Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-18
Дугаар 001/ХТ2019/00962
Хэргийн индекс 182/2018/02678/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Д.Т
Хариуцагч “Т Б”ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлалтай,

Д.Тын нэхэмжлэлтэй

“Т Б”ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь “Т Б”ХХК-ийн ШУТИС тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/196 тоот тушаалаар ажлаас халагдан, гомдол гарган, анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 1224 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 1695 дугаар тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч хариуцагч “Т Б”ХХК нь Д.Тыг ажилд нь эгүүлэн томилсноос хойш шалтгаангүйгээр салбарын захирлын зээлийн эрхийг нь түдгэлзүүлж, ажлаа хүлээлгээд өгчих, өөрийн хүсэлтээр халагдаж өргөдлөө бичээд ажилд томилсон өдрийг хүртэлх цалингаа ав гэх зэргээр дарамт шахалт үзүүлэн улмаар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр захирлын Б/1639 тоот тушаалаар ажлаас нь дахин үндэслэлгүйгээр халсан байна. Захирлын тушаалын үндэслэл нь Төрийн банкны ажилтны Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх боловч бодит байдалд Д.Т ажилдаа эгүүлэн тогтоогдсон үеэс салбарынхаа үзүүлэлтийг ахиулсан байдаг. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт-ын товыг Д.Т мэдсэн боловч шалгалт болох үед буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд өвчтэй, эмчийн магадлагаатай байсан. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр н.Пүрэвжаргалд магадлагааг өгч явуулсан бөгөөд нягтлан бодогч н.Оюунчимэгт мөн и-мэйлээр өвчтэй болохыг нотолсон баримтаа явуулсан. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар баталсан Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд эмнэлгийн чөлөөтэй, ээлжийн амралттай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдах боломжгүй ажилтныг комиссын шийдвэрт үндэслэн нөхөн хамруулна, 4 дүгээр зүйлийн 4.2-т ажилтан өөрийн үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргаж болно гэж заасан. Иймд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирлын Б/1639 тоот тушаал нь үндэслэлгүй тул ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь “Т Б”ХХК-ийн ШУТИС тооцооны төвийн захирлын албан тушаалд 2018 оны 4 сарын 27-ны өдөр томилогдож, “Т Б”ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 тоот тушаалаар ажлаас халагдсан. Тушаалын үндэслэл нь Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс-ын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн. Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр болохыг мэдэгдэхэд тэрээр хүлээн аваагүй, улмаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шалгалтанд ирээгүй. Шалгалт болохыг мэдсээр байж, яг шалгалт болох өдөр эмнэлгийн магадлагаа авсан байдаг. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар баталсан Төв банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын жагсаалтанд нэр нь багтсан ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.15-д зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд өөрийн шууд удирдлагад заавал урьдчилан мэдэгдсэн байх, урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно гэж заасан. Д.Т шалгалт болох үед өөрийн шууд удирдлага болон шалгалтын комисст өөрөө энэ талаар мэдэгдээгүй бөгөөд дараа өдөр нь цахим хаягаар нягтлан бодогчид мэдэгдсэн. Түүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хүний нөөцийн хорооны шийдвэрийг танилцуулж, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл өгсөн. Иймд “Т Б”ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 тоот шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Тыг “Т Б”ХХК-ийн ШУТИС тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т Б”ХХК-иас 4 372 222 төгрөгийг гаргуулж Д.Тт олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид нийт 84 906 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т Б”ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 906 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийлвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна. Учир нь: Нэхэмжлэгч Д.Т 2016.04.25-ны өдрөөс эхлэн “Төрийн Банк” ХХК-ийн “ШУТИС” Тооцооны төвийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2016.04.25-ны өдөр гүйцэтгэх захирлын №Б\196 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг Анхан шатны шүүхийн 2017.05.29-ний өдрийн №01224 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017.12.21-ний өдрийн №01695 тоот тогтоолоор тогтоож байсан юм. Улмаар хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018.04.27-ны өдрийн №Б\692 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч мөн хугацааг хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг төлөхөөс татгалзсан тул уг маргаан нь хяналтын шат хүртэл үргэлжилж нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангасан юм. Гэтэл хариуцагч нь Д.Тыг ажилд эгүүлэн томилсноос хойш щалтгаангүйгээр салбарын захирлын зээлийн эрхийг нь түдгэлзүүлж, “Ажлаа хүлээлгээд өгчих, өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө бичээд ажилд томилсон өдрийг хүртэлх цалингаа ав” гэх зэргээр дарамт шахалт үзүүлж, улмаар дахин 2018.10.09-ний өдөр захирлын №Б\1639 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүйгээр халсан байна. Захирлын тушаалын үндэслэл нь Төрийн банкны ажилтны “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр “Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” тогтоогдсон гэх боловч бодит байдалд Д.Т ажилдаа эгүүлэн тогтоогдсноос хойш салбарынхаа үзүүлэлтийг ахиулсан болох нь нотлох баримтаас харагддаг. Дээрхи бүх бодит байдлыг анхан шатны шүүх үнэн зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн гол үндэслэл нь 1. Хариуцагч байгууллага нь захирлын тушаалаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам” баталж, уг журмын “...түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтан комиссоос товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно” гэж заасны дагуу комисс Д.Тыг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан явдал нь комиссын шийдвэр гэхээс илүү захирлын шийдвэрээр ажлаас халсан гэж дүгнэсэн мэт ойлгогдож байна. 2. Д.Т нь шалгалт зохион байгуулсан өдөр буюу 2018.08.13-ны өдөр “Тэгш дүүрэн хүслэн” нөхөрлөл өрхийн эмнэлэгт үзүүлж, 08 сарын 16-ны өдрийг хүртэл магадлагаа авсан бөгөөд магадлагааг 14-ний өдөр "Төрийн банк”-ны салбарын ахлах теллэр н.Пүрэвжаргалд өгч мөн өдөр нь н.Оюунчимэгт магадлагаа хүргэгдсэн талаар талууд маргаагүй. Харин магадлагааг шалгалтыг комиссд хүргүүлээгүй, хоёр ширхэг магадлагаа байгаа бөгөөд тэдгээрийн тамга тэмдэг хоёр өөр газарт дарагдсан гэх зэрэг хариуцагчийн тайлбар ач холбогдолгүй. Үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. 3. Хариуцагчийн хүсэлтээр эмнэлгийн бүртгэлд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр 2018.08.13-ны өдөр нэхэмжлэгчийг тус эмнэлэгт үзүүлсэн болохыг бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн боловч цахим программд 2018.08.13-ны өдрийн бүртгэлийн илэрц бүхэлдээ байгаагүй нь Д.Тыг тухайн өдөр эмнэлэгт үзүүлээгүй гэдгийг нотлохгүй гэсэн байдаг. Шүүхийн дээрхи үндэслэл нь үнэн зөв бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрхи бүх тайлбарыг хэлж мэтгэлцсэн юм. эмнэлгийн бүртгэлд үзлэг хийх үед талуудыи төлөөлөгчид бүгд байсан бөгөөд үзлэг хийх үед шүүгч өөрөө байгаагүй, хөндлөнгийн хоёр гэрч байгаагүй гэх зэрэг гомдлыг хэн аль нь гаргаагүй, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед ч хариуцагч тал ямар нэг байдлаар үзлэг хууль бус болсон талаар гомдол хэлж байгаагүй. Гэтэл гэнэт л давж заалдах шатны шүүх дээр үзлэг хийх үед шүүгч өөрөө байгаагүй бөгөөд хөндлөнгийн хоёр гэрч оролцуулаагүй гэдэг тайлбарыг өгсөн нь үндэслэлгүй байна. Үзлэг хийх үед нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч миний бие өөрийн биеэр байгаагүй тул энэ тухай мэдэхгүй гэдгийг давж заалдах шатны шүүхэд хэлсэн бөгөөд 2018.08.13-ны өдөр нэхэмжлэгчийг эмнэлэгт үзүүлсэн болохыг бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн боловч цахим программд 2018.08.13-ны өдрийн буртгэлийн илэрц бүхэлдээ байгаагүй гэдэгтэй маргаагүй. Хариуцагч ч энэ бодит нөхцөл байдалтай маргаагүй. Зөвхөн шүүгч өөрийн биеэр үзлэг хийхэд байгаагүй ба хөндлөнгийн хоёр гэрч оролцуулаагүй гэх боловч үүнийгээ баримтаар нотолсон зүйл ч байгаагүй юм. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг дээрхи үндэслэлээр хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Дээр дурьдсан асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай юм. Иймд талууд үзлэг хийсэн тэмдэглэлийн үр дүнгийн талаар маргаагүй, шүүгчийн шийдвэрийн үндэслэл нь өөр бусад байдлаар хангалттай нотлогдож байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “Т Б”ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд, мэргэжил ур чадварын шалгалтыг нөхөн аваагүй байж уг үндэслэлээр ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Т нь Төрийн банкны “ШУТИС” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад ажлаас халагдан, шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 1224 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1695 дугаар тогтоолоор ажилдаа эгүүлэн тогтоогдсон байна.

“Т Б”шүүхийн шийдвэрийг биелүүлж, Д.Тыг 2018 оны 04 сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн авсан ба 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 дүгээр тушаалаар ажлаас халагджээ.

Ажил олгогч 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/1639 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталж, Д.Тыг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Тэрээр нэхэмжлэгчид шалгалтын товыг мэдэгдсэн байхад ирээгүй, эмнэлгийн хуудсыг шалгалтын дараа явуулсан, түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтнуудын жагсаалтад нэр нь багтсан ажилтан товлосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно гэж журамд заасны дагуу дүгнэлт гаргаж, ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

Зохигч талууд ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн эсэх талаар маргахдаа тушаалын үндэслэл, тушаал гаргах үед ажилтан эмнэлгийн чөлөөтэй байсан эсэх  асуудлаар мэтгэлцсэн байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцээгүй гэх байдал нотлогдоогүй тул ажил олгогчийн тушаал хууль бус болох нь тогтоогдсон, ажилтан эмнэлгийн чөлөөтэй байсан эсэх нь зайлшгүй тогтоогдох эрх зүйн   асуудал болоогүй тул эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн бүртгэлийн дэвтэр, программ дахь бүртгэлд шүүх үзлэг хийхдээ хууль зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах үндэслэл болоогүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Ажил олгогч ямар үндэслэлээр, ямар хугацаанд ажилтнуудаас мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт авдаг болох нь Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадвар түвшин тогтоох журамд тодорхойгүйгээс гадна шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдлыг “мэргэжил ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцээгүй” гэж үзэх үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА