Ч.Хосбаяр: Монголын төлөөлөл Олон Улсын Эрүүгийн шүүхэд байх нь үндэсний аюулгүй байдалд хэрэгтэй

2015 оны 12 сарын 10 2392

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяртай ярилцлаа.

-Монголын шүүгч нар анх удаа Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулганд оролцоод иржээ. Нидерландын Вант улсад арваннэгдүгээр сарын 18-26-ны хооронд арав хоног үргэлжилсэн энэхүү Ассамблейн талаар ярилцлагаа эхэлье?

-Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм гэдэг нь олон улсын олон талт гэрээ юм. Энэ дүрмээр олон улсын байнгын ажиллагаатай эрүүгийн шүүхийг байгуулж гишүүн улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн төрөлхтөний эсрэг, дайны, төрлөөр устгах, эзлэн түрэмгийлэх гэсэн дөрвөн төрлийн гэмт хэргийг харьяалан шийдэх эрх олгосон. Өөр хэрэг шийддэггүй. Ромын дүрмийн дагуу улс орнууд энэ дөрвөн төрлийн гэмт хэргийг дотоодын хууль тогтоомждоо гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэлийг эдлүүлэх учиртай. Хэрвээ улс төрийн нөхцөл байдал, нийгмийн хандлага, гадны шахалт зэрэг ямар нэг шалтгаанаар эдгээр хэргийг харьяалан шийдвэрлэх боломжгүй бол Олон Улсын Эрүүгийн шүүхэд шүүн таслах ажиллагаа явуулах эрхийг олгож өөрсдөө уг шүүхтэй хамтран ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Ромын дүрэм гэх энэ гэрээ хэлэлцээрийг 1998 онд Ром хотод 60 улс байгуулж 2002 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Монгол Улсын хувьд 2002 онд гэрээ хэлэлцээрийг хүчин төгөлдөр үйлчлэхэд нь нэгдэж орсон анхны энэ 60 улсын нэг болж явдаг. Өнөөдрийн байдлаар ОУЭШ 123 гишүүн улстай болоод байна. Ромын дүрмийг байгуулсан гишүүн улсуудын чуулган жил бүр Нидерландын вант улсын Гааг хот, АНУ-ын Нью Йорк хотуудад ээлжлэн явагддаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 14 дэх удаагийн чуулган нь Гааг хотод явагдлаа. Энэ чуулганд Монгол Улсаас Гадаад хэргийн яам болон тухайн улсад суудаг Элчин сайдын яамны төлөөлөл оролцож ирсэн юм байна лээ. Энэ удаагийн чуулганд Шүүх эрх мэдлийн төлөөлөл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, мөн шүүхийн шүүгч Хосбаяр миний бие анх удаа оролцоод ирлээ.

-Манай улсаас Олон Улсын Эрүүгийн шүүхэд төлөөлөгчөө суулгах боломж байгаа юу?

-Боломжтой. 2011 онд Олон Улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Сон шүүгч Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар манайд айлчлах үеэрээ энэ талаар асуусан асуултад “Монгол Улсаас ОУЭШ-д шүүгч томилогдоход бидэнд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ сонгууль явуулж шүүгчдийг томилдог зарчимтай” гэж хэлсэн. Өнгөрсөн жил 2014 онд Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч нарын сонгон шалгаруулалт явагдаад зарим шүүгч нарыг шинээр томилсон байгаа. Энэ чуулганаар шүүгч нарыг сонгон шалгаруулах хорооны гишүүдийн заримыг, Төсөв, санхүүгийн хорооны зарим ажилтныг, мөн хохирогчдод нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль явагдсан. Шүүгчийн дараачийн сонгууль явагдах хугацаа болоогүй байгаа.

-Монголын шүүгч тэнд суулаа гээд ямар давуу байдал манай улсад бий болох вэ?

-Юуны түрүүнд үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж бодож байна. Улс орнууд өөрсдийн аюулгүй байдал, ашиг сонирхлоо хүчирхэг цэрэг армийн хүчээр, эсвэл эдийн засгийн хүч чадлаар хамгаалж ирсэн. Сүүлийн үед хуулийн засаглал гэх ойлголт зөвхөн дотоодод биш дэлхийн тавцанд олон улсын харилцаанд илүү хүчтэй зохицуулалт, асуудлыг шийдвэрлэх арга зам болж хэрэгжиж ирлээ. Иймээс улс хоорондын маргаантай байдал, ашиг сонирхлын зөрчил, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд цэрэг, мөнгө давамгайлсан хүчээр гэхээсээ илүү олон улсын шүүхүүд гол үүрэг гүйцэтгэх болсон. Яахав, шүүхийн өмнөх шатанд бас олон улсын гэрээ, хэлэлцээр, дипломат арга хэрэгсэл, эвлэрэл зуучлалын арга хэмжээнүүд бий, гэхдээ талууд харилцан ойлголцохгүй, буулт хийхгүй, эдгээр арга хэрэгсэл үр дүнгээ өгөхгүй тохиолдолд шүүх асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Олон улсын шүүхүүдийн үүрэг, ач холбогдол ингэж өсөж байгаа үед Олон Улсын Эрүүгийн шүүхэд монгол шүүгч сонгогдох, маргаан мэтгэлцээнд олон улсын эрх зүйгээр дагнасан өндөр мэдлэг чадвар бүхий хуульчид оролцох нь улс эх орны аюулгүй байдлын баталгаа бий болгоход чухал болох нь дамжиггүй. Монгол Улсын эрх ашгийг хөндсөн амин чухал асуудлууд гадаад улсын хуулиар, гадаадын шүүхээр, гадаад оролцогчдын хүрээнд шийдэгдэх ч боломж олон улсын эрх зүйд байдаг.  

-Манайхаас ОУЭШ руу явсан хэрэг маргаан бий юу?

-Одоогоор тийм зүйл гараагүй.

-Сири, Украйны асуудлыг тэнд ярьсан гэсэн үү?

-Сири, Украйны асуудал яригдсан. Яагаад гэвэл Украйны хүсэлтээр Ромын дүрмийн түр харьяалал үүсгэсэн байгаа. Ингэснээр нутаг дэвсгэрт нь ОУЭШ-ийн харьяалал үүсч байгаа юм.

-Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан байх үед Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимынхан ОУЭШ-ийн өмгөөлөгч, Монгол Улсын иргэн Н.Орчлонг хүлээн авч санал солилцсон. Ер нь энэ шүүх энх тайвны эсрэг, хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үндэсний хууль тогтоомжоор өршөөх асуудалд ямар байдлаар ханддаг талаар ярилцсан гэсэн. Тэгэхэд Н.Орчлон өмгөөлөгч та бүхэнд юу ярив?

-Олон Улсын Эрүүгийн шүүхийг энэ дөрвөн төрлийн гэмт хэргийг ял шийтгэлгүй байхыг эцэс болгох зорилгоор байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийг тодорхой бие хүн хувийн ашиг сонирхол, сэдэлтээр үйлдэх нь ховор, ихэнхдээ аль нэг улсын удирдлага, эрх мэдэл бүхий өндөр албан тушлаалтнууд холбогддогоос улс төрийн сонирхлоор ял шийтгэхгүй байх, шийтгэсэн ч янз бүрийн аргаар ял завшуулах тохиолдол гардаг байснаас ийм тусгай шүүх байгуулах шаардлага олон улсын хэмжээнд урган гарсан гэж ойлгож болно. Н.Орчлон өмгөөлөгч ярихдаа, эдгээр гэмт хэргүүдийг уучлах, өршөөх битгий хэл хөөн хэлэлцэх хугацаа ч тооцдоггүй гэсэн. Ийм гэмт хэрэг үйлдсэн хүн амьд л байх юм бол эрэн сурвалжлаад 50 жилийн дараа ч хамаагүй ял шийтгэж, ялыг нь эдлүүлдэг тухай ярьсан. Тухайлбал, Дэлхийн II дайны үед Германы эзлэн түрэмгийлэгчдээс үйлдсэн геноцидын гэмт хэрэг, дайны гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийг одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа юм байна. Заримыг нь барьж шийтгэсэн юм байна.

-ОУЭШ-ийн шүүн таслах процесс нь яаж явдаг юм бэ. Давж заалдаж болдог уу?

-Юуны өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг тухайн улс орон өөрийн хууль тогтоомжийн хүрээнд шалгах, тогтоох, шүүн таслах ажиллагаа явуулах үүрэгтэй. Хэрвээ чадахгүй бол манайд шилжүүл гэж ОУЭШ шаарддаг. Энэ шүүх зургаан тив, бүсээс гурав гурваараа сонгогдсон 18 шүүгчтэй, есөн жил, зургаан жилийн хугацаагаар сонгодог. Олон улсын Эрүүгийн шүүх өөрийн өмгөөлөх, яллах болон шүүхийн танхимтай. Эдгээр танхимууд нэг нэгнээсээ хараат бус ажиллах механизмийг бүрдүүлсэн. Хэрэг шалгах ажиллагаа үүсгэх эх сурвалж нь тодорхой гомдол, мэдээлэл эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр, тогтоол юм. Шүүн таслах ажиллагаа нь мэтгэлцээний зарчимд тулгуурласан нийтийн эрх зүйн тогтолцоот процессын журмаар явагдана. Өөрөөр хэлбэл Америк-Англи дахь шүүн таслах ажиллагааны процесстой дөхүү. Тиймээс ч шүүх хуралдааны даргалагчаар нийтийн эрх зүйт орноос сонгогдсон шүүгч томилогдох нь хэвшмэл зүйл.Тухайн хэрэгт аль нэг этгээдийг холбогдуулах үндэслэл бүхий баримт илэрвэл эхний ээлжинд уг этгээдийг баривчилж шүүхийн өмнө авчирна. Ингээд шүүх процесс дунд нотлох баримт нь цуглана, баталгаажна, баримтжина. Шүүх хуралдаанаар нотлох баримтыг тестэлдэг, шалгадаг.

-Шүүгч хавтаст хэрэгтэй танилцахгүй гэсэн үг үү?

-Шүүгч нар бусад оролцогч нараас тусдаа ганцаарчилж танилцахгүй. Яллах, өмгөөлөх талууд хоёр талаасаа баримтаа гаргаж, шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаж, шүүгч мэтгэлцээний явцад нотлох бармтыг шалгана, үнэлнэ. Энэ тал дээр асуудал гарахгүй, харин гэмт хэрэгт холбогдсон этгээдийг анх тухайн улсын нутаг дэвсгэрээс баривчлахад хүндрэл гарах тохиолдол байдаг юм билээ. Гишүүн орнууд дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх өөрөөр хэлбэл уг этгээдийг шүүхээр шүүхгүй байх, улмаар ОУЭШ-д шилжүүлэн өгөхөөс татгалзах нь ч бий. Тэр тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын арми, зэвсэгт хүчнийг ашиглах саналыг шүүх тавьж болно.

-Манайх чинь өөрийн улсын иргэнээ гадаадын байгууллагад гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах, шилжүүлэхийг хуулиараа хориглосон байдаг байх аа?

-Үнэн. Манайх хүнээ гаргаж өгөхгүйгээр өөрсдөө шийтгэх гарц л байгаа. Өршөөлийн хуулиар энэ хэргүүдийг өршөөгөөд байвал асуудал өөрөөр яригдах байх л даа.

-Анх наймдугаар сард баталсан Өршөөлийн хуулиар ОУЭШ-ийн харьяаллын дөрвөн хэргийг өршөөсөн гэж Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр анхааруулсан. Сүүлийн хувилбараар УИХ батлахдаа өршөөгөөгүй биз дээ?

-Эхний батлагдсан нь ч тэр, эцсийн хувилбараар ч тэр энэ дөрвөн төрлийн гэмт хэргийг манай улс өршөөчихөж байгаа шүү дээ. Гэхдээ энэ хэрэгт шийтгүүлсэн хүн Монголд байхгүй учраас л үр дагавар нь бага мэт анзаарагдаж байгаа байх. Эдгээр хэрэгт Ромын дүрмээр түгээмэл харъяалал тогтоосон учраас өөр улсын нутаг дэвсгэрт үйлдсэн гадаадын иргэдийг ч өөрийн нутаг дэвсгэр дээр байгааг манай улс тогтоовол мөрдөн байцаалт, шүүн таслах ажилллагаа явуулах учиртай. Ийм тохиолдол гарвал conflict of laws буюу хуулиудын эрэмбийн асуудал яригдах байх даа. Төстэй тохиолдол саяын чуулганы салбар хуралдаан дээр яригдсан. Гэхдээ шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хуульд дээрх дөрвөн төрлийн гэмт хэргийг өршөөл, уучлалд хамруулахгүй байхаар хуульчилсан. Мөн Олон Улсын Эрүүгийн шүүхийн 14 дэх удаагийн чуулганаар дэлхий нийтэд аюул учруулж байгаа терроризмын гэмт хэргийг Олон Улсын Эрүүгийн шүүхийн харьяалалд оруулах асуудал яригдаж эхэлж байгаа энэ үед Улсын Их Хурал Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хүлээн авч шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэгт хамааруулж, өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар хуульчилсан нь чухал алхам болсон гэж үзэж байна.

 

                                                                                                                                    Г.Улсболд

“Өдрийн сонин”-ы 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №297/5249/ дугаарт нийтлэгдсэн.