Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-11
Дугаар 001/ХТ2019/00891
Хэргийн индекс 102/2018/03425/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Э.Ц
Хариуцагч Б.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Э.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03853 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 441 дүгээр магадлалтай,

Э.Цгийн нэхэмжлэлтэй

Б.Мд холбогдох

48 329 543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалайгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай, хариуцагч Д.Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Мтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж Тоёото рав-4 маркийн 53-39 УББ улсын дугаартай автомашиныг 41 000 000 төгрөгөөр худалдан авахдаа төлбөрийн 30 хувь болох 13 081 000 төгрөгийг өөрөө төлж, үлдэх 70 хувь болох 28 700 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Нэткапитал ББСБ-аас гаргуулахаар гэрээ байгуулсан. Автомашиныг худалдан авснаас хойш 9 хоногийн дараа огт асахгүй байсан тул машин ачуулж гэртээ хүргүүлж, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Мастер авто сүлжээгээр оношлуулж, Дамно ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Гэтэл уг автомашинд гэмтлүүд илэрч, биет байдлын доголдолтой байсан нь тогтоогдсон. Түүнчлэн зах зээлд ямар үнэтэй байгаа талаар үнэлгээ хийлгэсэн. Үүнээс гадна АНУ-д байдаг карфакс гэж автомашины түүхийг бичдэг вэб сайтаас уг машины түүх, мэдээллийг нь гаргаж авч, орчуулгын хамт хэрэгт баримтаар хавсаргасан. Автомашины явсан километрийн заалтыг 100 000 милиэр өөрчилсөн, 190 000 миль явсан машины километрийг багасгасан байсан талаар мэдсэн бол автомашиныг худалдан авахгүй, мөн түүнчлэн 41 000 000 төгрөгийн үнэ хүрэхгүй. Мотор задалж дахин боосон, целикон цавуугаар наасан, автомашины ухрахын камерыг нэмэлтээр суурилуулсан ба цахилгааны монтажийг автомашины их биеийн доогуур ил хийснээс болж цахилгааны масс үүссэн. Эдгээр үйлдлүүд АНУ-д хийгдсэн гэхээсээ илүү Монгол улсад орж ирээд хийгдсэн байх магадлал өндөр гэж үзсэн. Километрийн заалтыг нь 100 гаруй километрээр ухрааж харагдуулсан арга аргачлал бол үндсэндээ электрон фондны 1 оронг нь харагдахгүй болгож, миль заагчийн эхний оронг асахгүй болгосон гэж харж байна. Иймд уг автомашиныг цаашид хэрэглэхгүй бөгөөд одоогийн байдлаар автомашиныг гаражид тавьсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө өмчлөгчид шилжүүлэх үүргээ ноцтой зөрчсөн учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчтай байгуулсан гэрээгээ цуцалж, анх автомашиныг худалдаж авахад бэлнээр өгсөн 13 081 000 төгрөг, Нэткапитал ББСБ-аас шилжүүлэн авсан 28 700 000 төгрөг, хүү 5 765 043 төгрөг, мөн 2 удаагийн автомашин ачилтын төлбөр 140 000 төгрөг, машины үнэлгээ хийлгэсэн төлбөр 80 000 төгрөг, оношилгооны 71 500 төгрөг, даатгалын төлбөр 492 000 төгрөг, нийт 48 329 543 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний дагуу Э.Ц автомашин худалдан авахдаа өөрөө болон ахдаа үзүүлсэн. Ах нь автомашиныг дээгүүр доогуур нь үзэж шалгаад хүлээж авсан. Мөн автомашиныг худалдан авахдаа тус автомашины урьдчилгаа 30 хувийг өөрөө төлж үлдэгдэл 70 хувийг банк бус санхүүгийн байгууллагад уг автомашиныг барьцаалж зээл авч автомашин авсан. Э.Ц нь гэрээний дагуу автомашин хүлээн авснаас хойш уг автомашиныг эзэмшиж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэткапитал ББСБ хөрөнгө барьцаалж зээл олгохдоо барьцаанд авч болох эсэхийг нь шалгаж гэрээ байгуулж авсан байх гэж бодож байна. Мөн худалдах, худалдан авах гэрээ хийгдэж автомашиныг авсан. Нэхэмжлэгч автомашиныг аваад 9 хоногийн дараа огт асахгүй байсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс гаргуулсан нотлох баримтаас харахад уг автомашин нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцсон байсан, гал хамгаалагч нь шатаад явахгүй байсан бол тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцохгүй байсан. Тээврийн хэрэгслийг анх хариуцагч 2018 оны 6 дугаар сард Монгол улсад оруулж ирж, 72 цагийн дотор Авто тээврийн үндэсний төвд техникийн хяналтын үзлэгт оруулсны үндсэн дээр бичиг өгч, эвдрэлгүй байсан тул дугаар авсан. Мөн нэхэмжлэгч гэрээг зөвшөөрч автомашиныг худалдаж авсан. Нэхэмжлэгч тал уг машиныг анхнаасаа эвдрэлтэй байсан эсвэл гар аргаар засварласан гэх боловч баримтаар нотлоогүй. Мөн автомашины мильтэй холбоотой зүйл ярьж байна. Нэгэнт АНУ-аас орж ирсэн гарал үүслийн бичиг дээр милийн заалт байгаа. Милийн заалт өөрчлөгдсөнөөр уг автомашинд эвдрэл үүссэн гэж үзэхгүй. Оношилгоогоор гаргасан эвдрэл, гэмтэл нь мильтэй хамааралгүй. Намайг авахад уг автомашины бичиг баримт нь гараагүй байсан, Монгол улсад ирсний дараа бичиг баримт нь гарсан. Монгол Улсад автомашины үнийг километрийн гүйлтээр нь биш, оноор хэмжиж, татвар тооцогддог. Нэхэмжлэгч автомашиныг унаж, замын хөдөлгөөнд оролцож байх үед эвдрэл үүссэн байх боломжтой гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03853 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 41 703 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6 626 043 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 53-39 УББ улсын дугаартай тоёота рав-4 /Toyota RAV-4/ маркийн автомашиныг Б.Мд буцаан шилжүүлэхийг Э.Цд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 399 597 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 366 468 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 441 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366 468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай хяналтын гомдолдоо: Шийдвэр, магдлалтай иргэний хэрэгт дараах гомдлыг гаргаж байна. 1. Магадлалын үндэслэх хэсэгт “...Талууд гэрээгээр автомашины элэгдэл, доголдол болон гэрээнээс татгалзах үндэслэлийн талаар нарийвчлан тохиролцоогүй байна.... Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт: гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх” зохицуулалтын дагуу гэрээний зүйл болох автомашиныг зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэл нь хууль буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр үзэж байна. Харин хариуцагч нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй буруутай тул Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй байна...” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2. Хариуцагчийн худалдсан 2ТЗВF4DV4AW054306 арлын дугаартай тоёота маркийн автомашины өөрийнх нь мэдээллийг нотлох баримтаар орчуулан /хх 81-84 хуудас/ хэрэгт хавсаргаж өгсөн баримтаас үзэхэд уг автомашин нь биет байдлын доголдолтой буюу моторын тослох эд анги доголдолтой, халаалтын үед утаа уугих болон гал түймрийн аюулд өртөх магадлалтай тул аюулгүй байдлын улмаас үйлдвэрлэгчээс буцаан таталтаар авагдаж байсан ба одоогийн мастер сүлжээ авто оношлогооны төвийн үзлэгийн акт нь дээрх доголдолтой яг яав таарч байгаа нь худалдан авагчид шилжих үед автомашинд доголдол байсан илэрхий байхад давж заалдах шатны шүүх тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй байна. 3. “2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс автомашинд үнэлгээ гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэснээ тусгаагүй...” гэсэн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолгүй техникийн алдааг дурдсан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэл болохгүй ба нэхэмжлэгчийн талаас шүүхийн шинжилгээний “Дамно” үнэлгээний байгууллагаар гаргуулсан дүгнэлт авагдсан үүнд зохигч хэн аль нь маргаагүй байхад хэргийг хүчингүйд тооцох үндэслэл биш гэж үзэж байна. 4. Хариуцагчаас шүүхийн журмаар Авто тээврийн газраас гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй бөгөөд 2018 оны 06 дугаар сард үзлэгт оруулж 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид худалдсан нь 2 сарын хугацаанд автомашины эвдрэл доголдол бий болохгүй гэсэн баталгаа биш юм. Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 100 хувь үнийг төлснөөр автомашин нэхэмжлэгчид шилжсэн, шилжигдсэн эд хөрөнгө доголдолтой нь тогтоогдсон зэргийг хариуцагчаас үгүйсгээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Ц хариуцагч Б.Мд холбогдуулан автомашины үнэд шилжүүлсэн 41 000 000 төгрөг, хохирол 7 329 543 төгрөг нийт 48 329 543 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, машиныг худалдан авахдаа шалгаж авсан тул, гэрээнээс татгалзахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 41 703 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс автомашиныг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо  автомашиныг ашиглах боломжгүй доголдолтой нөхцөл байдал тогтоогдсон эсэх, гэрээнээс татгалзах эрх үүссэн эсэх, автомашиныг зориулалтаар нь ашиглах боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай гэж  дүгнэхдээ хэрэгт байгаа баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй, гэрээний зүйлийг ашиглах боломжтой бол доголдол илэрсэн ч ач холбогдолгүй гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгийг зөрчжээ.

Талууд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Тоёота Рав-4 автомашиныг 41 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, гэрээний дагуу автомашиныг худалдагч тал худалдан авагчид шилжүүлж , 41 000 000 төгрөгийг хүлээн авсан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцжээ.

Нэхэмжлэгч Э.Ц нь машиныг шилжүүлэн авснаас хойш 9 хоногийн дараа унтарч, явахаа больсон, Мастер авто сүлжээгээр оношлуулахад мотор задалж дахин боосон, целикон цавуугаар наасан, цахилгааны монтажийг автомашины их биеийн доогуур ил хийснээс болж цахилгааны масс үүссэн, 190 000 милийн заалтыг багасгаж, 90 000 болгож өөрчилсөн, ухрахын камерыг нэмэлтээр суурилуулсан нь илэрсэн, үүнээс хамаарч машины зах зээлийн үнэ өөр байсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, машиныг шилжүүлэн авснаас хойш 1 сарын дараа буюу 2018 оны 09 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Мгийн зүгээс нэхэмжлэгчийн тайлбар, машины доголдлыг тогтоосон Мастер авто сүлжээний газрын оношилгоо, Дамно ХХК-ийн үнэлгээг үгүйсгэж чадаагүйгээс гадна эдгээр гэмтэл нь эд хөрөнгийг хүлээн авснаас хойш ашиглалтаас үүсээгүй бөгөөд доголдлыг ялимгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчийн  үүргийн эрх зүйн үндэслэлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Худалдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөс хойш доголдол илэрсэн бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээн авах үед доголдол байсан болохыг нотолсон тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж заажээ. Иймд гэрээний зүйл болох автомашин тухайн төрлийн барааны ердийн чанарыг хангасан байх ёстой бөгөөд энэ байдлыг хариуцагч буюу худалдагч тал нотлох үүрэгтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан баримтуудыг үндэслэл муутай гэж үзэж байгаа бол хариуцагч нь шинжээч томилуулах, баримт гаргах үүрэгтэй бөгөөд шүүхийг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх автомашины үнэлгээ тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй нь буруу боловч энэ зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө гомдол гаргаагүйгээс гадна автомашины чанарын тухайд Мастер авто сүлжээний газраар оношилгоо хийлгэсэн баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул зайлшгүй хийх ажиллагаа биш байжээ. /хх-100, 103-104/

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 441 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03853 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 370 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА