Шүүгчээр томилогдсон И.Амартөгс, П.Хангал, Ч.Нямсүрэн нарт баяр хүргэлээ

2015 оны 11 сарын 02 3089

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний 167 дугаар зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Ийгэрийн Амартөгс, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Нэргүйн Хангал, Чулуунбаатарын Нямсүрэн нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа  Улсын Дээд шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болов.

Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг “Шүүгч нь төрийн өндөр албан тушаал гэхээсээ илүү хариуцлагатай ажил гэж ойлгох хэрэгтэй” гээд шинээр томилогдсон шүүгчдэд шүүгчийн албан тушаалд хүндэтгэлтэй хандан, ёс зүйгээ сахиж, гагцхүү хуульд захирагдаж, хэнээс ч юунаас ч хараат бусаар ажиллахыг захин гаргасан шийдвэр бүр нь шударга ёсны баталгаа болж байхыг ерөөлөө.  Түүнчлэн эдгээр залуус нь анхан шатны шүүхийн бичиг хүргэгчээс эхэлж, Дээд шүүхийн шүүгчийн туслах шинжээч хүртэл арав гаруй жил ажилласан, хувь хүний хувьд төлөвшсөн, шүүгчээр ажиллах мэдлэг чадвартай бэлтгэгдсэн шүүгчид томилогдсонд баяртай байна хэмээв. Мөн Дээд шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсны хувьд шүүгч хүн ийм л байх ёстой гэдгийг бүхий л үйл ажиллагаагаараа харуулж, бусад шүүгчдэд үлгэр дуурайл болж ажиллахыг хүслээ.  

Шинээр шүүгчээр томилогдсон И.Амартөгс баяртай буйгаа илэрхийлээд нийт хамт олон, шүүгч, захиргаа, үйлчилгээний ажилтнууддаа тусалж дэмжиж байсанд нь талархаж буйгаа хэлэв. Мөн онолын өндөр мэдлэг, боловсролтой, ажлын өргөн туршлагатай Дээд шүүхийн шүүгчдийн туслахаар ажилласандаа бахархдаг, тэднээс их зүйл сурч мэдсэн хэмээгээд та бүхний итгэлийг зүтгэлээр хариулна гэлээ.  

Мөн шүүгчээр томилогдсон Ч.Нямсүрэн залуусыг зорилгодоо үнэнч, тууштай,  шантралгүй байхыг захиад хамт олондоо сайн сайхан бүхнийг хүсэв.  

Шүүгчээр томилогдсон П.Хангал “Хүний сайнтай учирч, хуульч мэргэжлийн сор болсон хүмүүстэй ажиллаж ирсэндээ баяртай байна” гээд шүүгч болоход хамт олны тусламж дэмжлэг их байсныг онцоллоо.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв “Эрх зүйч хүний карьерын оргил нь хуулийн сургуулийн том профессор, эсвэл шүүгч байдаг” гээд эрүүл энхийг хүсэж, хамт олныхоо итгэлийг дааж ажиллахыг захив.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, Монгол Улсын гавъяат хуульч М.Дамирансүрэн “Шүүгч болохын төлөө олон жил шантралгүй зүтгэсэн та бүхнээр бахархаж байна. Дээд шүүхийн туршлагатай, мундаг шүүгч нарын дэргэд туслахаар нь ажиллана гэдэг хүн бүхэнд олдохгүй сайхан хувь заяа” гээд бусад шүүгчдэд үлгэр дуурайл болж ажиллаарай хэмээлээ.