Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр хүлээн авч уулзлаа

2016 оны 09 сарын 23 1580

     Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Хууль эрх зүйн төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний асуудал хариуцсан газрын ахлах мэргэжилтэн, доктор Мюль Ханс, хөндлөнгийн шинжээч, доктор Шток Майер нарыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

      Монгол Улсын Дээд шүүх ГОУХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төсөлтэй хамтран шүүхийн мониторинг буюу орчин үеийн шүүхийн менежментийг нэвтрүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн гурван үе шаттай төсөл хэрэгжүүлсний ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа Танхимын тэргүүн Х.Сонинбаяр уулзалтын үеэр тэмдэглэв. Төслийн хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны програм хангамж нэвтрүүлснээр гурван шатны шүүхийг холбосон нэгдсэн системтэй болж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай, алдаагүй явагдах боломжоор хангагдсан. Энэ нь зөвхөн шүүхийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөөд зогсохгүй хэргийн оролцогчид уг програмын тусламжтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд явааг мэдэх боломжтой болжээ. Түүнчлэн шүүгчдийн үргэлжилсэн сургалтыг жил бүр улсын хэмжээнд явуулсан нь шүүгчдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсныг Танхимын тэргүүн онцлоод цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

       Доктор Мюль Ханс, Шток Майер нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны програм хангамжийн нэгдсэн систем болон шүүгчдийн сургалт, тэдгээрийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар Танхимын тэргүүн Х.Сонинбаяраас зарим зүйлийг асууж, харилцан ярилцлаа.  Мөн төслийн үр дүн амжилттай байгаа учраас 2017 оны 5 дугаар сараас шинээр үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн юм.