Ш.Батбаярт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүллээ

2015 оны 11 сарын 04 2582

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар   Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэжээ.

Харин Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан аж.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Манлайжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангиад эдлүүлэхээр өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэв.  

Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.