Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00900
Хэргийн индекс 102/2018/03817/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Ж.М
Хариуцагч М-О ХННУБТЗ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Ж.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00186 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дүгээр сарын 04-ний өдрийн 414 дүгээр магадлалтай,

Ж.Мын нэхэмжлэлтэй

М-О ХННУБТЗд холбогдох

М-О ХННУБТЗын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороогийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М нь М-О ХННУБТЗд 1993 оноос ажиллаж эхэлсэн.2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халагдсан. Ж.М ажлаас халсан тушаалаа хууль зөрчсөн хэмээн үзэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд гурван шатны шүүхээр УБТЗ ХНН-ын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Ж.Мыг ажилд нь нэг жилийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр М-О ХННУБТЗын даргын Б-1-273 дугаартай тушаалаар томилсон боловч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөн даргын Б-1-275 дугаартай тушаалаар дахин ажлаас халсан. Ж.Мыг ажилд авсан тушаал анхнаасаа дүр эсгэн шүүхийн шийдвэрийг биелүүлж буй мэтээр харагдуулах зорилготой байсан бөгөөд Сайншанд дахь замын 4 дүгээр ангийн даргаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр А.Оргодол гэх хүн ажиллаж байсан бөгөөд тухайн хүнийг ээлжийн амралттай байх үеэр Ж.Мыг ажилд томилсон тушаалыг гаргаад дахин ажлаас нь халжээ. Ажлаас халсан тушаалд Замын 4 дүгээр ангийн дарга Ж.М албан тушаалын байдлаа урвуулан буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж, ТӨҮГ-ын эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу төмөр замын 110 бетонон дэр солих ажлыг Замын 4 дүгээр ангийн 13 замчнаар гүйцэтгүүлэн, тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2 850 233 төгрөгийн хохирол учруулсан, замын 4 дүгээр ангийн орлогдон авсан 40 ширхэг бетонон дэрийг эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-д шилжүүлэн өгч, чанар байдлыг дордуулж улмаар 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан, Зүүн говь ложистик ХХК-ийн эзэмшлийн замыг Замын 4 дүгээр ангийн замчдаар засварлуулж, засварын төлбөр 2 000 000 төгрөгийг хувьдаа завшсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, өөрөө хүлээн зөвшөөрсөн гэжээ. Дээрх тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улаанбаатар төмөр зам ХНН-ээс Ж.Мыг холбогдуулан шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хэд хэдэн зүйл бүхий гомдол гаргасан бөгөөд Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн Прокурорын газрын ахлах прокурорын 440 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Ж.М байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй. Прокурорын тогтоолыг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж гомдол гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, прокурорын тогтоолд зөвхөн хохирогч гомдол гаргах эрхтэй гэж заасан тул гомдлыг нь хүлээж аваагүй буцаасан. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Замын 4 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан Ж.М албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор өөрийн эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-ийн ажлыг УБТЗ-ын 13 ажилтнуудаар гүйцэтгүүлэн, тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2.850.233 төгрөгийн хохирол мөн 2016 оны 10 дугаар сард Замын 4 дүгээр ангийн орлогод авагдсан 40 ширхэг бетонон дэрийг машинаар зөөвөрлөн, өөрийн эхнэрийн компанид шилжүүлэн өгч, чанар байдлыг дордуулан ашиглах боломжгүй бетонон дэрээр сольж, УБТЗ ХНН болон УБТЗ ХНН-ийн ажилтнуудад хохирол учруулсан болох нь Тээврийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Ж.Мын хөдөлмөрийн гэрээг УБТЗ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00186 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хар хиргэс овогт Жамбалын Ж.Мыг Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 86 хоногийн цалин 4879 836 төгрөгийг М-О ХННУБТЗаас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93 027 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 414 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00186 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Замын гэсний өмнө М-О ХННУБТЗын гэж нэмж, 2 дахь заалтын олгосугай гэснийг олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ж.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч М-О ХННУБТЗд даалгасугай гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн, хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...440 дугаартай Прокурорын тогтоолд ... нэхэмжлэгчийг хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дурдаад, дээрх үйлдлийн улмаас учирсан хохирол үлэмж хэмжээнд хүрэхгүй” ... мөн гэмт хэргийн шинжгүй нь тогтоогдсон гэж хэргийг хаасан нь нотлогдож, ... Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх заалт ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж заасны дагуу гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ. Магадлалын хянавал хэсэгт: “Ж.М нь албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад хохирол учруулсан гэх зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны зөрчлийг ажил олгогч шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд прокурор ажил олгогчийн өмнөөс сахилгын зөрчлийг тогтоохгүй юм. Зөрчил нотлогдоогүй тохиолдолд дээрх тушаал үндэслэлгүй болно.” гэж тус тус дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 40.1.5 дах заалтыг буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай 40.1.5-д: “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Энэ тухай Улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.5-д: “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.” гэжээ. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтад ажилтан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг зөвхөн ажил олгогчоос тогтоогдсон байх талаар заагаагүй, 2. Улсын дээд шүүхийн тогтоолд “...хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон” байх гэж тайлбарласан, 3. Прокурорын байгууллага нь хууль, хяналтын байгууллагад хамаарах байтал анхан шатны шүүх гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй гэж, давж заалдах шатны шүүх зөвхөн ажил олгогч тогтоох ёстой мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хоёр. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дэх заалтыг зөрчсөн. Магадлалд: “Ж.Мын гаргасан гэх зөрчил 2016 онд хамаарч байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан тул хуульд заасан хугацаа хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.” гэж дүгнэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн. 1. Тээврийн прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол гарч, тухайн тогтоолоор байгууллагад хохирол учруулсан болох нь, санхүүгийн зөрчил гаргасан болох нь илэрсэн бөгөөд тогтоол гарснаас хойш 1 сарын дотор буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2. Магадлалд: “Ж.М нь албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад хохирол учруулсан гэх зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.” гэж анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, дүгнэгдээгүй асуудлыг дүгнэсэн мэтээр тусгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Гурав. Нотлох баримтыг бүрэн дүүрэн нягтлаагүй, үүнийг давж заалдах шатны шүүх нягтлаж зөвтгөөгүй. Хариуцагч нь Нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг үндэслэлээр биш, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан тодорхой үндэслэлээр тухайлбал ...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан бөгөөд Хэрвээ шүүх дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэн бол хариуцагчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаартай тушаалд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Тээврийн прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дугаартай прокурорын тогтоолд Ж.Мад холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон дараах хэд хэдэн нөхцөл байдлыг тодорхой дурьдсан байдаг. Үүнд: - Ж.М нь албан тушаалын байдлаа урвуулах буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ болон өөрийн эхнэр С.Эрдэнэнэмэхийн “Дорнын харгуй” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 110 ширхэг бетонон дэр мод солих ажлыг УБТЗ-ын өөрийн харъяа 13 ажилчнаар хийж гүйцэтгүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, болон Ж.Мын “Замын 4 дүгээр ангийн ажилчдаар өөрийн эхнэрийн компанийн ажлыг хийж гүйцэтгүүлж, ажилчдын цалин мөнгийг олгоогүй асуудал нь миний буруу, гэм буруугаа ойлгож байна, хэрвээ хохирлын хэмжээ санхүүгийн баримтаар тогтоогдвол би ямар нэгэн байдлаар төлж барагдуулна...” гэх мэдүүлгээр тогтоогдсон, - Ж.М нь Замын 4 дүгээр ангийн орлогод авагдсан 40 ширхэг бетонон дэрийг сольж, өөрийн эхнэр С.Эрдэнэнэмэхийн “Дорнын харгуй” ХХК-д шилжүүлэн өгч чанар байдлыг нь дордуулж УБТЗ-д хохирол учруулсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон Ж.Мын “...40 ширхэг бетонон дэрийг чанар муутай 40 ширхэг дэрээр сольж “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ын дэрийг солих ажлыг хийж гүйцэтгэсэн, уг 40 ширхэг бетонон дэр нь тухайн үед Замын 4 дүгээр ангийн орлогод авагдсан асуудлыг би мэдэхгүй, хэрвээ Замын 4 дүгээр ангийн орлогод авагдсан бол миний буруу, би төлж өгөхөд бэлэн байна...” гэх мэдүүлгээр тогтоогдсон дээрх үйлдлүүдийн улмаас бага бус хэмжээний хохирол учирсан байна. 2015 оны Эрүүгийн хуульд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хохирол учирсан байхыг шаардахгүй байхаар хуульчилж өгсөн боловч 2016 онд үйлдсэн дээрх үйлдлүүд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар “үлэмж хэмжээтэй хохирол учирсан байхыг шаарддаг” тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Нэхэмжлэгч Ж.Мын үйлдэл нь хууль, хяналтын байгууллагын шалгалтаар хангалттай тодорхой тогтоогдсон, түүний дотор Ж.М нь хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, эрүүгийн хэргийг шалгах явцад хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан байдаг. Нэхэмжлэгч Ж.Мын албан тушаалаа ашиглаж, Замын 4-р ангийн эд хөрөнгө, ажиллах хүчийг хувийн зорилгоор ашигласан үйлдэл нь Тээврийн Прокурорын газрын тус эрүүгийн хэргийг шалгаж эцэслэн шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дугаартай прокрорын тогтоолоор хангалттай тодорхой тогтоогдож байна. Шүүх Ж.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох биш, харин хариуцагчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаар тушаалын үндэслэлд тодорхой дурьдсан нөхцөл байдал, тухайлбал: - Замын 4 дүгээр ангийн 13 замчнаар эхнэр С.Эрдэнэнэмэхийн компанийн гүйцэтгэх үүрэгтэй ажлыг гүйцэтгүүлсэн, - Замын 4 дүгээр ангийн орлогод авсан 40 ширхэг бетонон дэрийг эхнэр С.Эрдэнэнэмэхийн “Дорнын харгуй” ХХК-д шилжүүлэн өгч солин хохирол учруулсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог атал тэдгээр нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй орхигдуулсан. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Улаанбаатар төмөр замд холбогдуулан тус байгууллагын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-1-275 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт зохигчийн оноосон нэрийг алдаатай бичсэн, нэхэмжлэлийн нэг шаардлагыг орхигдуулсныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөсөн нь үндэслэлтэй болжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/00561 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 966 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00979 дүгээр тогтоолоор Ж.Мыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн ба ажил олгогч нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-I-273 тоот тушаалаар Ж.Мыг Замын 4 дүгээр ангийн даргын ажилд эгүүлэн томилсон боловч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-I-275 тоот тушаалаар ажлаас халжээ.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, Тээврийн прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дүгээр Прокурорын тогтоол, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтуудыг тус тус баримтлан, Ж.М нь албан тушаалын байдлаа урвуулах буюу бусдад давуу байдал бий болгох, ашиг олох зорилгоор байгууллагын ажил бус ...өөрийн ашиг сонирхол бүхий этгээдийн гүйцэтгэх төмөр замын 110 ширхэг бетонон дэр солих ажлыг Замын 4 дүгээр 13 замчнаар гүйцэтгүүлэн тэдгээрийн цалин хөлс болон томилолтын зардал болох 2 850 233 төгрөгийн хохирол учруулсан, Замын 4 дүгээр ангийн орлогодон авсан 40 ширхэг бетонон дэрийг эхнэр С.Эрдэнэнэмэхийн Дорнын харгуй ХХК-д шилжүүлэн өгч, чанар байдлыг доголдуулж улмаар 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан, Зүүн говь ложистик ХХК-ийн эзэмшлийн замыг Замын 4 дүгээр ангийн замчдаар засварлуулсан ба засварын төлбөр 2 000 000 төгрөгийг хувьдаа завшсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон гэх үндэслэлээр Ж.Мыг ажлаас нь халсан байна. Тээврийн прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 440 дүгээр Прокурорын тогтоолд Ж.Мад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэргийг хаажээ.

Ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийг шалгаж тогтоогоогүйгээс гадна эдгээр  зөрчил нь 2016 онд гарсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хэм хэмжээг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зөрчсөн байна.

Ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, анхан шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна. Хэрэгт авагдсан баримтыг хууль заасан журмын дагуу үнэлж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн “сахилгын шийтгэлийг шат дараалан аваагүй...” гэх алдаатай дүгнэлтийг залруулсан нь үндэслэлтэй болсноос гадна нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 414 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93 027 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА