 100 өдрийн алданги болох 9 509 358 төгрөг нэхэмжилсэн байна.  Манай зүгээс тус компанид ажлын гүйцэтгэлд тохирсон төлбөрийг өгөх гэсэн боловч гүйцэтгэгч тал аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.  Харин гэрээний 3-т ажлаа 100 хувь гүйцэтгэсэн тохиолдолд 70 304 475 төгрөгийн ажлын хөлс өгөхөөр, энэ үнийн дүнгээс 53 000 000 төгрөгт нь 2 өрөө байр өгөхөөр заасан боловч ийм хэмжээний ажил гүйцэтгээгүй учир байр өгөх боломжгүй. Мөн гэрээний 3.2.2-т зөрүү төлбөр болох 17 000 000 төгрөгийг барилгын ажлын явц 50 хувьд хүрсэн тохиолдолд зөрүү төлбөрийн 80 хувийг гүйцэтгэгч талд өгөх, үлдэгдэл 20 хувийг ажил бүрэн дууссанаар гүйцэтгэгч талд тус тус өгөхөөр заасан боловч гүйцэтгэгч тал ажлаа гэрээнд зааснаар 50 хувьд хүргээгүй тул тус гэрээний заалтуудыг биелүүлэх боломжгүй болсон.Гүйцэтгэгч тал ажлаа 50 хувьд хүргээгүй гэдгийг өөрсдийн нэхэмжилж байгаа үнийн дүн, бусад байдлаар тогтоогдоно. Мөн гүйцэтгэгч компанийг шүүхэд хандахаас өмнө захиалагч талаас бид ажлын хөлсөө хийж гүйцэтгэсэн хувьд тохируулан авахыг зөвлөсөн, эвээр шийдэхийг сануулсан боловч тэд бусдаас хууль зүйн зөвөлгөө авсан байгааг бид хариуцах боломжгүй. Шинжээчийн зардал шүүхийн зардалд хамаарах тул манайхаас шаардахгүй, шүүх шийдвэрлэх асуудал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 2.4-д зааснаар тус компани ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дотор буюу 45 хоногийн хугацаатай хийж дуусах ёстой байсан. Гэвч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийх ёстой ажлаа гүйцэт хийгээгүй орхин явж өнөөдрийг хүрсэн. Гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчсөн тул гэрээний 7.2-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 145 хоногийн үнийн дүн нийт 30 582 446 төгрөгийг нэхэмжилж байна. Захиалагч бид тус барилгын ажлаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, орон сууц захиалагч нарт байрыг 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гүйцэтгэгч компаниас болоод хугацаатай гэрээ биелэгдээгүй, улмаар улсын комисс барилгыг 2018 оны 5 дугаар сард хүлээн авсан. Гэрээний 7.1, 7.5 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаан дахь халаалтын төлбөр 6 240 509 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн хадгаламж зээлийн хоршоонд одоог хүртэл 3 сарын хүү нийт 2 625 000 төгрөгний хүү нэмж төлөөд байна. Иймд тус мөнгийг нэхэмжилж байна. Гүйцэтгэгч тал гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчиж, ажлаа чанарын өнөр түвшинд, стандартын дагуу, мэргэжлийн ажилчдаар хийлгэж чадаагүйн улмаас заслын ажилд орох ёстой материалын орц, норм хэтрүүлсэн, дахин материал хэрэглэсэн зэргээр бидэнд эдийн засагт хохирол учруулсан. Энэ нь ажил гүйцэтгэх 8 дугаартай акт, шаардлага хангахгүй хийсэн ажлуудыг зурагжуулсан фото зургуудаар тогтоогдоно. Энэ нь 5, 6 давхарт хийж гүйцэтгэсэн ажил, хүлээлцсэн актаар тогтоогдоно. Иймд гүйцэтгэгч компаниас захиалагчид учруулсан нийт 39 447 955 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваа-Очир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн заслын ажил гүйцэтгэх гэрээгээр ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх байсан. Гэвч барилгын бусад ажил 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар бүрэн дуусаагүй байсан нь бидний ажил хугацаандаа дуусгах ямар ч боломжгүй нөхцөлийг үүсгэсэн. Үүнд барилгын дотор сантехникийн ажил дуусаагүй, цонх бүрэн суугдаагүй, гадна фасадны ажил дуусаагүй, дээврийн ажил бүрэн дуусаагүй мөн дээр нь бусдаар гүйцэтгүүлсэн заслын өмнөх ажил чанарын шаардлага хангаагүй буюу алдаа ихтэй байсан тул заслын ажил гүйцэтгэхэд хугацаа их шаардаж байсан зэрэг шалтгаанаас бид ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй байсан болно. Дээврийн ажил дуусаагүй байсан нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар авсан зурагт 4, 5, 6 дугаар давхарт борооны улмаас таазнаас ус алдсан байдал зургаар нотлогдоно. Дотор сантехникийн ажил дуусаагүй байсан нь Г.Эы цахим фэйсбүүк хаягаараа 2017 оны 9 дүгээр сарын 6, 2017 оны 9 дүгээр сарын 27, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зар тавьсан байдлаар нотлогдоно.  Мөн барилгыг дулаанд холбох зөвшөөрөл 2017 оны 10 дугаар сарын 25-нд гарсан, улсын комисс удаа дараа буцааснаас харагдана. Уг гэрээт ажлыг гүйцэтгэж буй хугацаанд нэг ч бараа материалыг шаардах хуудсаар болон ямарваа нэг баримт бичгээр хүлээн авч, хүлээлгэн өгч байгаагүй болно. Энэ нь уг барилгад инженер техникийн ажилтан /ИТА/ байхгүй байсан зохион байгуулалт муу зэрэгтэй шууд холбоотой. Захиалагч тал барилга барьж буйгийн хувьд дээрх шаардлагыг хангаагүй байж гүйцэтгэж буй байгууллагыг ямар тооцоон дээр үндэслэн материалын зарцуулалт их гэж үзэж байгаа нь тодорхойгүй.  Манай компани хувьд гэрээт хяналтын инженер болох А.Цэнд-Аюуш инженер заслын ажлын үечлэл тус бүрт ирж шалгаж байсан. Захиалагч Г.Э нь манай компаний ажилчдыг чадваргүй ажил муу хийдэг гэх үндэслэлээр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж буй хэрнээ манай компанитай байгуулсан гэрээ дуусгавар болсны дараагаар манайд ажиллаж байсан ажилчдаар тусдаа ажлын хөлс, цалин тохирч ажиллуулсан байдаг. Үүнд 4 дүгээр давхрын засал хийж байсан ажилчдыг өдрийн цалингаар ажиллуулсан. Мөн 5 дугаар давхрын хоёр 00 өрөөний плита наасан залууг энэ хүн чинь нааж чадахгүй байна гэсэн хэрнээ дахиж дуудаж тусдаа үнэ тохирч 6 дугаар давхрын плитаг наалгасан. Үүгээр ч барахгүй 5 дугаар давхрын заслын ажил гүйцэтгэсэн хүмүүс тухайн гүйцэтгэсэн ажлынхаа 70 хувийн гүйцэтгэлээ манай компаниас авчихаад ажлаа гүйцэтгэж байхад нь ажлыг нь хүлээж авахгүй актан дээр нь гарын үсэг зурахгүй гэж шахаж дарамталж байгаад тэдгээр хүмүүстэй тохиролцож 300 000 төгрөг өөрөөсөө өгч явуулсан. Барилгын орон сууц захиалагч нараас төлбөрийн мөнгө орж ирэх ёстой байсан гэдгийг нотолсон баримтгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02413 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Г.Эаас 24 846 235 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ш К”ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21 677 423 төгрөг болон “Ш К”ХХК-иас 39 447 955 төгрөг гаргуулах тухай Г.Эы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422 020 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 355 175 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282 181 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 31 452 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 637 356 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Э хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь тус барилга нийтдээ 6 давхар барилга юм. Бүх давхарууд буюу 6 давхар барилгын заслын ажлыг бүрэн хийхэд 70 304 475 төгрөг гэж үнэлж тооцоологдсон байдаг Тэгвэл зөвхөн нэг давхарын заслын ажлын үнэлгээ 11 717 412 төгрөг байхаар тооцоо гарч байгаа юм. Гэтэл тус гүйцэтгэгч компани зөвхөн ганцхан давхарын заслын ажил хийсэн байтал 24 846 235 төгрөгийг гүйцэтгэгч талд өгөхөөр болгож шүүх шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нийт 6 давхар барилгын заслын ажлыг бүрэн гүйцэтгэж байж 70 304 475 төгрөг болох байсан ажлаас зөвхөн ганцхан давхар буюу 4-н давхарын заслын ажлыг хийсэн тухай ажил гүйцэтгэсэн актан дээр бичсэн, хийж гүйцэтгээгүй ажлыг давхар тэмдэглэж, тайлбар бичсэн байтал нийт үний дүнгийн 44.3 хувь буюу бүхэл бүтэн 1-ээс 3 давхарын ажлыг бүрэн хийсэн тохиолдолд өгөх хэмжээний мөнгийг нэхэмжлэгчид өгөх шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Тус 6 давхар барилгыг барьж дууссанаас хойш нэг жилийн дараа тус барилга дээр шинжээч ирж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтэд бид маргаж шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа маргасаар байдаг, гэтэл тус маргааныг шүүх нягталж шалгаж үзэхгүй байгаа, мөн энэ асуудлаар маргаагүй гэж бичээд байгаад гомдолтой байна. Манай захиалагч тал гүйцэтгэгч компанийг заслын ажлыг хийлгэх бүхий л нөхцөл боломжоор бүрэн хангаж өгсөн байтал гүйцэтгэгч талаас ажиллах ажилчидгүй, ажлаа хийж чадахгүй байдалд орж ажлаа хаяж явсан байдаг. Захиалагч бидний зүгээс гүйцэтгэгч талыг дахин ажлын байран дээр ирж ажлаа цаашид хийж гүйцэтгэх боломж, цаг хугацаагаар хангасаар байтал энэ үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Манай зүгээс албан ёсоор гэрээ цуцалсан, бичиг цаас үйлдсэн, ажлыг нь хийлгэх боломжтой байсаар ирсэн тул бид гэрээг цуцалсан гэж үзэхгүй гэдгээ шүүхэд бид тайлбар гаргасаар байтал гэрээг цуцлагдсан гэж үндэслэлгүйгээр дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02413 дугаар шийдвэр, давж заалдах шатны 2019 оны 01 дүгээр сарын 23-ни» өдрийн 186 дугаар шүүхийн магадлалыг хүчингүй болгож бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийг Иргэний хуулийн тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний дагуу хянан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Ш К”ХХК нь хариуцагч Г.Эд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 46 523 658 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 39 447 955 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч нь дур мэдэн өөр этгээдээр давхар ажил гүйцэтгүүлсэн, бараа материалыг хугацаандаа нийлүүлээгүй, хяналтын ажлыг цаг тухайд хийгээгүй, дулаан холбуулаагүйгээс заслын ажлыг хийх боломжгүй болгож, гэрээг цуцалсанд буруутай...” гэж үзэж, гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна. Уг гэрээний дагуу “Ш К”ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах 26 айлын орон сууцны заслын нийт 18 ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх, Г.Э ажлын хөлс 70 304 475 төгрөг төлөх үүргийг харилцан хүлээсэн, талууд 2017 оны 10 сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан үйл баримтыг маргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанд талууд аль аль нь буруутай захиалагчийн хүлээх үүргийн хэмжээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хоёр шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлснийг хяналтын шатны шүүх буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд заслын ажил хийсэн, хаалга суулгасан, шавардлага, цонхны тавцан, плита, паркетан шал хийсэн талаар ажил хүлээлцсэн баримт авагдсан байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр ажлын гүйцэтгэлийн дүнг 23 796 235 төгрөгөөр тогтоосныг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна. Шинжээч нь талуудын гарын үсэг бүхий ажил хүлээлцсэн нийт 10 баримтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан ба үүнээс гадна ажил хүлээлцээгүй боловч хийгдсэн бусад ажлын хэмжээг тусдаа гаргасан, уг ажлын хөлсийг шүүх гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй юм. /2хх-ийн 75-79 тал/

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаа бүрэн хийгээгүйгээс бусдаар ажил гүйцэтгүүлсэн, хугацаа хэтрүүлснээс хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгчийн хийсэн ажил нь барилгад үлдсэн, үе шат бүхий ажлын нэг хэсэг нь байсан байна.

Хариуцагчаас 24 846 235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 21 677 423 төгрөгийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 637 356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА