Захиргааны хэргийн танхим 299 хэрэг хүлээн авчээ

2016 оны 07 сарын 08 1530

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим  2016 оны эхний хагас жилд 299 хэрэг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар 233, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 15 хүсэлт, шүүх хуралдаанд оруулахгүйгээр  8  хэргийг шийдвэрлэж, 21 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлсэн байна.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 26 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.6 хэрэг хэлэлцжээ.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 233 хэргийн 64.3 хувь буюу 155 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 18 хувь буюу 44 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 13.7 хувь буюу 34 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон 34 хэргийн 26.4 хувь буюу 9 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 23.5 хувь буюу 8 хэргийн нэхэмжлэл буюу гомдлыг хэрэгсэхгүй болгож, 50 хувь буюу 17 хэргийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт  оруулжээ.   

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 233 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Газрын маргаан 70, Төрийн албаны маргаан 50, Татварын маргаан 32, Ашигт малтмалын маргаан 25, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 9, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 8, Төрийн хяналт шалгалт 7, Орон сууц хувьчлалтай холбоотой маргаан 6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 3, Сонгуулийн маргаан 1, бусад маргаан 22 байна.