
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
- 2025 оны 05 сарын 14 өдөр
- Дугаар: 2025/ХШТ/64
- Улаанбаатар хот
Б.Г-т. холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ... прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Онон, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоол, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Б.Г-т холбогдох 2331000770188 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Тамир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Г.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ... дансанд татан төвлөрүүлнэ”, мөн хуулийн 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ... дансанд төвлөрүүлнэ”,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “ил тод байх”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албан нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д хэсэгт заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,
... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг ... аймгийн ... сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... аймаг дахь Ц-гийн газрын төрийн сангийн ... тоот дансанд хүлээн авч, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ийн Хаан банкны .... дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, ... аймгийн ... суманд байрлах Ц-гийн газрын албаны байрны өрөө тасалгааны засварт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Ц-гийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээ 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ... ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1.2-т зааснаар ... аймгийн ... сумын засаг даргын Тамгын газарт 30,000,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 900,000 төгрөгийг улсын орлогод тус тус иргэний хариуцагч ... аймгийн Ц-гийн газраас гаргуулж олгож,
шүүгдэгч Б.Г-ийн өмчлөлийн ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... байрны ... тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар ... аймгийн Ц-гийн газраас 17,700,000 төгрөг гаргуулан ... аймгийн ... сумын засаг даргын Тамгын газарт олгож, хохирогч болон иргэний хариуцагч нь буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Тамир нар гаргасан гомдолдоо “... Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрх зүйн хэрэглээний үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 8 буюу “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд үлэмж хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэг болохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн ... ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчлан тогтоосон байна.
Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилснаар хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хэм хэмжээнүүдийг зааж өгсөн байна.
Түүнчлэн мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.
Өмгөөлөгч нарын зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн талаар дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
1 дүгээрт: 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/59 тоот цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
Тодруулбал шүүх дараах байдлаар дүгнэлт хийсэн:
Ц-гийн ... газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/93 дугаартай тушаалаар ... аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түр ажиллагаатай хяналтын цэгүүдийг байгуулж, алба хаагч нарыг ажиллуулах тухай шийдвэр гарсан байна.
Шүүгдэгч Б.Г- нь ... аймаг дахь Ц-гийн газрын дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг ... аймгийн ... сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ... аймаг дахь Ц-гийн газрын төрийн сангийн нэмэлт санхүүжилтийн .... тоот дансанд хүлээн авсан байна.
Тус төсвөөс 22,392,000 төгрөгийг ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт байрлах 4 постод ажилласан алба хаагч нарын үйл ажиллагаа, томилолтын зардалд зарцуулсан, 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг .... ХХК-ийн ... банкны .... дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авч 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, ... аймгийн ... суманд байрлах Ц-гийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Ц-гийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээ 1.180.000 төгрөгөөр тус тус худалдан авсан, 17.608.000 төгрөгийг төсвийн дансанд буцаан төвлөрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хуульчлан тодорхойлсон.
Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг нь зээл олгох, авах, зээлийн төлбөр гүйцэтгэх, зээл хувиргах, мөнгөн хөрөнгө нэгдсэн зориулалтаас гадуур банканд данс нээх, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг авах, хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргах эсхүл төсвөөс зардал гаргах учиргүй үйл ажиллагааг санхүүжүүлсэн зэрэг хориглосон үйл ажиллагаа явуулсны улмаас төсөвт хохирол учирсан байхыг ойлгоно.
Б.Г- нь ... аймгийн ... суманд байрлах Ц-гийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Ц-гийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авсан үйлдэл нь хэлбэрийн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан мэт боловч хууль зүйн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх ойлголтод хамаарахгүй байна.
Тэрээр нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлэн авсан 70,000,000 төгрөгөөс 22,392,000 төгрөгийг тухайн төсвийн зориулалтын дагуу постод ажилласан алба хаагч нарын үйл ажиллагаа, томилолтын зардалд зарцуулсан ба алба хаагч нарын үйл ажиллагаатай холбоотой тус зардалд өр төлбөр үүсээгүй байдлаас дүгнэхэд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасантай нийцэлтэй байна.
Байгууллагад засвар үйлчилгээ хийж, тавилга, эд хогшил худалдан авах зайлшгүй шаардлага бий болсон болох нь хяналтаар илэрсэн зөрчил арилгуулах тухай прокурорын шаардлага /1 хавтас хэргийн 108-110/, ... аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт хийх тухай удирдамж /З хавтас хэргийн 69-70/, “... ...” ОНӨААТҮГ-н 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд завсар үйлчилгээ хийх шаардлагатай аж ахуйн нэгж, айл өрхүүдийн жагсаалт зэрэг баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн энэхүү үйл ажиллагаа нь Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 дүгээр зүйл, Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 134 дүгээр тушаалын хавсралтын 2.1.4-д заасантай нийцэлтэй байна.
Нөгөөтэйгүүр төсвийг зүйл хооронд зарцуулах гэдэг нь тодорхой байгууллага эсвэл хүнд тодорхой хэсгийг нэг зорилготойгоос нөгөөд шилжүүлж, зарцуулахыг ойлгох ба төсвийн зарцуулалтыг илүү үр дүнтэй, өргөн цар хүрээтэй болгодог ач холбогдолтой юм.
Гагцхүү тус хууль, дүрэм, журамд заасны дагуу холбогдох хүсэлт гаргах, зохих этгээдээс зөвшөөрөл авах зэрэг шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг бус сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохыг үгүйсгэхгүй юм.
... аймгийн Ц-гийн газар нь 30,000,000 төгрөгөөс 13,200,000 төгрөгийн үнэ бүхий 110 ширхэг сандал, 1,180,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хүлээлгийн сандлын ком худалдан авч нийт 14,380,000 төгрөгийн хөрөнгийг өөрийн хөрөнгөд бүртгэсэн болох нь 2 хавтас хэргийн 144 дүгээр талд авагдсан орлогын баримтаар, алба хаагч нарын өрөө тасалгаанд засвар хийгдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, засвар хийсэн талаарх илтгэх хуудас, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зарим төрлийн зарлагын падаан зэрэг баримтаар тогтоогдож байна. Улмаар байгууллага болон алба хаагч нарын таатай эрүүл орчинд ажиллах нөхцөл боломж бүрдсэн нь тухайн байгууллагад үр ашигтай байхаас гадна бодит хохирол хор уршиг учраагүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Тус гэмт хэрэг нь гэмт үйлдлийн улмаас төсөвт үлэмж хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Тухайн эд хогшил, засварын үнэ хөлсийг нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрээс өөр санхүүгийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн болох нь тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь хэлбэрийн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан боловч энэ нь Эрүүгийн хуулийн ... ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар “тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасантай нийцэж байна.
Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
2 дугаарт: Б.Г- нь Ц-гийн ... газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1539 тоот тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ... аймгийн Ц-гийн газрын даргаар томилогдон ажилласан байх бөгөөд түүнийг ажлаа хүлээн авсны дараахан буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус Ц-гийн газрын 3 давхрын ариун цэврийн өрөөнд гал гарсны улмаас тухайн барилга байгууламжид ажил үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид төдийгүй тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд, шалгагдаж байгаа хэргийн холбогдогч нарын амь нас, эрүүл мэнд, төрийн байгууллагын өмч хөрөнгөнд эрсдэл үүсэх өндөр магадлал байгааг мэргэжлийн байгууллага тогтоож дүгнэлтээ гаргасан байна.
Б.Г- нь тухайн байгууллагын удирдлагаар томилогдон Ц-гийн ... газрын даргатай байгуулсан гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлж, байгууллагынхаа алба хаагчдын болон бусад иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс барилгын засварын ажлыг эхлүүлсэн байдаг.
Үүний зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүргийнхээ хүрээнд Э-йн Ц-гийн газрын хийж хэрэгжүүлж байсан хяналт шалгалтыг үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ аймгийн засаг даргад мэдээлэл хүргүүлсний үндсэн дээр хэд хэдэн сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлүүлж, шаардлагатай санхүүжилтийг тухайн сумаас гаргуулахаар болсон байна.
Эдгээр сумдын нэг нь ... сум бөгөөд аймгийн Засаг даргын захирамж гарсан атал ... сумын Засаг дарга нь шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгөлгүй удаашруулсаар 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр л шийдвэрлэсэн байдаг.
Энэ хүртэлх 4 сар орчмын хугацаанд хяналтын постуудын шаардлагатай санхүүжилтийг өөрийн байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэж байсан байх бөгөөд ... сумаас шаардлагатай санхүүжилт орж ирсний дараа өөрийн байгууллагаас зарцуулсан шатахууны зардлыг суутган байгууллагынхаа эхлүүлсэн дотор засвар үйлчилгээ, тохижилтын ажилд 30,000,000 төгрөгийг зарцуулсан байдаг.
Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Б-ий мэдүүлснээр дээрх 30,000,000 төгрөг нь ... аймгийн Ц-гийн газрын дансанд шилжин орсноор захиран зарцуулах эрх нь Б.Г-т үүссэн байдаг.
Нэгэнт тухайн 30,000,000 төгрөгийг захиран зарцуулах эрх нь Б.Г-т үүссэн тохиолдолд түүнийг өөрийн байгууллагын төсвийн нэгэн адил захиран зарцуулсан нь гэмт хэргийн шинжгүй байна.
Мөн тухайн 30,000,000 төгрөгийг төсвийн тухай хуульд заасан ангилал зөрүүлэн байгууллагынхаа засвар, тохижилтод зарцуулахдаа дээд шатны төсөв захирагчаас зөвшөөрөл аваагүй үйлдлийн улмаас ... аймгийн Ц-гийн газрын шатахууны төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй төдийгүй худалдан авсан хөрөнгөө тухайн байгууллагынхаа үндсэн хөрөнгөд бүртгэж авсан байна.
3 дугаарт: Прокурорын яллах дүгнэлт, давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд бидний үйлчлүүлэгчийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг зөрчсөн учраас гэмт хэргийн шинжийг хангаж байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйл нь Авлигын гэмт хэргийн бүлэгт багтдаг хэдий ч Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Мөн хуулийн 3.1.2, 3.1.3, 3.1.4-т ашиг хонжоо, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, давуу байдал гэх нэр томьёонуудыг тодорхойлсон байх бөгөөд Б.Г-ийн үйлдэл нь эдгээрийн алинд нь ч хамаарахгүй байна.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.8-д заасан хориглолтууд нь хувийн ашиг сонирхлын үүднээс ханддаг, илтэд гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг өөртөө бий болгож байдаг онцлогтой байна.
Өөрөөр хэлбэл: Авлигын эсрэг хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилтын хүрээнд эдгээр хориглолтуудыг зөрчсөнөөр тухайн этгээд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгох, хувьдаа ашиг хонжоо олох санаа зорилготой байхаар хуульчилжээ.
Тэгвэл Б.Г- нь бусдад давуу байдал олгоогүй, хувьдаа ашиг хонжоо олоогүй, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаагүй байна. Харин төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, төрийн үйлчилгээ авах иргэдийн ая тухтай байх нөхцөлийг хангах замаар ард түмэндээ үйлчлэх Төрийн албаны тухай хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэхэд тус тус чиглэгдсэн байна.
4 дүгээрт: Б.Г-ийн төсвийн хөрөнгийг төрийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн Санхүүгийн зөрчил бөгөөд түүнд Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой болохоос Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Эдгээр нөхцөл байдлаас харахад түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ... ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... нийгэмд аюултай”, 2 дахь хэсэгт заасан “... хохирол, хор уршиг учирсан” гэх шинжүүд тогтоогдохгүй байна.
Харин 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу гэмт хэргийн шинжгүй байна.
Анхан шатны шүүх нь энэхүү нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан боловч давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр бидний үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн улмаар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах эх үүсвэрийг тавьсан нь үндэслэлгүй байна.
Нийслэлийн прокурорын газраас Б.Г-т Эрүүгийн хуулийн ... ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйгээс эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг олж илрүүлэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлэлгүйгээр шийтгэх тогтоолд иргэний хариуцагчаас гаргах төлбөртэй холбоотой асуудлаар өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн ... ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг” учирсан байхыг шаарддаг.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ Б.Г-ийн үйлдэл нь гэмт хэрэг гэж үзсэн боловч учруулсан хохирлыг нарийвчлан тогтоож чадаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу гэж үзэж байна.
Бидний үйлчлүүлэгч Б.Г-ийн үйлдэл нь хэлбэрийн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан мэт харагдах боловч хууль зүйн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх ойлголтод хамаарахгүй буюу Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэнтэй нийцэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн явдлыг хяналтын журмаар залруулах зайлшгүй шаардлагатай байх тул гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ДШМ/17 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хэлсэн саналдаа “... Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Өмнө нь анхан шатны шүүх Б.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэж байсан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон учраас анхан шатны шүүх хэргийн дахин хэлэлцэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, 30,000,000 төгрөгийг ... аймгийн Ц-гийн газраас гаргуулж ... суманд олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 63,000,000 төгрөгийг албаны үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь тогтоогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “... аймгийн Ц-гийн хэлтэс 5 хөдөлгөөнт цэгийн үйл ажиллагаа явуулж, 63,000,000 төгрөг зарцуулсан, аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил гараагүй” гэж дүгнэж, хэрэв хохирол учирсан бол хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, харин Ц-гийн газрын дансанд зарцуулагдаагүй үлдсэн 17,700,000 төгрөгийг ... суманд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн.
Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар нийт 13 хуудас гомдол гаргасан. Тогтоогдсон үйл баримтын хувьд, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... сумаас 70,000,000 төгрөг шилжсэн. Учир нь, 2022 оны 02 дугаар сард Э-йн Ц-гийн газраас ... аймгийн Засаг даргад өмнө жил хэрэгжүүлсэн хөдөлгөөнт хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх санал гаргаж, холбогдох зардлын тооцоог хийж, “зардлын тооцоог шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Үүний дараа Б.Г- тус аймгийн Ц-гийн газрын даргаар томилогдож, улмаар дээрх саналыг дэмжиж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд хяналтын цэгүүдийг ажиллуулах нь зүйтэй гэж үзэж, санал хүргүүлсэн. Үүний дараа Ц-гийн ... газрын дарга ... н.Б тушаал гаргаж, 11 аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт хяналтын цэгүүдийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн ... аймгийн Засаг даргын захирамж гарч тус аймгийн 9 сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт хяналтын цэг ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд хохирогчийг буруу тодорхойлсон. Энэ талаар Сангийн яамны хэлтсийн дарга н.Б- мэдүүлэг өгсөн. Түүний мэдүүлгээр 70,000,000 төгрөг ... аймгийн Ц-гийн газрын дансанд шилжин орсноор тухайн мөнгийг захиран зарцуулах эрх нь ... аймгийн Ц-гийн газрын даргад үүссэн болох нь тогтоогдсон. Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл ... аймгийн Ц-гийн газарт хохирол учрах боломжтой. Гэтэл хохирогчоор ... сумыг тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор “тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй” гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй. Уг ойлголтын улмаас Б.Г-ийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж ойлгож байна.
Гуравдугаарт, Б.Г- нь 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь “...” ХХК-ийн дансанд шилжүүлж бензин талон авснаар тус мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлийг үүсгэсэн гэж үзэж байна. Харин 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 30,900,000 төгрөгийг бэлэн мөнгө болгосон нь өмчлөх эрхийн эсрэг өөр гэмт хэргийн шинжийг агуулж байна уу гэх эргэлзээ үүсэж байна. Б.Г- нь дээрх мөнгийг байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан учраас шунахайн сэдэлтээр ашиг олсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул түүний үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн ... ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэх шинж байхгүй. Түүнчлэн мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирол, хор уршиг учирсан гэх шинж байхгүй тул Эрүүгийн хуулийн ... ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөн шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Онон хэлсэн саналдаа “... 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ... аймгийн ... сумын Засаг даргын захирамжаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 70,000,000 төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, тус мөнгийг Ц-гийн газрын төсөвт шилжүүлсэн. Тэгэхээр дээрх мөнгө ... аймгийн Ц-гийн газрын төсөвт шилжсэнээр захиран зарцуулах эрх нь ... аймгийн Ц-гийн газрын даргад нээгдэж байна. Хэрэгт ... аймгийн ... сумын Засаг даргыг хохирогчоор тогтоосон. Гэтэл зориулалтын бусаар зарцуулсан гэх 70,000,000 төгрөг нь ... аймгийн Ц-гийн газрын төсвийн мөнгө юм. Хэрэв Б.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзвэл ... аймгийн Ц-гийн газар нь иргэний хариуцагч биш хохирогч, эсхүл иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой” гэв.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокурорын зүгээс хууль зүйн дүгнэлтээ дараах хоёр үндэслэлээр гаргаж байна.
Нэгдүгээрт, шүүгдэгч Б.Г- нь ... аймгийн ... сумын төсвөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар шилжүүлсэн 70,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, байгууллагын тохижилт, алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажилд зарцуулсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгчийн тус үйлдлийг хоёр шатны шүүх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн төгссөн цаг хугацааг буруу тооцсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаар төгсдөг. Яллах дүгнэлтэд шүүгдэгчийн үйлдлийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаар төгсөхөөр дүгнэсэн боловч төгссөн цаг хугацааг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу шатахуун түгээх станцад 30,000,000 төгрөг шилжүүлснээр төгссөн гэж дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх хуулиар хуулийг буцаан хэрэглэж, “хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол шаардахгүй гэмт хэрэг” гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Хэргийн үйл баримтаас үзвэл, тухайн мөнгийг шатахуун талон авахад зарцуулах эрх нь шүүгдэгчид байсан. Харин зарцуулагдсан мөнгийг хувиргаж, байгууллагын тохижилт, үйлчилгээнд ашиглаж, 2023 оны 06 дугаар сард сандал, хурлын заалны ширээ зэргийг байгууллагын орлогод авсан үйл баримт тогтоогдсон нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон буюу өнөөдөр үйлчилж байгаа хуулийн цаг хугацаанд байна. Иймээс хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй тул тус гэмт хэрэгт оногдуулах үндсэн ял хэвээр хэдий ч нэмэгдэл ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул хяналтын шатны шүүх тус асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй.
Хоёрдугаарт, хэрэв хяналтын шатны шүүхээс хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэлээс үл шалтгаалан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл, энэ хэрэгт хууль хэрэглээний практик тогтоож өгөхийг хүсэж байна. Учир нь, 2017 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хяналтын шатны шүүхээр энэ төрлийн 3 хэргийг шийдвэрлэсэн мэдээ шүүхийн шийдвэрийн цахим санд гарч байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд үйлдэгдэхгүй байна уу, эсхүл хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэж байна уу гэх асуудал байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс хэрхэн ялгаж зүйлчлэх, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан авлигын зөрчлөөс хэрхэн ялгах талаар хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Төсвийн ...лөн захирагч нь төсвийн болон төсвийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар төсвийн хөрөнгийг зарцуулахдаа үр ашигтай, сахилга баттай, ил тод нээлттэй, иргэдийн итгэл үнэмшлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах үүрэгтэй. Энэ ч үүднээсээ хууль тогтоогчоос төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Тэгэхээр төсвийн ...лөн захирагч нь салбар хууль буюу Төсвийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэлгүй 10,000,000 төгрөгөөс дээш төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан л бол гэмт хэрэг гэж үзэх үү, эсхүл тухайн зарцуулсан 10,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулсан, байгууллагад ямар хохирол учруулсан, мөн нийтийн эрх ашигт хохирол учруулсан үр дагавар зэргийг бүхэлд нь дүгнэж гэмт хэрэг мөн эсэхэд тооцох уу, түүнчлэн авлигын зөрчлөөс хэрхэн ялгаж зүйлчлэх талаар хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглээний практик тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүхийн шийдвэр нь хуульд заасан бүх шаардлагыг хангаж байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэгдэх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан арга, хэрэгслээр олж авсан нотлох баримт нь хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолж чадаж буй эсэхийг бүрэн, бодитойгоор харьцуулж шинжлэн судалсны эцэст хэргийн бодит байдал тогтоогдсон эсэх талаарх хууль зүйн дүгнэлтийг хийх учиртай.
... аймгийн Ц-гийн газрын дарга, төсвийн шууд захирагч хурандаа Б.Г- нь ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын ажиллагаатай хөдөлгөөнт эргүүлийг тогтоосон 4 цэгт ажиллуулах зардалд зориулж сумын засаг даргын тамгын газраас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 70 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг “...” ХХК руу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлж шатахуун талон болгож, улмаар уг 30 сая төгрөгийн шатахууны талоныг бэлэн мөнгө болгон байгууллагынхаа алба хаагч нарын албан өрөөний засварт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандал худалдан авахад 13,200,000 төгрөг, үүдний хүлээлгийн заалны сандал, ширээ худалдан авахад 1,180,000 төгрөг тус тус зарцуулж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдлаас гадна гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотолж, эсхүл үгүйсгэж няцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон үндсэн шаардлага бөгөөд зайлшгүй биелэгдэх шинж чанартай болно.
... аймгийн ... сумын засаг дарга Б.Сэргэлэн нь Аймгийн засаг даргын “Хяналтын цэг ажиллуулах” тухай захирамж, Ц-гийн ... газрын даргын “Түр хяналтын цэг /пост/ байгуулж, алба хаагчдыг ажиллуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор төсөв захирагчийн хувьд батлагдсан төсвийнхөө хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд ажиллуулах зардалд 70 сая төгрөг өөрийн үзэмжээр төсөвлөж аймгийн Ц-гийн газрын төрийн сан дахь данс руу 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлжээ.
Энэхүү мөнгө нь сумын засаг даргын шийдвэрээр сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан төсвийн зарлага мөн бөгөөд тухайн гүйлгээг хүлээн авагч ... аймгийн Ц-гийн газар нь “... төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгч” байгууллага болохын хувьд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтыг эргэн тайлагнах үүрэгтэй ба тухайн арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, үр дүнг тооцсоны эцэст төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг дүгнэвэл зохино.
Хууль тогтоогчоос төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн үндсэн шинжийг тусгайлсан субьект буюу төсөв захирагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нэрлэн заасан үйлдлээр төрийн өмч, төсвийн хөрөнгийг завшиж улсын төсөвт үлэмжээс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон ба өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгийг шууд санаатайгаар, шунахай сэдэлтээр материаллаг ашиг олох зорилгоор захиран зарцуулсан үйлдлийг хамааруулдаг нь хууль хэрэглээнд жишиг болж тогтсон ойлголт болно.
... аймгийн Ц-гийн дарга Б.Г- нь албан тушаалын эрх хэмжээний хүрээнд хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төсвийн шууд захирагчийн хувьд Ц-гийн газрын төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан эсэх, эсхүл Ц-гийн ... газрын даргын тушаал болон Аймгийн засаг даргын захирамжид заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ сумын засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд төсөвлөж санхүүжүүлсэн хөрөнгийг зарцуулсан эсэхийг нэг мөр, эргэлзээ төрүүлэхгүй байдлаар нягтлан тогтоосны эцэст хэргийн бодит байдлыг тогтоох нь хэргийн зүйлчлэл, гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгон хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм.
Ц-гийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж мөрдөн шалгах зэрэг хуулиар харьяалуулсан үндсэн чиг үүрэгт нь шууд хамааралтай, давхцал бүхий үйл ажиллагааг шууд захирах дээд шатны дарга болон орон нутгийн удирдлагын шийдвэрээр орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэхдээ төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгчийн хувьд төсөвлөсөн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулж зарлагын хэмнэлт гаргасан эсэх, эсхүл төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад олсон нэмэлт орлого эсэхийг ялган зааглаж, тухайн хэмнэлт, эсхүл нэмэлт орлогыг байгууллагынхаа алба хаагч нарын ажиллах наад захын хэрэгцээг хангах зорилгоор холбогдох удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудтай зөвшилцөж захиран зарцуулсан үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээг дансаар шилжүүлсэн бус бодитойгоор захиран зарцуулсан санхүүгийн баримтад тулгуурлан нягтлан шалгаж үндэслэлтэйгээр тогтоох шаардлагатай байна.
Ц-гийн ... газрын Э-йн Ц-гийн албаны гаргасан тооцоо, судалгаагаар ... аймгийн ... сумын “Өлөнт”, “35-ын ам”, “Улаан гүүр”, “Ялбаг” гэх газарт 229 хоног үүрэг гүйцэтгэх алба хаагч нарын нийт хоолны зардалд 38,746,800 төгрөг, шатахууны зардалд 66,435,480 төгрөг, нийт 105,182,280 төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар хяналтын 4 цэгт хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээс хойш 3 сар 29 хоногийн дараа ... сумын засаг дарга тухайн үйл ажиллагааны зардалд 70 сая төгрөг төсөвлөж санхүүжүүлсэн гэх боловч санхүүжүүлэхээс өмнөх хугацаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нарын томилолт, хоолны мөнгө, шатах тослох материал, шатахууны зардлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээс гадна тухайн зардлын тооцооллыг тусгасан захирамжийн 2 дугаар хавсралт хэрэгт байхгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 1-нээс 07 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд нөхөн санхүүжилт хийгдэхээс өмнөх зардлыг хэн, хаанаас, хэрхэн санхүүжүүлсэн болохыг тодорхой болгох шаардлагатай байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхааралгүй орхигдуулснаас шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдлыг үүсгэсэн учир анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэгэн нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийлгээгүй орхисныг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 234 дугаар шийтгэх тогтоол, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ