Ч.Хосбаяр: Зоригтой алхахгүйгээр тал гишгэвэл нүхэнд унах тохиолдол бий

2015 оны 12 сарын 07 1783

-Олон улсын Эрүүгийн шүүхийн гишүүн орнуудаас анх удаа терроризмын гэмт хэргийг Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэгт хамааруулж шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хуульдаа тусгалаа-


Сэтгүүлч Ганбаатар УЛСБОЛД

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяртай ярилцлаа.


-Монголын шүүгч нар анх удаа Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулганд оролцоод иржээ. Нидерландын Вант улсад арваннэгдүгээр сарын 18-26-ны хооронд арав хоног үргэлжилсэн энэхүү Ассамблейн талаар ярилцлагаа эхэлье?

-Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм гэдэг нь олон улсын олон талт гэрээ юм. Энэ дүрмээр олон улсын байнгын ажиллагаатай эрүүгийн шүүхийг байгуулж гишүүн улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн төрөлхтөний эсрэг, дайны, төрлөөр устгах, эзлэн түрэмгийлэх гэсэн дөрвөн төрлийн гэмт хэргийг харьяалан шийдэх эрх олгосон. Өөр хэрэг шийддэггүй. Ромын дүрмийн дагуу улс орнууд энэ дөрвөн төрлийн гэмт хэргийг дотоодын хууль тогтоомждоо гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэлийг эдлүүлэх учиртай. Хэрвээ улс төрийн нөхцөл байдал, нийгмийн хандлага, гадны шахалт зэрэг ямар нэг шалтгаанаар эдгээр хэргийг харъяалан шийдвэрлэх боломжгүй бол Олон улсын Эрүүгийн шүүхэд шүүн таслах ажиллагаа явуулах эрхийг олгож өөрсдөө уг шүүхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Ромын дүрэм гэх энэ гэрээ хэлэлцээрийг 1998 онд Ром хотод 60 улс байгуулж 2002 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улсын хувьд 2002 онд гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр үйлчлэхэд нь нэгдэж орсон анхны энэ 60 улсын нэг болж явдаг. Өнөөдрийн байдлаар ОУЭШ 123 гишүүн улстай болоод байна. Ромын дүрмийг байгуулсан гишүүн улсуудын чуулган жил бүр Нидерландын вант улсын Гааг хот, АНУ-ын Нью Йорк хотуудад ээлжлэн явагддаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 14 дэх удаагийн чуулган нь Гааг хотод явагдлаа. Энэ чуулганд Монгол Улсаас Гадаад хэргийн яам болон тухайн улсад суудаг Элчин сайдын яамны төлөөлөл оролцож ирсэн юм байна лээ. Энэ удаагийн чуулганд Шүүх эрх мэдлийн төлөөлөл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, мөн шүүхийн шүүгч Хосбаяр миний бие анх удаа оролцоод ирлээ.

-Манай улсаас Олон улсын эрүүгийн шүүхэд төлөөлөгчөө суулгах боломж байгаа юу?

-Боломжтой.2011 онд Олон улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Сон шүүгч Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар манайд айлчлах үеэрээ энэ талаар асуусан асуултад “Монгол Улсаас ОУЭШ-д шүүгч томилогдоход бидэнд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ сонгууль явуулж шүүгчдийг томилдог зарчимтай” гэж хэлсэн. Өнгөрсөн жил 2014 онд Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгч нарын сонгон шалгаруулалт явагдаад зарим шүүгч нарыг шинээр томилсон байгаа. Энэ чуулганаар шүүгч нарыг сонгон шалгаруулах хорооны гишүүдийн заримыг, Төсөв, санхүүгийн хорооны зарим ажилтныг, мөн хохирогчдод нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль явагдсан. Шүүгчийн дараачийн сонгууль явагдах хугацаа болоогүй байгаа.

-Монголын шүүгч тэнд суулаа гээд ямар давуу байдал манай улсад бий болох вэ?

-Юуны түрүүнд үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж бодож байна. Улс орнууд өөрсдийн аюулгүй байдал, ашиг сонирхлоо хүчирхэг цэрэг армийн хүчээр, эсвэл эдийн засгийн хүч чадлаар хамгаалж ирсэн. Сүүлийн үед хуулийн засаглал гэх ойлголт зөвхөн дотоодод биш дэлхийн тавцанд олон улсын харилцаанд илүү хүчтэй зохицуулалт, асуудлыг шийдвэрлэх арга зам болж хэрэгжиж ирлээ. Иймээс улс хоорондын маргаантай байдал, ашиг сонирхлын зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд цэрэг, мөнгө давамгайлсан хүчээр гэхээсээ илүү олон улсын шүүхүүд гол үүрэг гүйцэтгэх болсон. Яахав, шүүхийн өмнөх шатанд бас олон улсын гэрээ, хэлэлцээр, дипломат арга хэрэгсэл, эвлэрэл зуучлалын арга хэмжээнүүд бий, гэхдээ талууд харилцан ойлголцохгүй, буулт хийхгүй, эдгээр арга хэрэгсэл үр дүнгээ өгөхгүй тохиолдолд шүүх асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Олон улсын шүүхүүдийн үүрэг, ач холбогдол ингэж өсөж байгаа үед Олон Улсын Эрүүгийн шүүхэд монгол шүүгч сонгогдох, маргаан мэтгэлцээнд олон улсын эрх зүйгээр дагнасан өндөр мэдлэг чадвар бүхий хуульчид оролцох нь улс эх орны аюулгүй байдлын баталгаа бий болгоход чухал болох нь дамжиггүй. Монгол Улсын эрх ашгийг хөндсөн амин чухал асуудлууд гадаад улсын хуулиар, гадаадын шүүхээр, гадаад оролцогчдын хүрээнд шийдэгдэх ч боломж олон улсын эрх зүйд бий.

-Манайхаас ОУЭШ руу явсан хэрэг маргаан бий юу?

-Одоогоор тийм зүйл гараагүй.

-Сири, Украйны асуудлыг тэнд ярьсан гэсэн үү?

-Сири, Украины асуудал яригдсан. Яагаад гэвэл Украин сая Ромын дүрмийг баталсан л даа. Ингэснээр нутаг дэвсгэрт нь ОУЭШ-ийн харъяалал үүсч байгаа юм.

-Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан байх үед Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимынхан ОУЭШ-ийн өмгөөлөгч, Монгол Улсын иргэн Н.Орчлонг хүлээн авч санал солилцсон. Ер нь энэ шүүх энх тайвны эсрэг, хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үндэсний хууль тогтоомжоор өршөөх асуудалд ямар байдлаар ханддаг талаар ярилцсан гэсэн. Тэгэхэд Н.Орчлон өмгөөлөгч та бүхэнд юу ярив?

-Олон улсын Эрүүгийн шүүхийг энэ дөрвөн төрлийн гэмт хэргийг ял шийтгэлгүй байхыг эцэс болгох зорилгоор байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийг тодорхой бие хүн хувийн ашиг сонирхол, сэдэлтээр үйлдэх нь ховор, ихэнхдээ аль нэг улсын удирдлага, эрх мэдэл бүхий өндөр албан тушлаалтнууд холбогддогоос улс төрийн сонирхлоор ял шийтгэхгүй байх, шийтгэсэн ч янз бүрийн аргаар ял завшуулах тохиолдол гардаг байснаас ийм тусгай шүүх байгуулах шаардлага олон улсын хэмжээнд урган гарсан гэж ойлгож болно. Н.Орчлон өмгөөлөгч ярихдаа, эдгээр гэмт хэргүүдийг уучлах, өршөөх битгий хэл хөөн хэлэлцэх хугацаа ч тооцдоггүй гэсэн. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүн амьд л байх юм бол эрэн сурвалжлаад 50 жилийн дараа ч хамаагүй ял шийтгэж, ялыг нь эдлүүлдэг тухай ярьсан. Тухайлбал, Дэлхийн II дайны үед Германы эзлэн түрэмгийлэгчдээс үйлдсэн геноцидын гэмт хэрэг, дайны гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийг одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа юм байна. Заримыг нь барьж шийтгэсэн юм байна.

-ОУЭШ-ийн шүүн таслах процесс нь яаж явдаг юм бэ. Давж заалдаж болдог уу?

-Юуны өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг тухайн улс орон өөрийн хууль тогтоомжийн хүрээнд шалгах, тогтоох, шүүн таслах ажиллагаа явуулах үүрэгтэй. Хэрвээ чадахгүй бол манайд шилжүүл гэж ОУЭШ шаарддаг. Энэ шүүх зургаан тив, бүсээс гурав гурваараа сонгогдсон 18 шүүгчтэй, есөн жил, зургаан жилийн хугацаагаар сонгодог. Олон улсын Эрүүгийн шүүх өөрийн өмгөөлөх, яллах болон шүүхийн танхимтай. Эдгээр танхимууд нэг нэгнээсээ хараат бус бус ажиллах механизмийг бүрдүүлсэн гэдэг. Хэрэг шалгах ажиллагаа үүсгэх эх сурвалж нь тодорхой гомдол, мэдээлэл эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр, тогтоол юм. Шүүн таслах ажиллагаа нь мэтгэлцээний зарчимд тулгуурласан нийтийн эрх зүйн тогтолцоот процессын журмаар явагдана. Өөрөөр хэлбэл Америк-Англи дахь шүүн таслах ажиллагааны процесстой дөхүү. Тиймээс ч шүүх хуралдааны даргалагчаар нийтийн эрх зүйт орноос соногдсон шүүгч томилогдох нь хэвшмэл зүйл.Тухайн хэрэгт аль нэг этгээдийг холбогдуулах үндэслэл бүхий баримт илэрвэл эхний ээлжинд уг этгээдийг баривчилж шүүхийн өмнө авчирна. Ингээд шүүх процесс дунд нотлох баримт нь цуглана, баталгаажна, баримтжина. Шүүх хуралдаанаар нотлох баримтыг тестлэдэг, шалгадаг.

-Шүүгч хавтаст хэрэгтэй танилцахгүй гэсэн үг үү?

-Шүүгч нар бусад оролцогч нараас тусдаа ганцаарчилж танилцахгүй. Яллах, өмгөөлөх талууд хоёр талаасаа баримтаа гаргаж, шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаж, шүүгч мэтгэлцээний явцад нотлох бармтыг шалгана, үнэлнэ. Энэ тал дээр асуудал гарахгүй, харин гэмт хэрэгт холбогдсон этгээдийг анх тухайн улсын нутаг дэвсгэрээс баривчлахад хүндрэл гарах тохиолдол байдаг юм билээ. Гишүүн орнууд дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх өөрөөр хэлбэл уг этгээдийг шүүхээр шүүхгүй байх, улмаар ОУЭШ-д шилжүүлэн өгөхөөс татгалзах нь ч бий. Тэр тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын арми, зэвсэгт хүчнийг ашиглах саналыг шүүх тавьж болно.

-Манайх чинь өөрийн улсын иргэнээ гадаадын байгууллагад гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах, шилжүүлэхийг хуулиараа хориглосон байдаг байх аа?

-Үнэн. Манайх хүнээ гаргаж өгөхгүйгээр өөрсдөө шийтгэх гарц л байгаа. Өршөөлийн хуулиар энэ хэргүүдийг өршөөгөөд байвал асуудал өөрөөр яригдах байх л даа.

-Анх наймдугаар сард баталсан Өршөөлийн хуулиар ОУЭШ-ийн харьяаллын дөрвөн хэргийг өршөөсөн гэж Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр анхааруулсан. Сүүлийн хувилбараар УИХ батлахдаа өршөөгөөгүй биз дээ?

-Эхний батлагдсан нь ч тэр, эцсийн хувилбараар ч тэр энэ дөрвөн төрлийн гэмт хэргийг манай улс өршөөчихөж байгаа шүү дээ. Гэхдээ энэ хэрэгт шийтгүүлсэн хүн Монголд байхгүй учраас л үр дагавар нь бага мэт анзаарагдаж байгаа байх. Эдгээр хэрэгт Ромын дүрмээр түгээмэл харъяалал тогтоосон учраас өөр улсын нутаг дэвсгэрт үйлдсэн гадаадын иргэдийг ч өөрийн нутаг дэвсгэр дээр байгааг манай улс тогтоовол мөрдөн байцаалт, шүүн таслах ажилллагаа явуулах учиртай. Ийм тохиолдол гарвал conflict of laws буюу хуулиудын эрэмбийн асуудал яригдах байх даа. Төстэй тохиолдол саяын чуулганы салбар хуралдаан дээр яригдсан. Гэхдээ шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хуульд дээрх дөрвөн төрлийн гэмт хэргийг өршөөл, уучлалд хамруулахгүй байхаар хуульчилсан. Мөн Олон Улсын Эрүүгийн шүүхийн 14 дэх удаагийн чуулганаар дэлхий нийтэд аюул учруулж байгаа терроризмийн гэмт хэргийг Олон Улсын Эрүүгийн шүүхийн харьяалалд оруулах асуудал яригдаж эхэлж байгаа энэ үед Улсын Их Хурал Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хүлээн авч шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэгт хамааруулж, өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар хуульчилсан нь чухал алхам болсон гэж үзэж байна.

-Та хэдэн жил шүүгч хийж байна?

-Арван жил. Арван жил шүүгчээр ажиллах их хугацаа биш л дээ. Шүүх таслах ажиллагааны туршлагатай болно гэдэг чинь нэг биш, хэд хэдэн 10 жилээр яригддаг, тийм туршлагатай шүүгч нар бидний дунд байна аа. Тэдгээрийн асар их туршлагыг хамт сууж хэрэг шийдээд явахад үнэхээр биширмээр байдаг. Гэхдээ би өмнө нь хууль хүчний байгууллагад ажиллаж байсан.

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд байсан байх аа?

-Тийм, тэнд мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Бас өмгөөлөгч ч хийж байлаа.

-Прокурорын мөрдөнгийн чиг үүргийг АТГ, цагдаагаас буцааж авч тусад нь байгуулъя гэсэн хуулийн төсөл орж ирсэн. Ийм шаардлага байна уу. Т.Галдаа хурандаа нарыг ажиллаж байх тэр үеийн прокурорын мөрдөн түүхэн үүргээ гүйцэтгэж чадсан уу?

-Шилжилтийн үед өмнөх тогтолцоо суларч шинэ нь тогтворжиж амжаагүй байх үед нийгмийн удирдлага хяналт алдарч, түүний үүргийг эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл гүйцэтгэх, хяналтдаа авах эрсдэл бий болсон үед чанга эрүүгийн хууль, хүчтэй цагдаагийн байгуулага үүргээ сайн гүйцэтгэж энэ аюулыг тойруулсан. Гэхдээ үүний сөрөг тал нь цагдаагийн байгууллагын хязгааргүй эрх мэдэл, ажилтнуудын дур зорго хэрээс хэтэрч, хууль зөрчих явдал ч гарах болсон. Энэ үед прокурорын мөрдөн байцаах алба нийгмийн өмнө хүлээсэн үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Байгуулагдаад 10 жил ажиллаад татан буугдсан. Энэ хугацаанд ямар үр дүн гарсныг хуулийнхан болон ард түмэн мэдэж байгаа. Прокурорын мөрдөн байцаах алба хууль бус зүйлд соргог байсны хүчээр хууль хүчний байгууллагууд үйл ажиллагаагаа ур чадварын илүү өндөр түвшинд, шинэлэг хандлагаар ажиллах болсныг хэн ч үгүйсгэхгүй байх.Тийм учраас өөрт оноогдсон түүхэн үүргээ амжилттай биелүүлсэн гэж боддог. Одоо бол үнэхээр дутагдаж байна. Ямар ч тохиолдолд засаглал хоорондоо, эрх мэдэл дотроо, тэр бүү хэл албад ч хоорондоо харилцан хяналттай байхгүй бол хүн хэдийгээр сайн ч алддаг, алба хэдийгээр шударга ч энддэг юм байна. Ийм учраас заавал харилцан хяналтын систем байх ёстой. Өнөөдөр цагдаа, цагдаагаа хянаад явж байгаа. Цагдаагийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг эрс буурсан, шүүхээр шийтгүүлэх нь бага байгаа нь сайн, шударга ажиллаж байгаатай холбоотой байж болох боловч өөрөө өөрсдийгөө шалгадаг механизм нөлөөлдөг байж болзошгүйг анхааарх ёстой байх.

-Хэрвээ сэргээе гэвэл Мөрдөх албаны бүтцэд байгуулъя гэх юм билээ?

-Тусад нь байгуулах ёстой. Урьд байгуулсан зүйлээ яг тэр чигээр нь давтах биш илүү өндөр төвшинд боловсронгуй, үр дүнтэй хэлбэрийг сонгох ёстой. Мөрдөх албыг хэн мөрдөх вэ гэдэг асуудал гарна шүү дээ. Өөрөө өөрийгөө мөрдөнө гэж байхгүй гэдэг нь практик дээр нотлогдсон зүйл. Тийм учраас прокурорын дэргэд байх нь зохистой байх. Ийм жишиг улс орнуудад түгээмэл.

-Манайх цаазын ялыг түдгэлзүүлчихсэн. Одоо хуулиасаа хасах гэж байна. Та шүүгчээр ажиллах хугацаандаа хэдэн хүнд цаазыг ял өгсөн бэ?

-Нууцад хамаардаг асуудал шүү дээ.

-Яг “Цаазаар авсугай” гээд алх цохиход шүүгч хүнд төрдөг мэдрэмжийг асуумаар байна л даа?

-Эрүүгийн хэргийн шүүгч бүрт л тохиолддог асуудал байх. Шүүгч болгон янз бүрээр мэдэрч байсан байх. Цаазаар явах ялыг оноох ёстой гэж би боддоггүй байсан. Мэдээж онц хүнд, ноцтой хэрэг үйлдсэн хүнд хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэг дээр бол санал нэгтэй. Гэхдээ хатуу шийтгэл нь цааз мөн үү, биш үү гэдэг дээр миний хувьд эргэлзээ байдаг байсан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял нь гүйцэтгэгдэх хүртлээ л нөлөөлнө. Цөөхөн хэдэн сарын асуудал. Эрүүгийн хариуцлага, ялын шинж чанар, зорилго, агуулгыг 3-4 зүйлээр тогтоодог. Цаазын ялын хувьд аль нь ч биелэгддэггүй юм шүү дээ. Үнэндээ ял гэж үзэхэд хэцүү.

-Шүдийг шүдээр гэдэг шиг хохирсон хүмүүс тайвшрал олно гээд одоо ч УИХ дээр цаазын ялыг хасах хэрэггүй гэж яригддаг?

-Таны хэлж буй үнэн. Гэмт этгээдийн амь насыг хороох нь хохирсон тал өшөө хонзонгоо авч буй эрт балар үеийн арга болохоос хөндлөнгийн хараат бус, эрх зүйт төрийн шүүхээс оногдуулах ял байж таарахгүй юм. Шүүх хэн нэгний өс хонзонг авч өгөх ёсгүй. Тэр хүнд хариуцлага, ял гэдэг утгаар нь хэрэглэгдэх ёстой. Ял гэдэг маань гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цээрлэл үзүүлэх, хүмүүжил, засрал олгох гээд олон шалгуурыг заавал хангаж байж хүлээн зөвшөөрөгдөнө. Гэтэл цаазын ял дээр эдгээрийн аль нь ч хэрэгждэггүй. Тийм учраас цаазыг ял гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л хүний өмнөөс өшөө авч байгаа юм шиг санагддаг байсан. Хүн олон жил нийгмээс тусгаарлагдаад, хийсэн хэрэгтээ гэмшиж, үр дагаврыг нь мэдрэх нь шийтгэл. Энэ хүн зохих ял шийтгэлээ авч чадсангүй гэж боддог байсан. Шүүхийн шийдвэр олонхийн саналаар гарна. Шүүхэд тогтсон баримжаа гэж бий. Дээр үед хоёроос дээш хүн алсан хүнд ихэвчлэн цааз л өгдөг байсан. Ер нь хүнд шүү дээ. Цаазын ял шийтгүүлсэн хүн чинь сүүлчийн удаа ар гэрийнхэнтэйгээ шүүх танхимд уулзана. Тэгээд дахиж хэзээ ч уулзахгүй шүү дээ. Хүний амийг авах шийдвэр гаргаж байгаа болохоор шүүгч бид нарын хувьд хүнд л тусна даа. Шүүгч бид нар их стресстэй ажиллана. Тэр стрессийн гол зонхилох хэсэг нь энэ хэсэгт явдаг байсан.

-Шүүгчид нөлөөлсөн тохиолдлыг хэрэг шийдэж байгаа шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, тухайн хүнд хариуцлага хүлээлгэдэг болсон. Ингэснээр нөлөөлөл багассан уу?

-Шүүгч нарт заналхийлэх, бусад арга хэрэгслээр нөлөөлөхийг оролддог тохиолдол бий. Тэрийг бол шүүгч нар давж туулдаг даа. Нөлөөллийн мэдүүлгийг танилцуулдаг, бөглөдөг болсноос хойш ийм оролдлого бол олон дахин буурсан гэж хэлж болно шүү. Гаднаас нөлөөлөх оролдлогыг бүрэн зогсоож чаддаггүй юм гэхэд хүчтэй сааруулсан арга хэмжээ болсон. Урд нь шүүгч нар “Та юу яриад байгаа юм бэ” гэдэг байсан бол одоо эзэн тодорхой бол зүгээр л нэрийг тэмдэглэлд хавсаргачихна. Энэ чинь айхтар арга хэрэгсэл учраас хүмүүс айдаг болсон.

-Таныг шүүгчээр ажиллах хугацаанд нөлөөлөх, заналхийлэх үзэгдэл их гарч байна уу?

-Ер нь заналхийлэх явдал байна. Аль нь бодитой вэ гэдгийг бодно. Энэ яах вэ ингэж л байдаг юм гэж бодно. Гудамжинд таараад “Ална шүү. Чи миний ахыг ингэсэн, тэгсэн” гэх хүн таарна. Харин өндөр албан тушаалтан, их хөрөнгөтэй хүнтэй холбоотой хэргийг шийдвэрлэх үед заналхийллийг бодитой байж магадгүй гээд эмээх сэтгэгдэл төрж байсан. Хадгаламж зээлийн хоршоодын хэргийг шийдвэрлэх үед заналхийлэх асуудал гарч байсан.

-Таныг 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг дээр цагдаагийн дарга нарт ял оноогоод гарахад зарим хүн хувцаснаас чинь татаж, цохиж байсан. Тэгэхэд таниас асуухад “Би гомдол гаргахгүй” гэж байсан?

-Тухайн үед нийгэм маш бухимдалтай байсан. Тийм үед хэргийн хажуугаар хэрэг үүсгэж, би гомдолтой гээд явах нь шүүгч хүний зан авир, ёс суртахуун биш. Намайг цохиход би гэмтэж бэртэл авсан биш. Тухайн үед миний хүүхдүүдийг дайруулж заналхийлсэн асуудал дээр бол эмзэглэж байсан. Тэр үед төрөөс хамгаалалт гаргаж өгсөн шүү дээ.

-Ерөнхийлөгч тэрний дараа тухайн үеийн ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир генералыг дуудаж загнасан?

-Тэр асуудлыг мэдэхгүй ээ.

-Хууль, шүүхийн шинэтгэл гээд өрнөж байна. Шүүхийн хүний нөөц, санхүү дээр нэлээд өөрчлөлт гарсан. Үүний хажуугаар шүүхийн шинэтгэл бүрэн төгс болоход юу хэрэгтэй байна вэ?

-Эрх зүйн шинэтгэл, тэр дундаа шүүхийн шинэтгэлийн асуудал хурцаар тавигдаад их эрчимтэй эхэлсэн. Үнэхээр олон салбарт зэрэг явагдсан. Олон хууль тогтоомжид маш том чанар, сэтгэлгээний шинжтэй өөрчлөлтийг оруулж чадсан. Гэхдээ сүүлийн үед энэ эрчийг сулруулж, хууль тогтоомжийг буцаах, өмнөх зохицуулалт руу эргэж орох хандлага ажиглагдаад байна уу даа. Үүнд жаахан харамсч байна. Гарсан алдаа оноо байгаа л байх. Үүнээс болоод ингэж буцаж байна шүү дээ. Анх энэ шинэтгэлийг эхлэхдээ боловсон хүчин, кадраа тооцох, бэлдэх ёстой байсан байх л даа. Шинэтгэлийг энэ талаар боловсорсон, тодорхой мэдлэг чадвартай шинэлэг сэтгэлгээ, эрмэлзлэлтэй бэлтгэгдсэн хүмүүс л хийнэ шүү дээ. Тэгсэн бол ингэж буцах хувилбаргүйгээр цаашаа хэрэгжээд явах байсан байх. Тийм тооцоогүй эхэлснээс шинэтгэлийн төслийг чадварлаг хэрэгжүүлэх, аваад явах, хамгаалах баг дутагдаж зарим алдаа зөрчил, мухардмал байдал үүсч үүнээс гарахын тулд өмнөх рүүгээ буцаж байна. Гэхдээ чамлахааргүй амжилт, дэвшил гаргасан. Шүүгч нарын эдийн засгийн баталгааг хангалаа. Одоо өндөр цалин авахаар шударга ажиллана гээд байгаа нь бага цалинтай байхдаа хариуцлага сул байсан хэрэг үү гэсэн асуудлыг хүмүүс их тавьж байна л даа. Шүүгч нар бол өөрт хуулиар оногдсон үүргээ нэг насаараа бүх үеийн турш ямар ч цалинтай байсан шударгаар биелүүлж ирсэн. Шүүн таслах ажиллагааны чанар гэдэг бол шүүгч нарын шудрага байдлаас гадна өөр олон зүйлээс хамаардаг асуудал. Шүүгчийн хувийн амьдрал, амьжиргаа, цаг зав, эдийн засгийн баталгаа, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох боломж, шүүхийн төсөв, хөрөнгө гээд бусад асуудалтай бас л холбогддог. Өнөөдөр шүүгч нар илүү сэтгэл тайван, мэргэжлийнхээ үйл ажиллагаанд бүх хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлж ажиллах боломж бүрдээд байна гэж бодож байна. Ар гэр, хоол хүнс, орон байр, толгой хоргодох газраа бодож суугаа хүн чинь ажилдаа бүх анхаарлаа хандуулах нь төвөгтэй шүү дээ. Энэ асуудал дээр төр засаг анхаарал хандуулж, өнөөдрийг хүртэл дэмжээд явж байгаад шүүгч нар маань баярлалаа гэж хэлээд албандаа нэг үзүүрт сэтгэлээр зүтгэх хэрэгтэй.

-Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд явж байгаа. Эдгээр төслийг батлах явцдаа анхаарах зүйл юу байгаа вэ?

-Анх бол Эрүүгийн хууль, эрх зүйн орчныг өөрчлөх чиглэлээр их зоригтой алхмуудыг хийсэн шүү дээ. Одоо тэндээсээ хагас буцалттай хувилбараар хуулиуд маань батлагдах гээд байна л даа. Би Улсын Дээд шүүхийн шүүгч биш хувь хүн, хуульчийн бодлыг хэлье. Би Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийг боловсруулах анхны ажлын хэсэгт байсан. Тэр үед боловсруулагдсан зарчмын шинжтэй, хуулийн төсөлд тусгагдсан дэвшилттэй олон санаа, саналууд цөөрч сүүлийн төсөлд бууж байгаа бололтой. Эрүүгийн хууль тогтоомжуудаа зарчим, сэтгэлгээний хувьд огцом өөрчлөх нь эрсдэлтэй гэж үзээд шаталж шинэчилье гэж байгаа юм болов уу даа. Тийм байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тэгж буй бол зарим хуучин зохицуулалтуудыг хэвээр үлдээж болох боловч зорилго болгон тавьсан зарчимдаа харшлах зохицуулалтыг суулгах, шинээр оруулах ёсгүй. Гэтэл миний бодлоор шинэчлэлийн ерөнхий чиг хандлагаасаа ухарсан, эсрэг агуулгатай зарим заалтууд орсон харагдана лээ. Хэрвээ тэгвэл хуучин хуулиасаа дордсон хууль гарна. Хуучин хуульд өөрийн давуу болон дутагдалтай тал аль алин нь байсан. Гэтэл зоригтой алхахгүйгээр тал гишгэвэл нүхэнд уначих гээд байдаг тал бий. Нүх хараад зоригтой үсрэхгүйгээр хагас харайгаад нүх рүүгээ унадаг шиг зүйл болох вий. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн анхны төсөл дээр нотлох баримтыг шүүхийн өмнөх шатанд хэний ч оролцоогүйгээр ганцхан мөрдөн байцаагч цуглуулдаг, хавтаст хэргийг бүхлээр нь тэр чигт нь бүрдүүлдэг байсан хуучин тогтолцоог халж нотлох баримтыг шүүх дээр хэргийн бүх оролцогч нар хамтдаа бүрдүүлж, шалгаж үнэлье, нотлох баримтын баталгаат байдлыг хангая гэсэн хандлагыг ажлын хэсэг баримталж байсан бол одоо нотлох баримтыг мөрдөн байцаалтаар ч, шүүх дээр ч цуглуулна гэсэн концепцитой ороод ирж байна. Ингэснээр одоогийн тогтолцооны хэргийг хэт нэг талыг барьж шалгах боломжийг олгодог сул тал дээр шүүн таслах ажиллагаа сунжирч удаан явагдах эрсдэл нэмэгдсэн санагдаж байна. Энэ тохиолдолд шуурхай байдлаараа давуу байгаа одоогийн тогтолцооноос шүүн таслах ажиллагааны ерөнхий үр дүнтэй байдлаараа дордсон хувилбар гарч ирж болох юм.

-Тийм юм байдаг юм уу?

-Өмнөх хувилбар гэрчийг яллах тал шүүхийн өмнө хуралдаан дээр байцаахаар, өмгөөлөх тал няцаахаар байсан. Шүүхээс өмнөх шатанд мөрдөн байцаагч гэрчийг байцаахад шүүхийн хяналт байхгүй тул яллах талыг барьсан мэдүүлэг авах бүрэн боломжтой. Тэгж авсан мэдүүлэг шүүх дээр баримт болоод ороод ирнэ. Уг нь тэр мэдүүлэг үнэн бодитой эсэхийг гэрчийг өөрийг нь шүүх хуралдаан дээр байцааж өмгөөлөх тал тодруулах ёстой. Гэтэл гэрч байхгүй цаас ороод ирэхэд цаасыг яаж байцаах юм. Тэр цаасыг улсын яллагч уншиж сонсгоход шүүгч үнэн л гэж бодохоос аргагүй. Одоо байгаагаараа бол мөрдөн байцаах байгууллага санаачилгыг гартаа авч хэрэг шуурхай шийдвэрлэгдэж байгаа. Шинэ төслөөр бол нотлох баримт шүүхэд цугларч, үнэлэгдэх учраас арай удаан мөртлөө илүү нягтална гэсэн үг. Одоо явж байгаа төслөөр аль аль талдаа нотлох баримт цуглуулна гэхээр оддоогийн системийн шуурхай байдал нь алдагдаж буй мөртөө нотлох баримтын найдвартай тестлэгддэг байдал мөн алдагдах боломжтой. Тэгэхээр хуучин болон сүүлийн механизмийн аль алиных нь дутагдалтай талыг цуглуулсан хууль гарч ирэх вий дээ гэж болгоомжилж байна. Гэхдээ хуулийн төсөлд хүний бүхий л эрх, эрх чөлөөг зөвхөн шүүхийн оролцоотой, түүний зөвшөөрлөөр хязгаарладаг болох тогтолцоо суусан хэвээр байгаа нь чухал юм.

-Таныг хар тамхины чиглэлээр судалгаа хийдэг гэж сонсч байсан?

-Үгүй дээ. Судалж шальсан юм байхгүй. Намайг анх шүүгч болох үеэр хар тамхины хэрэг Монголд нэлээд гарах болж анхны гэж хэлж болох хэргүүд шүүхээр орж байсан. Тэр үед хэргийг илүү бодитой, зөв хянан шийдвэрлэхийн тулд зарим жижиг судалгаа хийж байсан юм. Зарим хүндрэлтэй зүйл тохиолддог л байлаа. Жишээлбэл хар тамхины үнэлгээний асуудал. Манайх чинь хуулиндаа их, онц их хэмжээний хар тамхи хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, борлуулсан бол гээд хэргийг хүндрүүлээд зүйлчилсэн байдаг. Мансууруулах бодисын хэмжээг тогтоосон хууль тогтоомж манайд байдаггүй болохоор энэ шалгуураар хэргийг зүйлчлэх боломжгүй байсан. Онц их хэмжээний хероин гэж таван кг юм уу, таван грамм уу гэдэг ойлгомжгүй хэвээр байгаа. Үүнийг шүүхээс хэрэг шийдвэрлэж тогтоосон жишиг л одоогоор ганц баримжаа нь юм.

-Гурван сая хүн амтай. Хар тамхины хоёр том зах зээлийн дунд байгаа болохоор улсаараа сөнөх вий гэсэн айдас бол надад байдаг. Танд байдаг уу?

-Бодитой л айдас л даа. Хар тамхи бол урьд нь содон сонсогддог л байж. Одоо ердийн үзэгдэл болчихсон байна. Монголын хууль хүчний байгууллагынхан Египетэд хар тамхины сургалтад хамрагдаж байсан. Тэгэхэд Египет өөрийн газар зүйн нөхцөл байдал дээр тулгуурлаж хар тамхины асуудлыг ярьж байсан. Египетийн Суэцийн сувгаар Ази тивээс Европ руу гарах гэж байгаа бүх хар тамхи усан онгоцоор, нутаг дэвсгэрээр нь хар тамхины шинэ гурвалжин өмнөд, төв Африкийн улсуудаас Европ руу мөн гарна. Ингээд Европ, Ази, Африк тивийн хар тамхины эргэлт Египетийн нутаг дэвсгэрээр гарч байгаагаас болж маш ноцтой болж байна. Тэрийг зөөдөг улс байсан бол одоо хэрэглэдэг улс боллоо гэж ярьсан. Манайд чинь өвс татдаг, зөөдөг хэдхэн хүн байсан. Гэтэл одоо херойн, мөсийг чинь өөрсдөө хэрэглэдэг болсон. Монголчууд чинь архи хэмээх гашуун зовлонг одоо л даван туулж гарах гэж байна. Гэтэл ахиад түүнээс 60 дахин илүү нөлөөтэй дасал үүсгэдэг хар тамхинд орох эрсдэл байна.

-Шийдэгдсэн хэргийг хараад байхад Монголд хаанаас хар тамхи орж ирж байна вэ?

-Монгол Улс чинь олон улстай энгийн сайхан харилцааг хөгжүүлсэн. Тэгэхээр Монголоос ирж байгаа иргэдийг шалгаж хатуурхдаггүй үе байсан. Малайз, Тайланд, Энэтхэгээс Хятад руу хар тамхи нэвтрүүлэх гэхээр бүх зүйл нь өндөр шалгалттай. Гэтэл Улаанбаатараас эдгээр улс руу чөлөөтэй, саад бэрхшээл, хяналт шалгалт багатай зорчдог байсан. Энэ нөхцөл байдлыг хар тамхи үйлдвэрлэж, борлуулж байгаа бүлэглэлүүд олж хараад ашигласан юм. Монголын иргэдийг ингэж Малайз, Тайландаас Монгол руу, эргээд Бээжин рүү хар тамхи тээвэрлэхэд ашигласан. Ийм “үүргэвчтэй аялал”-д Монголын их олон иргэн автсан. Хяналт сул үед овоо хэдэн төгрөг ингэж олсон хүмүүс бүр садан төрлөөрөө 20-30-аараа нийлж, аав, ээжээрээ хар тамхи зөөсөн хэрэг гарсан шүү дээ. Хяналт шалгалт чангараад ирэхээр авч ирсэн хар тамхи нь саатаж, тэндээсээ өөрсдөө хэрэглэсээр нөгөө мөс гэдгийг чинь Монголын залуучууд хэрэглэж мэддэг, худалдаж авдаг болчихлоо.